Тиймээс залуу хосууддаа зориулан ”Marriage” сайтын сэтгүүлч, гэр бүл судлаач Рачаэл Пэйс-ийн “гэрлэлтэнд бэлэн байдлын хяналтын үнэлгээ: хуримнаас өмнө хариулах ёстой гол асуултууд”-ыг хүргэж байна. (зарим тоо баримт, төрийн байгууллагын үйлчилгээг монгол улсынхаар солив) Тэрбээр залуу хосууд харилцаагаа шинэ шатанд гаргахаар төлөвлөж байгаа бол, хуримаасаа өмнө өөрчлөлтөд бэлэн эсэхээ үнэлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг онцолсон юм. Та гэрлэлтэд бэлэн байдлаа тодорхойлж дараах асуултуудад хариулаарай.
Нэг: Та гэрлэхэд бэлэн үү?
Хэрвээ та гэрлэлтэндээ эргэлзэж, бэлэн биш байгаа бол өөрөөсөө “яагаад” гэдгийг асуугаарай. “Би гэрлэхэд бэлэн байна уу” гэж асуухдаа сэтгэл хөдлөлөөр биш, тайван нухацтай хариулаарай. Хэрэв энэ асуултад “үгүй” гэж хариулж байвал үнэлгээгээ энд өндөрлүүлээрэй.
Хоёр: Нэг нэгэндээ тохирох хүмүүс мөн үү?
Та бага зэргийн бухимдлыг тэвчиж, хүлээн зөвшөөрч чадах уу. Хосынхоо зарим хачин зуршлыг анзаарч, тэдний өвөрмөц ялгаатай байдлыг хүлээн авч чадах уу. Та хоёрын харилцаанд тайван байдал давамгайлдаг уу, үл ойлголцол давамгайлдаг уу. Энэ бол сүй тавихаас өмнө өөрсдөөсөө асуусан байх ёстой асуулт бөгөөд хэрвээ “үгүй” гэсэн хариулт өгч байгаа бол гэрлэх гэж бүү яараарай. Гэрлэхээсээ өмнө үүсэж болох асуудлыг тодорхойлсноор харилцаанд үүсэх саад бэрхшээлийг даван туулж чадах эсэх, эсвэл таслан зогсоох эсэхийг шийдвэрлэхэд тусалдаг.
Гурав: Хуримдаа хэр их зардал гаргах вэ?
Гэрлэх нь амьдралын онцгой үйл явдал бөгөөд үүнийг төлөвлөх нь чухал. Гэвч эргэцүүлэн бодох олон зүйлийн дотор шинэхэн гэрлэсэн хосууд маань мөнгөө хэрхэн захиран зарцуулахаа төлөвлөж чадахгүй байх тохиолдол их бий. Гэрлэхээсээ өмнө цөөн хэдэн асуудлыг хэрхэн шийдэх талаар цаг гаргаж тохиролцсоноор хожим та санхүүгийн хувьд ч гэр бүлийнхээ харилцааг урт хугацаанд хадгалахад ч эерэгээр нөлөөлнө. Хамтын амьдралд бүх зүйлээ ярилцан шийдвэрлэдэг шиг аливаа асуудлыг шийдэх гол түлхүүр бол хоорондоо ярилцаж хамтран шийдвэр гаргах явдал мөн.
Ямар хурим хийхээ шийдэж, хэдэн төгрөг хуримд зориулан зарцуулах боломжтойгоо тооцох хэрэгтэй. Хуримын зардалтай холбоотой дараах зүйлд анхаарлаа хандуулах нь зүйтэй. Үүнд:
- Хуримд урих зочдын тоо;
-
- Хуримын ёслолын байр;
-
- Хүлээн авалтын байр;
-
- Хосын хувцас, үс засалт, нүүр будалт гэх мэт;
-
- Хоол, ундаа;
-
- Хуримын бялуу;
-
- Хөгжим;
-
- Машин;
-
- Зураг;
-
- Цэцэг болон бусад зүйл.
Дээр дурдсан зүйл тус бүрт хэдэн төгрөг зарцуулахыг тооцож, нийт зардлын дүнг гаргаж болно.
Дөрөв: Хүүхэдтэй болох уу. Гэр бүлээ хэрхэн төлөвлөх вэ?
