“Би гэр бүлийнхэнтэйгээ таагүй харилцаатай. Гэхдээ би яах ёстойгоо мэдэхгүй байна. Тэд миний гэр бүл шүү дээ” энэ өгүүлбэр танил сонсогдож байна уу. Эцэг эх, асран хамгаалагч бүр үр хүүхдэдээ хайртай, үр хүүхэд бүр ээж аавынхаа ачийг хариулж, санааг нь чилээхгүй байх үүрэгтэй гэх мэт нийгмийн хэвшмэл ойлголт байдаг ч үнэндээ бүх аав ээж, асран хамгаалагч хайраар дүүрэн байж, үр хүүхэд бүр зөв хүмүүжилтэй байдаггүй. Гэр бүл маш өргөн хүрээний ойлголт бөгөөд хамаатан садан, худ ургийн харилцаанаас ч асуудлууд үүсдэг. Тиймээс гэр бүлийн гишүүдийн хооронд таагүй харилцаатай хүмүүс байх нь хэвийн үзэгдэл. Харин гэр бүлийн гишүүдийн хоорондын “хортой харилцаа”-г хэрхэн таньж мэдэж, харилцаагаа зөв удирдан чиглүүлж шаардлагатай нөхцөлд зайгаа барьж чадах вэ гэдэг асуудал хамгийн чухал нь юм.
Кэйс:
“...Би 32 настай. Бага байхаас л ээж миний хийх үйлдэл бүрийг хянадаг байлаа. Одоо би нөхөртэй, гурван хүүхэдтэй. Гэсэн ч ямар хоол хийх, хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлэх, эр нөхөртэйгөө хэрхэн харилцах гээд өдөр тутамд “зааж”надад олон зүйлийг тулгадаг. Зүгээр зөвлөгөө өгч болно л доо. Гэхдээ түүний санал болгосон үйлдлийг хийгээгүйн минь төлөө шүүмжилдэг, буруутгадаг учраас “тулгадаг” гэдэг үгийг ашигласан юм. Манай хоёрын гэр их ойрхон болохоор өдөр болгон ирдэг. Энэ нь надад тав тухгүй, хязгаарлагдмал, заримдаа бүр галзуурмаар санагддаг. Гэхдээ л ээж минь юм чинь надад сайн сайхныг л хүсч тэгдэг байгаа шүү дээ”
“...Би үеэлтэйгээ их ойрхон өссөн. Хамтдаа тоглож, хамтдаа унтаж, хамтдаа сургалтад суудаг. Миний хувьд хамгийн сайн найз, хамгийн дотны хүн маань хэдий ч сүүлийн үед миний дотно харилцааны асуудалд хэт их оролцож байгаа юм шиг санагдах болсон. Найз залууг маань шүүмжилж, найз залуугаас маань намайг харамлаж, бүр найз залуу шиг минь аашилдаг. Би найз залуугаа сонгох хэрэгтэй юу эсвэл хамаатан бас дотны минь найз болсон үеэлээ сонгох ёстой юм болов уу гэдэг асуулт миний толгойнд эргэлдэх болсон”
“... Аав минь архины хамааралтай. Сургууль дээр минь согтуу ирж байсан. Үргэлж ээж бид хоёрыг шүүмжилж, хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог. Аавыг хөдөө явчихсан нэг өдөр би найзуудыгаа гэртээ урьчихсан байсан юм. Гэтэл хөдөөнөөс эрт ирчихсэн. Орж ирээд л намайг харааж, найзуудыг маань хөөж эхэлсэн. Аав болгон ийм байдаг юм болов уу. Гэхдээ л би аавдаа хайртай”
Та дараах кэйсүүдээс юу анзаарч байна вэ? Таагүй харилцааг “гэр бүл” гэдэг үгээр халхалсаар байх уу. Гэр бүл, хамаатан садан чинь чиний хамгийн дотны хүн байж, чамайг дэмжих ёстой гэсэн хүлээлт чамд байж магадгүй юм. Гэхдээ энэ хэвшмэл ойлголтоос болж таагүй харилцааг тэвчих нь буруу. Гэр бүл гэдэг шалтгаанаар таагүй харилцааг тэвчиж, өөгшүүлсээр байвал чи өөрийн сэтгэл зүй, бие махбодь, оюун бодлоороо хохирно.
