Гэр бүлийн ЭРҮҮЛ харилцааны эхлэлээ хэрхэн зөв тавих вэ?
Нийтлэлч: Familycenter.mn

Гэр бүл зохионо гэдэг нь асар том хариуцлагыг дагуулдаг. Сэтгэл хөдлөл, мэдрэмжээ хариуцлагатайгаа хольж хутгаж байгаа бол бүр ч осолтой.

50 жилийн өмнө гэр бүл болох, бие биенээ хайрлах загвар одоо цагт өөрчлөгдсөн нь хэн хүнд тодорхой боловч хайр дурлалын хувьсан өөрчлөгдсөн гол элементүүд нь чухам юу вэ? Жендерийн ялгаа, итгэл, хайрын хэлэмж, өөрийгөө илэрхийлэх байдал, бие хүний онцлог аль эсвэл хүний мөн чанар уу? 

2018 оны байдлаар гэрлэлтээ батлуулсан хосуудын дийлэнх нь 25-29 насныхан (8018), 17-24 насныхан (4918) харин 30-34 насныхан (4057) байгаа юм байна. Дэлхий бусад оронтой харьцуулахад гэр бүл болж буй нас дундаж (UN World Marriage Data) байна. 

Гэвч гэр бүл салалт нэмэгдэж, ганц бие ээж, аавууд олширсоор... Дээрх статистик гэр бүл салалтад нас чухал биш харин төлөвшил илүү нөлөөтэй болохыг бидэнд анхааруулж байна. 

Гэтэл манайд гэр бүл төлөвлөлтийн талаарх мэдлэг, мэдээллийг шат шатны боловсрол лдглх байгууллага болон гэр бүлийн орчинд олгох нь тэр бүр ховор. Гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн харилцааны чиглэлээр 2009 онд (сүүлийн үеийн судалгаа олсонгүй) хийгдсэн судалгаанаас харахад өрхийн санхүү төлөвлөлт, хүүхэд хүмүүжил, нөхөн үржихүй зэрэг мэдээллийг дийлэнхдээ хэвлэл мэдээллээс авдаг бөгөөд дийлэнх тохиолдолд мэдээлэл авдаггүй гэж хариулсан байна. (ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэн болон Улаанбаатар ДС-ийн Гэр бүл судлалын тэнхимийн хамтран хэрэгжүүлсэн “Монголын гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал”, 2009 он судалгаа)

Арван жилийн өмнө хийгдсэн уг судалгаа ч гэлээ зарим нэгэн хандлага, мэдээллийн дутмаг байдал бол одоо ч байсаар байна. Ялангуяа орон нутаг, хотын захын дүүргүүдэд сэтгэл зүйн сургалт, судалгаа, зөвлөгөө өгч байх үед гэр бүл төлөвлөлтийн талаарх мэдээлэлгүй байдал их анзаарагддаг. Түүнээс нь улбаалан гарч буй асар олон сөрөг үр дагаварууд бий. 

Тэр дундаа нөхөн үржихүйн насан дээрээ байгаа хүүхдүүдэд энэ талаарх зөв, хүртээмжтэй мэдлэг олгох асуудал бол нэн тулгамдсан асуудал. Энэ бүхний үр дагаварт бэлгийн замын халдварт өвчин жил ирэх тусам нэмэгдэж байгаа ч бид сошиалд шэйр хийхээс өөр дорвитой ажил хийж чадахгүй байсаар л байна. 

Хэдийгээр бид гэр бүл салалт, хүсээгүй жирэмслэлт зэргийг өөрөөсөө ихэд холуур боддог ч хаалганы хонх дараад зогсож байхыг үгүйсгэхгүй. Тиймээс өөрийгөө эрсдэлээс хамгаалж, гэр бүлээ төлөвлөх нь зохистой бизээ.

(Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо 1212.mn)

2018 онд 21.020  гэрлэлтийг бүртгэж  4201 гэр бүлээ гэрлэлтээ цуцлуулсан байна. Энэ тоо баримт нь өдөр бүр 11 гэр бүл хамтын амьдралаа дуусгасан гэсэн үг болно. Ингээд бодохоор 3 сая хүн амтай улсын хувьд бага тоо биш. 

Гэр бүл төлөвлөлтийг хэзээ хийх хэрэгтэй вэ? 

Бид гэр бүлийн харилцааны тухай хүүхдүүддээ багаас нь зааж сургаж, үйлдлээрээ үлгэрлэн харуулж байдаг. Тэгэхээр та ч мөн эцэг эхээсээ гэр бүлийн тухай суурь ойлголтыг авсан гэсэн үг. Гэхдээ ийм л байдаг гэдэг тогтсон хандлага өөрчлөглдөж буй энэ нийгэмд, ялгааай х биднийг илүү сайжирахад үргэлж саад болж байдаг. Тиймээс яг одооноос судалж, мэдээлэлтэй болохыг зөвлөж байна. 

Гэр бүл төлөвлөхийн тулд юу юуг мэдэх хэрэгтэй вэ?

  1. Хамтрагчаа өөрт тохирох эсэхийг мэдэх

 Та хоёрын зан чанар, сонирхол, үзэл бодол хоорондоо нийцтэй байна уу? Түүнийг заавал өөрчлөх гэж хичээхгүйгээр хүлээн зөвшөөр чадах уу? Таньж мэдэх хангалттай хугацаа, үйл явдалууд байсан уу? 

  1. Санхүүгийн төлөвлөгөө

Гэр бүл болсоны дараа, хүүхэдтэй болсоны дараа амьдралд хэрэгцээтэй зүйлсэд зарцуулах санхүүгийн боломж байгаа юу? Эцэг эхээсээ тусламж авалгүйгээр санхүүгийн хувьд тогтвортой болсон уу? Хүүхдээ эрүүл чийрэг боловсролтой хүн болгон өсгөхөд хөрөнгө зарцуулахдаа бэлэн үү? 

  1. Хүүхэд хүмүүжил

Хүүхэдтэй болоход бэлэн үү? Та хоёр өөрөө төлөвшиж амжсан уу? 

  1. Эрүүл мэнд

Өөрийнхөө болон эхнэр/нөхрийнхөө эрүүл мэндэд анхаарал хандуулах. 

  1. Бие биенээ дэмжих

Бид хэн нэгэнтэй гэр бүл болохоос өмнө бие хүмүүс байдаг. Гэр бүл болсоны дараа дундын зорилготой болохоос гадна өөрийнхөө болон нөгөө хүнийхээ үзэл бодолтой, хүсэл мөрөөдлийг мартахгүй байх хэрэгтэй. Өөрсдийнхөө хувийн хөгжил, мэдлэг боловсрол, эрүүл мэнд болон бусад хөгжилд тогтмол анхаардаг байх хэрэгтэй.