Гэр бүлийн харилцаагаа шинжих сорил

Энэ хүчирхийлэл мөн үү гэсэн эргэлзээнд олон эмэгтэйчүүд ордог. Ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл нь байнга давтагддаг гэхээсээ илүү “тохиолдол”-ын мэт шинж тэмдэг давамгайлдаг. Хүчирхийлэгч харгис хэрцгий, зүй бус үйлдэл гаргах үе байдаг хэдий ч эсрэгээрээ хайрлаж, халамжилж, эелдэг энэрэнгүй байх үе ч бий.

Тиймээс хохирогчид гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгааг нь хүлээн зөвшөөрүүлэх хэцүү байдаг. Гэхдээ хэрэв та хамтран амьдрагчаа бухимдуулахаас айж, уурлуулахгүйн тулд өөрийн хийж буй үйлдлээ хязгаарлаж, хянадаг бол энэ хүчирхийллийн хамгийн том шинж тэмдэг юм.

Хүчирхийллийг таних сорил: Гэр бүлийн харилцаандаа шинжилгээ хийж, хүчирхийллийн харилцаа байгаа эсэхийг таньж мэдэхэд дараах сорил танд туслах болно.

Таны хамтран амьдрагч эсвэл гэр бүлийн гишүүн, найз бүсгүй, залуу:

  1. Тав тухгүй байдал болон айдас мэдрүүлж байсан уу?
  2. Таниар доог тохуу хийж, шоолж эсвэл таныг үнэ цэнэгүй гэж мэдрүүлж байсан уу?
  3. Таны юу хийж байгаа, хаашаа явж байгаа, хэнтэй байгааг үргэлж нягтлах гэж оролддог уу?
  4. Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ уулзахыг тань эсэргүүцэж, хязгаарлах гэж оролдож байсан уу?
  5. Таныг мөнгөө юунд зарцуулж болох зарцуулж болохгүйг хэлж, заах гэж оролддог уу?
  6. Та түүнд “үгүй” гэж хэлэхээс айдаг уу?
  7. Хүч хэрэглэн айлгах гэж оролдож байсан уу. Жишээлбэл: цохих, алгадах, эд зүйл авч шидэх, түгшээх, түгжих, таны эд зүйлийг хураах, машин жолоодож байхдаа санаатайгаар айдас төрүүлэхийг оролдох гэх мэт
  8. Таныг бэлгийн харилцаанд орохыг хүсээгүй үед шахаж эсвэл гарцаагүй нөхцөл байдалд оруулахыг оролддог уу?
  9. Хэрэв дотно харилцаагаа таслах юм бол “таныг үзэн ядна” эсвэл “өшөө авна” гэх мэт сөрөг хариу үйлдэл үзүүлж байсан уу?

Та дээрх асуултын аль нэгэнд “тийм” гэж хариулсан бол танд хүчирхийлэлд өртсөн шинж тэмдэг байна. Хэрэв та хүчирхийллийн хохирогч болж байгаа бол энэ нь таны буруу биш гэдгийг хамгийн түрүүнд санаарай. Хохирогчид өөрсдийгөө буруутгах хандлага түгээмэл байдаг. Тиймээс хүчирхийлэл та буруугүй гэдгийг ойлгоорой. Та аюулгүй байдлыг мэдэрч, айдасгүйгээр амьдрах эрхтэй.

Хэрвээ та харилцаанаасаа аюулгүй байдал, хүндэтгэл, халамжийг мэдэрдэггүй бол ямар нэгэн зүйл буруу байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэйг зөвлөж байна.

Гэр бүлийн гишүүн та мэргэжлийн сэтгэл зүйч, хуульчийн зөвлөгөө, туслалцааг #familycentermn-ээс үнэ төлбөргүй авна уу.
 
Сэтгэл зүйчээс зөвлөгөө авах бол:
 
Хуульчаас зөвлөгөө авах бол:
https://familycenter.mn/menu/25 эдгээр холбоосоор холбогдоно уу.
 
Та болон таны ойр дотны хэн нэгэн хүчирхийлэлд өртөж буй бол та дараах утсаар холбогдож, зөвлөгөө туслалцаа аваарай. 
 
  • 108 Хүүхдийн тусламжийн утас
  • 107 Гэр бүлийн хүчирхийллийн талаар зөвлөгөө, мэдээлэл
  • 102 Цагдаагийн дуудлага
  • 9649-0505 - Хүчирхийллийн эсрэг үндэсний төв (Сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл)
  • 1800-1202 - Хууль зүйн үндэсний хүрээлэн (Хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл)
  • 24 цагийн турш дуудлага, мэдээлэл хүлээн авна.
  • Таны өгсөн мэдээллийг нууцална.

Эх сурвалж: Domestic Violence Resource Centre Victoria