Хавдар судлалын үндэсний төв. Эмээгээ би гурван сар сахисны дараа тэрээр тэнгэрт дэвшсэн юм.
Өмнө нь би хоёр өвөөгөө хорвоогоос “үдэж” байсан ч тэгэхэд оршихуйн учрыг ухаарч амжаагүй балчирхан байв. Харин эмээгийн үхэл, сэтгэлд минь хагацлыг мэдрүүлсэн. Хүмүүс насанд хүрч төлөвших тусам харууслын мэдрэмжийг хүчтэй мэдэрдэг. Учир нь хариуцлагыг ухамсарладаг учраас аж. “Илүү ихийг энэ хүнд өгч чадах байсан уу, би илүү их хичээх хэрэгтэй байсан уу” гэсэн өнгөрсөн цаг дээрх асуулттай үлддэг.
Эмээгээсээ юу хийхийг хүсч байгааг нь асуух ёстой байжээ. Хайртай гэдгээ хэлэх ёстой байжээ. Мөрийг нь барьж өгөхдөө илүү сэтгэлээсээ хандаж, удаан барих байжээ гэх мэт. Гэвч өнгөрснийг буцааж болохгүй. Бид ирээдүй рүү “урсаж” байдаг учраас “боломжгүй” хүслүүд биднийг “өвтгөдөг”. Тиймээс үхэж байгаа нь биш үлдэж байгаа нь үхлийг мэдэрдэг. Үгүй болж байгаа нь төдийгүй, хагацан үлдэж байгаа нь ч “үхдэг” гэсэн үг.
Psychologies сэтгүүл арваннэгдүгээр сарынхаа дугаарт эцэг эх, өндөр настантай хэрхэн харилцах талаар, тэдэнд хайрыг мэдрүүлэх 5 аргыг хуваалцсан байна. Сэтгэл судлаач Хэйди Скримгиеор уг зөвлөгөөг боловсруулахдаа аавыгаа алдсан талаараа дурсаж, дээрх шиг жам ёсны, хагацлын мэдрэмжийг судалж, харамсах сэтгэл илүү бага үлдээх нөхцөлийг танилцуулжээ. Та жам ёсны өмнө хүчин мөхөстөж сул дорой нэгэн болохгүйн тулд, одоо байгаа хугацаагаа хайрлаж бодит үйлдлүүдийг ухаалгаар хийж чадвал “үхэл”-ийг зөвөөр мэдэрнэ гэсэн хатуухан үнэнтэй эртхэн нүүр тулгараарай. Эдгээр зөвлөгөө нь хайртай хүмүүстээ материаллаг зүйлсийг зориулахад биш оюун бодол, сэтгэл зүрхээ зориулахад чиглүүлнэ.
Нэгэн мөчид эцэг эх тань таны халамжлагч байсан бол, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр энэ байр суурь эсрэгээрээ өөрчлөгддөг. Энэ үед насны намарт итгэж, эцэг эхийнхээ өвөр дээр хүүхдээ орхихын оронд тэдний сэтгэл зүйн хэрэгцээг анхаарч, шинэ технологийн талаар зааж өгч, хүсэл мөрөөдлийг нь хүлээн авахад нээлттэй байгаарай. Та харилцаандаа эелдэг зөөлөн хандаж, эцэг эхээ халамжлах боломжоо олон жилийн турш авсан хайр халамжаа эргүүлэн төлөх “аз” мэтээр хүлээн авбал гайхалтай үр дүнг мэдрэх болно.
НЭГ: Цаг хугацаа бол хамгийн үнэ цэнэтэй бэлэг
Аавыгаа хүнд өвдсөнийг мэдсэнээс хойш багахан хугацаа үлдсэн байгааг ойлгосон юм. Тиймээс түүнтэй илүү их цагийг өнгөрүүлэхээр шийдсэн бөгөөд, эмнэлэг рүү хамтдаа явах давтамж нэмэгдэж, бид замдаа маш олон зүйлийн талаар чөлөөтэй ярилцдаг болов.
Хэн нэгнийг аз жаргалтай болгохын тулд таны хэтэвч дүүрэн байх шаардлагагүй. Тэвэр дүүрэн баглаа цэцэг, хайрцаг дүүрэн амттан, брэндийн хувцас гоё хэдий ч хэн нэгэнд хайртай гэдгээ мэдрүүлэх хамгийн шилдэг арга бол тэдэнтэй хамт цагийг өнгөрөөх юм. Сэтгэл засалч Саманта Карбон “Хайр хамтдаа цагийг өнгөрүүлэх, хайртай хүндээ урам зориг мэдрүүлэх, тэдэнд үнэ цэнэтэй, утга учиртай хүн гэдгийг нь сануулах замаар илэрхийлэгддэг” гэжээ.
ХОЁР: Хил хязгаарыг тогтоож халамжил
Аавыгаа нас барсны дараа ээжийнхээ сэтгэл зүйд санаа зовж анхаарал хандуулснаа тэрээр энэ хэсэгт онцолжээ. Эл хуль болж, эзгүйрсэн аавынхаа орон зайг дүүргэхийн тулд гэртээ нүүж ирж, ээжтэйгээ илүү ойр байхыг оролдсон нь тун буруу зүйл байсныг тэмдэглэсэн байна.