Гэр бүл төлөвлөлт гэдэг нь өөрийн эрүүл мэнд, эдийн засаг, амьдралын байдалд тохируулан тохиромжтой насандаа хүүхэдтэй болох, хүүхэдтэй болох хоорондын зайг зөв зохицуулахыг хэлнэ. Хүмүүс гэрлэж, гэр бүл болсноор олон сайхан зүйлтэй учирдаг. Түүний зэрэгцээ заримдаа бэрхшээлтэй зүйл ч бас тохиолдоно. Гэр бүл төлөвлөлтөө хийхдээ:
– Өөрийн болон хамтрагчийнхаа одооны амьдралын хэв маягийг хүүхэдтэй болоход тохиромжтой эсэхт үнэлэлт дүгнэлт өгөөрэй. Тэгснийхээ дараа амьдралын хэв маягтаа ямар өөрчлөлт хийх ёстой байгааг, үүнд хэр их хугацаа шаардагдахыг тооцоолоорой.
– Харилцан ярилцаж, хүүхдийн талаарх өөрсдийн байр суурийг тодорхойлоорой.
– Хүүхэдтэй холбоотой нэмэлт 100 гаруй төрлийн санхүүгийн хэрэгцээ үүсдэг. Тиймээс хэзээ хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаагаасаа хамааран санхүүгийн хуримтлалыг үүсгээрэй.
– Хүүхэдтэй болсны дараах амьдралыг яаж төсөөлж байгаа, ямар хүлээлттэй байгаагаа бие биедээ хуваалцаарай. Саад бэрхшээлүүдийг та хоёр яаж хэрхэн давах тухай ярилцаарай.
Тав: Хүүхдүүд гэр бүлийн харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ?
Хүүхэд хосын харилцаанд нөлөөлнө гэдгийг анхнаасаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэрлэлтийн хяналтандаа эцэг, эхийн үүргээ хэрхэн хуваарилахаа нарийн тусгаж, хүмүүжлийн ямар арга барил хэрэглэх талаар саналаа солилцоорой.
Хүүхдийн хөгжил, төлөвшил эхийн хэвлийд ураг бүрэлдэх цагаас явагддаг гэдгийг эрдэмтэд олон талаас нь нотолсон. Ураг эхийн хэвлийд байх үед эхийнх нь сэтгэл санааны байдал, тухайн хүүхэд амьдрал дээр ямар зан төлөвтэй хүн болоход нөлөөлдөг. Тиймээс эцэг эхээс багагүй анхаарал, хариуцлага шаардана. Үүний дараа хүүхэд төрсний дараа амьдрах газар, сурах сургууль, цэцэрлэг, тэр ч байтугай өсвөр насандаа хамрагдах дугуйлан, сургалтыг ч нарийн ярилцаж санал бодлоо хуваалцаарай.
Мөн мэргэжлийн эмч, мэргэжилтнээс гэрлэхээсээ өмнө зөвлөгөө авах боломжтой. Жишээлбэл, Монголын гэр бүлийн судалгаа боловсролын үндэсний хүрээлэнгээс "Гэр бүлийн харилцаа, төлөвлөлт" ерөнхий сургалтыг зохион байгуулдаг байна.
Зургаа: Банкны дансаа нэгтгэх үү?
Банканд данс хамтран эзэмших нь хамтын санхүүгээ удирдах явдлыг хялбарчилна. Гэвч зарим хосууд өөрсдийн банкны дансаа тусдаа байлгаж ашиглалтын зардал болон бусад төлбөрийг хэн нь хариуцаж хэрхэн хуваан төлөхөө тохиролцож шийдсэн байдаг. Зарим хосууд өөрсдөө тусдаа данстай байхын зэрэгцээ дундаа өөр данс хамтран эзэмших нь бий. Ингэснээр эхнэр, нөхөр хоёрын аль аль нь цалингаа буухаар тодорхой хэмжээний мөнгийг хамтран эзэмшдэг дансандаа шилжүүлж тэр данснаасаа ашиглалтын бүх зардлаа төлөх хангалттай хуримтлалыг бий болгодог.
Дундын санхүүгээ хэрхэн зохицуулах нь хосуудын хувьд ялгаатай байдаг учраас хоорондоо хэлэлцэж тохирох нь зүйтэй.
