Ямар тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахгүйгээр гэрлэлт цуцлах вэ?

Гэрлэлт цуцлах ажиллагааг шүүх  хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох ба гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авна. Гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ  гэдэгт:

  • гэрлэгч тус бүртэй ганцаарчлан уулзах, 
  • зөвлөгөө өгөх, 
  • гэрлэлт цуцлуулах болсон шалтгааныг нарийвчлан судалж, үндэслэлтэй эсэхийг тогтоох, гэрлэлт цуцлуулснаас үүсэх сөрөг үр дагавар, хүүхдийн эрх ашиг, хүмүүжилд муугаар нөлөөлөх байдлуудыг таниулан ойлгуулах, шаардлагатай тохиолдолд сэтгэл судлаач, сурган хүмүүжүүлэгчдийг татан оролцуулах зэрэг гэрлэгчдийг эвлэрүүлэхэд чиглэсэн бүхий л ажиллагааг явуулж болох юм. 
Шүүх талуудын хэний ч талд үйлчлэхгүй, зөвхөн хуульд захирагдах зарчим хэвээр боловч гэр бүл, хүүхдийн эрх ашгийн үүднээс процессын ажиллагаанд бусад хэрэгт гаргадаггүй “идэвхтэй” байр суурьтай байдаг. Энэ байр сууриас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хуульд заасан зарчим, журмыг чандлан баримтлах учиртай.
Харин Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-т заасны дагуу гэрлэгчид эвлэрэх боломжгүй гэж шүүх үзсэн бол эвлэрүүлэх хугацаа өгөхгүйгээр гэрлэлтийг цуцалж болно. 
“Гэрлэгчид эвлэрэх боломжгүй“ гэдэг нь гэрлэгчид цаашид хамтран амьдрах бодит нөхцөл байхгүй болохыг хэлнэ. Уг ойлголтод хэн нэг нь согтуурах болон мансуурах бодис байнга хэрэглэдэг, бэлгийн харьцаа тохирохгүй байх, гэр бүлийн гишүүдийг өөрийн эрхшээлд байлгахаар хүч хэрэглэж, биед нь халдах, айлгах, сүрдүүлэх, заналхийлэх, мөрдөж мөшгөх, гэр бүлийн дундын өмчийг дангаар захиран зарцуулах зэргээр сэтгэл санаа, бие махбод, эдийн засгийн байнгын хүчирхийлэл, дарамт үзүүлснээр гэр бүлийн бусад гишүүд, ялангуяа хүүхдэд ноцтой хор хохирол учруулсан, эсхүл учруулж болзошгүй байх зэрэг нөхцөлүүд багтдаг.