Хүчирхийлэл зөвхөн бие мах бодиор бус бусад олон хэлбэрүүдээр үйлдэгдэж байдаг. Гэвч ямар ч хэлбэрийн хүчирхийлэл хохирогчийг дотроос нь “идэж” сэтгэл зүй, бие мах бодь амьдралын хэвшилд нь хүчтэй нөлөөлдөг. Бүр цаашлаад тэдний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дарж, амьдралаас нь “хөндийрүүлдэг”. Хүчирхийлэлд өртсөн 4 эмэгтэй тутмын зөвхөн 1 -нь л бусдаас тусламж авдаг гэсэн ноцтой тоон судалгаа бий. Харин 4 эмэгтэй тутмын гурав тусламж авч чадалгүй хүчирхийллийг нь нуун дарагдуулж, хүчирхийллийг улам “өөгшүүлсээр” хохирсоор явдаг байна. Үнэндээ хүчирхийллийг хэн ч нуун дарагдуулах ёсгүй бөгөөд даруй таслан зогсоосноор эрсдэлт нөхцөлөөс өөрийгөө хамгаалах боломжтой. Хүчирхийллийг таслан зогсоох нь харилцааны 8 төрлийн хүчирхийллийг таньж, ойлгохоос эхэлдэг.
Харилцааны хүчирхийлэл гэж юу вэ?
Харилцааны хүчирхийлэлд юу, юу тооцогдох вэ гэдгийг нарийн тодорхойлоход хэцүү. Ихэнх хүмүүс бие махбодын хүчирхийллийг сайн мэддэг ч хүмүүс бие биедээ үзүүлж болох өөр олон төрлийн хүчирхийлэл байдаг. Үндсэндээ хүчирхийлэл гэдэг нь хохирол учруулах, сэтгэл санааны дарамт учруулах аливаа үйлдэл, зан үйл юм.
Ямар ч төрлийн хүчирхийлэл эцэстээ сэтгэлийн хямрал гэх мэт сэтгэцийн асуудалд хүргэдэг. Хохирогчид байнга хүчирхийлэлд өртсөнөөр нөхцөл байдлыг шүүн тунгаах чадваргүй болж, өөрийгөө буруутгадаг. Гэсэн ч танд ямар нэгэн зүйл буруу санагдаж, энэ нь буруу гэж мэдрэгдэж байвал дотоод хүндээ итгэж харилцаагаа эргэцүүлээрэй. Эхлээд та хүчирхийллийн төрлүүдийн дараах тайлбарыг нягталж үзэх замаар харилцааны хүчирхийлэл гэж юу болохыг ойлгох хэрэгтэй. Таны харж байгаагаар энэ нь зөвхөн бие махбодын хүчирхийллээс илүү өөр зүйл юм.
1.Сэтгэл санааны хүчирхийлэл
Хүчирхийллийн харилцаа үргэлж бие махбодын хүчирхийллээс эхэлдэггүй. Харин харилцаан дахь хүчирхийллийн төрлүүд нь илүү нарийн шинж тэмдгүүд, ялангуяа сэтгэл хөдлөлд чиглэсэн шинж тэмдгээс эхэлдэг. Эдгээр нь таныг үл тоомсорлох эсвэл таны мэдрэмжийг доромжлох зэргээс эхэлдэг.
Тодруулбал, ихэвчлэн эрэгтэйчүүд хүчирхийлэл үйлдэж, эмэгтэйчүүд хохирох тохиолдол олон улсад өндөр Мэдээж эмэгтэйчүүд ч хүчирхийлэл үйлдэх магадлал өндөр хэдий ч соёлын нөлөө, бие физиологийн ялгаатай байдал, орлогын ялгаа, жендэрийн хэвшмэл ойлголт зэрэг олон хүчин зүйлээс болж эрэгтэйчүүд өөрсдийн “эрх мэдэл”-ийг буруугаар илэрхийлсээр байна.
