П.Түмэнгэрэл: Дэлхийн хаана ч эрчүүд эмэгтэйчүүдээс богино насалж байна. Учир нь...
Нийтлэлч: Familycenter.mn

 

Familycenter.mn “Мэргэжилтний ярилцлага” цувралынхаа энэ удаагийн зочноор МУИС-н Хүмүүнлэгийн ухааны салбарын Гадаад хэлний төвийн багш доктор П.Түмэнгэрэлийг урьж ярилцлаа. Монгол Улсын Их Сургуулийг Англи хэлний орчуулагч, хэл шинжлэлийн магистрын зэрэгтэй төгссөн тэрээр  2008-2016 оны хооронд  БНСУ-н Чунгнам Үндэсний Их Сургуульд хэл шинжлэлээр докторын зэргээ хамгаалж, өнгөрсөн жил буюу 2022 онд БНСУ-н Сөүлийн Үндэсний Их Сургуульд Жендэр ба хөгжлийн чиглэлээр магистрын зэргээ КОИКА-н тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хамгаалсан байна. Бид түүнтэй хэл шинжлэлийн чиглэлээр ажиллаж, суралцаж байгаад “жендэр”-ийн сэдвээр суралцах болсон шалтгаан болон судалгааных нь талаар ярилцлаа.

- Хэл шинжлэлийн чиглэлээр Докторын зэргээ хамгаалж, энэ чиглэлээрээ ажиллаж байгаад дараа нь “Жендэр ба хөгжил” сэдвээр магистрын зэргээ дахин хамгаалсан нь их сонирхолтой санагдаж байна. Энэ чиглэлийг сонгох болсон нь ямар шалтгаантай вэ?

-  Би баримтат кино үзэх их дуртай. Нэг удаа олон хүний сайн таних Холливудын жүжигчин Леонардо Ди Каприогийн тухай "Before The Blood" баримтат кино үзсэн юм. Тэр кинонд Леонардо Ди Каприо дэлхий дээр амьдардаг зэрлэг амьтдыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад онцгой анхаардаг төдийгүй ан амьтдыг аврахын тулд өөрийн санг 1998 байгуулсан тухай гарч байсан. Мөн тэрээр НҮБ-ын Энх тайвны элч төлөөлөгчөөр 2014 оноос хойш ажиллаж байгаа юм билээ. Тэр киног үзэх зуураа, “Би ганцхан хэл заах, хэлний тухай л судалгаа хийх гэж энэ дэлхийд ирсэн юм уу” гэж өөрөөсөө асуусан. Яг тухайн үедээ би асуултын хариултыг олж чадаагүй. Харин дараа нь аавыгаа өвчний улмаас алдсан нь надад их хүнд туссан. Бидний өвөө, эмээ, аав, ээж бол социолистийн үеийн хөдөлмөрч хүмүүсийн нь л нэгэн адил улс их орны бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийн төлөө өөрсдийн хамаг сайхан залуу нас, эрүүл мэндээ мартан ажиллаж, зүтгэж ирсэн хүмүүс шүү дээ. Хүн ер нь ажил, улс эх орны бүтээн байгуулалт, гэр бүлийнхээ төлөө гэж явсаар өөрийгөө бүрэн анхааралгүй, эрүүл мэндээрээ асар их хохирдог юм байна гэж бодсон. Монголчууд богино насалж байгаад харамссан. Тэр цагаас хойш би эрүүл мэнддээ анхаарахаас гадна, эрэгтэй хүмүүс яагаад богино насалж байгаа талаар судалж эхэлсэн. Бусад улс оронд мөн эрэгтэй, эмэгтэй хүмүүс ямар насалж байгааг сонирхсон.Судлах явцдаа хүний биеийн өвчлөл, нас баралт болон нас нь хүний өөрийн зөв хооллолт, хүйс, соёлын нөлөөгөөр ялгаатай байдаг бөгөөд эдгээр нь тодорхой хэмжээнд хоорондоо холбоотой байдгийг улам ойлгож авсан. Энэ нь миний хэл шинжлэлийн салбараас нийгмийн салбар луу сонирхож, шилжсэн шалтгаан төдийгүй өөрөөсөө асуусан асуултын хариулт болсон.

-Жендэрийн ялгаатай байдал Монголд тулгамдсан асуудлын нэг болж байна. Энэ талаар мэргэшиж судалдаг судлаачид ч тун цөөн байна. Та монгол дахь жендерийн нөхцөл байдлын талаар болон өөрийнхөө судалгааны талаар манай уншигчдад танилцуулж болох болов уу?

