Аливаа харилцаанд маргаан үргэлж байдаг. Асуудлыг сэтгэл дотроо хадгалж, хар үүл хуримтлуулахгүйгээр, бие биедээ үзэл бодлоо илэрхийлж байгаа зарим үед маргаан эрүүл байж болно.
Харин хосууд үргэлж маргалддаг эсвэл энгийн асуудал тунирхал, хашгираан, гомдол хорслоор төгсдөг бол энэ нь яах аргагүй хортой харилцаа бөгөөд хосууд хоорондоо цаашид таарч нийцэх эсэх талаар эргэлзэж эхэлдэг.
Маргааныг ухаалгаар шийдвэрлэх аргыг эзэмших нь аливаа харилцаанд маш чухал. Дахин хэлэхэд ямар ч төрлийн харилцаанд зөрчилдөөн үргэлж тулгардаг. Харин үүнийг ухаалгаар шийдвэрлэх нь чухал юм.
Маргалдаж буй шалтгаанаа олж мэдээрэй
Хэрүүл, маргааныг сонгинотой зүйрлэе. Гадна хальс нь танаас гарч буй үг үйлдэл бол дотор хальсны давхарга нь хосуудад тулгамдаж буй асуудлыг илэрхийлнэ.
Өөрөөр хэлбэл, заримдаа бидний маргаж буй зүйлс шалтгаан биш харин болж бүтэхгүй байгаа зүйлийн шинж тэмдэг байдаг.
Тухайлбал, нэгэн залуу гэрийн ажил үүргийн хуваарилалтаас болж эхнэртэйгээ үргэлж маргалддаг бол өнгөц харахад энэ төрлийн маргаан нь ялихгүй жижиг асуудлаас үүдэж байгаа мэт боловч залууг гэр бүлийн харилцаандаа хэрхэн ханддагийг харуулж буй юм. Энэ үед залуугийн хамтрагч ажил үүргийн хуваарилалтад бус түүнийг зан араншингаа хянаж сурахад дэмжиж туслах нь зүйтэй
Хосууд ижил төстэй зүйлсийн талаар үргэлж маргалддаг бол зөрчилдөөн чухам юунаас үүдэж байгааг бодож үзэх нь зүйтэй.
Та хоёр тухайн асуудлынхаа талаар маргалдаж байна уу эсвэл өөрсдийг тань бухимдуулж, санаа зовоосон бусад асуудлын талаар уу маргалдаж байна уу?
Үүний дараа гадаад хүчин зүйлсийн талаар бодох хэрэгтэй. Та хоёрын амьдралд сүүлийн үед ямар нэгэн өөрчлөлт гарч, аль алины сэтгэл зүйд өөрчлөлт авчрах нөхцөл байдал үүссэн үү? Үүнд дотны хүнээ алдах, амьдардаг орчноо солих, санхүүгийн асуудал тулгарах, ажлын ачаалалтай ажиллах, тусдаа амьдрах гэх мэт.
Та хоёр өмнөхөөсөө бага цагийг хамт өнгөрүүлж байна уу?
Та хоёрын аль нэг нь зайлшгүй даван туулах шаардлагатай нөхцөл байдалтай тулгарав уу?
Сүүлийн үед танай гэр бүлийн маргаан ихэссэн гэж бодогддог уу? Хэрэв тийм бол яагаад гэж тунгаан бодож байв уу?
Өнгөрсөн үеийг эргэн тунгааж, нөхцөл байдлыг илүү өргөн хүрээгээр харахыг хичээх нь одоогийн нөхцөл байдлаа үнэлэх ийм байдалд хүрэхэд юу нөлөөлсөн болохыг ойлгох чухал арга юм.
Асуудлынхаа тухай тайван ярилцаарай
Маргаан сэтгэл хөдлөлийг удирдаж, тайван ярилцахад хэцүү байх тул дараах зөвлөгөөг туршиж үзэхийг зөвлөе.
1. Ярилцах тохиромжтой цагаа сонгох
Нөхцөл байдлыг хүндрүүлэхгүй, асуудлыг эерэгээр шийдвэрлэх, сэтгэл хөдлөлөө удирдаж сурахын тулд хоёул тайвширсны дараа гол сэдэв рүүгээ орох нь зүйтэй.
Ажилдаа явахын өмнө эсхүл хүн ихтэй орчинд ярилцах нь тохиромжгүй. Харин өрөөн дотор та хоёроос өөр хэн ч байхгүй, хөндлөнгийн хүн, дуу чимээ зэрэг саад болох зүйлгүй газар сонгох хэрэгтэй. Мөн та хоёрын яриаг тасалдуулах чухал ажил төлөвлөөгүй үеийг сонгох нь чухал. Үүний дараа харилцаандаа саад болж буй тухайн асуудалд бүрэн анхаарлаа төвлөрүүлж тайван ярилцахыг зөвлөж байна.
