Өөрийн үнэлэмж болон өөртөө итгэх итгэл хоёрын ялгаа
Өөртөө итгэх итгэл нь өөртөө итгэх, тэр дундаа өөрийн чадвар, нөөц чадамждаа итгэхийг хэлнэ. Мөн юу хийж чаддаг, юу хийж чаддаггүйгээ мэдэхийг хэлнэ. Өөртөө итгэлтэй хүн шинэ сорилтуудад бэлэн, боломжийг алдалгүй барьж авдаг, хэцүү нөхцөл байдлыг зохицуулах болон өөрийнхөө үйлдэлд хариуцлага хүлээж чаддаг. Өөртөө итгэх итгэл биднийг амжилт руу хөтөлдөг. Харин тэр амжилтын туршлага нь бидний өөртөө итгэх итгэлд эерэгээр нөлөөлж байдаг.
Өөрөөр хэлбэл ямар нэгэн ажлыг хийж дуусгах үед амжилтын мэдрэмж төрнө. “Би чадсан” гэх амжилтын мэдрэмж нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Ямар ч амжилтын туршлага бидний ерөнхий өөртөө итгэх итгэлд нөлөөлдөг. Гэхдээ хүмүүс ихэвчлэн өөрийн амьдралын тодорхой хэсгүүдэд өөртөө итгэх итгэлтэй байдаг. Жишээ нь: бүжиглэх, хоол хийх дээр өөртөө итгэх итгэл өндөр харин математиктаа болон бусдын өмнө өөрийгөө илэрхийлэхдээ тааруухан байж болно. Өөртөө итгэх итгэл болон өөрийн үнэлэмж хоёр дандаа хамт оршдоггүй. Өөртөө итгэх итгэл өндөртэй хүний өөрийн үнэлэмж сул байх боломжтой гэсэн үг юм.
Жишээ нь: Дэлхийн алдартай одод хэдэн мянган хүний өмнө дуулах, бүжиглэх гэх мэт гайхалтай тоглолт үзүүлж чаддаг ч сөрөг зуршилтай байх нь бий. Энэ нь өөрийн амьдралын тодорхой хэсэгт өөртөө итгэх итгэлтэй байгаа ч өөрийн үнэлэмж нь сул байгааг илэрхийлж болох юм. Өөртөө итгэх итгэл нь өөрийн чадвартаа итгэх тухай бол өөрийн үнэлэмж нь өөртөө өгч буй үнэлгээ юм. Өөрийн үнэлэмж нь тогтвортой үед санхүү орлого, гэрлэлт, нэр хүндтэй эсэх зэрэг гаднын хүчин зүйлс нөлөөлөх нь бага байдаг. Өөрөөр хэлбэл өөрийн үнэлэмж тогтвортой үед гаднын хүчин зүйлсээс шалтгаалж өөрийн үнэлэмж амархан хэлбэлзэж өөрчлөгдөхгүй гэсэн үг юм.
Өөрийн үнэлэмж тогтвортой хүмүүс өөрийгөө хүндэлж, өөрийнхөө эрүүл мэнд, харилцаа, эргэн тойрон орчиндоо санаа тавьдаг байна. Тэд өөрт нь хэн нэгэн татгалзах үед ч эерэгээр хүлээн авч чаддаг. Гуниглах, шархлах, гомдох, урам хугарах үед эргээд сэтгэл зүйн хувьд тогтвортой байдалд шилжихдээ хурдан байдаг. Тогтвортой өөрийн үнэлэмжтэй хүмүүс нь шинэ туршлагад нээлттэй, эрсдэлийг хүлээн зөвшөөрдөг. Мөн өөрийгөө болон бусдыг хүлээн зөвшөөрч уучилж өршөөж чаддаг байна. Өөрийн үнэлэмж тогтвортой байх нь өөртөө бардах, өөртөө хэт төвлөрөхийн нэр биш. Харин өөрийгөө ямар нэгэн шалгуургүйгээр хүндэлж, хайрлахыг хэлнэ. Үйл ажиллагаа 1.4 Өөрийн үнэлэмжийн тухай онол Өөрийн үнэлэмж бол өөрийгөө бодитоор, эерэгээр үнэлэх юм.
