Урьдчилан уншигч танд багахан төсөөлөл өгөх нэгэн жишээ өгүүлье. Та дэлхийн бүх улс орныг өөр өөрийн гэсэн өнгө, ертөнц, ур чадвартай сурагч гэж төсөөлөөрэй. Тийм нэгэн сургуульд тив тивээр нь ялган хуваарилсан ангиуд байна гэж бодъё.
Тэгвэл Ази тив хэмээх ангийн аль нэг салаанд хойхнуур сууж байгаа нэгэн сурагч дээр анхаарал хандуулаарай. Багш нарын дүгнэлтээр бол ирээдүйтэй сайн сурагч боловч эцэг эх нь салсан, аав нь архины хамааралтай он удаан явсаар өдгөө хүнд өвчинтэйгөө тэмцэж буй, ээж нь түгшүүрлэх эмгэг, сэтгэл гутралтай гэдгээ ч анзаарах сөхөөгүй амьдралд нухлагдсан, ийм нэг айлын хүүхэд. Энэ хүүхдэд холын зорилго, мөрөөдөл, олон олон гэрэл байх авч хэн ч түүнийг нь сонирхож анзаарахгүй. Эцэг эх нь үргэлж маргалдаж, тэмцэлдэж байдаг тул тэрээр хайр халамж гэдгийг зөвхөн үлгэрт л гардаг мэт санана. Өсвөр насны энэ жаал дотроо юу бодож эхэлсэн гээч? Ирээдүйд ямар ч аргаар хамаагүй албан тушаалтан болж, амар, хялбар амьдрах тухай бодож эхэлсэн. Учир нь, хэн ч түүнийг хайрлахгүй тул амьдралд хайр, хүн чанар, сайхан сэтгэлээс илүүтэй аливаа зүйлд санаа зовох шаардлагагүй хангалуун амьдрал, эрх мэдэл байхад сэтгэлийн хоосон орон зай нь дүүрчих юм шиг гэнэн төсөөлж эхэлжээ.
Энэ сурагчийн нэрийг МОНГОЛ гэдэг.
Итгэмээргүй бараан, дэгсдүүлэл ихтэй, хатуухан эхлэл байсан бол өршөөгөөрэй. Гэвч монголчуудын сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудыг “эмзэглэл” хэмээн нэрийдвэл судлаач хүний хувьд өгүүлэхэд бид дээрх зүйрлэл шиг сэтгэлдээ эмзэглэл ихтэй, түүнээсээ болж ядарч, туйлдсан нэгэн болж хувирсан нь маргашгүй үнэн.
......................................................................
Сэтгэцийн эрүүл мэнд гэж юу болох тухай ярихын өмнө нэгэн сонирхолтой тоо баримт дурдъя. Жил бүр сэтгэцийн эрүүл мэндээс үүдэх төрөл бүрийн асуудал, бэрхшээлээс болж дэлхийн эдийн засагт нэг триллион ам.долларын хохирол учирдаг. Энэ нь манай улсын жилийн төсвөөс 240 дахин их мөнгө юм.
Хөдөлмөрийн эдийн засаг талаасаа авч үзвэл хувь хүний сэтгэцийн хямрал ажлын бүтээмжид нөлөөлснөөр дэлхий дээр жилд 12 тэрбум ажлын өдрийн бүтээмж салхинд хийсэж байна гэсэн үг.
2018 онд Лондонд зохион байгуулсан “Даян дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн чуулганы” үеэр судлаачид уг тоог танилцуулж, дэлхий даяар жил бүр хоёр тэрбум хүн сэтгэцийн аливаа зовиураас болж шаналж буй тухай тоон мэдээ дурджээ.
Түүнчлэн ядуурлын индекс нэг хувиар нэмэгдэхэд сэтгэцийн эрүүл мэндийн индекс гурван хувиар нэмэгддэг тооцоо бий.
Улс орны эдийн засаг, нийгмийн сэтгэлзүйн эрүүл мэнд ийнхүү шууд харилцан хамааралтай болохыг сүүлийн үеийн тоо баримтууд бэлхнээ харуулж байна.
Сэтгэцийн эрүүл мэнд гэхээр л уур хилэн, уйтгар гунигийн тухай төсөөлөл хүмүүст буух нь бий. Галзуурал, ямар нэг өвчин, сэтгэл хэмээх эрхтэн байгаад тэр нь өвдчихөөд байгаа мэт өнгөцхөн бас хайхрамжгүй дүгнэлтүүд энд тус болохгүй.
