Жендэрийн эрх тэгш байдлыг хангах гэдэг нь хүйсээс үл хамааран хүмүүс нийгэм, улс төр, эдийн засаг, эрх зүй, соёлын ба гэр бүлийн харилцааны хүрээнд эн тэнцүү үнэлэгдэж, эрх тэгш хүртэж, оролцоотой байхыг хэлнэ. Жендэрийн эрх тэгш байдлын талаар ташаа ойлголттой байх нь жендэрт суурилсан хүчирхийлийг өөгшүүлэхэд хүргэдэг.
Энэ нь цаашлаад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нийгэмд тэгш бус байдал, хүний эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалтыг бий болгож, боломж, бололцоог нь хязгаарлаж, эрүүл мэнд, аюулгүй байдалд нь хохирол учруулдаг.
Өөрөөр хэлбэл, эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижил гэсэн үг биш ч тэдний эдлэх боломж бололцоо нь тэгш байхын зэрэгцээ нийгэм, гэр бүлдээ эзлэх байр суурь, эрх үүрэг нь адил байхыг хэлдэг.
Тэгвэл Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага Канад улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчдод тулгарч буй бэрхшээлийг тодорхойлж, хууль зүйн туслалцаа авах, хүртээмжийг сайжруулах, олон нийтийн эрх зүйн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх зорилготой “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийг 2019-2022 онд хэрэгжүүлж байна.
Тус төслийн хүрээнд, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, олон нийтийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор гэр бүлийн гишүүдэд зориулсан зөвлөгөө, тусламжийн вебсайт “Familycenter.mn” ашиглалтад орж буй билээ. Энэ үйл явдлыг тохиолдуулан Олон Улсын хөгжлийн эрх зүйн байгууллага /IDLO/-ын Монгол дахь суурин төлөөлөгч асан Тара Нилтэй цөөн хором ярилцлаа.
- Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын үйл ажиллагааг танилцуулбал ?
-Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага нь тогтвортой хөгжил болон хууль дээдлэх соёлыг бий болгохын төлөө дагнан ажилладаг засгийн газар хоорондын олон улсын байгууллага юм. Бид олон улс оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүний хүрээнд НҮБ-ын тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилго болох энх тайван, шударга ёсыг цогцлоох, мөн 5 дугаар зорилго болох жендэрийн эрх тэгш байдлыг хангах, охид эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх чиглэлээр голлон ажилладаг.
- Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төслөөс гадна ямар төслүүд хэрэгжүүлж байгаа вэ?
-Одоо хэрэгжүүлж байгаа төслүүдээс дурдвал 2019-2021 онуудад Монгол Улсад шударга өрсөлдөөнийг дэмжих чиглэлээр эрх зүйн шинэчлэлт хийж, байгууллагын чадавхийг бэхжүүлэх төслийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны туслалцаатайгаар хэрэгжүүлж байна.
- Монголд жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал болон хариу арга хэмжээний талаар таны ажиглалтаасаа хуваалцана уу.
-Монгол Улсад ЖСХ-ийн гаралт өндөр байгааг та бүхэн мэдэж байгаа байх. НҮБ-ын Хүн амын сангаас 2017 оны хийсэн судалгаагаар нийт гэрлэсэн эсвэл хамтран амьдрагчтай эмэгтэйчүүдийн 57.9% нь амьдралынхаа туршид ГБХ-ийн аль нэг хэлбэрт өртсөн болохыг тогтоосон байдаг. Ковид-19 цар тахал болон үүний эсрэг хэрэгжүүлсэн хөл хорионы үеэр энэ үзүүлэлт харамсалтай нь нэмэгдсэн.
Миний бодлоор одоогийн хууль тогтоомжийн томоохон бэрхшээлийн нэг нь ГБХ-ийн хэргийг зөрчил болон гэмт хэрэгт хуваах явдал юм. Харамсалтай нь ГБХ-ийн зөрчлийн хэрэг нь гэмт хэрэгт тооцогдохын тулд давтан үйлдэгдсэн байх ёстой. Энэхүү ойлголт нь ГБХ үйлдэгчдэд хүчирхийлэл үйлдсэнийхээ төлөө хариуцлага хүлээлгэхэд үйл явцад бэрхшээл учруулж байна. Энэ нь дээрх судалгааны дүгнэлтээр ч мөн ажиглагдсан.
-Гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад иргэд эрх зүйн мэдлэгтэй, зөв мэдээлэлтэй байх нь чухал байдаг. Энэ тал дээр ОУХЭЗБ-аас одоо хэрэгжүүлж байгаа төслийн гол онцлог нь юу вэ?