Доктор Клэр Мёрфи хэт хамаарлын тухай нийтлэлдээ тайлбарласнаар таныг аливаа зүйл хийхэд саад болох эсхүл таныг хараа хяналтдаа байлгаж удирдах нь хүчирхийллийн нэг төрөл мөн гэжээ.
Харилцааны хүчирхийллийн сэтгэл хөдлөлийн хэлбэрүүдийг та заль мэх хэрэглэх, таныг буруушаах, түрэмгийлэх шинж тэмдгээр илрүүлж болно. Үүний үр дүнд та зан авираа хянах, өөрийгөө шүүмжлэх найз нөхөд, гэр бүлийнхнээсээ өөрийгөө бүрэн тусгаарлах зэрэг үйлдэл гаргадаг. Хэрвээ танд ийм шинж тэмдэг илэрч байвал мэргэжлийн сэтгэл зүйч, гэр бүл судлаачаас тусламж аваарай.
2. Бэлгийн хүчирхийлэл
Энэ нь тухайн хүн хүсээгүй байхад түүний зөвшөөрөлгүйгээр эсхүл зөвшөөрөл авахгүй, асуухгүйгээр үйлдсэн бэлгийн болон бэлгийн харилцаатай холбоотой үйлдлүүд болон үйл явдлыг хэлнэ. 4 эмэгтэй тутмын нэг нь, 10 эрэгтэй тутмын нэг нь амьдралдаа дор хаяж нэг удаа бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон байдаг.
3.Бие махбодын хүчирхийлэл
Харилцааны үед бие махбодын хүчирхийлэлд цохих, түлхэх, түүнчлэн юм шидэх зэрэг орно. Оюуны хүчирхийлэл, сэтгэл зүйн хүчирхийлэл дангаар байж болох ч бие махбодын хүчирхийллийн хувьд үргэлж оюуны хүчирхийлэл, сэтгэл зүйн хүчирхийллийг давхар агуулдаг. Бие махбодын хүчирхийлэл үйлдэгч болон хохирогч аль аль нь сэтгэл зүй болон оюун санааны хувьд хохирдог.
АНУ-ын Мансууруулах бодис хэрэглэгчдийн нөхөн сэргээх төв-ийн мэдээлснээр хосуудын аль нэг нь мансууруулах бодис хэрэглэсэн нөхцөлд хүчирхийлэл үйлдэгдэх магадлал 11 дахин их байдаг гэжээ.
Бие махбодын хүчирхийллийн бусад жишээнд хүчээр хооллох, амьсгал боох, хязгаарлах, аюултай жолоодох зэрэг орно. Үндсэндээ танд бие махбодод хор хөнөөл учруулж болзошгүй эсхүл таны амьдралыг аюулд оруулж болзошгүй аливаа зүйл нь харилцааны бие махбодын хүчирхийллийн нэг хэсэг юм.
4. Оюуны хүчирхийлэл
Бид бүгдээрээ бодож сэтгэх, өөрийгөө илэрхийлэх хэрэгцээтэй эрүүл, бие даасан хүн байх бодож сэтгэх, түүнийгээ илэрхийлэх эрхтэй, бас үүрэгтэй. Гэсэн хэдий ч оюуны хил хязгаарыг үл тоомсорлодог, ялангуяа харилцаан дахь шугамыг давдаг хүмүүс байдаг.
Та шашин шүтдэг байлаа гэхэд эхнэр эсвэл нөхөр тань үүнийг утгагүй, тэнэг хэрэг гэж үзэж сүмд явахыг чинь таслан зогсоож, эсэргүүцлээ гэж бодъё. Өөрийнх нь итгэл үнэмшлийг үгүйсгэх нь хувь хүний өөртөө итгэлтэй байдлыг бууруулдаг бөгөөд оюун санааны хувьд хязгаарлалт болдог. Тиймээс та шашны гаж урсгалыг л шүтээгүй, энэ нь бусдад сөрөг нөлөө үзүүлээгүй бол заавал хостойгоо харилцан ярилцаж ойлголцож, өөрийн итгэл үнэмшил үнэ цэнийг тайлбарлаарай. Шаардлагатай тохиолдолд мэргэжлийн сэтгэл зүйч, зөвлөхөөс ч тусламж авч болно.
