Хосын харилцаа-Гэр бүлийн үнэ цэнийг тодорхойлно.
Хүмүүс хоорондын харилцаа, тэр тусмаа хосуудын харилцаа энэ хорвоогийн хамгийн сонирхолтой басхүү адармаатай зүйлсийн нэг байх. Тэр хүн л байхгүй бол хорвоо ертөнц тэр чигтээ харанхуй мэт санагдаж, эсрэгээрээ тэр хүн л дэргэд байвал боломжгүй зүйлийг ч бий болгож чадах асар хүчтэй сэтгэл зүй чинхүү дурласан хүний дотор л оршин байдаг байх. Хосууд хайр сэтгэлийн эхэн үедээ нэгнийхээ алдаа дутагдал, зан чанарын зөрүүтэй байдлыг харж анзаардаггүй. Харин ч тухайн хүний бүх зүйл нь л хайр татам, хөөрхөн санагдаж хайр гэгч биегүй хоосон зүйлийн мөн чанарт харах нүд нь сохордог гэхэд буруудахгүй. Дурласан хайрласан хүн уучлалын зураасыг өөртөө нэн тэргүүнд тавьж хүчирхийлэлд өртсөн ч, хууртсан ч, бүх хүрээлэл чинь хайртай хүнийг чинь үзэн ядаж байсан ч, ганцхан чи л тэр их өөг нь харж чадахгүй байх нь бий. Харин хайрын мөн чанарыг цаг хугацааны уртад шалган таних боломжтой. Өөрсдийн алдаа дутагдал, өөр байдлыг анзаарч харах нь олонтаа.
Эр хүн байж түрүүлж буулт хий, би эмэгтэй хүн учраас түрүүлж уучлалт гуйхгүй, эр хүн ар гэрээ авч явах хэрэгтэй, эмэгтэй хүн хүүхэд төрүүлж, гэртээ суух ёстой, зэргээр хүйсэнд оноосон хүлээлт үүсгэх нь хосын харилцаанд тогтсон хамгийн буруу хандлага.
Учир нь хүн, хүн болохынхоо хувьд үүрэг хариуцлага хүлээнэ.Түүнээс биш анхнаасаа эрэгтэй хүн ийм байх ёстой, эмэгтэй хүн ийм байх хэрэгтэй гэхчлэн харилцааны хувьд хэн ямар байр суурьтай байх тухай баталгаажуулчихсан зүйл байхгүй шүү дээ.
Тэгэхээр туйлширсан, жендэрийн хэвшмэл үзлээсээ болж бид ихэнхдээ бурууддаг тул, даруй салах хэрэгтэй. Чи намайг ойлгохгүй байна, чи их өөрчлөгджээ, чиний буруу, миний буруу гэх зэргээр нэгнээсээ анх учирч байсан үеийн тэр мэдрэмжүүдийг нэхдэг. Гэтэл эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хайрлагдах мэдрэмж авахын тулд нэгнээсээ хүсдэг зүйл нь харилцан адилгүй.
Ер нь хосын харилцааны зөв бурууг шүүх хэцүү л дээ. Зөв, бурууг шүүх гэж тэмцэлдсээр хүчирхийлэл, салалт зэрэг санаад оромгүй үр дагаварт хүрэх нь ч бий. Би, чи, эрэгтэй, эмэгтэй гэсэн үзлээсээ татгалзаж, хоёр тал хоёулаа сэтгэл зүйн хувьд эрүүл байх, харилцан ярилцах, нэгнийхээ хувийн орон зай халдахгүйгээр, аливаа төрлийн хүчирхийлэл үйлдэхгүйгээр асуудлаа шийдвэрлэж дадах нь бат бэх, эрүүл харилцаатай гэр бүл бий болгоход чухал нөлөөтэй.
Хэрэв ярилцаад ойлголцолд хүрч чадахгүй, хоорондын харилцаа чинь хортой, аюултай байдалд буй бол орхиж, татгалзаж сурах хэрэгтэй. Хос хоёрын харилцан ойлголцсон харилцааны цаана гэр бүлийн үнэ цэнэ, үр хүүхдийн жаргалтай өсөх орчин байдаг.
Хосын харилцаанд хайр, харуусал, гомдол, тунирхал бүгд бий. Хамгийн чухал нь үүнд гэр бүлийн үнэ цэнэ, тогтвортой байдал оршдог. Эрэгтэй, эмэгтэй, чи, би гэсэн маргаанаа орхиод, хоорондын асуудлаа харилцан ярилцаж хамтдаа шийдвэрлээд тогтвортой, жаргалтай гэр бүлийн төлөө хамтдаа хичээх үү? Хоёулаа.