Энэ бол хүний оршихуйн, амьдрахуйн, ухаалаг аж төрөхүй, хүн хоорондын харилцааны мөн чанарын тухай маш энгийн мэт боловч гүн гүнзгий ойлголт. Монголчууд бид маш том газар нутагт гуравхан саяулаа аж төрөн суудаг үндэстэн атал энэ цөөхөн хүнээ таньж мэдэж, судалж амжилгүй явсаар шинэ зууны эхний хоёр арван өнгөрлөө. Дэлхийн улс орнууд хамгийн үнэт капитал болох хүмүүн гээчийн оюун сэтгэл, бие физиологийн цараа, нөөц боломж, учирч буй бэрхшээл асуудлыг тандан судалснаар, нийгэм, эдийн засгийн хувьд цаашид хэрхэх бодлогоо боловсруулдаг. Монголд энэ ажлыг хэн хийж байна? Шулуухан хэлэхэд өнөөгийн нийгмийн болхи асуудлуудын цаадах нарийн учир шалтгаан нь хүнээ зөнд нь хаяж, тэдний оюун ухаан, сэтгэл мэдрэмжийн нандин торгон утсаар нийгэм гээчийг нэхэн сүлждэгийг таг мартсанд оршиж байна.
Сэтгэцийн эрүүл мэндийн талаарх жил бүрийн тайлан мэдээг харахад монгол хүн бүх талаараа төрийн бодлогоос хол хаягдан хоцорч, зөвхөн байгалийн зөн өгөгдлөөрөө өөрөө өөрийгөө газарчлан явааг харж болно. Өнөөдөр нийгмийн хэмжээнд тулгамдаж буй олон эмзэг асуудал буйгаас нэн түрүүн эмчилж, илааршуулах шаардлагатай хэмээн үзэж буй гурван зүйлийг онцолъё.
Хожимдсон харуусал
Монгол хүний дундаж наслалт 70 бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн насны дундаж зөрүү 8.4 жил. Ийм зөрүүтэйгээс гадна эрчүүдийнх нь наслалт ийм богино улс дэлхий дээр маш цөөхөн. Тодруулбал хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан өнөөгийн “Стан” орнуудад л эрчүүдийн наслалт манайтай дөхнө.
ДЭМБ-ын тайланд дурдсанаар монгол эрчүүд халдварт бус өвчний нас баралтаар дэлхийд “тэргүүлж” яваа. Үүний шалтгаан их энгийн. Бидэнд эрүүл амьдралын хэв маяг, дадал хэвшил гэдэг зүйл огт байхгүй.
Товчхондоо унтдаггүй, дасгал хөдөлгөөн хийдэггүй, эрүүл хоол хүнс хэрэглэдэггүй, харин ч бүр амь нас, эрүүл мэнддээ эрсдэлтэй бүхнийг хийдэг. Унтах сэрэх, тархиа амраах тогтсон хуваарьгүйн гайгаар энэ зууны хамгийн тулгамдсан асуудал болох нойргүйдэлд маш олноороо өртөж байна. Хөдөлгөөн хийхгүй байснаар стресс, сэтгэл гутралын даавар ихээр ялгарч, сэтгэлийн эмзэглэлд өртөж байна. Буруу хооллож, бичил шим тэжээлийн дутагдалд орсноор бие махбодод өвчин эмгэг үүсэх эхлэл тавигдах нь хэвийн үзэгдэл боллоо. Өрх бүрт бие, сэтгэлийн эрүүл мэндийн тэнцвэрт байдал нь алдагдсан хэн нэгэн байх нь гарцаагүй болж байна.
Энэ байдлаараа явсаар байвал бид 20 жилийн дараа гэхэд улсын төсвийн багагүй хувийг эрүүл мэндийн сул зардалд зарцуулах тооцоо бий. Гэтэл энэ бол бүрэн урьдчилан сэргийлж болох зардал бөгөөд нийгмийн энэ асуудлыг засаж залруулах боломжтой. Гагцхүү та зүрхээ өвдөхөд, ходоодоор хатгуулахад, ханиад хүрээд халуурахад өөрийгөө өвдсөнийг мэдэрч, эрүүл болохын төлөө тэмцдэг шиг сэтгэл дэх эмзэглэл, өвдөлт тань стресс, нойргүйдэл, таргалалт, сэтгэл гутрал болохын дохио өгөхөд анзаарч, эрүүл байхын төлөө тэмцэх хэрэгтэй. Үүнтэй тэмцэхэд нойр, хоол, хөдөлгөөн гурав хамгаас чухал.