Сүүлийн жилүүдэд оюуны хүчирхийлэл нь дижитал ертөнцөд хүчтэй илэрч байна. Хэрвээ хэн нэгэн таныг үзэл бодлоо илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх, бодол санаагаа дагахад хориг саад, хязгаарлалт хийж доромжилж буруушааж байгаа бол харилцаандаа дүгнэлт хийж, ямар нэгэн арга хэмжээ заавал аваарай.
5. Материаллаг болон санхүүгийн хүчирхийлэл
АНУ-ын Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох үндэсний сүлжээний мэдээлснээр хүчирхийллийн харилцааны 99 хувь нь санхүүгийн хүчирхийлэлтэй холбоотой байдаг. Бүх төрлийн хүчирхийлэлтэй санхүүгийн хүчирхийлэл шууд болон шууд бусаар холбогддог. Хүчирхийлэгч танд санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлэх, санхүүгээ зохицуулахад туслахыг санал болгосноор энэ төрлийн хүчирхийлэл эхэлдэг. Энэ нь хурдан даамжирч эсхүл та хараат болж эсвэл дундын данс ашиглах гэх мэтээр өөрөө санхүүгээ бүрэн захиран зарцуулах боломжгүй болдог. Санхүүгийн хүчирхийлэл нь хүчирхийлэгч таныг санхүүгийн хувьд өөрийн хяналтдаа оруулснаар даамжирдаг. Харилцаан дахь хүчирхийллийн төрлүүдээс санхүүгийн хүчирхийлэл нь хувь хүний бие даасан байдалд хамгийн их сөргөөр нөлөөлдөг. Энэ нөхцөлд та мөн л мэргэжлийн хүнд хандаж, зөвлөгөө аваарай. Хүчирхийллийг таслан зогсоох олон төрлийн хөтөлбөр үнэ төлбөргүй байдаг гэдгийг мэддэг байх нь чухал.
6. Сэтгэцийн хүчирхийлэл
"Харилцаан дахь сэтгэл зүйн хүчирхийлэл гэж юу вэ?" Үүнд хариулахын тулд таны бие махбодын болон сэтгэцийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулж болзошгүй аливаа үйлдэл, зан үйлийг ажиглаарай.
Хүний оюун ухаан, сэтгэл хөдлөл хоёр нь холбоотой хэдий ч ялгаатай зүйл. Сэтгэцийн хүчирхийлэл нь таны сэтгэл хөдлөлөөс гадна сэтгэхүйд ч хүчтэй нөлөөлж байдаг. Сэтгэл санааны хүчирхийлэл нь таны өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бууруулдаг бол сэтгэцийн хүчирхийлэл нь бодит байдлын мэдрэмжид хүчтэй нөлөөлдөг.
Харилцааны бэлгийн хүчирхийлэл нь харилцаан дахь сэтгэцийн болон сэтгэл санааны хүчирхийллийн аль алинд нь давхцаж болно. Тухайлбал, хэн нэгнийг доромжлох бэлгийн үйлдэл хийхийг албадах нь сэтгэцийн хүчирхийллийн нэг хэлбэр юм. Энэ нөхцөлд сэтгэл зүйн сорилд хамрагдах, өөрийн мэдрэмждээ дүгнэлт хийж, сэтгэл хөдлөлөө таньж мэддэг байх нь чухал юм.