Бодитоор үнэлэх гэдэг нь өөрийн давуу тал болон сул талаа үнэн, шударга үнэлэх юм. Эерэгээр үнэлэх гэдэг нь өөрийгөө хайрлах, өөрийн үнэ цэнийг мэдэхийг хэлнэ. Өөрөөр хэлбэл та өөрийгөө бусдын адил үнэ цэнэтэй гэдгээ мэдрэх юм. Гэхдээ бусдаас илүү гэж мэдрэх нь буруу. Та хэнээс ч илүү биш, хэнээс ч дутуу биш. Өөрийгөө үнэлнэ гэдэг хувиа хичээх, зөвхөн өөрийгөө л бодох, өөртөө хэт төвлөрөхтэй адил биш. Эсрэгээрээ өөрийгөө үнэлдэг хүн хувиа хичээх нь бага байдаг. Өөрийн үнэлэмж мөн л бардам зан, хэт итгэлтэй байдал биш юм.
Өөрийн үнэлэмж бол биднийг илүү сайнаараа ажиллахад /байхад/ тусалдаг хөдөлгөгч хүч нь юм. (R.SCHIRALDI, 2007)
Өөрийн үнэлэмж нь бие хүн төлөвшихөд гол үүрэгтэй. Бага наснаас нийгэм орчны нөлөөгөөр бий болж бие хүний үнэт зүйлсийн нөлөөн дор өөрөө хөгжиж ажиллаж байдаг. Өөрийгөө үнэлнэ гэдэг нь та өөртөө яаж ханддаг вэ? Гэдэг хандлагыг тодорхойлдог.
Өөрийн үнэлэмж хэт өндөр байх эсвэл хэт сул байх нь зөв биш. Харин тогтвортой байх нь л хамгийн чухал юм.
Өөрийн үнэлэмж ямар ач холбогдолтой вэ?
Өөрийн үнэлэмж тогтвортой байх нь хүний хувийн болон нийгмийн хөгжил дэвшлийн суурь болдог. Энэхүү үнэлэмж нь хүнд тохиолдож байгаа үйл явдал, хүндрэл бэрхшээлийг хэрхэн хүлээж авах, шийдвэрлэхэд төдийгүй өөртэйгөө болон бусад хүнтэй хэрхэн харилцахад нөлөөлдөг. Өөрийн үнэлэмж нь хүний амьдралд шаардлагатай бусад чадварыг хөгжүүлэх, эрүүл мэнд, амьдралынхаа төлөө илүү их анхаарал халамж тавьж, хариуцлага хүлээж сурахад онцгой чухал суурь нь болно.
Энэ нь хүний сэтгэцийн эрүүл мэндийн цөм төдийгүй, бие махбод, нийгмийн эрүүл мэндэд шууд хамааралтай. Хүний хийж буй бүх үйл ажиллагаанд ухамсаргүйгээр илэрдэг өөрийн үнэлэмж нь бусад хүний нүдэнд тухайн хүн хэрхэн харагдах, бусад хүн түүнд хэрхэн хандаж харилцахад нөлөөлдөг. Бид энэхүү хэсгээс өөрийн үнэлэмж бидний амьдралын чанарт ямар хүчтэй нөлөөлдгийг мэдэж авсан бол үргэлжлүүлэн өөрийн үнэлэмжийн суурь үндсийг бүрдүүлэх 4 хүчин зүйлийг дэлгэрүүлэн авч үзнэ. Аливаа хүний өөрийн үнэлэмжийн суурь үндсийг бүрдүүлэх 4 хүчин зүйл байдаг.
