Сэтгэл зүйчээс зөвлөгөө авах үеэр эрчүүд өөрийгөө илүү сайн ойлгож эхэлдэг. Өөрөөр хэлбэл өөрийгөө олж авдаг гэсэн үг.
Энэ нь эрчүүд өөрийгөө илэрхийлж, ойр дотны хүмүүстэйгээ тэр бүр нээлттэй ярилцдаггүйтэй холбоотой. Хэн нэгэнтэй ярилцаж эхлэх үед нь “за битгий тэг л дээ”, “хүчтэй бай” гэхчлэн "эр хүн шиг бай" гэхчлэн хэвшмэл ойлголтыг тулгаж, шүүж эхэлдэг. Амьдралд тохиолдох асуудлууд, хүмүүсийн хоорондын харилцаанд эрэгтэй, эмэгтэй гэхчлэн хүйсээр ялгах огт шаардлагагүй шүү дээ. Яагаад гэвэл энэ нь эр хүний тухай биш хүний тухай асуудал юм. Нийгэмд эрэгтэй хүнийг хүчирхийлэл үйлдэгчийн нүдээр харах нь түгээмэл байдаг ч нөгөө талаас хүчирхийллийг таслан зогсооход эрчүүдийн оролцоо чухал нөлөөтэй болохыг дэлхий нийтээрээ “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ны баримт бичигт тусгасан байдаг.
Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд эрчүүдийн оролцоо маш чухал билээ. Иймд танд зориулан ирээдүйд бус яг одооноос хэрэгжүүлж болох 10 аргыг танилцуулж байна. Үүнд:
1. Тайван орчныг бий болгох
Хүчирхийллийн бүхий л хэлбэрийг өсөж торнисон орчиндоо харж, мэдэрч өссөн хүн хүчирхийллийн хохирогч, эсвэл хүчирхийлэл үйлдэгч болох магадлал өндөр байдаг аж. (The International Men and Gender Equality Survey (IMAGES) 2009. Яагаад гэвэл тэд эргэн тойрноо аюултай гэж хүртдэг, өөрт нь ямар нэг зүйл тохиолдоход өөрийгөө хамгаалж, даван туулж чадна гэж итгэдэггүй буюу товчхондоо айдастай байдаг байна.(Brummelman et al., 2018). Иймд та асуудлыг хүчирхийллийн бус аргаар шийдэхэд суралцаж, ойр дотны хүмүүстээ тайван байх орчныг бүрдүүлдэг нэгэн байж, үлгэрлэн манлайлаарай.
2. Хүүхдээ төрсөн цагаас нь эхлэн асрах, өсгөх ажилд хосууд адил тэнцүү үүрэг хүлээх
Судалгаагаар хүүхэд асрах, өсгөх ажилд эхнэр, нөхрийн оролцоо энэ тэнцүү байхын хэрээр эргээд тухайн гэр бүлд хүчирхийлэл бий болох магадлал тун бага байдгийг илрүүлжээ. (van der Gaag, N., Heilman, B., Gupta, T., Nembhard, C., and Barker, G. (2019)
3. Хүчирхийлэл бол СӨРӨГ, тэвчиж боломгүй асуудал гэдгийг анхнаас л ойлгуулах
Асуудлыгхүчирхийллийн аргаар шийдэх нь байж боломгүй үзэгдэл гэдгийг хүүхдэдээ ойлгуулах нь халамжтай, хайрыг түгээдэг, хайртай хүмүүсээ хамгаалдаг, бусдыг төлөө үйлдэл хийдэг хүн болоход тус дөхөмтэй.. (McClain, L., Brown, S. L. 2017)
4. Аливаа контентийн агуулга дахь дүрүүд хэвшмэл ойлголт, хүчирхийлэгчийг өөгшүүлж буй эсэхийг нягтлах
Судлаачид олонд хүртээл болсон телевизийн цуврал бүтээлүүдээс 447 ангийг сонгон авч 3056 дүр дээр ажилласан байна. Уг судалгааны дүгнэлтээр гол болон туслах дүрийн илэрхийлэлд эрэгтэй хүнийг хүчирхийлэл үйлдэгч, түрэмгий, ширүүн байдлаар дүрслэх тусам тухайн дүрийн үйлдлийг даган дуурайх магадлал төдий хэмжээгээр их байсан байна. (Serttaş, Aybike & Gürkan, Hasan. (2017).
