Familycenter.mn “Мэргэжилтний зөвлөгөө” цувралынхаа энэ удаагийн зочноор “Гэгээн Гэрэлт Зүрх” төвийн сэтгэл судлаач Б.Чоймааг урьж ярилцлаа. Түүний хувьд тун саяхан ээж болсон бөгөөд төрөхийн өмнөх сэтгэл зүй, төрсний дараах сэтгэл гутрал болоод бага насны хүүхдийн сэтгэл зүйн талаар мэргэжлийн зөвлөгөөг өглөө.
-Ээж болсонд баяр хүргэе. Ээж болсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Хүн бүр ээждээ хязгааргүй их хайртай ч, эмэгтэй хүн ээж болоод бүр илүү ихээр ээжийгээ ойлгож, хайрладаг юм байна гэж хүмүүс хэлдэг шүү дээ. Тэр үг л үнэхээр үнэн юм байна гэдгийг мэдэрч байна. Ээж минь миний төлөө ямар их хичээл зүтгэл, цаг хугацаа, зүрх сэтгэлийг зориулж, зарцуулсан юм бэ, ямар гайхалтай их хайр вэ л гэж их бодогдож байна даа.
- Ээж хүний хүний хувьд, сэтгэл зүйчийн хувьд бүсгүйчүүд ээж болохоосоо өмнө, сэтгэл зүйн хувьд ямар бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж зөвлөх вэ?
-Эмэгтэй хүн амьдралын аль ч үедээ жирэмсэлсэн бай, хүүхдээ өлгийдөж авахаар зорьсон л бол тэр үеэсээ эхлэн цаашид өөрийн туулж мэдрэх бүхнээ төсөөлж, сэтгэл санаагаа бэлдэх хэрэгтэй. Хүсээгүй жирэмслэлт, төлөвлөгөөгүй төрөлт, гэнэтийн тохиолдол... Нөхцөл байдал ямар ч байж болно. Гэхдээ та хүүхдээ төрүүлэхээр шийдсэн л учраас асуудлыг бодитоор харж, сайн болон бодит байдлыг хүлээн зөвшөөрч чадвал сэтгэл зүйн хямрал, асуудал арай бага байна. Төрсний дараа юунд хэр их хугацааг зарцуулах вэ, санхүү мөнгөний хувьд ямар асуудлууд үүсэх вэ, ажил карьерийн хувьд ямар өөрчлөлт орох вэ гэдгээ бодитоор тодорхойлж, хүлээн зөвшөөрөөрэй. Асуудлыг бодитоор харах гэдэг нь жишээлбэл, нийгэмд тогтсон буруу хэвшмэл ойлголтоос болж өсвөр насны жирэмслэлтийг буруутгах хандлага байдаг. Өсвөр насандаа жирэмслэх нь зөв эсвэл буруу гэсэн ойлголт байхгүй ч өсвөр насандаа жирэмсэлсэн бол нийгмийн хандлага танд таагүй мэдрэмж төрүүлж болзошгүй гэдгийг анхаарч, сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй.Бусдын бодол амьдралд тийм ч чухал биш. Асуудал байгаа бол даван туулах арга замаа ч эрэлхийлэх болно. Энэ мэт ямар ч нөхцөлд, ямар ч асуудлуудтай бай өмнө нь сэтгэл зүйн бэлтгэлтэй, төсөөлөлтэй байвал, тухайн асуудлууд тулгараад ирэхэд түүнийг даван туулахад илүү дөхөм, сэтгэлээр унах, стрессдэх явдал бага байна. Ер нь жирэмсэн эсвэл төрсний дараа сэтгэл зүйн хувьд хэт эмзэг болж хямардаг тул бэлтгэлтэй байх хэрэгтэй.
-Жирэмсний үеийн болон төрсний дараах шинэ ээжийн сэтгэл зүй ялгаатай байдаг уу?
-Мэдээж маш их ялгаатай. Жирэмсэн үед эм бэлгийн даавар ихээр ялгарч сэтгэлзүйн хувьд зөөлөн эмзэг болдог. Тиймээс хүүхдээ эрүүл тээж төрүүлж чадах болов уу гэдгээс эхлээд л олон асуултуудыг өөртөө тавьж, эргэлзээнд орно. Догдолно, баярлана. Жирэмсэн байх үедээ олон мэдрэмжийг мэдэрч, сэтгэл зүйн байдал илүү мэдрэг болдог. Харин төрсний дараа энэхүү даавар багасаж сэтгэл зүйн түр зуурын хямралд өртдөг.
Мөн хүүхдээ хөхүүлэх үед ээжийнх нь тархинд аз жаргалын даавар ялгардаг учраас хүүхдээ хараад баярлаж хайрлах, хайрын мэдрэмж төрнө. Үүнийгээ дагаад хангалттай сайн ээж байж чадах эсэхдээ эргэлзэж санаа зовдог.