Тэдгээр нь:
1. Холбоо хамааралтай байх мэдрэмж
Энэ нь хүн өөртэйгөө холбоо хамааралтай бүхэнд сэтгэл хангалуун байхыг мэдрэх мэдрэмж юм. Бусад хүн, газар нутагтайгаа холбоо хамааралтай, ямар нэгэн зүйлд харьяалагдаж байгаагаа мэдрэх хэрэгцээ хүнд байдаг. Түүнчлэн тэдний холбоо хамааралтай бүлэг (жишээлбэл, үндэстэн ястан, нийгмийн анги бүлэг, хүйсийн бүлэг гэх мэт), газар нутаг, байгууллага, хамт олон болон эд зүйл нь бусад хүний хувьд чухал, үнэ цэнэтэйд тооцогдож байгааг мэдрэх хүсэл бас байдаг. Холбоо хамааралтай байх мэдрэмжийг нэмэгдүүлэхийн тулд дараах зүйлийг хийнэ.
Үүнд: - Хүмүүстэй шинээр харилцаа холбоо үүсгэх болон байгаа харилцаа холбоог бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, боломжоор хангах.
- Хүмүүсийн хоорондын холбоо хамаарлын үнэ цэнийг хүлээн зөвшөөрөх. - Бусад хүний үйлдэл, ололт амжилт болон сайн чанарыг үнэн сэтгэлээсээ магтан сайшаах. Тухайн хүн танд болон бусдад чухал гэдгийг ойлгуулах.
2. Өвөрмөц байх мэдрэмж
Энэ нь өөрийгөө хэн хүнээс онцгойг мэдрэх мэдрэмж юм. Өөрийг нь бусдаас онцгой, өвөрмөц нэгэн болгож байгаа шинж чанарыг тухайн хүн ухамсарлаж, түүндээ хүндэтгэлтэй хандаж байгаа тохиолдолд хүний өвөрмөц байх мэдрэмж улам нэмэгддэг. Харин үүний тулд уг шинж чанарыг нь хүндэлж, сайшаан хандах хандлагыг бусад хүнээс хүлээж авах хэрэгцээ байдаг. Хүнийг юу нь, яагаад тийм өвөрмөц, бусдаас онцгой болгож байгааг ойлгосон үед хүн өвөрмөц байгаагаа мэдэрч, улмаар өөрийн үнэлэмж нэмэгддэг. Өвөрмөц байгаагаа мэдрэх мэдрэмжийг нэмэгдүүлэхийн тулд дараах зүйлийг хийнэ.
Үүнд:
- Өөрийгөө илэрхийлэх олон боломжийг хүнд олгож байх.
- Үнэлж, бахархмаар зүйлсийг нь чин сэтгэлээсээ магтах.
- Хувийн онцлог шинж чанар, ололт амжилтыг нь хүлээн зөвшөөрөх.
- Өөрөө хянаж чадахгүй зан чанарынхаа төлөө ичихгүй байхад нь туслах.
- Хувийн шинж чанарууд нь нийлж, бусдаас онцгой, өвөрмөц болгож байгааг тэдэнд ойлгуулах.
3. Эрх мэдлийн мэдрэмж
Амьдралаа өөрөө зохицуулж, хянах чадвартай байгаагаа мэдрэх нь хүний эрх мэдлийн мэдрэмж болдог. Амьдралын янз бүрийн нөхцөлийг зохицуулах нөөц боломж, хүчин чадал тухайн хүнд байгаа тохиолдолд энэ мэдрэмж үүсдэг. Эрх мэдлийн мэдрэмжийг нэмэгдүүлэхийн тулд дараах зүйлийг хийнэ.
Үүнд: - Амьдралын зорилгоо биелүүлэхэд шаардагдах нөөцтэй болоход нь анхаарах. - Насны онцлогтоо тохирсон зүйлийг хийх чадварыг нь нэмэгдүүлэх. - Амьдралаа болон өөрийгөө удирдан залах чадвартай гэдэг мэдрэмжийг бий болгох. - Өөрийн мэдлэгээ амжилттай хэрэглэх боломжоор хангаж өгөх. - Шийдэж чадах асуудлыг өөрөөр нь шийдвэрлүүлэх. - Шийдвэрээ өөрөө гаргахад хүмүүст дэмжлэг үзүүлж, урам өгөх.