- “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх нь” төслийн гол зорилго нь жендэрт суурилсан хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод шударга ёс, хууль зүйн туслалцааны хүртээмжийг нэмэгдүүлэхэд оршино. Тэр ч утгаараа төслийн нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг нь олон нийт болон эрсдэлт бүлэгт чиглэсэн эрх зүйн мэдлэгийн нэмэгдүүлэх соён гэгээрүүлэх кампанит ажил юм.
Гэр бүлийн хүчирхийлэл хувь хүнд хамааралтай, эмзэг сэдэв учир хохирогч эсвэл эрсдэлт бүлгийн хүмүүс тэр бүр нээлттэйгээр тусламж эрдэггүй. Тиймээс энэ удаагийн нийгмийн кампанит ажлын гол онцлог бол гэр бүлийн хүчирхийллийн хохирогч бусдаас хараат бус мэдээлэлтэй байх, туслалцаа авах аргаа судлах, мэргэжлийн байгууллагуудаас зөвлөгөө, тусламж авах боломжийг олгох явдал юм. Энэхүү эрэлт, хэрэгцээнд тулгуурлан бид гэр бүл, гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлтэй иргэдэд зориулсан мэдээллийн нэгдсэн вебсайтыг хөгжүүлж олон нийтэд хүргэхээр бэлэн болоод байна.
-Тус мэдээллийн платформын талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай уншигчдад хүргэвэл?
-Олон нийтийн эрх зүйн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх кампанит ажлын гол агуулга бол жендэрийн хэвшмэл ойлголтыг халах, гэр бүлийн эрүүл харилцааг бий болгох, нийгэмд хэвшүүлэх үндсэн таван зарчмыг баримтлахаар тогтсон. Эдгээрт, гэр бүлийн гишүүн бүр тэгш эрхтэй, эрх зүйн мэдлэгтэй, эрүүл, эерэг харилцаатай, хариуцлагатай, хүчирхийллээс ангид байх зэрэг нь багтаж буй. Вебсайтаар дамжин олон нийтэд хүрч буй бүхий л мэдээлэл, зөвлөгөө, нийтлэлийн агуулгаар дамжуулан дээрх 5 мессэжийг хүргэнэ.
Тус вебсайт нь үндсэн гурван цэстэй. Эхнийх буюу “мэдээлэл” цэс нь гэр бүлийн гишүүдэд мэдлэг олгох, гэр бүлийн эрүүл, эерэг харилцааг бүрдүүлэх чиглэсэн бүтээлч, олон төрлийн сонирхолтой мэдээллийг агуулна.
Хоёр дахь “зөвлөгөө” цэсэнд гэр бүлийн эрх зүйн харилцаа, гэрлэлт бүртгэх, хүүхдийн тэтгэмж тогтоох, гэр бүл цуцлах зэрэг гэр бүлийн харилцааны эрх зүйн зохицуулалт, хууль, журмын талаарх зөвлөгөө байршина.
Гурав дахь буюу “тусламж” цэс нь жендэрт суурилсан хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээ мэдээлэл хүргэх, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болон эрсдэлт бүлэгт үзүүлэх туслалцаа, үйлчилгээ үзүүлэгчдийн мэдээллийг агуулах ба иргэд хууль зүй болон сэтгэл зүйн зөвлөгөөг мэргэжилтнүүдээс захидал хэлбэрээр авах боломжтой.
- Шинэлэг төдийгүй хүртээмжийн хувьд өргөн цар хүрээг хамарсан ажил болжээ?
- Та маш зөв олж харлаа. Бидний гол зорилго нь тусламж шаардлагатай иргэд төдийгүй хүн бүрд гэр бүлийн боловсрол олгох мэдээлэл, зөвлөгөөг тогтмол, хүртээмжтэй хүргэх явдал юм. Энэ утгаараа мэдээллийн вебсайт нь урт хугацаанд иргэдэд мэдээлэл түгээхэд хамгийн тохиромжтой хэлбэр. Өөрөөр хэлбэл, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа нь урт хугацаанд тасралтгүй хэрэгжиж байж үр дүнгээ өгдөг. Тиймээс хаанаас ч, хэдийд ч, ямар ч нөхцөлд мэдээлэл, тусламж авах боломж нь хүртээмжтэй, нээлттэй байх нь чухал. Үүнээс гадна албан ёсны, баталгаат эх сурвалж бүхий мэдлэгийн сан бий болж байна гэж харж байна.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.
- Баярлалаа. Энэ дашрамд төслийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн туслалцаа, дэмжлэг үзүүлсэн төслийн удирдах зөвлөлийн гишүүн, Канад улсын Засгийн газар, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанд гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.