“Үүрд аз жаргалтай” амьдарсан 1500 хосын өгсөн 3 зөвлөгөө
Нийтлэлч: Familycenter.mn

                ...Би гурван жилийн өмнө гэрлэсэн. Хуримын үеэр хүн бүр л элдэв зөвлөгөө өгч байгаа нь надад их сонирхолтой санагдсан юм. Үүнээс гэрлэлтээ насан өндөр болтлоо аз жаргалтай хэвээр нь хадгалж чадсан хосуудын зөвлөгөө миний анхаарлыг илүү ихээр татсан. Амьдрал сайнтай бас муутай. Эрээнтэй бараантай. Гаднаас болон дотроос олон шалтгаанаар бидний гэрлэлтэд асуудал үүсэх нь тодорхой учраас хичээл зүтгэлгүй л бол гэрлэлтэд ан цав үүсэх, зовлон бэрхшээлд бууж өгөх магадлалтай. Найр дуусаж, хурим өндөрлөсний дараа тэдгээр хүмүүсийн хэлсэн зүйлсийг эргэцүүлж суухдаа надад ямар хэрэгтэй гэдгийг хүчтэй мэдэрсэн. “Яавал бид аз жаргалтай гэрлэлтээ удаан хадгалж, үргэлж залуу хосууд шиг жаргалтай байх вэ” гэдэг асуулт миний толгойд эргэлдсэн. Ингээд би цахим орчинд энэ талаар асууж, судлах нь олон хүний туршлагатай танилцах боломж олгох юм байна гэдгийг ойлгосон. Төсөөлөөгүй үр дүн гарч 1500 хүн над руу уртаас урт захидлууд илгээсэн нь энэ нийтлэлийг бичих шалтгаан болсон билээ. Аз жаргалтай гэрлэлтээ хуваалцсан 1500 хүмүүсийн өгсөн зөвлөгөөнөөс нийтлэг бөгөөд залуу хосуудад хамгийн хэрэгтэй байж болохуйц 3 зөвлөгөөг тоймлон хүргэж байна.

 

ХАМТ БАЙХ ШАЛТГААН ЗӨВ БАЙХ ЁСТОЙ

 

“...Ямар шалтгаанаар хамт байх ёстой гэдгийг ярихаасаа өмнө ямар шалтгаанаар хамт байж болохгүй вэ гэдэг маш чухал. Таныг хамт байхыг ятгасан хэн нэгэнтэй хамт байж болохгүй. Эсвэл ижил шашин шүтлэгтэй болохоор, санхүүгийн хувьд асуудалгүй болох гэх зорилгоор хэн нэгэнтэй хамт байх нь буруу зүйл. Хэн нэгэн өрөвдөлтэй санагдсан болохоор эсвэл ганцаардмал санагдсан болохоор хамт байхыг шийдэж болохгүй. Эсвэл хэн нэгэн чамайг шархлуулж ганцаардсан учраас өөр нэгнээр оруулах гэж хамт байж болохгүй. Найзууд чинь бүгд хостой чи ганцаараа учраас гэрлэх шийдвэр гаргаж болохгүй. Маш энгийн санагдаж байж магадгүй ч зүгээр л дэргэд нь байх дуртай тухтай учраас хамт байхыг сонгож байгаа бол энэ нь зөв шийдэл. Хариулт үнэхээр энгийн. Элдэв бодол, ноцтой шалтгаангүйгээр зөвхөн тэр хүнтэй байхад л тав тухтай, аз жаргалтай мэдрэмжийг авч чаддаг байх нь хамгийн том шалтгаан мөн юм шүү”. – Грег

Би уншигчдад хандан хоёр эсвэл гурав дахь удаагаа амьдрал зохиож, гэрлэлтээ батлуулсан хүмүүсээс эхний удаа юу буруу хийсэн гэж бодож байгаа талаар нь асуусан юм. Хамгийн түгээмэл хариулт бол “буруу шалтгаанаар тэр хүнтэй хамт байхаар шийдсэн” гэж байсан.  Харилцаа амжилттай байхын тулд хос хоёр нэг нэгнээ гүн гүнзгий биширч, хүндэлж байх явдал. Бие биеэ олсон мэт мэдрэмж төрөхгүй л бол харилцаа яваандаа “задрах” болно.

Мөн салсан хосуудын дийлэнх нь гэрлэлтийг “сэтгэл санаагаа засах”  үйлдэл болгох гэж оролдсон явдал юм. Өөрийн сэтгэл санааны хямрал, сэтгэл санааны асуудлаа шийдвэрлэхийн тулд хэн нэгний хайрыг ашиглах нь маш буруу.