4. Үлгэр дуурайлын мэдрэмж
Үлгэр дуурайлын мэдрэмж нь өөрийн үнэлэмж тогтвортой байх нэг үндэс юм. Энэ нь орчлон ертөнцийг ойлгож, танин мэдэх, үнэт зүйл, зорилго, зарчим, хэм хэмжээг бий болгон хөгжүүлэх чадвартай холбоотой. Үлгэр дуурайлын нийтлэг хоёр үндсэн загвар байдаг. Нэгдүгээрт, амьдралын утга учир, мөн чанарын талаарх ойлголт, итгэл үнэмшил, хандлагыг бүрдүүлэхэд нөлөөлдөг гүн ухааны загвар. Өөрөөр хэлбэл, энэ нь хүний зан үйлд нөлөөлж, залж чиглүүлж байдаг санаа бодол болон итгэл үнэмшил юм. Хоёрдугаарт, хүний өдөр тутмын үйлдэлд нөлөөлдөг үйл ажиллагааны үлгэр загвар. Энэ нь нийгэмд биеэ хэрхэн авч явах талаарх төсөөллийг хүмүүст өгөх ба биеэ зөв авч явах, нийгмийн харилцааны чадварыг эзэмшсэн байх, өөрийн насандаа тохирсон байдлаар бусдад харагдах, үйл ажиллагаанд хамтран оролцох зэргийг багтаадаг.
Үлгэр дуурайлын мэдрэмжийг нэмэгдүүлэхийн тулд дараах зүйлийг хийнэ.
Үүнд:
- Хүмүүсийн өрсөлдөх болон сэдэл эрмэлзлийг төрүүлэх, даган дуурайх хүнтэй байхад анхаарах.
- Амьдралын утга учир, мөн чанарын талаар суурь итгэл үнэмшил, ойлголт, хандлагатай болоход нөлөөлдөг үлгэр загварыг судлан, үнэлж дүгнэн, ёс зүйн болон ёс суртахууны зарчмыг туршин хэрэглэхэд нь хүнд туслах.
- Үйл ажиллагааны үлгэр загварыг ойлгох болон хэрэглэх чадварыг нь хөгжүүлэх
2. Өөрийн үнэлэмж, өөртөө итгэлтэй байдалд нөлөөлөх хүчин зүйлс
Энэхүү хичээлээр өөрийн үнэлэмж сул байхад нөлөөлж буй шалтгааны талаар авч үзнэ. Хэрвээ та “би нэг л өөртөө итгэлгүй байдаг, би өөртөө тааруухан үнэлгээ өгдөг” гэж бодож байгаа бол доор дурдсан нөлөөлөх хүчин зүйлсийг эргэцүүлээрэй. Бид өмнөх хичээлээр өөрийн үнэлэмж бидний амьдралд ямар чухал үүрэгтэйг мэдэж авсан. Тиймээс та өөрийн үнэлэмждээ хэр анхаарч бусадтай харилцдаг вэ? Энэ нь өөрийн үнэлэмжийн тогтвортой байдалд нөлөөлдөг болохыг мөн энэ хичээлээр үзнэ. Үйл ажиллагаа 2.1 Бага насны туршлага ба өөрийгөө үнэлэх үнэлэмж Бага насанд бусад хүмүүс ялангуяа эцэг эх, асран хамгаалагчид биднийг хэрхэн мэдэрч, тодорхойлж байгаагаас хамаараад бидэнд өөрсдийнхөө талаарх итгэл үнэмшил бүрэлдэн бий болдог. Бүх хүмүүс гэр бүлийн хайр халамжийг мэдрэх эрхтэй боловч зарим хүмүүст тэрхүү хайр халамж төдийлөн очдоггүй. Ялангуяа сэтгэцийн эмгэгтэй, мансууруулах бодисын хамааралтай болон бусад төрлийн асуудалтай эцэг эхчүүд хүүхэддээ төдийлөн анхаарал халамж тавьж чадддагүй ба үүнээс үүдэж хүүхдүүд өөрийн үнэлэмж доогуур өсөн торниж бие хүн болж төлөвших хандлагатай байдаг. (Peck, n.d.)
