Та өөрөө ч мэдэлгүй хайртай хүмүүсээ хүчирхийлээд байгаа юм биш биз?

Хүчирхийлэл.. сонсоход хүртэл хүнд оргих энэ үгийг та бид өдөр тутамдаа өөрөө ч мэдээгүй байхдаа үйлддэг гэвэл итгэх үү?

Та хэзээ нэгэн цагт ажил горилогчоос гэр чинь хаана байдаг вэ, ойрын хэдэн жил гэр бүл зохиох төлөвлөгөөгүй биз дээ гэж асууж байсан бол, аль эсхүл хамт ажилладаг хүнээ хүсээгүй байхад сексийн холбогдолтой онигоо ярьж дооглож, хүүхдийнхээ дэргэд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэж, агсам тавиж, дотно хамтрагчаа хяналтандаа байлгах, цаашлаад гар хүрэхээр завдаж байсан бол...  Эдгээрийн аль нэгийг та үйлдэж байсан эсэх ээ тунгааж байв уу, эсхүл танд болоод таны ойр дотны хэн нэгэнд ийм зүйл тохиолдож байсан юм биш биз?

Энэ удаагийн нийтлэлээр хүчирхийлэл гэж чухам юу болох, хүчирхийлэлд байгаагаа хэрхэн танин мэдэх, хүчирхийлэл үйлдэх эрдсэлт зан авирыг хэрхэн таньж, засаж болох талаар зөвлөмжийг хүргэхийг зорилоо.

Гэр бүлийн хүчирхийлэл нь гудамж талбайд үйлдэгддэг гэмт хэргээс ялгаатай нь эхнэр нөхөр, хамтран амьдрагч, гэр бүлийн хамааралтай хүмүүсийн хооронд далд хэлбэрээр, давтамжтай үйлдэгддэг, даамжирдаг, хохирогчийн бие махбод болоод сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулж байнгын айдас, эргэлзээ, шаналлыг бий болгодгоороо хамгийн аюултай гэмт хэргийн нэг юм.

Хүчирхийлэл гэдэг нь бусдын эрх, эрх чөлөөг зөрчиж гэм хор учруулах, эрх мэдэл, хяналтаа тогтоох, айлган сүрдүүлэх, хүч хэрэглэх замаар зориудаар бие махбодын, сэтгэл санааны, бэлгийн болон эдийн засгийн бүхий л хэлбэрээр дарамт шахалт учруулж буй үйлдэл, эс үйлдэхүйг  хэлдэг. Өөрөөр хэлбэл түрэмгийллийн нэг хэлбэр бөгөөд гэр бүл, хамт олон, таньдаг, таньдаггүй гэх мэт бүхий л хүмүүсийн хүрээнд илэрч болно.

Хүчирхийлэл нь дотроо бие махбодын, сэтгэл санааны, бэлгийн, эдийн засгийн гэсэн хэлбэртэй бөгөөд эдгээрийн аль нэг хэлбэр нь дангаараа үйлдэгддэггүй,  ихэвчлэн хавсран үйлдэгддэг.

Бие махбодын хүчирхийлэл:

Хүч хэрэглэсний улмаас бие махбодод гэмтэл, өвдөлт, согог үүсгэхийг хэлнэ. Гэмтэл бэртлийн түвшин нь зөөлөн эдийн хамгийн бага гэмтлээс эхлээд яс хугарах, хөгжлийн бэрхшээлтэй болох эсвэл үхэлд хүргэж болно.

Үүнд:

  1. Эмчилгээ хийлгэх болон бусад тусламж үйлчилгээ авахыг нь хориглох, саад хийх
  2. Хутга мэс, буу гэх мэт зэвсгийн чанартай зүйлээр цохих
  3. Алгадах, түлхэж унагах
  4. Түлхэх, шанаадах
  5. Зодох, маажих
  6. Багалзуурдах, хазах 
  7. Угзрах, сэгсрэх
  8. Нулимах, түлэх
  9. Чимхэх, мушгих зэргээр илэрч болно.

Эдийн засгийн хүчирхийлэл:

Гэрлэсэн эсвэл хамтран амьдрагчид хэн нэгнийхээ амьдралын хэрэгцээгээр нь хавчин хязгаарлаж, өдөр тутмын ахуйн хэрэглээгээр нь гачигдуулан, мөнгө санхүүгийн давуу байдлаа ашиглан дарамтлах, сдын боломж, хүртээмжийг хянах эсвэл хориглож буй үйлдэл юм.