5. Охид эмэгтэйчүүдийг хүлээн зөвшөөрдөг байхыг чухалчил
25-24 насны 1025 оролцогчдын дунд хийсэн судалгаагаар эрчүүд эмэгтэйчүүдийн эрхийн талаар мэдлэг мэдээлэлтэй болж, тэдний түүхийг сонсож, хүлээн зөвшөөрөх тусам хүчирхийлэл үйлдэгдэх хандлага, давтамж эрс буурч байсан байна. Promundo-Us (2019)
6. Хүйсийн хэм хэмжээний хортой талыг ойлгуулах бэлгийн боловсролыг цогцоор нь дэмжих
Насанд хүрсэн хүмүүс бэлгийн харилцаа, порнографийн талаар өөр хоорондоо нээлттэй харилцаж, үзэл бодлоо илэрхийлдэггүй, хүүхэдтэйгээ ярилцдаггүй байдал нь эрэгтэйчүүдэд (ялангуяа хөвгүүдэд) сөрөг үр дагаврыг авчрах нь түгээмэл аж. Олон төрлийн судалгаанаас үзэхэд порнографийн талаар төсөөлөл нь эмэгтэйчүүдийн эсрэг чиглэсэн, хүчирхийлэх өнгө аястай байдаг байна. (Greene., et al. (2019)
7. Эмэгтэйчүүдийг дэмжсэн байгууллага, хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллага, төвүүдийг дэмжих, хандив өргөх, үйл ажиллагаанд нь оролцохыг уриалах
“КОВИД-19”-өөс улбаалан хүйсээр ялгаварлах, хүчирхийллийг дөвийлгөх, эмэгтэйчүүдэд чиглэсэн хүчирхийллийн нөхцөл байдал улам хурцадсаар байгаа нь дээрх төвүүдийн хэрэгцээ шаардлага ихсэх нөхцөл болж байна. (Ruxton, S., & Burrell, S. R. (2020).
8. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх аян, нөлөөллийн үйл ажиллагаанд оролцох
Хүйсээр ялгаварлах, жендэрт суурилсан хүчирхийллийг дэмжихгүй гэдгээ оролцоогоороо, дуу хоолойгоороо илэрхийлдэг байх нь бусад эрчүүдэд нөлөөлөх, тэдний хэвшмэл ойлголтыг эвдэхэд чухал дэмжлэг болдог байна.
9. Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, шийдвэр гаргах түвшний саад бэрхшээлийг арилгах
Энэ нь тэгш бус байдлыг арилгахад үр нөлөөтэй бөгөөд судалгаагаар Африкийн нэгэн улсад санхүүгийн хувьд бие даасан эмэгтэйчүүд бусад эмэгтэйчүүдтэй харьцуулахад “аюулгүй” мэдрэмжийг илүүтэй мэдэрдэг байна. (Henny, S., & Augustin, K. (2010).
10. Хортой маскулинити хэм хэмжээ буюу “хортой эршүүд байдлын хэм хэмжээг” илрүүлж, эвдэх
Бэлгийн хүчирхийллийг өөгшүүлдэг явган яриа, хошигнол, буруу ойлголтуудын талаарх найз, хамтран ажиллаж буй хүмүүстэйгээ нээлттэй ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлдэг байх, үүнийг эсрэг байр сууриа нээлттэй илэрхийлдэг байх нь хүчирхийлэлтэй тэмцэж буй нэгэн хэлбэр юм.