ХАРИЛЦААНААСАА БОДИТ ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙХ ЁСТОЙ

 

Амьдралд ямар ч асуудал тулгарахгүй байна гэж байхгүй. Харилцаанаасаа хэт өндөр хүлээлттэй, байнга л "бал сар"-ын өдрүүд шиг байна гэсэн бодол нь бүтэлгүйтэлд хүргэдэг хамгийн том тэнэглэл. Олон хүн харилцаандаа бодит бус хүлээлт үүсгэдэг. Дараа нь нөхцөл байдал жаахан л өөрчлөгдөх үед хямардаг.  "Өө энэ чинь миний хүссэн зүйл биш байна" гэдэг бодлоос л "гэрлэлтийн ан цав" үүсч эхлэнэ. Угтаа анхнаасаа гэрлэлтийн талаар, гэр бүлийн талаарх ойлголт бодит байх ёстой. Зарим өглөө чи нүдээ нээгээд "өө, тэр энд байсаал л байгаа юм уу..." гэж ч бодно. Хүмүүс нэг нэгнээсээ уйдна. Залхана. Муудалцана. Бас нэг нэгэндээ дасна. Нэг нэгийгээ ойлгоно. Дэмжинэ. Хамтдаа инээх өдөр ч байна, уйлах өдөр ч байна. Хамтдаа тэнэглэлийг бүтээнэ хамтдаа ухаарлыг олно. Зөв сонголт ч хийнэ. Буруу сонголт ч хийнэ. Бялууны амттай чимэглэлийг нь харж авчихаад зүсээд идэхдээ "өө голд нь чимэглэлийн жимс алга" гэж уулга алдадгүй шиг ээ гэрлэлтэд ч бас тэгж л ханд. Хамтдаа өнгөрүүлэх хэвийн өдрүүдийг, хамтдаа муудалцах урт шөнүүдийг, тэврэлдээд хэвтэх романтик үдшүүдийг бүгдийг нь хүлээж зөвшөөрөөрэй. Хайр байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Тэлнэ. Агшина. Зөөлөрнө. Гүнзгийрнэ. Хувьсана. Холдоно. Ойртоно. Гэхдээ оршсоор л байдаг. Олон хосууд үүнийг ойлгосон бол "салалт"-д хүрэхгүй байсан гэж боддог. 

Паула

Жинхэнэ хайр - сэтгэлийн хөдлөл, дур хүсэл, сонирхолд автдаггүй. Ромео Жульетта хоёрын түүх бол 13 болон 17 настай хоёр хүүхдийн гуравхан өдрийн романтик харилцаа. Үхлээр дууссан “солиорол” гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Романтик хайрын төсөөллөөр, сэтгэл хөдлөлөөрөө гэрлэлт бүтээх нь “солиорол” л гэсэн үг. Тиймээс таны сэтгэлийн хөдөлгөөн дарагдаж, насан өндөр болж, үр хүүхэд төрүүлсэн ч алга болохооргүй тийм их хүндлэл төрдөг, хамт байхдаа тухтай байдаг хүнээ олоорой. Мөн нэг нэгэндээ хэзээд найдах итгэл дүүрэн харилцаа бол эрүүл "гэрлэлт"-ийн үндэс гэдгийг битгий мартаарай. 

ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ХҮНДЭТГЭЛ

 

Нөхөр бид хоёр 35  жил хамт амьдарч байна. Энэ хугацаанд бидний эргэн тойронд маш олон гэр бүл "сүйрсэн". Зарим нь гэрлэлтээ цуцлуулж, зарим нь нэг оронд унтдаг ч нэг нэгнийгээ "танихгүй" хүмүүс болж хувирсан. Харин бид яагаад одоо ч аз жаргалтай, дотно харилцаатай байгаа талаараа би нухацтай бодож байгаад "сүйрсэн" хосуудаас ялгаатай нь бидний дунд маш том "хүндлэл" байгаа юм байна гэдгийг олж харсан. Хүндэтгэл гэсэн нэг л үг юм шиг боловч энэ бол илэрхийлэл, амьдралын хэв маяг, сэтгэн бодох хүрээ. Хүндэтгэлийг хосдоо мэдрүүлэхээс гадна өөрөө ч өөрийнхөө зүрх сэтгэл, дотоод хүндээ "гүнзгий" мэдрэх хэрэгтэй. Би нөхрийнхөө ажил, тэвчээр, бүтээлч байдал, үнэт зүйл бүгдийг нь сэтгэл зүрхнээсээ, гүн гүнзгий хүндлэн бишэрдэг. Би түүний үзэл бодлыг хүндэтгэдэг учраас түүний юу хэлэхийг сонсохыг хүсдэг. Итгэлцэл, тэвчээр зэрэг нь хүн хүндэтгэлээс л үүсдэг. Амьдралд итгэхийн аргагүй эс бөгөөс дааж давшгүй, тодорхойгүй үеүд маш олон шүү дээ. Нэг нэгнээ хүндэтгэж харилцдаг хосууд бие биетэйгээ гүн гүнзгий ойлголцож, дотно сэтгэлээ хуваалцахдаа нээлттэй байж, хамт байхдаа аюулгүй байдлыг мэдэрдэг.

- Николь

Гэрлэлтийн нууц "сайхан харилцаа" гэхээс илүү "төгс хүндэтгэл" юм. Ерөөсөө л №1 зүйл нь ХҮНДЭТГЭЛ. Энэ нь бэлгийн дур хүсэл, гадаад гоо үзэсгэлэн, хамтдаа байх нийтлэг зорилго, шашин шүтлэг, дурлалаас илүү үнэ цэнэтэй. Гэрлэлтийн харилцааны үед та хамтрагчаасаа хайрыг мэдрэхгүй байгаа мэт санагдах үе ч байдаг. Энэ бол хэвийн зүйл. Харин харилцаа хүндэтгэлгүй бол, хүндэтгэлээ алдсан бол энэ хамгийн том бүтэлгүйтэл мөн. Тиймээс гэр бүлийн гишүүдийн хамгийн нандигнаж, хамгаалж байх ёстой үнэ цэнэ бол нэг нэгнийгээ хүндэтгэх "хүндэтгэл" юм шүү.