Шархалсан зүрхнүүд
Улаанбаатар хот маань хавар, намартаа хуримын цуваагаар гоёж, үзэсгэлэнт сүйт бүсгүй, хархүүгийн инээд хөөрөөр чимж, энэ улсад нэгэн айл өрх гал голомтоо бадрааж буйн гэрч болдог сайхан уламжлалтай. Хуримын ордонд хэн хэндээ үнэнчээ өгүүлэн тангараг тавьж буй хосууд байхад өөр нэгэн танхимд өнчрөл хагацал, гэр бүл салалтын маргаан өрнөж байдаг. Энэ тоо тасралтгүй өсөж буй нь манай нийгмийн “хөндүүр шарх” болоод байна. Нэгэн статистик танилцуулахад сүүлийн хорин жилд гэр бүлээ цуцлуулсан хосын тоо 5.2 дахин өссөн бол, 2019 онд гэрлэлтээ цуцлуулсан хосуудын тэн хагас нь 10 болон түүнээс дээш жил хамт амьдарсан хос байжээ.
Салалт гээч зүйл юунаас үүсдэг вэ? Хоорондын харилцаанд үүссэн хүйтэн уур амьсгал, хайнга байдлыг засаж залруулахыг хичээхгүй явснаар үүсдэг. Бие биеэсээ орой юу идэх вэ? өнөөдөр ямар байв даа? гэж асуухаас хэтрэхгүй, биежиж эхлээд буй хямралаа шийдвэрлэхгүй байх нь салахад хүргэдэг. Нэгэн цагт хэн нэг нь л байхгүй бол энэ өргөн хорвоо ч амьсгалахын аргагүй давчуу байсан хоёр хүн хямрал тулан ирэхэд нэг нэгнээ ойлгож, биесээ дэмжин, жаргалтай байлгахын тулд юу хийсэн бэ? гэдэг асуулт ургана. Та хоёр нэгнийхээ үзэл бодол, ертөнцийг хүлээн зөвшөөрдөг үү? Хамт амьдраад та хоёрын бие хүний хөгжил дээшилсэн үү?
Хамт байхын тулд хэр их хичээл зүтгэл гаргаж, ямар цагийг зарцуулсан бэ? Нээлттэй шударга, нууцгүй ярилцаж чаддаг уу? гэх мэт энгийн асуултад ч хариулт олдохоо больсон бол хосын харилцаанд бэрхшээл учирсны шинж.
Сэтгэл судлалын шинжлэх ухаанд буруутныг хайх хандлага гэж нэр томьёо бий. Хэн нэгнийг буруутгачихвал хариулт олдлоо гэсэн үг. Гэтэл буруутгаж байгаа нь өөрөө буруутан байх нь элбэг.
Бие биеэ буруутгах эцэс төгсгөлгүй, гарцгүй мухардалд орж, тэндээс гарах замыг эрэлхийлэхийн оронд салалтыг сонгож буй хос, залууст төр засаг нь ч бодлогоор анхаарал тавих шаардлага тулгарчээ.
Гэр бүл салалтын нэг аймшигтай тал нь тэр тэндээ зогсдоггүй. Үр хүүхдэд үргэлжлэн ирдэг. Хүүхэд нь эцэг эхийнхээ алдааг давтахгүйг хичээж, өөрт нь харуулсан таагүй бүхнийг жигшиж өсдөг ч өөр сайн гэр бүл, эцэг эхийн жишээг мэдэхгүй, хайр гэдэг дулаахан, амар тайван байдгийг мэдрээгүй бол ахиад л хосын харилцаан дээрээ бүдэрнэ. Дахин нэг салалт. Энэ тойргийг таслах боломжтой. Та өөртөө, өөрийн хосын харилцаандаа, хайртай бүхэндээ л анхаарал хандуул, анзаар, алдаа байвал яг одооноос зас.
