М. Цасчихэр: Уламжлалаар халхалсан хэвшмэл ойлголт нь эрчүүдийг хамрагчтайгаа ойлголцох чадваргүй нэгэн болгодог
Нийтлэлч: Familycenter.mn

Эр хүн уйлдаггүй, даардаггүй, зовлонгоо тоочиж, өвчин хэлдэггүй, эр хүн шалчиганадаггүй, жижиг зүйлд гомдоллох ёсгүй, олон таван үг хэлэх ёсгүй.. Эр нөхрөөрөө суултуур угаалгаж, хог асгуулж болохгүй, учир нь тэд бол гэрийн эзэн, ноён нуруу…гэх мэт манай нийгэмд бугласан хүйсээр ялгаварласан жендэрийн хэвшмэл ойлголт эрчүүдийг асуудлаа ярилцаж, зөвөөр шийдвэрлэх чадамжгүй, хатуу чангын туйл, эрүүл мэнддээ анхаардаггүй сул дорой нэгэн болох үндэс болж байна. Цаашлаад энэ хандлага нь жендэрийн суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэхэд хүргэдэг. Тиймдээ ч жендэрийн хэвшмэл ойлголтыг халах, сөрөг сэтгэл хөдлөлөө зөвөөр удирдаж сурах болон хөвгүүдийн хүмүүжил асуудлаар “Эрчүүд-Эрүүл гэр бүл” ТББ-ын тэргүүн М.Цасчихэртэй ярицлаа.

 

-Ярилцлагынхаа эхэнд уншигчдад маань “Эрчүүл-Эрүүл гэр бүл” TББ-ынхаа  үйл ажиллагааны талаар товч танилцуулахгүй юу?

-2005 онд бидний хэдэн залуус нэгдэж архины хамааралтай хүмүүст туслах, хортой зуршлаас ангижрахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн бус байгууллагаа байгуулж зөвлөх үйлчилгээ үзүүлж эхэлсэн.  Энэ ажлыг урт хугацаанд зохион байгуулж байж үр дүнд хүрэхийг ойлгоод хүмүүсийг түр байрлуулах байранд байрлуулж эхэлсэн. Гэтэл хүмүүсийг хооллож, түр амьдруулахын хажуугаар ярилцаж, нээж, нийгэмшүүлэх, мэдлэг олгох нь чухал гэж үзээд сургалтууд орж эхэлсэн. Одоогийн байдлаар манай байгууллага дэлхийн 90 гаруй улсад хэрэгжиж буй “Teen Challenge” буюу “Залуусын дуудлага” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Мөн үйл ажиллагааны анхны чиглэл байсан “архинаас гаргах төв” бие даасан ТББ болж үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна. Харин “Эрчүүд-Эрүүл гэр бүл” ТББ нь Жендерт суурилсан хүчирхийлэл болон Гэр бүлийн хүчирхийллийн асуудалд голлон анхаарч эрчүүдэд зориулсан зан үйлийг өөрчлөх сургалтууд, нөлөөллийн ажлуудаар дагнан үйл ажиллагаагаа явуулдаг.  Бид түр байрлуулах төвд байрлаж буй хүмүүсээс төлбөр авдаггүй, бүх үйл ажиллагаагаа бид сайн дурын үндсэн дээр явуулдаг. Өөрсдийн санхүүжилтээс гадна тус төвийн тусламжтай амьдралаа өөрчилж чадсан хүмүүс үйл ажиллагааны дэмжлэг үзүүлдэг.

-Танай төвд ямар асуудалтай хүмүүст хандах боломжтой вэ?

-Манай төвийн үүд хаалга зөвхөн эрэгтэй эсвэл архины хамаарлаас ангижрах хүсэлтэй гэлтгүй бүх хүмүүст нээлттэй. Албан хүчээр ирсэн хүмүүс оргоод, зугтчихдаг. Түр байрлуулах байранд хүн гэртээ байх үед хийдэг бүх л зүйлсийг хийлгэдэг. Ажлаа ч хийх боломжтой. Хамт амьдарч буй хүмүүс ээлж ээлжээрээ ажил хийгээд ирэхээр зөв амьдралын хэвшилтэй болж эхэлдэг. Архинаас гаргахаас гадна сөрөг сэтгэл хөдлөлөө зөв удирдах чадвар олгодон. Зан үйлээ өөрчлөхийн тулд хамгийн багадаа 6 сар байхыг зөвлөдөг. Учир нь хүний зан үйл засрах, өөрчлөгдөхийн тулд 2-5 жилийн хугацаа шаарддаг. Хүнд 49 зан чанар гэж байдаг. Энэ зан чанаруудаас зөвийг нь өөрийн болгоход суралцуулдаг. 

