Өврөөс тань салдаггүй, эрх хүүхдээ хэрхэн биеэ даасан болгож хүмүүжүүлэх вэ?

 Биеэ дааж эхлэх цаг нь болсон хэдий ч угаалгын өрөө ороход хүртэл араас дагаж, хэсэгхэн ганцааранг нь үлдээхэд уйлдаг хүүхдээ хэрхэхээ мэдэхгүй байна уу?

Тэгвэл өврөөс салдаггүй хүүхэдтэйгээ хэрхэн харьцах нь зүйтэй вэ?

Хүүхэд эцэг эхээсээ холдох дургүй, гэр бүлсэг байх нь тийм ч муу зүйл огт биш. Энэ нь бол танай хүүхэд тантай маш дотно харилцаа холбоотой байгаа, таны дэргэд тав тухтай байгаагийн шинж юм. 

Хүүхэд ээж ааваасаа салахаас айдаг, эцэг эхдээ наалддаг үе шат нь тийм ч удаан  үргэлжилдэггүй, тэд аяндаа бие даахад суралцдаг гэж Америкийн Хүүхдийн Анагаах Ухааны Академи (AAP) тайлбарладаг.

Гэхдээ хүүхдээ биеэ даалгаж сургахын  тулд эцэг эхээс ч мөн тодорхой хичээл зүтгэлүүдийг шаарддаг.

1) Та тэдний хувьд дэргэд нь байж болох хамгийн аюулгүй хүн нь гэдгээ үргэлж санаарай

Хүүхдүүд хэчнээн өсч том болж байгаа ч сэтгэл зүрхэндээ таныг ойрхон байгааг мэдэрч, тайтгарал, тайвшрал авч байдаг.

Ихэвчлэн таны хүүхдийн амьдралд мэдэгдэхүйц том өөрчлөлт гарсан үед (гэр бүлд шинэ хүн нэмэгдэх эсвэл шинэ газар нүүж очих гэх мэт) тэд танд наалдах, салахгүй дагах нь илүү их ажиглагдах болно.

Тиймээс ийм үед нь хүүхдэдээ ганцаардал мэдрүүлэхгүйгээр, тодорхой хэмжээнд ярилцах цаг гаргаж байгаарай.

2) Шинэ зүйлсийг хамтдаа турших замаар бие даалгаж сургах

Таны хүүхдэдээ үзүүлэх шинэ туршлага, адал явдал нь тэдэнд шинэ зүйлийг туршиж үзэх итгэл, ур чадвар, бие даах чадварыг нь нэмэгдүүлэх болно.

Мөн тогтмол адал явдалтай тулгарч, шинэ зүйл турших нь хүүхдүүдэд өөрсдийгөө юунд дуртай, юунд дургүйг мэдэхэд тусалдаг.

Жишээлбэл:

-Явган аялалд гарах

-Паркаар зугаалах

-Музей үзэх

-Хамтдаа спортоор хичээллэх

-Ууланд авирах гэх мэт.

Шинэ газар очихдоо танаас салахгүй байгаа хүүхдээ бүү уурлаж загнаарай. Тэд тухайн орчиндоо дасаж, тухтай санагдсан үедээ танаас зууралдахаа болих бөгөөд үүнд мэдээж хэсэгхэн хугацаа шаардагдах болно.

3) Өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх 

Өөртөө итгэлгүй, ганцаараа юу ч хийж чадахгүй гэсэн айдастай хүүхэд ихэвчлэн ээж ааваасаа салахгүй дагах нь элбэг. Тиймээс гэрт хийх ажлын жагсаалт болон бусад өдөр тутмын жижиг сажиг ажилд хүүхдээрээ туслуулах нь тэдний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дээшлүүлэх, гэр бүлдээ хэрэгтэй нэгэн мэт мэдрэмж төрүүлэх, юу ч чадахгүй гэсэн айдсыг нь арилгах гэх мэт сайн талтай.

Мөн ажилд туслуулсныхаа дараа хүүхдээ урамшуулж, магтахаа бүү мартаарай.

4) Шинэ хүмүүс, шинэ орчинтой бага багаар танилцуул

Эцэг эхээсээ холдож чаддаггүй хүүхдүүдийн хувьд хамгийн их айдаг зүйл нь шинэ хүмүүсээр хүрээлэгдсэн шинэ орчин, газар байдаг. Тиймээс тэднийг шинэ орчин нөхцөл, шинэ хүмүүстэй болгоомжтой, бага багаар танилцуулах хэрэгтэй. Ингэхдээ:

  1. Тэдэнд ах, эгч, найзтайгаа хамт шинэ газар луу явахыг нь зөвшөөр

  2. Дуртай тоглоомоо авч явахыг нь зөвшөөр

  3. Хүүхдээ тэр дор нь шинэ хүмүүстэй танилц гэж шахалгүй, хугацаа өгөөрэй.

5) Илүү ноцтой шинж тэмдгүүд байгаа эсэхийг ажиглах

Таны хүүхэд танаас холдож чадахгүй байгаа, танаас хэт хамааралтай байгаа нь хэр ноцтой болохыг ажигла. 

Хэрэв танд хүүхэд тань зүгээр л танаас салахыг хүсэхгүй байгаа мэт санагдвал дээрх арга замуудыг хэрэгжүүлж, хүүхдээ нийгэмшүүлж болно. Харин танд илүү ноцтой зүйл , жишээ нь хүүхэд тань хөгжлийн хувьд хоцрогдолтой эсвэл сэтгэл хөдлөлөө илэрхийлэх тал дээр асуудалтай байгаа мэт санагдвал хүүхдийн эмч, эсвэл хүүхдийн сэтгэлзүйч дээр очоорой гэж зөвлөж байна.

Жишээлбэл, SAD (separation anxiety disorder) буюу салахаас айх эмгэгтэй хүүхдүүдэд дараах шинж тэмдгүүд илэрдэг:

-Өөрийнхөө орон дээр унтдаггүй, заавал аав ээжтэйгаа хамт унтдаг,

-Цэцэрлэг сургуульдаа явах маш дургүй,

-Цаг үргэлж бие нь өвдөж байна гэж гомдоллодог, анхаарал татах гэж оролддог,

-Гэрээсээ эсвэл гэр бүлийнхнээсээ хэсэгхэн хугацаанд холдохдоо ч маш их сандардаг, айдаг,

Гол нь эдгээр шинж тэмдгүүд нь удаан хугацаагаар, үргэлж давтагдаж байгаа бол, мөн таны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа бол та мэргэжлийн эмчид хандах цаг болсон гэсэн үг.