Чиний ойр дотны хүмүүс урмыг чинь хугалж, үнэ цэнийг чинь унагаж, чамайг шоолж, чамайг шүүмжилж, чиний үг үйлдэл бүрийг буруутгаж байгаа нь “хортой харилцаа” юм гэдгийг ойлгож хүлээн зөвшөөрөх нь гэр бүл дэх “хортой” (токсик) харилцааг зөв чиглүүлэх, өөрийгөө хамгаалах эхний алхам болно.
“Хортой” хүн, “хортой харилцаа” гэж юу вэ. Хэрхэн “хортой” харилцаанаас зайгаа барих вэ?
“Хортой” (токсик) хүн гэдэг нэр томьёо маш маргаантай бөгөөд сүүлийн жилүүдэд өргөн дэлгэрч байгаа үг хэллэг. Энэ нь ихэнхдээ танд таагүй мэдрэмж, сөрөг үр дагавар өгдөг хүмүүсийн зан үйлийг багцаар нь илэрхийлж байгаа хэрэг. Зан төлөв нь хүнийг бүрэн тодорхойлдоггүй ч бөгөөд хүмүүс харилцаа бүртээ өөр “маск”-тай байх нь түгээмэл. Тухайлбал, таны аав таныг үргэлж шүүмжилдэг байж болох ч ажлын газрынхныхаа хувьд “төлөв төвшин,хэнийг ч шүүмжилдэггүй” гэж шошгологдсон хүн байж болно. Таны ээж таны үйлдэл бүрийг заадаг ч өөрийнхөө найзынхаа хувьд хамгийн сайн сайн зөвлөгөө авдаг, үйлдэл бүрийг нь хүлээн зөвшөөрөх чадвартай ч хүн байж болно. Тиймээс хүмүүсийг бусад хүмүүс яаж үнэлж дүгнэж байна гэхээсээ илүү тантай харилцах харилцаандаа ямар зан төлөв гаргаж байна гэдгийг үнэлж дүгнэж, харилцаагаа хэвийн эсэхийг дүгнээрэй.
“Хортой” харилцааны зан төлөвийн нийтлэг шинж:
- Гутранги эсвэл сөрөг хандлага байнга гаргах, цаг хугацаа өнгөрөх тусам гомдоллох,
- Чамаар ямар нэгэн үйлдэл хийлгэхийн тулд сэтгэл хөдлөлөө ашиглах, драма тоглох, өөрсдийгөө буруутайгаар дүгнэж, чамаар өрөвдүүлэх,
- Чиний эрх ашгийг хүндлэхгүйгээр үргэлж өөрийнхөө шийдвэрийг тулгах, үргэлж өөрсдөдөө ашигтай байдал үүсгэх,
- Хэнтэй, хэзээ, хаана, юу хийх бүх талаар харилцааг удирдах. Танд “утсан хүүхэлдэй” мэт мэдрэмж төрөх,
- Нөхцөл байдалд үргэлж бусдыг буруутгах, харилцаандаа хэзээ ч хариуцлага үүрдэггүй, хариуцлага хүлээдэггүй,
- Үргэлж анхаарлын төвд байхыг хүсдэг, анхаарлыг чинь ямар нэгэн байдлаар татдаг. Гэхдээ өөрөө хариу үйлдэл хийх нь ховор,
- Нэг бол уурлаж, нэг бол баярлаж... Сэтгэл хөдлөлийн савлагаандаа таныг татан оруулж та юу болоод байгааг ойлгохоо байдаг,
- Та өөрийн юу хэлэх, хэзээ хэлэх, яаж хэлэх үйлдэлдээ үргэлж хяналт тавьж, айдас мэдэрч өөрийнхөөрөө тав тухтай байж чаддаггүй,
- Тэр таны хувийн орон зайг хүндэлдэггүй. Тэр дундаа таниас ямар нэгэн зүйл хүсч байвал хил хязгаарыг давж, нөхцөл байдлыг тулгах нь хэвийн үзэгдэл мэт байдаг.