2. Яриаг найрсгаар эхлүүлэхийг хичээгээрэй
Яриагаа эхлэхдээ ёжилсон, шүүмжилсэн үгээр эхлүүлж болохгүй. Мөн хоолойн өнгөө намдуу байлгах хэрэгтэй. Яриаг эерэг үгээр эхлүүлэх нь асуудалд тайван ухаалгаар хандаж, зөвөөр тунгаан бодоход тустай. Тухайлбал: “Бидний амьдрал хэдхэн сарын өмнө хэн ч харсан өөлөх зүйлгүй сайхан байсан шүү. Хоёулаа өнөөдөр сүүлийн үед маргалдаж байгаа асуудлынхаа талаар ярилцаж, эерэг шийдэлд хүрнэ гэж найдаж байна” гэх зэргээр эерэг уриалгахан эхлүүлээрэй.
3. “Чи” биш "Би" гэх үгийг түлхүү ашигла
Энэ нь таны хэлж буй үгс хамтрагчийн тань чихэнд хүрэхдээ өөр дээрээ тусгаж хүлээн авах магадлалыг багасгах бөгөөд үүнийгээ дагаад та ярихдаа сэтгэлийн хөдлөлөө хянаж чадна гэсэн үг юм. Жишээлбэл, "Чи намайг хэзээ ч сонсдоггүй" гэж хэлэхийн оронд "Би чамтай ярих гэж оролдоход намайг сонсдоггүй гэж боддог байсан”, “Би чамд өөрийгөө ойлгуулж чадахгүй байх шиг байна” гэх мэт.
4. Маргахаасаа өмнө хамтрагчийнхаа оронд өөрийгөө тавьж үз
Өөрийгөө ойлгуулах гэж оролдох нь зөв хэдий ч, асуудлаа шийдвэрлэхийг хүсэж буй хосуудын хувьд хамтрагчийнхаа яриаг хүлээцтэй сонсох нь маш чухал. Учир нь тэр тухайн асуудлыг танаас тэс өөр өнцгөөс харж байсан байж болно шүү дээ.
5. Хамтрагчаа ойлгохыг хичээ
Та хамтрагчаа хүн гэдгээр нь хүлээн авч, харилцах хэрэгтэйг мартаж болохгүй. Хүн бүрийн өсөж торнисон орчин, туулсан амьдрал, нөхцөл байдал харилцан адилгүй. Тухайлбал, таны хамтрагч мөнгөндөө хэт харам байдаг бол та буруутгах аргагүй. Магадгүй түүний аав ээж нь багад нь олсон цалингаа амьдралдаа хүргэх гэж хичээдэг, том болсон хойноо ажил хийж өнөөдрийн амьдралаа босгохын тулд өөрөөсөө ч харамладаг, мөнгөний үнэ цэнийг дэндүү сайн мэдэх нэгэн байж болно.
6. Бие махбодоо хяна
Ярилцах явцад та хоёрын яриа урьдын адил чангарч, хэрүүл маргаан руу шилжиж байвал энэ үед биеэ удирдан яриагаа түр завсарлаж, дахин тайвшрах хүртэл хүлээгээрэй. Аль хэдийн болоод өнгөрсөн зүйлийг сөхөх нь тэмцлийг улам хурцатгаж, сэтгэл санааг тавгүйтуулдагийг санаарай.
7. Буулт хийхэд бэлэн байгаарай
Ихэнх тохиолдолд шийдэлд хүрэх цорын ганц арга зам бол түрүүлж буулт хийх явдал юм. Өөрийн зөв гэдгийг батлах гэж гүрийх сайн үр дүнг авчрахгүй. Хэрүүл, мэтгэлцээнд ялагч гэж хэзээ ч байхгүй. Асуудлаас хурдан ангижрахын тулд хосууд хоёул буулт хийж зурах зүйтэй. Заримдаа төгс бус шийдвэр нь огт шийдвэр гаргаагүй байснаас дээр байдаг.