-Монгол хүн эрүүл саруул, урт наслахын тулд амьдралын хэв маяг, хоол хүнсээ өөрчлөх цаг ирсэн гэж би боддог. Орчин үед монголчуудад гурван гол асуудал, асуулт байна гэж харж байгаа. Нэгд, халдварт бус архаг өвчин, хоёрт, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс богино насалдаг гуравт, эрэгтэйчүүдийн илүүдэл жин.  

Тодруулбал элэгний өвчин, зүрхний шигдээс, цус харвалт, зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус архаг өвчнөөр шаналж буй монгол хүн айл бүрт бараг нэг, нэг байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) мэдээлснээр 2002 онд Монгол Улсад (ДЭМБ) зүрх судасны өвчин, хорт хавдар, амьсгалын замын өвчин, чихрийн шижин зэрэг архаг өвчин нийт нас баралтын 66 хувийг эзэлдэг.

Элэгний хорт хавдар нь эрэгтэйчүүдэд зонхилон тохиолдох хорт хавдрын тавдугаарт, эмэгтэйчүүдийн хорт хавдрын есдүгээрт ордог. 2018 онд элэгний хорт хавдар хамгийн өндөр байгаа эхний 25 орны нэгд монгол улс жагссан.

Өнөөдөр бид Азийн бусад орнуудын нэгэн адил суурин амьдралтай болж байна. Түүнчлэн нийслэлд улсын хүн амын 45 орчим хувь нь оршин суудаг бөгөөд хүн амын 30 орчим хувь нь нүүдэлчин эсвэл хагас нүүдэлчин соёлтой байна. Монголын соёл иргэншилд нүүдэлчин ахуй ихээхэн нөлөөлсөн. Энэ утгаараа бид өдөр тутмын хоолондоо маш их улаан мах хэрэглэдэг. Гэхдээ өнөө цагт бид  амьдралын хэв маягаа нүүдлийн хэв маягаас суурин амьдрал руу шилжүүлж, өөрчлөх хэрэгтэй болж байна. Учир нь хэт их улаан мах идэх нь өөрөө өвчин үүсгэж байна.

-Хоёрт буюу Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс богино тасалж байгаа талаар тодруулбал...

- Дэлхийн хаана ч эмэгтэйчүүд эрчүүдээс урт насалдаг. Энэхүү амьдралын мөчлөгийн зөрүү нь шинэ үзэгдэл биш юм. Эрдэмтэд үүнийг хэдэн арван жилийн турш судалж, тодорхойлсон. Үндэсний статистикийн хорооны сүүлийн үеийн мэдээллээр Монголын эрэгтэй хүн дунджаар 63, эмэгтэй хүн 71 нас хүртэл насалдаг байна. Зарим шинжээчид биологи, удамшил, зуршил, зан үйл зэрэг хэд хэдэн түгээмэл шалтгаан эрчүүдийн богино наслалтад нөлөөлдөг гэж үзсэн байдаг. Миний бодлоор Монгол Улсад эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс богино насалж байгаа нь  эрчүүд илүү их тамхи татдаг, архи хэтрүүлэн хэрэглэдэг, маш их хэмжээний улаан мах иддэгтэй холбоотой. Түүгээр ч барахгүй эрэгтэйчүүд эмэгтэйчүүдтэй харьцуулахад амьдралынхаа маш цөөн тохиолдолд эмнэлгийн үйлчилгээ авсан, шинжилгээ хийлгэсэн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байдаг. Гэтэл эмэгтэйчүүд дунджаар амьдралынхаа туршид 3-аас дээш удаа эмнэлэгт үзүүлсэн, хандсан, хэвтсэн байдаг. Судалгаанаас харахад эмэгтэйчүүд эрчүүдээс илүү эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаг байна. Түүгээр ч барахгүй эрчүүд маш эрсдэлтэй ажил, спортоор хичээллэж амь насаа эрсдэлд оруулдаг.

-Гурав дахь асуудал болох илүүдэл жингийн талаар дэлгэрэнгүй тайлбарлавал...?