Долоо: Санхүү, өр зээлийн асуудлаа цэгцлээрэй
Санхүүгийн түүхээ бие биедээ нээлттэй дэлгэ. Санхүүгийн нөхцөл байдлаа бүрэн тодруулах нь гэрлэхэд бэлэн байдлын үнэлгээний чухал хэсэг юм. Судлаачдын дүгнэлтээр “АНУ-ын нийт салалтын шалтгааны нэгдүгээрт үнэнч бус байдал, хоёрдугаарт санхүүгийн өр зээл” ордог гэсэн байна. 50 мянган ам.доллараас дээш хэмжээний өртэй хосуудын 50 гаруй хувь нь гэр бүлд үүсдэг хэрүүл маргааны гол шалтгаан мөнгө болдог гэж хариулжээ.
Харин Монгол Улсад ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэн болон Улаанбаатар ДС-ийн Гэр бүл судлалын тэнхимийн хамтран хэрэгжүүлсэн “Монголын гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал” суурь судалгаанаас үзэхэд гэр бүлд тулгамдаж буй хамгийн гол бэрхшээлтэй асуудлыг судалгаанд оролцогч монгол гэр бүлүүд байр орон сууц гэж 18,2%, санхүү мөнгө гэж 38,8%, ажил олдохгүй байх гэж 12,4%, үзэл бодлын зөрчил гэж 3,1%, ажлын ачаалал гэж 6,0%, үлдсэн нь бусад гэж хариулсан байна. Энэ нь Монгол гэр бүлийн харилцаанд тулгамдаж буй асуудлын нэгдүгээрт санхүү, мөнгөн, байр орон сууцны асуудал ордог гэдгийг харуулж байна.
Тиймээс гэрлэхээсээ өмнө санхүүгээ нэг нэгэндээ нуулгүй хэлж, санхүүгийн төлөвлөлтөө хамтдаа хийгээрэй. Учир нь энэ үйлдэл танд таалагдах, таалагдахгүйгээс үл хамааран таны нөхцөл байдал цаашид гэр бүлд тань нэгдэж, нөлөөлөх учраас үнэн бодит, тодорхой байх нь асуудлыг зөвөөр шийдвэрлэхэд туслах болно. Мөн хэн хэдэн төгрөгний орлого, зарлагатай байгаагаа үнэлснээр ирээдүйн худалдан авалт байр, машин гэх мэт хамтын эзэмшлээ нарийн төлөвлөхөд хэрэгтэй.
Найм: Бэлгийн харилцаандаа хэрхэн анхаарах вэ?
Хурим хийж, гэрлэлтээ баталгаажуулснаар нэг нэгнийхээ “өмч” болж байна гэсэн буруу ойлголт түгээмэл байдаг. Тиймээс гэр бүл болсноор хамтрагчийнхаа хүссэн үед бэлгийн харьцаанд орох ёстой гэсэн буруу ойлголтыг бүү хэвшүүлээрэй. Хэрэв та гэрлэхээсээ өмнөх бэлгийн харилцаагаа эрүүл гэж тодорхойлж байгаа бол энэ байр сууриа хамтрагчдаа нээлттэй илэрхийлээрэй. Нэг нэгнийхээ сонирхлыг нээлттэй хүлээн авч хүндэтгэх ч, хүсээгүй зүйлдээ үгүй гэж хэлэх боломжтой байх эрхтэй гэдэгт санал нэгдээрэй.
Ес: Гэрлэлтээс бид юу хүлээж байна вэ?
- Хэн хэнийхээ гэрлэлтээс юу хүлээж байгааг тайван нухацтай сонсоорой.
- Гэрлэлтийн талаар ямар бодолтой байдаг вэ?
- Гэрлэлтээс юуг хүлээн зөвшөөрч, юуг хүлээн зөвшөөрдөггүй вэ? (болзоо, хууран мэхлэлт г.м)
- Гэрлэсний дараа карьер, ажил мэргэжилд өөрчлөлт орох уу?
- Гэрлэлтийн дараах амьдралын хэв маягаа хэрхэн төсөөлж байгаагаа хуваалцаарай.
Дээрх асуултууд нь гэрлэлтийн бэлэн байдлыг үнэлэх боломжит хувилбаруудын нэг л хэсэг юм. Хэрэв хосуудын харилцаанд өөр онцгой сэдэв байгаа бол түүнийг заавал багтаагаарай. Гэнэтийн зүйл цөөхөн байх тусам гэрлэлтийн асуудал бага байх болно. Мөн үнэнч шударга, нээлттэй байх нь амжилттай, эрүүл харилцааны гол үндэс болдог.