Нэг удаагийн аяга бүрт амьдрал

Та кофе шопоор үйлчлүүлэх бүртээ 1 удаагийн аягатай кофе захиалж уудаг уу? 

 

Таны уусан кофены нэг удаагийн аяга байгаль эх дэлхийн хог хаягдлыг нэмэгдүүлж бохирдол үүсгэж буй талаар  санаагаа чилээдэг бол байгаль эх дэлхийгээ хайрлахын сацуу нийгмийн хариуцлагаа давхар ухамсарлаж буй гэсэн үг юм. 

Нэг кофе шопоос өдөрт гардаг хог хаягдлын хэмжээг хамтдаа тооцоолж үзэцгээе.

  • Нэг удаагийн аяга

Өдөрт нэг удаагийн аяга ойролцоогоор 50-100 ширхэг 

  • Кофены шаар

1 кофе бэлтгэхэд кофешопуудын хувьд ойролцоогоор 20гр кофены шаар гардаг бөгөөд эдгээр нь дийлэнх тохиолдолд шууд хог хаягдал болдог.

  • Хог хаягдал хэмжээ

3 ширхэг 15-20л хогийн сав хаягдал гардаг. Ангилдаггүй, дахин ашигладаггүй буюу шууд байгальд хаягддаг.

  • Тетрапак савлагаа

Өдөрт дор хаяж 20 ширхэг сүүний сав гардаг. Мөн л шууд байгальд хаягддаг.

УБ хотод ойролцоогоор 100 орчим кофе шоп үйл ажиллагаа явуулж буй гэж үзвэл зөвхөн кофе шопоос өдөрт гарах нэг удаагийн аяганы хог хаягдал 10,000ш, өдөрт 1 кофе шоп ойролцоогоор 100 аяга кофе захиалгаар гаргадаг гэж үзвэл 200,000кг кофены шаарны хаягдал, 2,000ш тетрапак сүүний савны хог хаягдал өдөрт гарах бусад хог хаягдал 6,000кг,  гардаг байна.

Үүнийг бүтэн жилээр тооцоолж үзвэл сэтгэл өвтгөм их хог хаягдлыг байгалийн хөрсөнд хаяж буй гэсэн үг юм.

Эдгээр 1 удаагийн аягыг үйлдвэрлэхийн тулд жил бүр 6.5 сая мод тайрч байна. Мөн аяга үйлдвэрлэх процесс эхнээсээ эцэс хүртэлх шат дамжлагад 15 тэрбум орчим литр ус жил бүр хэрэглэдэг гэсэн судалгааг Олон улсын зах зээл судалгааны АйМарк Групп (Imarc Group)-ээс гаргасан байна.

Дээрх судалгаанд дурьдсан хог хаягдлыг багасгахад өөрийн хувь нэмрээ оруулж нэг удаагийн хэрэглэсэн аягаа дахин боловсруулалтад оруулахыг хүссэн ч хаана, хэрхэн цуглуулахаа мэдэхгүй байгаа бол Зориг сангийн EFP хөтөлбөрийн Эвалле баг, Өнгө нэм ТББ, Ойм ногоон урлантай хамтран хэрэгжүүлж буй төсөл таны энэхүү асуудлыг шийдэх гарц байх болно.

Тус төслийн үндсэн зорилго нь УБ хотод буй кофе шопуудыг байгальд ээлтэй, хог хаягдалгүй болгох юм. Кофе шопуудад хэрэглэсэн нэг удаагийн аяга, кофены шаарыг цуглуулан ургамлын үрсэлгээнд дахин ашиглах юм.

Их хэмжээний зардал, ус, мод зарцуулан үйлдвэрлэж буй нэг удаагийн аягаа шууд байгальд хаялгүй өөрт ойролцоо байрлах кофе шопуудад байршиж буй Эвалле төслийн багийн хийсэн хогийн саванд хаяж байгальд дахин хор уршиг нэмэхгүй байх нь ухамсарт хүн бүрийн санан хэрэгжүүлж болох хялбар үйлдэл байх юм.

Тус төслийн зорилтот гол үйл ажиллагаа нь:

  1. Нэг удаагийн аягыг зориулалтын хогийн саванд цуглуулах

  2. Кофены шаарыг зориулалтын хогийн саванд цуглуулах

  3. Цуглуулсан бүх төрлийн хаягдлыг тогтсон хугацаанд "Ойм" ногоон урланд хүлээлгэн өгөх.

  4. Цугларсан хаягдлыг ургамлын үрсэлгээ болгон ашиглах

  5. Хэрэглэгчдийг хог ангилан хаях дадалд хэвшүүлэх юм.

Тус төслийг дэмжин эхний хог хаягдалгүй кофе шоп болох эхлэлээ тавьсан кофе шоп бол бөхийн өргөөний Tom n Toms кофе шопын салбар юм. Тус кофе шопд Эваллегийн хэрэглэсэн нэг удаагийн аяга хүлээн авах хогийн савыг байршуулсанаар үйлчлүүлэгчдийн хэрэглэсэн аяга болон кофены шаарыг эмх цэгцтэй, цэвэрхэн хүлээн авах боломжтийг бүрдүүлж буй юм.

Эваллегийн хогийн саванд хаясан таны 1ш аяга эх дэлхийдээ 1ш ургамал тарьж ургамалд амьдрал бэлэглэхтэй тэнцэж буй юм.

Таны сэтгэл шингэсэн жижигхэн зөв үйлдэл эх дэлхийгээ хамгаалж чадна.

Их Британийн Кент хотод байрлах жижигхэн кофе шопын нэгэн жишгийг зургийн хамт харуулав. 

Тус кофе шоп зөвхөн өөрийн хэрэглэсэн аягаа авчирсан үйлчлүүлэгчдэд үйлчилж байхаар болсон байна. Яагаад ийм шийдвэр гаргаснаа үйлчлүүлэгчиддээ бодит жишээгээр тайлбарлахаар шийдэж дэлгүүрийнхээ зайг 7 хоногт зарагдсан нэг удаагийн аягаар дүүргэсэн байна. 7 хоногийн турш цуглуулсан аягаа нийтэд дэлгэн харуулж байгаль эх дэлхийгээ илүү хайрлах хэрэгтэй гэжээ.