- Илүүдэл жин нь бие махбодын үйл ажиллагаа буурсан, суурин амьдралын хэв маяг, өөх тос ихтэй хооллолтын хэв маяг зонхилох болсонтой холбоотой байж болох юм. Судалгаанаас харахад 2002 онд манай улсад эрэгтэйчүүдийн 56 хувь, эмэгтэйчүүдийн 70 хувь нь илүүдэл жинтэй байсан бөгөөд ойрын арван жилд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн илүүдэл жин нэмэгдэх төлөвтэй байна. 2015 оны байдлаар эрэгтэйчүүдийн 75%, эмэгтэйчүүдийн 79% нь илүүдэл жинтэй байсан. Хүүхдүүд ч гэсэн илүүдэл жинтэй болох нь улам бүр нэмэгдсээр байна. Харамсалтай нь өндөр эсвэл дунд орлоготой бүлгийн ихэнх хүүхдүүд таргалалттай байдаг. Нөгөөтээгүүр, орлого багатай эцэг эхчүүд илүүдэл жинтэй байдаг. Гэсэн хэдий ч манай орны судлаачид, хоол тэжээлийн мэргэжилтнүүд энэ асуудлыг нарийвчлан авч үзээгүй л байна. Таргалалт, илүүдэл жингийн асуудлыг шийдэж, эрүүл хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөнөөр дамжуулан зарим архаг өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Мөн Монголчууд эрэгтэйчүүдийнхээ хооллолтод анхаарал хандуулах цаг болсон.

- Энэ сэдвээр судалгаа хийж, сонирхох болсноос хойш таны үзэл бодол, амьдралын хэв маягт гарсан өөрчлөлт байгаа юу?

- Миний судалгааны зорилго болох архаг болон халдварт бус архаг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд суурин амьдралын хэв маяг, хооллолтын хэд хэдэн асуудлыг тодруулах, эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн насыг тэнцвэржүүлэх, орлого багатай өрхүүдийн дунд зөвхөн эрэгтэйчүүдийг төдийгүй эмэгтэйчүүдийг хэрэгтэй мэдээллээр хангах гэх мэт олон асуудал миний сэтгэлээс гарахгүй болсон. Ер нь эрүүл зөв хооллолт нь тодорхой хэмжээнд эрүүл бөгөөд урт наслах шалтгаан юм. Миний хувьд их дээд сургуульд багшилдаг. Тиймээс дан ганц хичээлээ заахаас гадна өөрөө оюутнуудынхаа талаар тодорхой мэдээлэлтэй байж тэднийгээ сайн төлөвшүүлж, нийгмийн амьдралд бэлдэх нь зүйтэй гэж боддог. Хэдийгээр хичээл заах буюу боловсролтой болгох нь бидний үүрэг ч гэсэн тухайн оюутныг таних, оюутны ахуй амьдрал, эрүүл мэнд, ирээдүйн зорилго зорилт гээд бидний анхаарал хандуулахгүй чиглэл ховор. Миний хувьд шинэ хичээлийн жилийн эхлэл бүрд тодорхой хэмжээний амьдрал, эрүүл ахуй, соёл гээд “Life coaching” сэдвийн хүрээнд оюутнууддаа монгол, англи хэл дээр мэдээлэл өгч явдаг. Энэ маань оюутнуудад ч маш сонирхолтой бас үлдэцтэй, үр өгөөж сайтай байдаг. Төгсөгчидтэйгөө тааралдах үед тэд маань энэ тухай яриа дурдаж, сэтгэлд нь үлдсэн байдгийг сонсоход маш таатай байдаг.

- Мэргэжилтнийхээ зүгээс олон нийтэд өгөх зөвлөгөө юу вэ. Мөн  манай нийгэмд өөрчлөгдөж, дэвшээсэй гэсэн хандлага бий юу?