-Жендэрийн хэвшмэл ойлголтын сэдэв рүү яриагаа чиглүүлье. Яагаад энэ асуудал аливаа хэлбэрийн хүчирхийлэл үйлдэгдэхэд хүргэдэг вэ?

-Бичигдээгүй хууль мэт нийгэмд үйлчилдэг, амнаас ам дамжсан буруу хэллэг, хүйсээр ялгаварласан ойлголт, хандлагыг жендэрийн хэвшмэл ойлголт гэж хэлж болно.  Тухайлбал, уламжлалаар халхавчилсан хүүхэд хүмүүжлийн аргуудыг дурдаж болно. 

Эр хүн байж уйлж болохгүй, хүчтэй байх ёстой, эр хүн юм бол олон зүйл ярьж, бүү шалчигна гэх зэрэг хэвшмэл үзэл нь эрчүүдийг тэдний өөрийгөө илэрхийлэх, бусадтай ойлголцох чадварыг үгүйх хийж, асуудлыг хүчээр шийддэг хортой үзэл, хандлагаар хайрцагладаг. 

"Хортой гэсний учир нь хэвшмэл ойлголт нь тухайн хүнийг өөрийнхөөрөө байх хүслийг нь нухчин дарж, гэр бүлийн харилцаанд эхнэртэйгээ, хүүхдүүдтэйгээ ойлголцож чадваргүй болгодог. Энэ үзлийг цааш нь дэлгэрүүлсээр байвал эрчүүд бусдын нүдэнд сул дорой нэгэн болж харагдахгүйн тулд хэвшмэл үзэлд хайрцаглагдаж чанга, хатуугийн туйл нэгэн болж төлөвшдөг. "

-Гэр бүл, нийгэм, соёлын орчин дахь эрэгтэй хүний талаар хэвшмэл ойлголт нь тэднийг сэтгэл хөдлөл, уур бухимдлаа зөвөөр илэрхийлэх чадамжгүй, аливааг хүч хэрэглэж шийддэг болж төлөвшихэд хүргэдэг юм байна. Тэгвэл хөвгүүдээ илүү нээлттэй, сэтгэл хөдлөлөө зөв удирдаж чаддаг болгож хүмүүжүүлэх, цаашлаад хэвшмэл ойлголтоос ангид гэр бүлийг харилцааг бүтээхийн тулд эцэг, эхчүүд юуг анхаарах вэ?

-"Юун түрүүнд эцэг, эхчүүд хүүхдээ эрэгтэй, эмэгтэй гэж хүйсээр ялгалгүй хүүхэд бол хүн гэдгээр нь хүлээн зөвшөөрч хүсэл сонирхолыг нь хязгаарлахгүй хүмүүжүүлэх хэрэгтэй. Эрэгтэй, эмэгтэй хүний хийх ёстой ажлыг хүйсээр нь ангилснаар хүүхэд насанд хүрэх үед би зөвхөн өөрийн хүйст харгалзах ажлыг л хийх ёстой гэсэн ташаа ойлголттой болдог. Хөвгүүдээ хүчирхэг болгоё гэх үзэл нь аливааг хүчирхийллээр шийддэг аргад сургаж, ирээдүйд гэр бүл зохиож, эрх тэгш гэр бүлийн цогцлооход сөргөөр нөлөөлдөг."

Мөн  эцэг, эхчүүд өөрийн сонголтоо хүүхдэдээ тулган шаардах нь хүүхэд өөрийгөө алдахад хүргэдэг. Тиймээс тэдний хүсэл мөрөөдлийг сонсож, түүнийгээ биелүүлэх, сонголт хийх боломжийг нь олгох нь зүйтэй.

Хөвгүүд өөрт тохиолдсон зүйлсээ илэрхийлэхгүй, уур, гомдол, сэтгэл доторх асуудал бэрхшээлээ дотроо удаан хадгалах нь сэтгэлзүйн гэмтэл үүсгэдэг. 

Багаас нь хүүхдийг “чимээгүй бай, дуугүй бол, битгий уйл” гэх зэргээр мэдрэмжийг нь хорьсноор тархины хөгжил саатдаг болохыг шинжлэх ухаанаар нотолсон. Тархинд бодол, мэдрэмж, үйлдэл гурвыг удирддаг хэсэг гэж байдаг. Тиймдээ ч зөв бодол нь мэдрэмжээр дамжин, зөв үйлдэл болдог.  

