Судлаачид хосуудын салалтын дараа жендэрийн хэвшмэл ойлголт нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сэтгэл зүйд ялгаатай байдлаар нөлөөлж байгааг анхааруулж байна.
...1996 онд олны хүртээл болсон Свингерүүд (Swingers) кино. Гол дүрийн жүжигчин Жон Фавро зургаан жилийн тогтвортой харилцаагаа дуусгаж, сэтгэл нь шархлах үед түүний найз Трент зугаа цэнгэл нь түүний сэтгэлийг “аварч” чадна гэж итгэн түүнд туслахаар шөнийн цэнгээний газруудаар дагуулан явж, сайхан хүүхнүүдтэй уулзуулдаг. Хэсэг хугацаанд жаргалтай байж, хөөрч баярласан Жон Фавро эцэст нь нэг гэртээ орж ирэхдээ автомат хариулагчийнхаа уйтгартай мессежүүдийг сонсож суухдаа гүнзгий цөхрөлийг мэдэрдэг. Энэ бол эрчүүдийн зүрх ч гэсэн шархалдаг, өвддөг,салалтын дараа ямар сэтгэл хөдлөл гаргадаг гэдгийг харуулсан Холливудын цөөхөн хэдэн киноны нэг. Ихэнхдээ л Холливуд эрчүүдийн “цөхрөл”, “шаналал”-ыг дарж орхиод чанга дүрийг тодотгодог. Эмэгтэй нь зайрмаг идэн уйлж, найздаа хамаг зовлонгоо ярьж байгаагаар харин эрчүүдийг найзуудтайгаа нийлж шоудан, хөөрхөн хүүхнүүд эргүүлж байгаагаар энэ бүхнийг кино урлаг хязгаарлачихдаг. Эсвэл найзынхаа зөвлөгөөг хүлээн авч, буцаж очин эмэгтэйдээ өөрийнхөө сэтгэлийг бахархалтайгаар илэрхийлж уучлал гуйснаар сэтгэлийн зовлонгоосоо ангижирна гэж итгүүлдэг.
Угтаа Ланкастерийн их сургуулиас хийсэн судалгаагаар салалтын дараа эрчүүд эмэгтэйчүүдээс илүү сэтгэл санааны зовиурийг мэдэрдэг гэжээ. Тэд 184 мянган хүнийг хамруулан, нэрээ нууцлах бөглөх боломжтой онлайн судалгааг явуулж дүн шинжилгээ хийсэн байна. Судалгааны багийнхан эрчүүд нэрээ нууцалсан үедээ зүрх сэтгэлийн хямралын талаар эмэгтэйчүүдээс илүү ихээр ярьж, илэрхийлж байгааг тогтоосон байна.
Нийгэмд салалтын дараах сэтгэлийн хямрал, зовлонгийн талаар эмэгтэйчүүд илүү их ярьдаг гэсэн тогтсон хандлага байдаг ч эрэгтэйчүүд ч эмэгтэйчүүдийн адил харилцааны асуудалд өртдөг гэдгийг судалгааны багийн судлаач Шарлотт Энтвистл онцолжээ.
Судалгааны өөр нэгэн сонирхолтой дүгнэлт бол онлайн форум нэрээ нууцлах тохиргоотой хийгдсэний нөлөөгөөр мэргэжилтнүүдээс эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдээс илүү харилцааны тусламж хүсч байгааг харуулсан юм.
“Уламжлалт хандлагаар бол эмэгтэйчүүд эрчүүдээс илүүгээр харилцааны асуудлаа тодорхойлж, эмчилгээ хийлгэхээр мэргэжилтнүүдэд ханддаг” гэж ахлах судлаач Райан Бойд хэлжээ. Гэхдээ эрэгтэйчүүд салалтын дараа тусламж хүсч, сэтгэл хөдлөлөө илэрхийлснийхээ төлөө нийгмийн уламжлалт хандлага, гутаан доромжлол, үгүйсгэлд өртдөг нь энэ асуудлаа нуун дарагдуулж, нэрээ нууцалсан үедээ л илэрхийлэх сөрөг нөхцөл байдлыг бүрдүүлсэн байна. Энэ хэвшмэл ойлголтыг арилгаснаар эрчүүд эмэгтэйчүүдтэй адил харилцаан дахь асуудлаа даван туулах, ярилцах, илэрхийлэхэд дөхөм болно гэж тэр үзжээ.
Хэрвээ та эрэгтэй хүн бол, нийгмээс танд оноож өгсөн “чанга залуугийн маск”-аа хуулж хаяад өөрийн шархалсан зүрхээ мэдрээрэй. Хэрвээ таны харилцаа асуудалтай, сэтгэл зүрх шархалсан бол мэргэжлийн зөвлөхтэй уулзах, найзууддаа өөрийгөө илэрхийлж тусламж хүсэхээс битгий татгалзаарай.
Эх сурвалж: Men's Health Magazine Australia 2022.08
Сэтгүүлч Б.Батхишиг