-Төрсний дараах хямрал гэж хүмүүс их ярьдаг. Яагаад төрсний дараах хямрал үүсдэг вэ?
-Жирэмсний хугацаанд биед ялгарч байсан их хэмжээний эм бэлгийн даавар төрсний дараа огцом багасдаг. Энэхүү дааврын бууралтын нөлөөгөөр төрсний дараах эхний хоёр, гурав дахь өдрөөс эхлээд эхний хоёр долоо хоногийн хугацаанд эхийн сэтгэл санаа тогтворгүй болох шинж тэмдэг илэрдэг. Үүнийг төрсний дараах түр зуурын сэтгэлзүйн хямрал гэж нэрлэдэг.
Энэ хямрал нь төрсөн ээжүүдийн 50 хувьд нь тохиолддог. Ээж ядрах, уур уцаартай болох, нойргүйдэх, өөртөө сэтгэл хангалуун бус болох, түгших, хүүхдэдээ санаа зовох, хүүхэд маань өвдвөл яана, гэмтвэл яана гэх мэт айдас үүсдэг. Дээрх хямралын шинж тэмдэг нь 2 долоо хоногоос илүү хугацаагаар үргэлжилбэл төрсний дараах сэтгэл гутрал гэж үзнэ. Үүнээс даамжирч өөрийгөө болон хүүхдээ гэмтээх аюултай бодол төрж эхэлбэл яаралтай мэргэжлийн тусламж авах шаардлагатай болдог.
- Төрсний дараах хямралыг хэрхэн даван гарах вэ, өөрийн туршлагаасаа хуваалцвал?
-Төрсөн эмэгтэйд хамгийн ойр бөгөөд үр дүнтэй нөлөө үзүүлэх хүн бол нөхөр болон гэр бүлийн хүмүүс юм. Тиймээс гэр бүлийн зүгээс шинэ төрсөн ээжийг аль болох амрааж унтуулах, хүүхдээ асрахад нь туслах, өөрийнх нь ямар сайн ээж гэдгийг үгээр хэлж урамшуулах зэргээр байнга дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.
Харин төрсөн ээж өөрийгөө сайн байгаа эсэхэд эргэлзэх, нийгмээс тусгаарлагдсан мэт мэдэрч ганцаардаж гуниглаж эвлэвэл бусдаас холбоогоо таслах, холдох талаар бодолгүй найз нөхөд, ойр дотны хүмүүстээ өөрийгөө илэрхийлж тусламж хүсэх хэрэгтэй. Учир нь бусадтай харилцах харилцаагаа багасгаж, дотоод сөрөг мэдрэмжиндээ автах магадлал төрсөн эмэгтэй бүрт байдаг.
Бусад шинэ төрсөн ээжүүдтэй групп үүсгэж сэтгэлээ уудалж ярилцах хүрээлэлтэй болбол өөрийгөө ганцаараа биш гэдгийг мэдэрч сэтгэл санаа илүүтэй дээрдэнэ. Мөн боломжтой бол мэргэжлийн сэтгэл зүйчтэй уулзаж ярилцах нь илүү үр дүнтэй.
Миний хувьд жирэмслэхээр төлөвлөж эхэлсэн үеэсээ нөхөртөө энэ талаар бүгдийг нь хэлж байсан. Эмэгтэй хүн жирэмсэн болохоороо ингэдэг шүү, төрсний дараа сэтгэлзүйн хувьд ийм байдаг гэх мэт. Нөхөр маань миний хамгийн сайн сонсогч, итгэлтэй ар тал минь байсан учраас жирэмсний үеийн бие махбодын болон сэтгэлзүйн бүхий л хүндрэлийг амжилттай даван туулж чадсан. Халамж хайр хүнийг хурдан тэнхрүүлдэг шүү дээ.
Нөхрүүдийн хувьд жирэмсэн эхнэр нь яагаад зан аашийн хувьд өөрчлөгдөөд байгаа цаад шалтгааныг мэдэхгүйн улмаас асуудлыг улам хүндрүүлээд байдаг учраас нөхөр, гэр бүл нь жирэмсэн үед сэтгэл зүй болон бие махбодийн хувьд эмэгтэйчүүд маш олон зүйлийг даван туулдаг гэдгийг ойлгож суралцах хэрэгтэй. Мөн бүсгүйчүүд маань өөрт тохиолдож буй, мэдрэгдэж буй зүйлсээ гэр бүлдээ хэлж ойлгуулахыг хичээгээрэй. Үл ойлголцлоос болж гэр бүлийн харилцаанд асуудал үүсэх магадлал нэмэгддэг. Тиймээс өөрийн дотор төрж буй мэдрэмжээ уудалж илэрхийлдэг байх тал дээр ажиллах болдог. Тусламж хэрэгтэй бол хэлж тэврүүлмээр байгаа бол тэврүүлмээр байна, гомдсон бол гомдоод байна, ярилцмаар бол ярилцъя гэхчлэн яг тухайн цаг үед юу хийхийг хүсэж байгаагаа бүгдийг нь илэрхийлэх хэрэгтэй. Хурааж хуримтлуулах биш дор бүр нь мэдрэмж сэтгэл хөдлөлөө илэрхийлж байж илүү тайван амгалан байх болно.