Хөгжил төлөвшлийн явцад хүүхэд эцэг, эх асран хамгаалагчид болон үе тэнгийнхэн, бусад хүмүүстэй харилцаанд орж тодорхой хэрэгцээ нь хангагдах шаардлагатай байдаг. Эдгээр нь урт хугацааны туршид байнга зөрчигдөж ирсэн тохиолдолд хүүхдэд алдаатай дасан зохицлын схем бий болдог ба энэ нь хадгалагдан үлддэг.
• Бусдад хүлээн зөвшөөрөгдөх тэмүүлэл /Өөрсдийн нэр төрд хэт их анхаардаг эцэг эх, асран хамгаалагч/:
Хүүхдийг гэр бүлийнхэн, ойр дотныхон нь өөрсдийн нэр төрд хэт их анхаарч бусад хүмүүс юу гэж бодох талаар ихээхэн санаа зовдог байсан, хүүхдийн аль нэг давуу талд л илүү анхаарч хүлээн зөвшөөрдөг эсвэл нэг талыг илүү шүүмжилдэг байсан зэргээс үүдэж энэ схем бий болдог. Энэ нь өөрийн үнэлэмжийн хувьд бусдаас хэт хамааралтай, ур чадвар, гадаад үзэмж зэрэг ямар нэг талаараа хүмүүст хүлээн зөвшөөрөгдөж, анхаарлыг татахгүй л бол өөрийгөө үнэ цэнэгүй гэж мэдэрдэг байдалд хамаарах схем юм.
• Хараат байдал мөн өөрийн чадварт итгэлгүй байдал /Хэт их анхаарал халамжтай асран хамгаалагч/ :
Бусадтай хамтрахгүй л бол өөрийгөө зөв шийдвэр гаргана гэдэгт итгэдэггүй байдал. Ойр дотны хүмүүс, асран хамгаалагчид нь хүүхдэд бие дааж шийдвэр гаргах, бэрхшээлийг давах, үйл ажиллагааг бие дааж гүйцэтгэх боломжийг хангалттай олгодоггүй байснаас үүдэн өөрийгөө аливаа зүйлийг ганцаараа хийж чадахгүй гэдэг итгэл үнэмшлийг буулгаж, хүмүүсээс хэт хамааралтай болгох, бусдаас тусламж их гуйх, ямар нэгэн үүрэг даалгаварыг гүйцэтгэхдээ бусадтай хамтрахгүй бол санаа зовох, түгшиж хойш суух хариу үйлдлийн хэв загварыг бий болгодог байна (Баасандорж, 2020). Энэ тохиолдолд хүүхдүүд өөрсдийгөө гэр бүлээс гадуурх амьдралд тохиолдож болох сорилтуудыг даван туулж, тэсвэрлэж чадахгүй гэж бодож өөрөөсөө маш их ичдэг бөгөөд энэ талаар нь эцэг эх нь мэдэх вий гэхээс санаа зовдог. Эцсийн дүндээ хүүхдэд дэлхий ертөнцийн талаарх эцэг эхийнх нь үзэл бодол болон өөрийнх нь үзэл бодол хоорондоо зөрчилдөж байгаа юм шиг санагддаг (Lachmann, 2013).
• Бүтэлгүйтэл болон чадваргүй байдал /Хэт их шүүмжилдэг асран хамгаалагч/:
Хэрэв та ихээхэн хүчин чармайлт гаргасан ч таны хийсэн зүйлийг гэр бүлийнхэн болон үе тэнгийнхэн нь үнэлэхгүй, үргэлж алдаа олж, хэт их шүүмжилдэг байсан бол өөртөө итгэлтэй, өөрийнхөө талаарх эерэг мэдрэмжтэй болоход хүндрэлтэй байдаг (Lachmann, 2013). Энэ байдал нь өөрийгөө гологдмол, үнэ цэнэгүй бусдаас доор, бусад хүмүүс өөрийг нь шүүмжилнэ, голно, хүлээн зөвшөөрөхгүй гэсэн ойлголт, итгэл үнэмшлийг бий болгоно. Үүнээс болоод хүнд амархан ичих, хэт биеэ барих, хүмүүсээс түгшүүрлэх зэрэг хариу үйлдлийн хэв загвар тогтсон байдаг. Өөрийгөө бусдаас доогуур гэж мэдрэх, хүмүүс өөрийг нь голно, хүлээж авахгүй гэх хандлага нь бусдад өөрийгөө илэрхийлэх, хүмүүстэй дотно харилцаа үүсгэх, өөрийнхөө тухай ярихаас зайлсхийж харилцаанаас тусгаарлагдахад хүргэдэг бөгөөд цаашдаа идэвхгүй, өөрийн санаачлагаар ажил хэрэг эхлүүлэхээс зайлсхийдэг, урам зориггүй болоход хөтлөх талтай (Баасандорж, 2020).