Үүнд:

  1. Хамтын өмч хөрөнгийг устгах
  2. Гэр бүл дэх санхүүгийн шийдвэрийг гаргахад оролцуулахгүй байх
  3. Хамтран амьдарч байгаа хүнийхээ болон хүүхдийнхээ төлбөр тооцоо, өдөр тутмын зардлыг төлөхөөс татгалзах
  4. Мөнгө болон санхүүгийн мэдээлэл өгөхгүй байх
  5. Ажил хийхийг хориглох зэргийг хамааруулдаг.

Сэтгэл санааны хүчирхийлэл

Хүний сэтгэл санааны хэрэгцээг хайхрахгүй, үзэл бодлоо тулгах, хянаж цагдах, дэмжин тэтгэх сэтгэл зүйн хэрэгцээг гачигдуулж, хомсдуулж байгаа бүхий л үйлдэл, эс үйлдлийг хэлнэ. Мөн бусдыг буруутгах, шүүмжлэх, гутаан доромжлох, дарамтлах, ичгүүртэй байдалд оруулах зэргээр өөрийн хяналтдаа байлгах бүхий л үйлдэл юмТухайлбал:

  1. Үг хэл эсвэл үйлдлээрээ дамжуулан өөрийг нь эсвэл түүний ойр дотны хүнийг хүчирхийлэх, хор хөнөөл учруулахаар заналхийлэх
  2. Ажлын байран дээр дарамтлах, доромжлох
  3. Бэлгийн хамтрагч нь хүүхдийг ашиглан хэн нэгнийг хяналтдаа байлгах эсвэл айлгах
  4. Дорд үзсэн, доромжилсон үг хэлэх
  5. Бусадтай харилцах харилцааг нь тусгаарлах, хязгаарлахыг хэлнэ.

Бэлгийн хүчирхийлэл

Тухайн хүн хохирогчтой ямар хамааралтайгаас үл хамааран хүч хэрэглэн бэлгийн харилцаанд орох, сексийн холбогдолтой үг хэллэг, дохио зангаа ашиглах зэрэг бүх үйлдлийг хэлнэ. Үүнд:

  1. Зөвшөөрсөн эсвэл эс зөвшөөрснөөс үл хамааран бэлгийн харилцаанд орох, хүсээгүй байхад биед нь хүрэх, бүх төрлийн хүсээгүй эсвэл хүч хэрэглэсэн бэлгийн харилцаа
  2. Порнографи болон бэлгийн харилцаанд орохыг албадах
  3. Албадан жирэмслүүлэх
  4. Албадан үрийн сувгийг боолгох
  5. Албадан үр хөндүүлэх
  6. Хүчээр гэрлүүлэх, хүүхдийн гэрлэлт
  7. Ураг төрлийн хүчин зэрэг багтана.

Хэрэв та дээрх үйлдлүүдээс аль нэгийг хийж байсан бол өөртөө дүгнэлт хийж зан үйлээ өөрчилж, хүчирхийллийг зогсоож чадна. .

Ингэхийн тулд та юу хийх хэрэгтэй вэ?

Хэрэв та хүчирхийллийн дээрх хэлбэрийн аль нэгийг санаатай эсвэл санаандгүйгээр үйлдэж байсан бол зан үйлээ өөрчлөхөд тань бид танд тусалъя. Зан үйлээ өөрчлөх нь богино хугацаанд үр дүнгээ өгдөг зүйл биш ч гэлээ та өөрийгөө өөрчилж, гэр бүлийн  халуун дулаан харилцаагаа сэргээхээр шийдсэн бол тэвчээр,  тууштай байдлын  тусламжтай өөрийгөө өөрчлөх боломжтой.Амьдралдаа өөрчлөлтийг бий болгохоор шийдсэн бол та эхлээд өөрөөсөө дараах асуултыг асууж, өөртөө дүгнэлт хийгээрэй.

  • Би гэр бүлийнхэнтэйгээ хэрхэн харилцдаг билээ?
  • Манай гэр бүлийн харилцаа хайр хүндлэл, итгэлцэл дүүрэн айдасгүй, тайван  уу?
  • Одоо би ямар байдалд амьдарч байна? Гэр бүлийнхээ амьдрал ахуйг хэрхэн авч явж байна?
  • Чөлөөт цагаа би хэрхэн өнгөрөөж байна вэ? Ер нь юу хийвэл сэтгэл санаа минь амар тайван байх бол?
  • Аливаа асуудал, бэрхшээлийг би тайван арга замаар шийдвэрлэж чаддаг уу?
  • Миний одоогийн байдал гэр бүлийнхэнд минь хүндэл, итгэл төрүүлдэг үү?
  • Хайртай дотны хүмүүс минь надтай илэн далангүй, нээлттэй ярилцаж, санал нийлэхгүй байгаа үедээ айдас, болгоомжлолгүйгээр илэрхийлж чаддаг уу?
  • Би амьдралдаа сэтгэл хангалуун байна уу? Цаашид ямар нэгэн өөрчлөлт хийх хэрэгтэй юу?
  • Та эдгээр асуултад хариулж үзээд өөрийгөө өөрчлөхөөр хийхээр шийдсэн бол одооноос эхлэн эдгээр зөвлөмжийг мөрдөхийг зөвлөж байна.