-Хүн бүрэлдэн бий болсон үеэс л сэтгэл зүйн асуудал яригддаг. Жирэмсэн үеийн эхийн сэтгэл зүй урагт хэрхэн нөлөөлдөг вэ?
Жирэмсэн эхийн сэтгэл санааны байдал урагт маш их нөлөөлдөг. Ураг эхэсээр дамжин ээжээсээ хэрэгтэй бүх шим тэжээлээ авч байгаа шүү дээ. Ээжийн идсэн хоолыг хүртэл таашаан мэдрэх чадвартайг эрдэмтэд нотолсон. Түүнээс илүүтэй эхийн сэтгэл зүйг зүрхний цохилтоор дамжуулан бүрэн мэдэрдэг.
Хэрэв ээж жирэмсэн байхдаа хямралтай, сэтгэл зүйн хувьд айдас, түгшүүртэй, тайван бус байвал хүүхэд төрсний дараа уйланхай тайван бус байх магадлал өндөр байдаг. Тиймээс ээж хүүхэдтэйгээ ярилцаж аюулгүй байгааг нь хэлж ойлгуулж байх хэрэгтэй. Жирэмсний үедээ тайван амгалан байж, бясалгал хийж эерэг мэдрэмжээр дүүрэн байсан ээжийн хүүхэд тайван дөлгөөн сэтгэл зүйн хувьд илүү тогтвортой нэгэн болдог талаарх судалгаанууд олон бий.
-Ярианы сэдвээ хүүхдийн сэтгэл зүй рүү чиглүүлье. Хүүхдэд сэтгэл зүйн ямар хэрэгцээ байдаг вэ, нялх үе, балчир үе, өсвөр нас өөр, өөр байдаг байх?
-Хүүхдэд сэтгэлзүйн олон хэрэгцээ байдгаас нялх үед чухал байдаг гурван хэрэгцээг нь дурдъя. Мэдээж хамгийн эхнийх нь суурь хэрэгцээ болох физиологийн хэрэгцээ юм. Өлсөх, цангах бааж шээх гэх мэт зүйлс үүнд багтана.
Үүний дараа 0-1 нас хүртэлх чухалд тооцогдох тайвшруулагдах хэрэгцээ байдаг. Нялх хүүхэд өөрийгөө тайвшруулж чаддаггүй учраас хүүхдийг уйлах бүрт нь ээж аав нь юм уу асран хамгаалагч нь ямар нэг хариу үйлдэл үзүүлж тайвшруулах хэрэгтэй байдаг. Энэ насан дээрээ ээж ааваасаа тайвшрлыг хангалттай хэмжээнд авч өссөн хүүхэд хүнд нөхцөл байдал айж түгшилгүй өөрийгөө тайвшруулж асуудлыг даван туулах чадвартай байдаг.
Удаах нь ээнэгшлийн хэрэгцээ гэж бий. Ээнэгшил гэдэг нь хүүхэд өөрийн ээж аав, асран хамгаалагчтай сэтгэл хөдлөлийн хувьд холбоо тогтоохыг хэлдэг ба энэхүү хэрэгцээ нь хүүхдийг төрснөөс хойш гурван нас хүртэл хамгийн чухал байдаг. Ээж хүүхдээ цээжиндээ тэвэрч хөхүүлэх нь хамгийн анхны ээнэгшлийн үйл явц бөгөөд намайг хайрлан хамгаалах хүн байгаа юм байна гэдгийг мэдэрч орчин тойрондоо илүү итгэлтэй болж аюулгүй байгаагаа мэдэрдэг.
Шинэ төрсөн хүүхдийг сэтгэлзүйн хувьд хүчирхэг нэгэн болж өсөхөд хамгийн чухал нөлөө үзүүлэгч нь гэр бүл юм. Тиймээс хүүхдээ аюулгүй байгааг мэдрүүлж хөхүүлэх үедээ хүүхдийнхээ нүд рүү харж ярилцан инээмсэглэж хүүхэдтэйгээ холбогдох эх үрийн холбоогоо илүү гүн бат холбоотой болгоорой.
Эцэст нь хэлэхэд хүүхдэд төгс ээж биш аз жаргалтай ээж л хэрэгтэй байдаг шүү. Тиймээс өөрийгөө сайн ээж, сайн эхнэр байлгах гэж битгий хүчлээрэй. Та өөрийнхөө хүүхдийн хувьд бүхэл бүтэн ертөнц, хамгийн төгс нэгэн гэдгийг ойлгоорой.
-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Танд амжилт хүсье!
-Та жирэмслэлт, төрсний дараах сэтгэл зүйн зөвлөгөө авахыг хүсвэл энд дарж холбогдоорой.