Эгэл түүхүүд цуврал: С.Тэнгис

Гэр бүлийн гишүүндээ зодуулж байсан эсэхээ эргээд бодоход ганц нэгхэн тохиолдол л байх юм.

Гэр бүлийн гишүүндээ зодуулж байсан эсэхээ эргээд бодоход ганц нэгхэн тохиолдол л байх юм. Өөрөөр хэлбэл хүүхдийг зодож шийтгэх аргаар гэр бүлийнхэн маань намайг хүмүүжүүлээгүй. Дараа нь би дүүтэй боллоо. Яг төрсөн биш ч, ээжийн маань дүүгийн охин. Бид хамт амьдардаг байсан учраас түүний бага нас миний дэргэд өнгөрч, төрснөөс огт ялгарах ялгаагүйгээр бие биенээ мэдэрч, ханьсан том болцгоов. Бид 10 насны зөрүүтэй. 10 настайдаа ах болсон гэсэн үг. Ингээд түүний хүмүүжлийн үйл явцад би нөлөөлөх болов. Харин хүүхэд буруу зүйл хийвэл, хэлээд үгэнд орохгүй байвал яагаад ч юм гар хүрч болно гэж бодоод ганц нэг нударч байснаа нуухгүй ээ. Өөрөө ч хүүхэд байж. Гэхдээ тэр үед өөртөө хэргээр, нэг л зарчим барьсан нь, аль болох ой дурсамжинд нь үлдэх үг хэлж, ухааруулж байх. Тэр ойлголтыг баримталснаасаа хойш тохиолдол бүр дээр алсуур, цаагуур нь задалж, тайлбарлахыг хичээдэг боллоо. Одоо дүү маань тавдугаар анги төгсөнө. Ээжийнх нь уурлаж, нударч хэлдэг шаардлагыг би алсуур тайлбарлах байдлаар хэлэхэд тэр шууд биелүүлдэг. Яван явсаар бид харцаараа, мэдрэмжээрээ ойлголцдог болсон. Бидний харилцаанд ямар ч уур уцаар, зодож шийтгэх шаардлага гардаггүй.
Бас нэг үр дүн нь, 1-2 удаа уртхан тайлбарлаж, инээдэм ханиадам хэлбэрээр ёгтолж хэлсэн зүйл дээр тэр дахин алдахаа больдог. Ер нь зодож шийтгэнэ гэдэг хүчээр тулгаж, хийлгэж буй үйлдэл юм л даа. Харин хүүхдийн ухамсарт нөлөөлбөл тэр өөрөө үйлдээд явчихна. Тийм болохоор зодож шийтгэх нь хүүхдийн сэтгэлд сөргөөр нөлөөлөхөөс гадна, үр дүн ч багатай арга. Харин илүү ярилцагч байгаасай. Энэ нь хүүхдийн ирээдүйн бие хүн болж төлөвшихөд нь ч сэтгэл зүйн элдэв шархгүй, асуудалгүй байхад нь тусалдаг шүү.
Eguur.mn сайтын сэтгүүлч М.Тэнгис