Анхааруулга: Хүүхдээ хөхүүлэх үедээ утсаа бүү оролдоорой
Нийтлэлч: Familycenter.mn

Техник, технологийн энэ эрин зуунд хүмүүс ухаалаг утсыг өөрсдийнхөө “гуравдагч гар” мэт мэдрэх болсон. Бид хаа сайгүй л утсаа оролдож, утас барьсан хүмүүсийг олж хардаг. Утасны зөв хэрэглээ нь бусадтай харилцах харилцаа, мэдээлэл солилцох авах боломж төдийгүй нийгэмдээ тухайн хүний соёл, дадал, төлөвшил цаашлаад биеийн эрүүл мэнд олон зүйлийг илэрхийлдэг болсон. АНУ-ын Калифорни мужийн эрүүл мэндийн төвийн эхчүүдийн сэтгэцийн чиглэлээр дагнан ажилдаг сэтгэл зүйч Доктор Катин хэлэхдээ “Эхчүүд хүүхдээ хөхүүлж байхдаа ихэвчлэн цахим мэдээллүүдийг уншиж, төрөл бүрийн мэдээллийг аван, харилцан санал бодлоо хуваалцаж цагийг идэвхтэй өнгөрөөж байна. Гэтэл эхийн харц хаана байна вэ, хүүхдээ даваад дэлгэц ширтэж байна. Энэ нь хүүхдэд сөрөг нөлөөтэй” гэж мэдэгджээ.

Судалгаагаар хүүхдээ хөхүүлж байх зууртаа хүүхдэдээ анхаарал хандуулахгүй, утсаар оролдох, өөр зүйл бодож, сонирхох явдал нь сүүний гаралтад сөргөөр нөлөөлж, хүүхэд хөхөө буруу хөхөж, хэл амны хөгжил нь удаашрахад хүргэдэг болохыг тогтоожээ. Эх хүн хүүхдээ хөхүүлэхийн өмнө өхөөрдөж эрхлүүлэн, хөхүүлэх үедээ гол анхаарлаа бяцхан үрдээ хандуулж, эелдэг зөөлөн ярьж өөрийг нь анхаарч байгааг мэдрүүлж хөхүүлэхэд хүүхэд хөхөө хөхөж, тав тухтай зөв хооллосон болдог байна.

  1. Хөхөө хөхүүлж байхдаа утсаа оролдох нь сүүний гарцыг бууралдаг

Ээж нь хөхүүлж байх үедээ хүүхэдтэйгээ ярьж, харж, харилцах нь дуу хоолой болоод дүр төрхийг нь сайтар тогтоож авахад нь илүү нөлөө үзүүлдэг байна. Улмаар хүүхдийн хөхөө хөхөх дуршил нэмэгдэж, эхийн хөхний шүүрлийн булчирхайн үйл ажиллагаа идэвхжиж, сүүний гарц нэмэгддэг байна. Харин эсрэгээрээ хүүхдэдээ анхаарал хандуулахгүй байх, өөр зүйлд сатаарах нь сүүний гарцыг бууруулдаг сөрөг нөлөөтэй.

  1. Хөхөө хөхүүлж байхдаа утсаа оролдох нь хүүхдийн хоолны дуршлыг бууруулдаг

Та яаран сандран хооллосон мөч тухтай, аз жаргалтай, тайван хооллосон мөч хоёрынхоо ялгааг анзаараарай. Хүүхдэд хөхөө хөхөх нь түүний хоолны цаг л гэсэн үг. Хэрвээ та хүүхдийнхээ хооллох цагт нь анхаарлаа хандуулахгүй байвал тэр сэтгэл зүйгээрээ үүнийг мэдэрнэ. Мөн хүүхэд хөхөө хөхөх үйл явц бол түүний хамгийн анхны хооллох сонирхол, дуршил хөгжиж, бий болдог үйл явц. Том хүмүүс ганцаараа хооллох сонирхолгүй, дургүй байдаг шүү дээ. Тэгвэл хүүхэд ч бас ээж нь анхаарлаа өөрт нь бүрэн зориулаагүй үед хөхөө хөхөх сонирхолгүй болж, хооллох дуршилгүй болох магадлалтай болдог байна.