Асуудлыг уур бухимдлаар шийдэхийн оронд хамгийн түрүүнд өөрийгөө тайвшруулж сурах

Уур тань хүрсэн үед өөрийгөө хянаж чаддаггүй бол бусдыг гомдоох, хүч хэрэглэх магадлал өндөр тул гадаа гарч алхах, агаар амьсгалах, хөгжим сонсох, спортоор хичээллэх зэргээр өөрийгөө тайвшруулах арга барилтай болоорой. Өөрийнхөө дуртай зүйлийг хий, бас шинэ зүйлд суралц, гэхдээ энэ нь танд ч бусад хүнд гэм хор учруулах ёсгүй. Харин тайвширсны дараа тухайн асуудлыг энх тайван аргаар шийдэх гарц хайж хамтрагчтайгаа нээлттэй ярилцаж үзээрэй. Ингэхдээ таны үг, үйлдэл  хамтрагч, үр хүүхэд тань ямар мэдрэмж төрүүлэх бол гэдгийг ямагт анхаарах хэрэгтэй.

Бусдын эрх, эрх чөлөөг хүндэл

Хүн бүр хэзээ ч, хаана ч тэгш эрхтэй байх ёстойг ямагт санаарай. Хэрэв та санаатай болон санамсаргүйгээр бусдын эрх чөлөө, хүслийг хязгаарлах, хяналт тавих, өөрийн эрхшээлдээ байлгах гээд байдаг юм биш биз. Тийм бол өөрийн зан араншин, үйлдийг ажиглаж яагаад ингэж байгаа тухайгаа өөрөөсөө асууж, дүгнэлт хийж, тэдний оронд өөрийгөө тавьж байгаарай. 

Бусдыг хүндэлж, эрүүл, эерэг харилцааг эрхэмлэ

Ойр дотны хүмүүсийнхээ санаа бодол, сонголтод хүндэтгэлтэй хандаж, тэднийг сонсож, өөрийгөө зөвөөр илэрхийлж, гэр бүлдээ эерэг уур амьсгал, харилцааг бий болгохыг хичээгээрэй. Хайртай дотны хүмүүсээ өөрийнхөөрөө байлгах биш,  байгаагаар нь хүлээн зөвшөөрч, тэгээд хүндэлж харилцаарай. Бусдыг хүндэлнэ гэдэг өөрийгөө хүндэлж байгаа хэрэг гэдгийг ойлгоорой. Та бол сайн хань, аав, ээж, ах, эгч, найз нөхөр гэдгээ үргэлж санах нь чухал. Таны үр хүүхэд, дүү нар үг үйлдэл бүрийг тань ажиглаж, танаас цаг үргэлж суралцаж байдаг тул тэдэнд зөв үлгэрлэл үзүүлэхийг чухалчлаарай.

Бүх зүйл сайхан болно, өөрчлөгдөж чадна гэдэгтээ итгэ

Бусдыг хайрлаж, хүндэлж явдгаа нэрэлхэлгүй хэлж байгаарай. Хүмүүсийг хүндэлснийхээ хариуд эргээд та хүндлэл хүлээн авна гэдгийг үргэлж санаарай. Хүмүүстэй зөвшилцөж сурч, ичиж нэрэлхэхгүйгээр туслалцаа хүсээрэй.

Өөрийгөө өмөөрөх гэж бүү оролд

Эхнэр хүүхдүүд уур хүргэсэн болохоор, тэр хоолоо аятайхан хийсэн бол.... Ямар ч тохиолдол, аливаа асуудал үүсэхэд та хүчирхийллийн аргаар шийдэж байгаа бол бурууг өөрөөсөө эрж хай. Юу ч тохиолдож байсан та бусдын эрхийг зөрчиж, асуудлыг хэрхэвч хүчээр шийдэх ёсгүй. Эцэст нь зөвлөхөд хүчирхийлэл түрэмгийлэл үйлдэх эрсдэлт зан үйлээ өөрчлөхийн тулд сэтгэл зүйч эсвэл энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагад хандаж үзээрэй. Та өөрчлөлтийг яг одоо өөрөөсөө эхлүүлээрэй.

Нийтлэлд ашигласан мэдээллийн эх сурвалж: ШШГЕГ, Хүчирхийлэл үйлдэх зан үйлд нөлөөлөх сургалтын хөтөлбөр