Насанд хүрсэн, бие даасан хүнд туслах гэж оролдох нь заримдаа доромжлол мэт санагддаг. Зарим хүүхдүүд эцэг эхээ үл хайхарч орхидог бол, зарим нь хэтэрхий их бөөцийлөх гэж оролддог. Эцэст нь хэлэхэд өндөр настай эцэг эх болон та өөрөө ч насанд хүрсэн хүмүүс учир өөр, өөрсдийн үзэл бодол, хандлага, дадал зуршилтай болсон байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болно. Тэднийг хайрлана, халамжлана гэдэг нь төд удалгүй явах гэж байгаа хүнтэй харьцаж байгаа мэт, эсвэл сул дорой нэгнийг өрөвдөж байгаа мэт хандах нь зохимжгүй. Тиймээс та эцэг эхээ өндөр насалсан ч хувийн орон зайг нь хүндэтгэж байгаарай.
ГУРАВ: Анхаарлаа хандуулах биш санаа тавьж байгаагаа мэдрүүл
Аавыгаа өнгөрсний дараа Хэйди Скримгиеор анхаарал хандуулах, санаа тавьж байгаагаа мэдрүүлэх нь ялгаатай талаар нийтлэлүүдийг сонирхон уншжээ. Ээжийнхээ хөргөгчид байдаг хугацаа нь дууссан сэндвичийг зөвшөөрөлгүй хаяж, гэрийг нь цэвэрлэх нь ээждээ хайртай гэдгээ мэдрүүлж байгаа хэрэг гэж бодсон ч тун буруу зүйл хийснээ судалгааныхаа явцад олж мэдсэн байна. Учир нь өөрийнх нь зөвшөөрөлгүй, шууд үйлдлүүд нь түүнд таагүй мэдрэмжийг өгөх бөгөөд түүний орон зайг хүндэтгэж, энэ нь өөрт нь эрүүл бус учраас, өөрийг нь хайрласандаа санаа зовж байгаагаа ойлгуулсныхаа дараа үйлдэл хийх нь зөв юм. Үгүй бол таны анхаарал хандуулах нь тийм ч хангалттай биш бөгөөд, хүмүүс бусдаас хайр халамж хүсдэг болохоос шаардлага, тулгалтыг хүлээдэггүй. Ярилцаагүй гаргасан шийдвэрүүд, хэт их анхаарал нь эцэг эхэд тань чадваргүй гэсэн мэдрэмжийг өгдөг. Мөн тэрээр, ээждээ төвөг удахгүй гэсэндээ аавыгаа өнгөрсний дараа хонх дарахаа больж өөртөө “илүү” байсан түлхүүрээ ашиглаж байснаа больж, очих бүртээ хонх дардаг болсон гэдгээ онцолжээ. Үүнийгээ ээжийгээ анхаарч, хандахаас илүүтэй хайрлаж халамжлах болсон гэж тайлбарласан байна.
ДӨРӨВ: Дурсамжуудыг хамтдаа бүтээ
Эцэг эх бол таны “хүүхэд” биш юм. Эцэг эхчүүд үр хүүхэд нь тэднийг хэр их үнэлж, тэдэнд ямар таатай сэтгэгдэл төрүүлж, эерэгээр нөлөөлж байгаагаа мэдрэх үедээ хайрыг мэдэрдэг гэдгийг Саманта Карбон хэлжээ. Эцэг эхийнхээ юу нь онцгой болохыг таньж, тэдэнд үүнийг нь ойлгуулаарай. Мөн хамтдаа шинэ дурсамжийг бүтээх нь маш чухал юм. Өндөр настай хүмүүст хайраа илэрхийлэх нь тэднийг ичингүйрүүлж магадгүй. Гэхдээ л тэдэнд хайртай гэдгээ ойлгуулж, хамтдаа цагийг өнгөрүүлмээр байгаагаа хэлэх нь зөв юм. “Өөрийн зүрх сэтгэлийг нээ. Гэхдээ ахмад настнууд үүнийг хүчтэйгээр, “бүдүүлэг”-ээр хүлээж авбал гайхах хэрэггүй. Харин тэд хүчтэй хүлээж авсан гэж өөртөө хэлээрэй гэж харилцааны зөвлөх Эва Менезес зөвлөсөн байна.
ТАВ: Шийдэх бус асуу: Асран хамгаалагч шиг биш “хайрлагч” шиг бай
Эцэг эхдээ юу хэрэгтэй гэдгийг шууд шийдэхээс үргэлж зайлсхийгээрэй гэж харилцааны зөвлөх Карбон зөвлөжээ. Ямар нэгэн арга хэмжээ авч, үйлдэл хийхээсээ өмнө үргэлж асууж, харилцаж ярилцах нь тэднийг хайрлаж, халамжилж байгаа мэдрүүлж, аз жаргалтай болгох илүү үр дүнтэй арга. Олон хүн өндөр настан юм уу, нас дээр гарсан ээж аавыгаа “хайрлагч” нь биш “авран хамгаалагч” нь мэт аашилдаг нь харилцаанд томоохон хүндрэлүүдийг гаргаж, хол зайг үүсгэдэг байна. Мөн таны эцэг эх хэчнээн өндөр настай болсон ч өөрсдийн бие даасан байдлыг хадгалахын тулд таны санал, туслалцаанаас татгалзах эрхтэй гэдгийг санаарай. Тиймээс та эцэг эхээ халамжилж болно, гэхдээ өөрөө шийдэх бус урьдчилан заавал асууж зөвлөлдөж сураарай.
Сэтгүүлч Б.Бадамцэцэг