  1. Эх нь хөхүүлж байхдаа анхаарахгүй бол хүүхэд хүнд анхаарал хандуулдаггүй, зожиг болох магадлал өндөр байдаг

Хөхүүлнэ гэдэг нь хүүхдээ зөвхөн хооллож байгаа хэрэг биш бөгөөд үүгээр дамжуулж, халуун дулаан мэдрэмжийг бий болгож, хүнлэг сэтгэл төрүүлдэг үйл явц юм. Харин ээж утсандаа анхаарч, хүүхдээ тоохгүй бол хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлнө. Ээж нь өөрөөс нь илүү утсыг хайрлаж байгаа юм шиг сэтгэгдлийг эхийнх нь харц өөр дээр нь биш утаснаас салахгүй байгаагаас олж, мэдэрдэг. Улмаар хүүхэд тэвдүү, сандруу, тайван бус байдалтай байх ба энэ нь цаашид төлөвших явцад нь ч нөлөөлдөг муу талтай юм байна.

  1.  Хүүхдээ хөхөө хөхөж байхад нь ярилцаж, өхөөрдөж, чимээ гарган харилцах нь хүүхдийн хэл ярианы хөгжлийг хурдасгадаг. 

Хүүхдээ хөхөө хөхөж байхад нь ярилцаж, өхөөрдөж, чимээ гарган харилцах нь хүүхдийн хэл ярианы хөгжлийг хурдасгадаг. Харин эсрэгээрээ та хүүхэдтэйгээ харилцахгүй байх, түүнийг үл ойшоох нь хэл ярианы хөгжилд сөргөөр нөлөөлдөг байна.

Иймээс та бүхэн дараах энгийн зөвлөгөөг анхаарч, хэвшүүлээрэй.

1.  Нэг гартаа хүүхдээ тэврээд, нөгөө гартаа утсаа барих байрлал бол буруу. Хүүхэд хөхүүлэх үеийн байрлалаас сүүний гарц шалтгаалдаг. Хүүхдийг тэврэхдээ толгой, биеийг нь нэг төвшинд, ээж хөхүүлэх талын гарын шуундаа хүүхдийнхээ толгой, хүзүү, бүх биеийг тулж тэврээрэй.

2.  Хүүхдээ хөхүүлж байх үедээ гар утсаа анхаарч харах нь буруу. Учир нь хүүхэд хөхөндөө ойртсон хамар нь хөхний толгойн харалдаа, нүд нь хөх рүүгээ болон ээж рүүгээ харж байх нь зөв юм шүү. Мөн ээж нь хүүхдээ зөв хөхөж байгааг нь хүүхдийн доод уруул гадагшаа цорвойсон, эрүү хөхөнд шүргэсэн, завсаргүйгээр удаан, хүчтэй хөхөж байгаа зэргийг нь ажиглан мэднэ. Иймд ээжийн харц өөр зүйлд анхаарах ёсгүй. Зөвхөн хүүхдэдээ л анхаарлаа хандуулаарай.

3. Хүүхдээ хөхүүлж байхдаа зөөлөн, тайвшруулах аяз сонсоорой.

4. Хүүхдээ хөхүүлж байхдаа гар утсаа биеэсээ хол байлгаарай.

5. Хүүхдийнхээ нурууг зөөлөн илээрэй.

6. Хүүхдээ өхөөрдөж, энхрийлээрэй.

 

 

Эх сурвалж:

  1. https://parenting.firstcry.com/articles/5-reasons-to-avoid-using-your-mobile-phone-while-breastfeeding
  2. http://www.essentialbaby.com.au/baby/breastfeeding/i-use-my-phone-while-breastfeeding-and-thats-okay-20180529-h10ow4
  3. https://time.com/5123066/anya-kamenetz-use-smart-phone-while-breastfeeding/
  4. НЭМҮТ