Хэрхэн маргахгүй байх вэ
Бид маргааныг шийдвэрлэхээс илүүтэй зөрчилдөөнийг улам ширүүсгэх үйлдлийг өөрсдөө ч анзааралгүй хийх нь бий. Тиймээс өдөр тутамдаа дараах зүйлсийг аль болох хийхгүйг хичээгээрэй. Үүнд:
1. Чулуун хана
Энэ нь жижиг ч гэсэн асуудлыг хэлэлцэхээс татгалзах явдал юм. Маргалдах дургүй, саад бэрхшээлээс зугтдаг хүмүүс ийм үйлдэл гаргах нь элбэг. Харилцааны хувьд нэг нь үргэлж чимээгүй байж дотроо сэтгэлээр унаж байхад нөгөө нь хариулт авах гэж бухимдах нь түгээмэл. Чулууг нэг нэгээр өрсөөр байвал бат бөх, нураахад хэцүү хана босох нь мэдээж. Үүнтэй адил олон жижиг асуудлыг сэтгэл дотроо хуримтлуулах нь аажимдаа том асуудлын үндэс нь болно. Тиймээс жижиг асуудал бүрийг тухай бүрд нь ярилцан шийдвэрлэж, чулуун хана босгохоос сэргийлээрэй.
2. Шүүмж.
"Чи үргэлж л мартах юм!" Энэ нь нөгөө хүндээ доромжилж, дарангуйлж буй мэдрэмжийг төрүүлдэг. Анхандаа шүүмжийг зүгээр хүлээж авах ч байх ёстой хэм хэмжээнээс хэтрэх нь хамтрагчийг тань бухимдуулж, улмаар хэрүүлийн үндэс суурийг тавих нь бий.
3. Үл тоомсорлох
Жишээлбэл, доог тохуу хийх, түрэмгийлэх, ёжтой үг хэллэгээр дуудах. "Чи өөрийгөө маш ухаалаг гэж бодож байна." Ийм төрлийн үг нь нөгөө хүндээ далд утгаар доромжлолыг мэдрүүлдэг. Нөгөө талаар та хамтрагчдаа төрж болох сэтгэгдэл, мэдрэмжийг үл тоомсорлож буй хэрэг.
4. Өөрийгөө өмгөөлөх
Та хийж буй үйлдэл, гаргаж буй зан араншингаа ёс суртахуунгүй, бүдүүлэг гэдгийг мэддэг атлаа өөрийгөө үргэлж өмгөөлж, үүрэг хариуцлагаа үүрэхгүй байх нь мөн маргааны эхлэл болдог. "Чи надад өдөр бүр хичнээн их зүйлийг санах хэрэгтэйг мэдэхгүй байна." Хамтрагчид тань тийм ч таатай биш байх бөгөөд маргаан улам даамжрах магадлалтай.
Цаашид анхаарах зүйлс
Муу зуршил, зан үйлийг өөрчлөхөд багагүй цаг хугацаа шаардагдах бөгөөд ямар ч харилцаанд хамгийн чухал нь асуудалтай нүүр тулах үед тайван мөн ухаалгаар хандах хэрэгтэйг сана.
Хэрэв та хоёр одоогийн гаргаж буй зан авир, хэрүүлтэй харилцаагаа хэвийн юм шиг санагддаг бол эерэг өөрчлөлтийг бий болгохын тулд хамтдаа дадлага хийхийг зөвлөе.
Мөн жижиг асуудал байсан ч цаг тухайд нь ярилцаж, шийдвэрлэж байгаарай. Хамтдаа сайхан ирээдүйг бүтээхээр гэр бүл болсон бол бүх зүйлд хамтын оролцоо чухал гэдгийг ямагт санаарай. Миний асуудал биш гээд орхих тохиолдол байж яавч болохгүй. Гэр бүл доторх асуудал хүүдийн эсвэл эхнэрийн, нөхрийн асуудал биш танай гэр бүлийн асуудал. Ингэснээр та хоёрын харилцаанд маш олон эерэг өөрчлөлтийг авчирна.
Асуудал шийдвэрлэгдэх, хамрагч тань өөрчлөгдөх цаг ирэхийг хүлээлгүй амьдралын далайд нэг завин дээр суусан бол хамтдаа сэлүүрдэж замдаа таарах саад бэрхшээлийг нэгэн сэтгэлээр туулах хэрэгтэй. Тиймээс саад бэрхшээлийг даван туулахын тулд бодит байдлыг ажиглаж, үргэлж нээлттэй ярилцахыг хичээгээрэй. Өөрийгөө болон хамтрагчаа үргэлж буруутгах хэрэггүй. Хэрэв хэрүүл маргаан гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй болоод удаж буй, зан үйлийг нь өөрчлөх гэсэн оролдлого тань бүтэлгүйтсэн, зан авир нь засрах байх гэсэн горьдлого талаар болж буй мэт санагдвал хортой харилцааг даамжрахаас сэргийлж мэргэжлийн сэтгэл зүйч, хуульчаас тулгамдаж буй асуудлынхаа хүрээнд зөвлөгөө аваарай.