7.Соёлын хүчирхийлэл
Соёлын хүчирхийллийн талаар нийгэмд бусад хүчирхийллийн төрлүүдээс бага ярьдаг ч энэ төрлийн хүчирхийлэл хүмүүст хор хохирол учруулсаар байна. Соёлын хүчирхийллийн шинж тэмдэг нь харилцааны бусад төрлийн хүчирхийлэлтэй төстэй байдаг. Хэн нэгний үндсэн итгэл үнэмшилд халдвал энэ нь сэтгэлийн хямрал, түгшүүрт хүргэдэг. Ердийн жишээ бол хүмүүсийг хамт олноос нь тусгаарлах, тэдний уламжлалыг үгүйсгэх эсвэл тэдний зан үйлийг шүүмжлэх явдал юм. Эцэст нь хохирогч сэтгэцийн болон оюуны хүчирхийллийн үр дагаварт хүрдэг.
8. Ялгаварлан гадуурхалтын хүчирхийлэл
Таны гадаад үзэмж, бодол мэдрэмж, үйлдэл, нас эсвэл хүйс зэрэг ямар нэгэн тодорхойлолт нь таныг ялгаварлан гадуурхах шалтгаан хэзээ ч биш. Таны үйлдлийг байнга бусадтай жиших, гадаад байдлыг шүүмжлэх, оюун бодлыг үгүйсгэх зэрэг нь бүгд ялгаварлан гадуурхалтын хүчирхийллийн төрөлд багтдаг.
Мөн таны олонхоос ялгаатай хэв шинж, онцлогоор чинь доог тохуу хийх, түүнд хэт өндөр ач холбогдол өгч таагүй мэдрэмж төрүүлдэг бол энэ харилцаандаа заавал дүгнэлт хийгээрэй. Хөгжлийн бэрхшээлтэй байлаа гэхэд тэргэнцэр дээр сууж босоход нь саад болох, шоолох эсвэл соёлын ялгаатай байдлаас тань болж үгүйсгэх, дорд үзэх, насны хувьд их эсвэл бага залуу гэдгээр нь үгүйсгэх, басамжлах зэрэг нь бүгд ялгаварлан гадуурхалтын хүчирхийллийн илрэл юм.
Бяцхан зөвлөгөө
Та ямар ч төрлийн хүчирхийлэлд өртөж байгаагаас үл хамааран та ганцаараа биш гэдгээ санах ёстой бөгөөд бусдаас тусламж авах бүрэн боломжтой. Хүчирхийллийг даван туулах, таслан зогсоох нь амархан биш хэдий ч та өөрийн гэсэн бодолтой байж, шийдвэр гаргаж, мэргэжилтнүүдээс тусламж авч, бодитой үйлдэл хийх нь эерэг үр дүнд заавал хүргэнэ. Тиймээс хэрвээ таны харилцаанд хүчирхийллийн ямар нэгэн шинж тэмдэг байгаа гэж үзвэл, энэ нь таны амьдралд сөргөөр нөлөөлж байгааг анзаарвал заавал найз нөхөд, хамаатан садан, мэргэжилтнүүдэд хандаарай. Таслан зогсоохын тулд үйлдэл хийгээрэй.
Хэрвээ та бие махбодын хүчирхийлэлд өртөж байгаа бол аль болох яаралтай аюулгүй газарт очихыг хичээгээрэй. Хэдийгээр танд санхүүгийн боломж байхгүй байсан ч хороо дүүргийнхээ нийгмийн ажилтан, хүчирхийллийн эсрэг төв, түр хамгаалах байр эсвэл хүчирхийллийн эсрэг төслүүдтэй холбогдож тусламж авах боломжтой. Хүчирхийллийг таслан зогсоох үнэ төлбөргүй тусламж үзүүлэх олон, олон боломжууд байдаг гэдгийг мэдэж, өөрт тохирохыг сонгоорой.
Бид харилцаандаа янз бүрийн хүчирхийлэлтэй тулгарах үед бүх зүйл өөрчлөгдөнө гэж өөртөө найдах нь хамгийн буруу. Таны өөртөө тусалж чадах цорын ганц арга бол хүчирхийллийг таслан зогсоохын тулд бусдаас тусламж авах явдал.
Эх сурвалж: https://www.marriage.com/