Ойн гүнд
Өнгөрсөн жил Амазоны ширэнгэн ой түймэрт өртөж, хэн бүхэн халаглан харуусаж байсан нь санаанд орж байна. Ширэнгэн ой гээч сүрлэг, нууцлаг ертөнцийн багахан хэсгийг ч болов үзэх, Амазон мөрний сав газраар аялах хүсэлтэй над шиг хүнд энэ гунигт мэдээ байлаа. Түүнээс хойших нэг жилийн хугацаанд бид гадагшаа аялах боломжгүй болж, ихэнх цагийг сошиал орчинд өнгөрөөх болсноор энэхүү сошиал ертөнц угтаа, араатан амьтад нэгнээ сүрэглэн барих, байгалийн шалгарал явагдах нэгэн төрлийн ширэнгэн ой лугаа санагдах болов. Хэзээд нэгнээ урж тасдан, хэмлэж, амьдаар нь шонд өлгөхөд бэлэн тавьтаргүй хүн сүрэг энэ сошиал ертөнцөд байдгийг мэдэрсэн нэгэн жил өнгөрлөө. Нийгмийн айдас савнаасаа хальж, ёс суртахуунгүй байдлын суурь болсноор оюунт хүнээс үл гарам араатанлаг үйлдэл хэвийнд тооцогдох болсон жишээнүүд байна.
Хүмүүс сошиал ертөнцөд аж төрсөөр бодит ертөнцөөс ихэд холдож, алив зүйлийг бодитоор мэдэрч, үнэн сэтгэл мэдрэмжээрээ хүлээж авах нь тэр хэмжээгээр багасчээ. Бидний ихэнх нь сэтгэл хөдөлгөсөн кино үзээд өрөвдөж, эмзэглэдэг ч гэлээ бодит амьдрал дээрх ижил үйл явдал, ижил жишээ баримтыг төдийлөн хайхардаггүй. Онлайн ертөнцөд илэрдэг сэтгэл хөдлөл бодит ертөнцөд байхгүй нь ямар учиртай вэ? Нөгөө талаас онлайн ертөнцөд нэр нүүрээ далдлан оршиж чадах тул ёс суртахууны ухамсраас ангид, дур зоргоороо аашилж болдог бол бодит нийгэмд хариуцлагын тогтолцоонд хүлэгдэн нийтийн дүрмээр амьдрах болно. Бидэнд ер нь хэчнээн дүр, хэчнээн авир, хэчнээн баг байна гэсэн үг вэ?
Сэтгэл судлалын үүднээс үзвэл хүн бусдад таалагдах гэж, тэдний үнэт зүйлд нийцэх гэж амьдрах явцдаа жинхэнэ өөрийгөө гээж орхидог. Доторх үнэнтэйгээ зөрчилдөж эхэлнэ. Нэн ялангуяа орчин цагт хүн өөрийн үнэн худал, ёс суртахуун, ухамсар, “би”-гээ ялган таних боломж хязгаарлагдмал, тасралтгүй мэдээлэл, харилцааны эргүүлэгт эргэлдэж байна. Ингэж бусдын урсгалд автан урссанаар хүний сэтгэл гутрал, түгшүүр, өөртөө итгэлгүй байдал төлжин томордог. Мөн хүүхэд насны алив сэтгэл эмзэглүүлсэн зүйлс, эцэг эх, гэр бүл, нийгмийн зүгээс учруулсан дарамт гэхчлэн бие хүнд гутрал төрүүлэх олон шалтгаан байж болно. Хамгийн гол нь хүн өөрөө өөртэйгөө ажиллаж, өөрийн сэтгэлийг таньж, эмчилнэ гэдэг нь танд нөлөөлсөн бусдын сэтгэлийг ч, нийгмийн сэтгэхүйг ч таньж, өөрийнхтэйгөө адил эдгээн эмнэхэд нэмэр болж байна гэсэн үг. Яг л гинжин урвал шиг таны асаах гэрэл бусдын гэрэлд цучил нэмнэ.
Эцэст нь хэлэхэд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал танд дэлхийн дулаарал, озоны цоорхой, коронавирус шиг аюултай, яаралтай, нэн тулгамдсан асуудал биш мэт санагдаж мэднэ. Гэвч таны сэтгэл зүрх эрүүл биш байхад дэлхий ертөнц, хүн төрөлхтөн ямар утга учир, үнэ цэнтэй байх билээ? Коронавирусийг шинжлэх ухаан ялах нь цаг хугацааны л асуудал. Харин таны сэтгэцийн зовнил эмгэгийг танаас өөр ялж чадах нэгэн үгүй. Та гараа эсгэчихвэл шархны боолт хайж, ходоод өвдвөл эм уудаг шигээ сэтгэлдээ юу болоод байгааг үргэлж анзаарч, эмзэглэх бүрийд заавал эмнэх нь ширэнгэн ойд төөрөхгүй байх цорын ганц арга юм.