• Үл хайхрагч асран хамгаалагч :
Хэрэв эцэг эх, асран хамгаалагчид хүүхэддээ төдийлөн анхаарал хандуулдаггүй, хүүхдийнхээ хичээж гаргасан амжилтыг үл ойшоодог байх үед хүүхэд өөрийгөө идэвхжүүлж, хүсэл тэмүүлэлтэй байж илүү сайхан зүйл хүртэх эрхтэй гэж бодоход хүндрэлтэй болдог. Үүнээс үүдэж насанд хүрсэн хэдий ч хүлээн зөвшөөрөгдөөгүй мэдрэмж төрж, өөрийгөө чухал, ач холбогдолтой хүн биш, үл тоогдож мартагдсан зэрэг мэдрэмжийг мэдэрдэг. Энэ нь мөн хүүхдэд би хэний ч өмнө хариуцлага хүлээхгүй, мөн намайг хаана ч байсан хэн ч санаа зовохгүй гэсэн итгэл үнэмшил, мэдрэмжийг үлдээдэг. Түүнчлэн өөрийн оршин байгаагаасаа уучлал гуйх хүртэл байдлаар нөлөөлөх боломжтой.
• Зөрчилдөөний үеийн эрх мэдлийн загвар:
Хэрэв эцэг эх асран хамгаалагчид хоорондоо муудалцаж, эсвэл бие биедээ таагүй сэтгэгдэл, мэдрэмж төрүүлэх, эцэг эхийн аль нэг нь хүүхдийн эргэн тойронд түрэмгий үйлдэл байнга гаргах үед хүүхэд эцэг эх, асран хамгаалагчийн бий болгосон итгэж болмооргүй нөхцөл байдал болон сөрөг сэтгэл хөдлөлийг өөртөө хүлээн авдаг. Энэ нь хүүхдэд айдас төрүүлж өөрийгөө ийм нөхцөл байдлыг үүсгэхэд нөлөөлсөн буруутан мэтээр хүлээн авдаг.
• Дэмжлэг үзүүлдэггүй асран хамгаалагч:
Хэдийгээр хүүхэд дээрэлхэлт, дарамт, доромжлогдсон мэдрэмж авсан ч өөрийн гэр бүл эргэн тойрон дахь хүмүүсээс аюулгүй, тайван мэдрэмж авч чаддаг бөгөөд өөрийн үнэлэмжээ эргээд тогтвортой болгоход тийм ч хүндрэлтэй биш байдаг. Хэрэв хүүхэд гэр болон гэрээс гадуурх орчноосоо аюулгүй, тайван мэдрэмж авч чаддаггүй бол төөрөлдсөн, орхигдсон, итгэл найдваргүй, өөрийгөө үзэн ядах сэтгэлтэйгээр амьдардаг. Тухайн хүүхэдтэй нөхөрлөсөн хүмүүс өөрийг нь өрөвдсөний үндсэн дээр таатай харилцаж байна гэж итгэдэг. Мөн өөрийнхөө эргэн тойрон дахь хүмүүсээ итгэж болохооргүй, аюултай хүмүүс байх ёстой хэмээн боддог байна.
Эх сурвалж:
Сэтгэл Судлалын Үндэсний Төв ТББ
ЗАН ҮЙЛД НӨЛӨӨЛӨХ АЛБАДАН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР