Ямар үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэлд тооцдог вэ?

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг дараах хэлбэрээр хохироосон үйлдлүүдийг гэр бүлийн хүчирхийлэлд тооцдог.

Зодсон: Хохирогчид өвдөлт, зовиур үүсгэх хүч хэрэглэсэн үйлдлийг хэлнэ. Цохих, алгадах, үсдэх, хүлэх, түлхэх, гар хөлийг нь мушгих, хоолойг нь боох, мөргүүлэх, юмаар шидэх, хатгах, өшиглөх, чимхэх, түлэх гэх мэт үйлдлээр илэрдэг.

Хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан: Хохирогчийн хүсээгүй үйлдлийг хийлгэхээр хүчлэх, тулгах, шаардах, шахалт дарамт үзүүлэх, эсхүл хүссэн зүйлийг нь хийлгэхгүй байхыг ойлгоно. Жишээ нь: Цалин, тэтгэврийн зээл авахуулах, үр хөндүүлэх, ажил, сургуульд явахыг нь хориглох, хүсээгүй, эсхүл ёс бус бэлгийн харилцаанд оруулах гэхмэт   

Бусадтай харилцахыг хязгаарласан: Хохирогчийг найз нөхөд, гэр бүл, хамт олонтойгоо уулзах, харилцахыг нь хориглох, цагдах, үйлдэл болгоныг нь хяналтдаа байлгаж бие, сэтгэл зүйн хувьд дарамтанд оруулах санаатай үйлдэл юм.

Хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан:  Гэр бүлийн санхүү, орлогын эх үүсвэрийг эрх мэдэлдээ авахын тулд хохирогчийн хөдлөх ба үл хөдлөх эд хөрөнгө, цалин хөлсөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдахыг хэлнэ. Жишээлбэл : Эд хөрөнгийг нь зөвхөн өөрийн нэр дээрээ шилжүүлэх, хамтран өмчлөгчөөс хасуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө ах дүү нарынхаа нэр дээр бүртгүүлэх, мөнгөн хуримтлал, хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлогыг дангаараа зарцуулах, тухайн гэр бүлийн амьжиргааг залгуулж, хэвийн амьдрах нөхцлийг бүрдүүлдэг ахуйн болон үйлдвэрлэлийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, мал, тээврийн хэрэгсэл зэрэг болон  ажлын байрыг зарж үрэгдүүлэх, ашиглах боломжгүй болгох,  гэр бүлийн дундын эд хөрөнгийг дур мэдэн зарцуулах, эвдэж устгах, цалин орлогыг нь хурааж авах, улмаар амьжиргааны эх үүсвэрээс салгах хэлбэрээр үйлдэгддэг.