СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ нь хэзээ, хаана үүссэн бэ ?

Сэтгэл зүйн зөвлөгөө нь “мэргэжлийн” гэх тодорхойлолтоор анхлан дэлхийн II дайны үед цэргүүдийг сэтгэл зүйн хувьд бэлтгэх, дайны дараах сэтгэл зүйн хямралаа даван туулахад нь туслах зорилготой үүссэн гэж үздэг.

Энэ салбарын хөгжилд нэрт сэтгэл судлаач, сэтгэл зүйн зөвлөгөөний эцэг гэгддэг К.Роджерс тун чиг чухал нөлөө үзүүлсэн билээ.

Өдгөө “Сэтгэл зүйн зөвлөгөө” нь сэтгэл заслын урсгал чиглэлээс ялгарч гарсан сэтгэл зүйн тусламж үйлчилгээний нэгэн төрөл юм.

СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ГЭЖ ЮУ ВЭ ? БУСАД ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНЭЭС ЮУГААРАА ЯЛГААТАЙ ВЭ?

  • Сэтгэл зүйн зөвлөгөө / Counselling psychology/: Үйлчлүүлэгчийн суурь асуудал, түүний шалтгаан дээр тулгуурлан бие хүний асуудал дээр төвлөрсөн зөвлөх, туслах үйлчилгээг хэлнэ. Сэтгэл зүйн зөвлөгөө нь сэтгэл зүйн тусламж үйлчилгээний нэг төрөл юм. Сэтгэл зүйн зөвлөгөө нь дараах 2 зүйлээс хэлбэрийн хувьд төстэй боловч үндсэн зорилго нь өөр юм.

ТОВЧХОНДОО : Өөрөө асуудлаа ухамсарлаж, ойлгох боломжтой хүнд зориулсан сэтгэл зүйн тусламж үйлчилгээг хэлнэ.

  • Көүчинг / Coaching /: Ирээдүй цагт чиглэсэн асуултуудын тусламжтайгаар тухайн үйлчлүүлэгч өөрөө өөрөө асуудлаа ойлгоод, өөрийнхөө асуудлын зураглалыг ухамсарлаад гарах нь көүчингийн зорилго. Түүнээс биш тэг ингэ, тэгдэг ингэдэг гэсэн зөвлөгөө көүчинг-д байхгүй. Тухайн зөвлөгчөөс илүү их сонсох чадвар, туршлага шаарддаг.
  • Менторинг / Mentoring /: Тухайн мэргэжлийн салбарт илүү олон жил ажилласан арвин туршлага, мэдлэгтэй мэргэжилтэн өөрийн арга техник, асуудал шийдвэрлэх загвараа шинэ залуу үеийн хүнд хуваалцахыг хэлнэ. Грекийн баатар Одиссейн дотны найз болох “Ментор” -ийн нэрээс менторшип үүсэлтэй гэлцдэг. Тэрээр Одиссейн хүү Телехамыг нь хүн ёсоор хүмүүжүүлж байсан аж.

СЭТГЭЛ ЗҮЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ХЭН АВАХ БОЛОМЖТОЙ ВЭ?

  1. Сэтгэцийн хувьд эрүүл,
  2. Тулгамдсан асуудалтай,
  3. Сэтгэцийн өвчтэй гэсэн 3 төрлийн хүмүүс авах боломжтой. Сэтгэцийн хувьд эрүүл эсэхийг ДЭМБ-ийн “Олон улсын өвчний ангилал”/ICD 11/ болон АНУ-ын сэтгэл судлалын холбооноос гаргадаг олон улсын ангилал болох Сэтгэцийн эмгэг оношлогооны статистикийн гарын авлага The Diagnostic and Statistical Manual of Mental Disorders (DSM) -д заасан оношлогоо, үнэлгээний загварт тулгуурлан тодорхойлно.

Сэтгэцийн өвчин гэдгийг уламжлалт ойлголтоор “галзуу, солиотой, Шар хадны” өвчтөн л байдаг гэж ойлгох нь туйлын өрөөсгөл. Сэтгэцийн өвчин нь удамшлын шинжтэй болон амьдралын зан үйл,  буруу хэв маягаас үүсдэг. Тэгэхээр хэн ч сэтгэцийн өвчтэй болж болно. Жишээ нь АНУ-ын хүн амын 15% нь дор хаяж сэтгэл зүйн нэг эмгэгтэй гэж үздэг бөгөөд DSM VI ангиллаар С бүлэгт хамаарагддаг сэтгэл түгших, айх зэрэг нь голлох хувийг эзэлдэг. Монголд нийт хүн амын хэдэн хувь сэтгэл зүйн эмгэгтэйг тодорхойлсон албан ёсны сатистик, судалгаа  байхгүй ч тухайлсан эмгэг, асуудал дээр тулгуурласан судалгаанууд бий.

СЭТГЭЦИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛТАЙ хүн гэж хэнийг хэлэх вэ ?

Монгол улсын сэтгэцийн эрүүл мэндийн хуулийн шинэчилсэн найруулгад заасанчлан “сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал” гэж нийгэм, сэтгэл зүйн шалтгааны улмаас хүний сэтгэхүй, сэтгэл хөдлөл, зан үйл түр хямарсан байдлыг;” хэлнэ гэсэн байдаг.

СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ ЯМАР ТӨРЛҮҮД БАЙДАГ ВЭ ?

Нарийн мэргэжлийн эмч нарын адил сэтгэл судлаачдид мэргэшсэн судалгааны чиглэл, ажиллах салбартай. Хүүхдийн, хосын, байгууллагын, спортын тэр ч бүү хэл сансрын сэтгэл судлаач нар хүртэл бий. Тэд бүгд өөр өөрийн чиглэлээр сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг.