Гэтэл мэдрэмжээ хориулж өссөн хүүхдийн мэдрэмж хөгжихгүй, өөрийгөө илэрхийлэх, бусдын зовлон, уй гашуу өвдөлтийг ойлгож чадахаа больдог. Ингэснээр бодол нь мэдрэмжээр дамжихгүй шууд үйлдэл болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл уур хүрсэн бол хэрэлдэнэ, маргалдана, зодолдоно.

Харин мэдрэмжийг нь хөгжүүлснээр, бодлоо мэдрэмжээрээ дамжуулан удирдаж, уур бухимдлаа буруу илэрхийлбэл гарах үр дүн нь юу байхын тооцоолж, зөв эерэг аргыг эрэлхийлж сурна.

"Тэгэхээр хэвшмэл ойлголт нь хүүхдийн мэдрэмжийг нь үгүй хийдэг тул эерэг хүмүүжлийн аргууд болох хүүхдийнхээ хүсэл эрмэлзлийг хүндэлж, тухайн өдрийг хэрхэн өнгөрүүлсэн талаар нь  ярилцаж, сонсож, тэднийг ойлгохыг хичээх хэрэгтэй"

-Хүүхдээ хэрхэн хүний эрхийн мэдрэмжтэй, хариуцлагатай болгож хүмүүжүүлэх вэ. Үүнд эцэг, эх, сурган хүмүүжүүлэгчдийн оролцоо юу байх вэ?

-Гэр бүлийн гишүүдийн оролцоо хамгаас чухал. Эцэг, эх нь хоорондоо хүндлэлтэй харилцаж байна уу, хэн нь ямар асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгааг хүүхэд ажиглаж суралцдаг. Хэрэв аав, ээж нь асуудлыг хүчээр шийддэг, өөрийн бодлоо бусдад тулгадаг байвал яг л тэр зан араншинг өвлөж авдаг. Мөн ажил үүргийн хуваарилалт, харилцаа, хандлага дээр хүйсээр ялгаварлах шалтгаан болдог буюу ээжийнхээ хийдэг ажлыг эхнэрээсээ, аавын хийдэг ажлыг нөхрөөсөө хийхийг өөрийн эрхгүй шаарддаг. Түүнийг нь биелүүлэхгүй болохоор үл ойлголцол үүсдэг. Тиймээс өөрийн туулсан амьдралтайгаа эсвэл бусадтай харьцуулахгүйгээр тухайн нөхцөл байдлын талаар хостойгоо нээлттэй ярилцаж, шийдэл олох нь чухал. Эхнэр нь оёдол хийж чаддаггүй бол оёдолчинд хандах, нөхөр нь сантехникийн мэдлэггүй бол мэргэжлийн хүнд нь даатгах байдлаар хялбар шийдэх боломжтой.

Тиймээс гэр бүлийн харилцаанд гишүүдийн тэгш оролцоог хангах үүднээс хүйснээс үл хамаарсан ажил үүргийн хуваарилалт гаргах, хүүхдэдээ  багаас нь  гэр бүлийн харилцаанд хүн бүр эрх, тэгш оролцоотой болохыг үйлдлээрээ үлгэрлэх нь нэн чухал.

Олон хүмүүс гэр бүл нь хүчирхийлэл дунд өссөн  хүүхэд хүчирхийлэгч л болж төлөвшинө гэсэн хэвшмэл ойлголттой байдаг. Гэр бүлийн орчин хэдий буруу харилцаа, хандлагатай байсан ч сургуулийн орчинд сургалтаар дамжуулан зан төлөвийг өөрчлөх, зөв хандлагатай болж төлөвших эерэг хүмүүжлийг олгож чадвал хүүхэд түүнээс суралцаж, хүчирхийлэгч болохоос сэргийлэх боломжтой.

-Сөрөг сэтгэл хөдлөлөө удирдаж чадахгүй, согтууруулах ундаа хэрэглэх, хүчирхийлэл үйлдэх хандлагатай хүмүүст  уур бухимдлаа эерэгээр илэрхийлж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг хадгалахад чиглэсэн зөвлөгөө өгвөл?