- Дахиад л нөгөө эрүүл зөв хооллолт, амьдралын хэв маягаа л ярих болох нь дээ. Миний хувьд улаан махыг яг өдөр тутмын хүнсэндээ хэрэглэхээ болиод 6 жил болж байна. 7 хоногтоо нэг удаа, ихэнхдээ 14 хоногт 1 удаа улаан мах иддэг. Өмнө нь монгол хүн л юм чинь гээд мах иддэг л байсан. Гэхдээ 2015 онд “How not to Die” номыг уншсан үеэс ер нь аль болох махыг бага идэх,  өөр хүнсээр махыг орлуулах боломжтой, дургүй бол заавал идэх ёсгүй гэж ойлгож эхэлсэн. Шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн судалгаан дээр үндэслэн "Хэрхэн үхэхгүй байх вэ" ном нь хамгийн түгээмэл өвчин тус бүрийг судалж, төрөл бүрийн хоол хүнс бидэнд юу, хэрхэн, яаж нөлөөлдөг, мөн зарим хүнсний хэрэглээг нэмэгдүүлэх, бусад хүнсний зүйлсээс зайлсхийх нь бидний өвчлөх эрсдэлийг хэрхэн эрс бууруулдаг болохыг олж мэдсэн. Тэр ч байтугай өвчний үр нөлөөг арилгах боломжтой байдаг талаар ч дурдсан байдаг. ДЭМБ, НЭМҮТ-ийн судалгаагаар эрэгтэй хүн халдварт бус архаг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд өдөрт дор хаяж 400 гр жимс, хүнсний ногоо хэрэглэх ёстой гэдэг. Харамсалтай монгол эрэгтэйчүүдийн хувьд хүнсний ногоо, жимс жимсгэнэ өдөрт дунджаар 1,8 порц байгаа нь ДЭМБ-аас 3,2 нэгжээр бага байна. Хүн амын 92.3% нь өдөрт 5-аас бага порц жимс, хүнсний ногоо хэрэглэдэг судалгаа байна. Монголчууд суурин амьдралын хэв маягийг бий болгохын тулд уламжлалт хооллолтыг өөрчлөх ёстой гэж миний хувьд харж байгаа. Сөүлийн их сургуульд суралцсан мэдлэгтээ үндэслэн миний зорилго нь орчин үеийн монгол хоолны пирамид, монгол хоолны улаан махны хэрэглээг бага ч гэсэн багасгах тал дээр анхаарал хандуулах хүсэлтэй байгаа. Улсын хэмжээнд биш ч гэсэн өнөөдөр нэг хүнд зөвлөгөө өгч, ойлгуулах юм бол сарын дараа 30 хүн, жилийн дараа 365 хүнд хэрэгтэй мэдээлэл өгөх маань л үр өгөөжтэй байх юм бол уу л гэж боддог. Мөн багш, эцэг эхчүүд хүүхэд, сурагчдадаа эрүүл хоол хүнс хэрэглэхийн чухлыг анхааруулж, сургах ёстой. Миний зорилго бол үнэхээр энгийн олон сайхан гэр бүлүүдийг эрүүл саруул эцэг эхтэй нь олон жил аз жаргалтай амьдруулах юм.

- Та Солонгос Улсад суралцсан. Тэгэхээр тухайн улсаас бидний суралцах хэрэгтэй гэж бодсон таны олж харсан хандлага, сайн туршлага жишиг байсан уу?

- Юуны өмнө би Солонгост хоолны өвөрмөц соёл өндөр түвшинд байгааг анзаарсан. Солонгос хоол нь эрүүл мэндэд тустай, шим тэжээлээрээ алдартай. Халуун ногоотой хоолыг нь эс тооцвол солонгос үндэсний хоолны соёлд бидэнд хэрэгтэй зүйл олон бий. Жишээлбэл, Солонгосын уламжлалт гэрийн хоол нь ихэвчлэн хүнсний ногоо, өөх тос багатай хоол нь нүүдлийн улаан мах (үхэр, хурга, ямаа, адууны мах) давамгайлсан монгол уламжлалт хоолтой харьцуулахад баялаг юм. Бидний хувьд монгол хоолоо баяжуулах бүрэн боломжтой. Өнөө үед өмнөх үетэй харьцуулахад эцэг эхүүд хүнсний ногоо, уураг, нүүрс ус агуулсан тэнцвэртэй, тэжээллэг, хоолны цэсийг айл бүр хэрэгжүүлдэг болсон. Монголчууд хоол ундны цагийг нэг их анхаардаггүй; ихэнх нь өглөөний цай, өдрийн хоол, оройн хоолоо алгасдаг. Эсвэл өглөөний цай, өдрийн хоолоо алгасаад хүмүүс оройн цагаар их хэмжээний оройн хоол иддэг. Гэтэл солонгос, хятад, япон орны иргэд маш өөр. Жишээлбэл, тэд хоолны цагийг маш хатуу чанд баримталдаг. Энэ нь ч эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Тэд өглөөний цайгаа 7-8 цаг, үдийн хоол 12-13 цаг, оройн хоолоо 19-20 цаг иддэг. Мөн эдгээр орны иргэд хэдийд ус уухаа ч сайн мэддэг. Тэд хоол идсэний дараа ус уудаггүй. Харин монголчууд хоолны үеэр болон дараа нь цай, ус уудаг нь бидэнд бас тодорхой хэмжээний сөрөг нөлөөтэй. Тиймээс Азийн хөгжингүй, хоолны соёлтой орнуудаас тодорхой хэмжээнд дээр дурдсан зүйлсийг бид суралцах хэрэгтэй гэж бодож байна.

Бидний урилгыг хүлээн авч сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. Танд амжилт хүсье!

Сэтгүүлч Б.Бадамцэцэг