Гадаад улсад байгаа иргэн гэрлэлтээ шүүх хуралдаанд оролцохгүйгээр цуцлуулах боломжтой юу?
Сүүлийн жилүүдэд гэрлэлт цуцлах, шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байх буюу гэрлэгчдийн хэн нэг нь гадаад улсад оршин сууж байгаа тохиолдолд гэрлэлтээ цуцлуулах, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахгүйгээр хэрхэн гэрлэлт цуцлах тухай асуултыг иргэд түгээмэл тавих болсон.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэр бүлийн холбогдолтой хэрэг, маргааныг шүүх хуралдаанаар шийдвэрлэхэд гэрлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч оролцож байсан ч гэрлэгчид шүүх хуралдаанд өөрсдөө хүрэлцэн ирэх үүрэгтэй нь тухайн хэргийн онцлогтой холбоотой. Өөрөөр хэлбэл, гэрлэгчдийн хувийн амьдрал, үр хүүхдийн эрх ашиг, цаашид хэрхэн амьдрах нь хувь хүний хэнд ч шилжүүлэх боломжгүй эрх, хүсэл зоригтой холбоотойгоос гадна гэрлэгчид эчнээгээр гэрлэх боломжгүй байдгийн адил цуцлах асуудалд ч мөн биеэр оролцох шаардлагаас урган гарчээ.
Тийм ч учраас гэрлэгчдийг байлцуулахгүйгээр тухайн төрлийн хэргийг шийдвэрлэхгүй байхыг зорилго болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3.-т “Гэрлэгчид 2 дахь удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хэргийг хариуцагчийн байхгүйд, харин нэхэмжлэгч ирээгүй бол нэхэмжлэлийг буцаах” тухай тусгай зохицуулалттай байдаг. Харин хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрийгөө байхгүйд хэрэг хянан шийдвэрлэхийг хүсэж, энэ тухай шүүхэд бичгээр мэдэгдсэн бол зөвхөн нэхэмжлэгчийн хувьд түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдаан хийж болно. Шүүх энэ зохицуулалтыг хэрэглэхдээ туйлын анхааралтай хандах учиртай. Ямар тохиолдлыг “хүндэтгэн үзэх шалтгаан” гэж үзэх вэ? Тухайлбал гэрлэгчдийн хэн нэг нь гадаадад оршин сууж байгаа, өөрийн биеэр шүүх хуралд хүрэлцэн ирэх боломжгүй байгаа тохиолдлыг хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулан үзэж болно. Мөн энэ байдал нь нотлох баримтаар тогтоогдсон байх шаардлагатай.
Гадаад улсад оршин суугаа Монгол улсын иргэн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл хэрхэн гаргах вэ?
Гадаадад амьдарч буй Монгол Улсын иргэн гэрлэлтээ Монгол Улсад захиргааны ба шүүхийн журмаар цуцлуулж болно. Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэн хуульд заасан шаардлагыг хангасан итгэмжлэлийг төлөөлөгчдөө олгосны үндсэн дээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргах эрхтэй. Гадаадад оршин сууж байгаа нэхэмжлэгчийн хувьд бичгээр гаргасан дээрх хүсэлт нь тухайн улсын нотариатын байгууллага, эсхүл тухайн улсад байгаа элчин сайд болон консулын байгууллагаар баталгаажсан байна.
Гэрлэлтээ цуцлуулах гэж буй гэр бүл эд хөрөнгийн болон хүүхдийн асран хамгаалах эрхийн асуудлаар ямар нэгэн маргаан, зөрчил байхгүй, эдгээр асуудлуудыг гэрлэлтээ цуцлуулахаас өмнө тохиролцож, шийдвэрлэсэн тохиолдолд элчин сайдын яам, төлөөлөгчийн газар захиргааны журмаар гэрлэлтийг цуцална. Хэрэв 18 насанд хүрээгүй хүүхэдтэй, эд хөрөнгийн маргаантай бол гэрлэлтийг зөвхөн шүүхийн шийдвэрээр цуцлах хуультай тул энэ талаарх таны хүсэлт, өргөдлийг элчин сайдын яам зөвхөн нотариатаар гэрчлэх үйлчилгээ үзүүлнэ.