“Хортой” (токсик) хүнтэй удаан хугацаанд үргэлжлүүлэх нь зан авирын хувьд таныг ямар байдалд хүргэх вэ?
Та гэр бүлийнхээ хүрээллээс ийм зан төлөв, харилцааг анзаарсан бол юу хийх хэрэгтэй вэ?
Бид хортой харилцааны нийтлэг шинж, гарах үр дүнгийн талаар дээр танилцуулсан. Хэрвээ ийм шинж, ийм үр дагавар үүсч байвал бид юу хийх хэрэгтэй талаар сэтгэл зүйч Никки Эмертоны зөвлөгөөг хүргэж байна.
Гэм буруутай мэт мэдрэгдэх үед яах вэ?
Гэр бүлийн дундах “хортой” харилцааг таслан зогсоох нь амархан биш бөгөөд хайртай, дотны хүмүүсээсээ зайгаа барих үед танд гэм буруутай мэт санагдах нь хэвийн зүйл юм.
Учир нь “Гэр бүл бол бүх зүйл”, “гэр бүлийн гишүүд бол таны хамгийн ойр дотны хүмүүс”, “гэр бүлийн гишүүд ямар ч байсан хамаагүй та тэднийг тэд таныг хүлээн зөвшөөрөх ёстой”, “цус уснаас илүү өтгөн”, “гэр бүл чинь ямар ч үйлдэл хийсэн та тэдэнд талархаж байх ёстой” гэх мэт зүйлсийг нийгэм бидэнд зааж сургаж, хэвшмэл хандлагаар хүмүүс таныг үнэлж, дүгнэж зөвлөх болно. Үүнээс болж хүнд хэцүү, төвөгтэй, хор хөнөөлтэй харилцааг таслан зогсоох үедээ хүмүүс гэм буруугийн мэдрэмжийг хүчтэй мэдэрдэг. Гэвч гэр бүл бүр эрүүл харилцаатай байдаггүй гэдгийг хүлээн зөвшөөрөх нь хамгийн чухал.
Гэр бүл бүр бие биеэ хүндэтгэж, эрүүл саруул, өөдрөг урам зоригтой байх нь зөв хэдий ч таны оролцоогүйгээр буруу зүйл болж байвал та заавал үүнийг “зөв” гэж зөвтгөх шаардлагагүй. Эцэст нь та гэм буруугийн мэдрэмж мэдрэх магадлалыг хүлээн зөвшөөрснөөр үүнийг даван туулах нь илүү амар байх болно.
Найзууд бол бидний сонгосон ГЭР БҮЛ
Хүн бол нийгмийн амьтан. Анхдагч хүмүүжлийн орчин, хайртай дотны хүмүүсээсээ хортой харилцаа, хүчирхийллийн улмаас зайгаа барихыг шийдсэн бол та өөрийн таатай бүсийг би болгох нь хүнд хэцүү үеийг даван туулахад илүү хүчтэй туслах болно.
Хэрвээ та дотно харилцаатай хэдий ч “хортой” харилцаатай хүмүүсээс зайгаа барихаар шийдсэн бол “НАЙЗУУД БОЛ БИДНИЙ СОНГОСОН ГЭР БҮЛ” гэдэг үгийг байнга санаарай. Хүн өөрөө, өөрийгөө л өөрчлөхийг хүсэхгүй бол өөр хүн тэднийг өөрчилж чадахгүй. Тиймээс хортой харилцааг таслан зогсоох үедээ, өөрийгөө зөв хүмүүсээр хүрээлүүлэх үедээ өөрийгөө битгий буруутгаарай.
Та зөв харилцааг эхлүүлж, өөртөө таатай орон зай, нөхцөл байдлыг бүрдүүлэх үедээ “хортой харилцаа”-г яагаад таслан зогсоох ёстой байсан талаараа илүү зөв бодолтой болох болно. Тиймээс өөрийгөө зөв хүмүүсээр хүрээлүүлээрэй.
Эх сурвалж: www.lifecoach-directory.org.uk