ХЭН СЭТГЭЛ ЗҮЙН зөвлөгөө өгөх боломжтой байдаг вэ ?

Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх эрхийг ОУ-ын жишгээр бол мэргэжлийн сургууль, тусгай мэдлэг олгох сургалтыг дүүргэж, 5-аас доошгүй жил ажилласан, магистр болон түүнээс дээш зэрэгтэй мэргэжилтэн өгөх эрхтэй байдаг. Харин Монголд тийм боломж, нөхцөл ч хомс ч гэлээ сүүлийн үед чадварлаг мэргэжилтэн, мэргэжлийн байгууллагууд бий болсоор байна. Та МОНГОЛД сэтгэл зүйн үйлчилгээг авах бүрэн боломжтой. Бичвэрийн төгсгөлд өөрийн зүгээс санал болгох сэтгэл зүйн төвүүдийн мэдээллийг оруулав.

ХЭНЭЭС СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ авч болохгүй вэ ?

Энэ хамгийн чухал асуудал. Олон нийтийн цахим сүлжээнд олон дагагчтай, өөрийгөө сэтгэл судлаач гэж цоллосон, шинжлэх ухааны мэдлэгтэй эсэх нь эргэлзээтэй, наад захын ёс суртахууны боловсролгүй “СЭТГЭЛ СУДЛААЧ” нараас болгоомжлох хэрэгтэй. Зүгээр л гэрээсээ, 00-ын өрөөндөө Фейсбүүк дээр live хийж хүмүүсийн асуултад хариулдаг, хүмүүсийн хэлсэн афоризмуудыг ашиглаж өөрийгөө сурталчилдаг, шууд нэвтрүүлгээр хүмүүст зөвлөгөө өгдөг хүмүүс энэ салбарт бас байдгийг са. Тиймээс та зөвлөгөө авахын тухайн сэтгэл судлаачаас төгссөн сургууль, мэргэжлийн үнэмлэх болон туршлага зэргийг асууж, шаардах бүрэн эрхтэй.

СЭТГЭЛ СУДЛААЧ, СЭТГЭЦИЙН ЭМЧЭЭС ЯЛГААТАЙ ЮУ ?

Адилхан сонсогдовч ялгаатай. Хуульд заасанчлан “Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн, сэтгэцийн эмчийн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг дүүргэж, эмчлэх эрхийн зөвшөөрөл авсан хүний их эмчийг;” — СЭТГЭЛ ЗАСАЛЧ;

“Их, дээд сургуулийг сэтгэл зүйн мэргэжлээр төгссөн мэргэжилтнийг” -СЭТГЭЛ ЗҮЙЧ гэнэ.

Сэтгэл зүйч, сэтгэл судлаач гэх нэршлүүд нь өөр хоорондоо ажлын чиглэл, гүйцэтгэх үүргээрээ ялгаатай ч Монголд бараг ялгаагүй байдаг. Үүнийг буруутгах аргагүй. Учир нь “МОНГОЛ УЛС” , Эрх баригчид иргэдийнхээ сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад хамгийн бага анхаардаг, иргэнээ, хүмүүн капиталаа судлаагүй цөөхөн улсын нэг.

Сэтгэл зүйн зөвлөгөөний дундаж төлбөр хэд вэ ? Хэр удаан үргэлжилдэг вэ ?

Сэтгэл зүйн зөвлөгөө нь дунджаар 60–90 минут үргэлжилдэг. Эхний удаагийн уулзалтын дараагаар ахиж уулзах шаардлагатай эсэх, уулзвал хэзээ гэдэг нь тодорхой болдог. Сэтгэл зүйн зөвлөгөөний суурь зарчим нь үйлчлүүлэгч зөвлөгч хоёрын сэтгэл хөдлөл чухал учир тусгай бэлтгэсэн өрөөнд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг.

ОУ-д сэтгэл зүйн зөвлөгөөний дундаж төлбөр 200 ам.доллароос эхэлдэг. Харин Монголд 30-80 мянган төгрөгийн хооронд байдаг. Энэ нь ОУ-ын жишгээс 7–8 дахин бага үнэлгээ юм.

Монголд сайн сэтгэл судлаач бий юу ?

Байгаа хэдий ч тусгайлсан мэргэшсэн, шинжлэх ухааны нэг төрлөөр дагнасан мэргэжилтнүүд нэн эрэлттэй байна. Жишээ нь : Хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй ажилладаг сэтгэл судлаач, хүнд өвчтөнтэй ажилладаг сэтгэл судлаач, бага насны хүүхдийн сэтгэл судлаач, донтолтын асуудлаар мэргэшсэн гэх мэт.

МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА явуулдаг “МЭРГЭЖЛИЙН” сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг төвүүдийн мэдээлэл:

  1. Сэтгэл Судлалын Үндэсний Төв : http://psychology.mn/
  2. Монгол Өрх сэтгэл зүйн төв : http://psychology.mn/
  3. Family College — https://www.facebook.com/FamilyCollegeMongolia/?hc_ref=ARTjQj9Ov7C3WFMbp25UGl-gr97YMwmabE4XWJxSLYgurUUYS1YLV7UEwwuj9YwhKtM
  4. Life school : https://www.lifeschool.mn/
  5. Focus on the family-https://www.facebook.com/Focus-on-the-Family-Mongolia-%D0%93%D1%8D%D1%80-%D0%91%D2%AF%D0%BB-%D0%90%D0%BD%D1%85%D0%B0%D0%B0%D1%80%D0%BB%D1%8B%D0%BD-%D0%A2%D3%A9%D0%B2%D0%B4-479759658849183/
  6. Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн-https://www.facebook.com/InstituteofAppliedPsychologyMongolia/
  7. https://www.facebook.com/erdenebaatar.dashtseren/