Хүчирхийлэл дор өссөн хүүхэд хүчирхийлэгч болдоггүй...
Нийтлэлч: Familycenter.mn

Даван туулагчийн түүх

Хүн болох хувь тавилан юутай их аз завшаан болохыг сонсож өссөн бага нас минь саяхан санагдана. Хүүхэд бүхэн инээж хөөрч баяр жаргалтай байхыг харах надад сайхан байсан ч миний туулж буй амьдралд инээх шалтгаан ховорхон байдаг байлаа. 
Саяхан Чингэлтэй дүүргийн нэгэн дунд сургуульд 7-н настайдаа анх сурагч болсон. Ангидаа их сэргэлэн цовоо, хөдөлгөөнтэй, багшийнхаа хайртай шавь, анги хамт олондоо нэр хүндтэй, хичээлдээ дуртай охин байлаа. Суралцаж байх хугацаанд аавын минь тус дэм, анхаарал надад маш их үгүйлэгдэж байсан. 
Энэ бүхнээр миний амьдралын бэрхшээл дуусдаг байсансан бол хичнээн сайхан. Гэвч бяцхан бие минь даахааргүй сэтгэлийн зовлон айдас дарамт дунд өссөндөө. 
Айлын хүүхдүүд өглөө босоод сайхан амттай хоол, шинэ хувцас, ирээдүйн хүсэл мөрөөдлөө бодон сэрдэг бол миний хувьд өнөөдөр хэрүүл битгий болоосой, аав архи битгий л уугаасай, ангийхан минь намайг ийм хэцүү амьдрал туулж буйг маань битгий л мэдчихээсэй гэсэн зовинолоор дүүрэн өглөөг угтаж, өдөржин энэ л бодлоо тээсээр шөнийг угтдагсан. 
Миний хувьд гэр маань хэзээ ч айдасгүй амар амгалан газар байгаагүй. Тиймдээ ч боломж л гарвал ангийнхаа хүүхдүүдийнд очиж хичээл давтах нэрээр өдрийг өнгөрүүлдэг байлаа. Ээж маань ч энэ бүгдийг ойлгож намайг явуулахаас цаарагладаггүй байсан юм. 
Ээжийнхээ бидэнтэй хамт туулж өнгөрүүлсэн амьдралыг бодохоос сэтгэл өвддөг. Харсан хүний нүд хальтармаар хүнд өдөр хоногууд байсан. Ээж бидний төлөө цаг наргүй хөдөлмөрлөж амьдралаа зориулж байсан ч үүний шагнал гэж хэзээ ч байгаагүй. Үргэлж л зодуур, дарамт, доромжлол дунд амьдарсан ээжид минь баярласан өдрүүд өдрийн од шиг ховорхон байсан. 
Ганц ч биш олон удаагийн давтамжтайгаар хүчирхийллийн хохирогч, гэрч болж хамгаалалт хүсэн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байранд ээжтэйгээ хамт очно... Тэдгээр өдрүүдэд л бүтэн нойртой хонож, сэтгэл маань жоохон амсхийнэ. Гэвч өдөр хоног өнгөрч буцаад л хэвийн амьдрал минь намайг угтана. 
 
Аавын минь араатан шиг зан авир өнгөрсөн сэтгэлийн шархууд дээр минь өдөр бүрээр нэмэрлэсээр зүрх сэтгэлд минь гүн гүнзгий шарх үүсгэсэн. Энэ бүхэн хэзээ дуусах нь мэдэгдэхгүй үргэлжилсээр, нүд минь нулимсаар дүүрэн, сэтгэл минь гунигт бодлуудаар дүүрэн өдрүүд яг л түүдэг утас шиг хөвөрч байсан. 
Сул дорой, хүчгүй, эрх мэдэлгүй хүүхдүүд бидний хамгийн ойрын туслагч, хамгаалагч, хайрыг мэдрүүлэгч, хангагч, өмгөөлөгч нь байх үүрэг эцэг эхчүүдэд өгөгдсөн шүү дээ. Гэвч энэ бүхнийг авах хэрэгцээтэй хүүхдүүд танихгүй хүнээс бус хамгийн ойрын хайртай хүнээсээ доромжлол, зодуур, айдас дарамт, хүчирхийлэл харгислалыг мэдрэх нь дэндүү шударга бус, аймшигтай. 
Миний хувьд аав хэмээх хүний халуун дулаан ханхар цээж, аавын цамцнаас үнэртэх үнэр, дулаан тэврэлт, харц, сайхан дурсамжууд зүрх сэтгэлийн минь орон зайн хаана нь ч үлдээгүй. 
Одоогоос нилээн хэдэн жилийн өмнө аав маань архинд живж, өвлийн нэгэн хүйтэн өдөр гэртээ ирж амжилгүй нас барсан юм. Энэ эмгэнэлтэй мэдээ биднийг цочирдуулсан. Үүнээс хойш ээж минь хэдэн хүүхдээ “өрх толгойлсон эмэгтэй” гэдэг нэрийн дор өсгөж, биднийгээ боловсролтой, мэргэжилтэй хүн болгохыг зорьсоор ирсэн. 
Бид хүчирхийлэл дор өссөн хүүхдүүд заавал хүчирхийлэл үйлдэгч болдоггүйг өөрсдийн биеэрээ үлгэрлэн харуулахыг зорьж, харин ч хүчирхийллийг үл тэвчдэг хүн болохоор “Нийгмийн ажилтан” мэргэжлийг эзэмшсэн. Хүчирхийллийн сүүдэр хүүхдэд хэрхэн нөлөөлдгийг өөрийн биеэрээ мэдэрч өссөн хүний хувьд ийм байдалд байгаа хүмүүст туслахаар төрийн бус байгууллагыг байгуулан сэтгэл шулуудан ажиллаж байна. 
Миний туулсан амьдралын бараан өдрүүдийг дахин нэг ч болтугай хүүхэд бүү мэдрээсэй гэсэндээ хүүхэд, эмэгтэйчүүд рүү чиглэсэн олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж эхлээд байгаа. 
Эргэн тойронд тань тааралдах гашуун нулимстай, харанхуй бараан өдрүүдийг туулан өнгөрүүлж байгаа хүүхэд эмэгтэйчүүдэд таны тусламж маш их хэрэгтэй байдаг юм шүү. 
Хүчирхийллийн эсрэг таны хийх алхам бүр хүчирхийлэлд өртсөн хэн нэгний амьдралд хонгилын үзүүрт асах гэрэл адил итгэл найдвар, урам зоригийг өгч байдаг. 
Бусдын төлөө хийсэн таны багахан тус тэдний ирээдүйн амьдралд төсөөлшгүй өөрчлөлтийг авчирч чадна гэдэгт итгээрэй. 
Эх сурвалж: Хүчирхийллийн эсрэг үндэсний төв