-Манай төв сургалтад хамрагдаж буй эрчүүдээс ажиглахад ихэнх эрчүүд сөрөг сэтгэл хөдлөлөө согтууруудах ундаа хэрэглэх, гэрээсээ явах, хамтрагчтайгаа хэрэлдэх эсвэл бие махбодод халдах зэрэг үйлдлүүдийг хийдэг.  “Үүнээс өөр арга юу байж болох вэ” гэх асуултад ихэнх нь хариулж мэддэггүй. Харин зан үйлийн сургалтаар хүчирхийлэл, хардалт гэж юу болох, гэр бүл оршин тогтнох, ойлголцоход юу чухал байдаг, гэр бүлийн үнэ цэнэ юунд оршдог вэ гэх зэрэг сэдвүүдээр сургалтууд орсноор аажимдаа хүмүүс алдаагаа ойлгодог. 

Сургалтын эхэнд хүмүүс түлхүү хамтрагчаа буруутгаж, өөрсдийгөө өмгөөлөх хандлагатай байдаг ч удаа дараагийн сургалтаар алдаагаа ухамсарлаж, зөв шийдлийг олдог. Тухайлбал, манай байгууллага зан үйлд нөлөөлөх сургалтад хамрагдаж буй хүмүүсээр “Мөрөөдөл” сэдвээр зураг зуруулдаг. Ихэнх хүн гэр бүлээрээ жаргалтай байсан үеээ зурдаг. Тэгвэл яагаад хайртай хүмүүсийнхээ эсрэг хүчирхийлэл үйлдээд байна вэ гэхээр ерөөсөө л тэд аливаа асуудлыг ярилцаж, зөвшилцөж, өөрийгөө ойлгуулж, бодит байдлыг хүлээн зөвшөөрч сураагүй байдаг. Таны уур, бухимдал хүрч байвал хашаа хороогоо цэвэрлэх, гарч гүйх, алхах, найз нөхөдтэйгээ ярилцах зэргээр согтууруулах ундаа, хүч хэрэглэхгүйгээр тайлж сураарай. 

-Мэдрэмж нь дутуу хөгжихөөр асуудлыг хүч хэрэглэн шийдэх зан авирыг бий болгодог гэлээ. Тэгвэл насанд хүрсэн хүний мэдрэмжийг хөгжүүлж болдог уу?

-Бололгүй яахав. Мэдрэмжийг хөгжүүлэх хамгийн чухал арга бол ярилцах. Ямар ч нөхцөл байдалд, юу ч тохиолдсон ярилцаад л байх хэрэгтэй. Ярилцах сэдлийг эхнэр нь түрүүлж өдөөх хэрэгтэй. Юуны ч талаар хамаагүй ярилцаад л бай. Харин тухайн яриандаа нөхрийнхөө оролцоог дэмжих нь чухал. Эрэгтэй, эмэгтэй хүний асуудал гэж салгахгүйгээр асуудлыг гэр бүлийн гэж үзэж хамтдаа шийдвэрлэх гэж оролдох хэрэгтэй. Хүүхдүүдээ ч мөн оролцуулах хэрэгтэй. Жижиг гэлтгүй асуудлыг хамтдаа шийдвэрлэж сурснаар аажимдаа ярилцаж, ойлголцох чадварт суралцдаг.

-Гэр бүлийн харилцаанд үүсдэг бас нэг томоохон асуудал бол хардалт шүү дээ. Хамтрагчаа хардах зан араншингийн шалтгаан юу вэ. Хартай хүн засардаг уу?

-Хардалт бол тухайн хүнийг хүн гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн шинж. Зөвхөн өөртэй нь хамт байх ёстой мэтээр өмчирхөж, тухайн хүнийг өөрийн өмч мэт үзэх нь хардалтын шалтгаан. Аливаа нөхцөл байдлыг ургуулж бодох, хийсвэрээр төсөөлөх, түүндээ итгэх, хамтрагчдаа сэтгэл зүйн хүчирхийлэл үзүүлэх нь нэг төрлийн сэтгэцийн эмгэг, тухайн хүн өөртөө итгэлгүй байгаагийн шинж. Энэ төрлийн сэтгэл зүйн эмгэгтэй хүмүүс “Хайртай бол хартай” гэх мэт хэвшмэл, буруу үзэл, ам дамжсан яриагаар хамтрагчаа өмчлөх, эрхийг хязгаарлаж, хүчирхийлэл үзүүлдэг. Гэтэл хүн нийгмийн харилцаанд орох, найз нөхөд, хамт олонтой байх, бусдын хараа хяналт, дарамтаас ангид байх салшгүй эрхтэй.

"Тэгэхээр “Хайртай бол хартай” гэх зэрэг хэвшмэл ойлголтыг халж, “Хайртай бол хайртай”, “Хайр бол хүндлэл”, “Хайр бол хэний ч эрхийг хязгаарладаггүй”, “Хайр хүчирхийлдэггүй” гэх мэт эерэг ойлголтуудыг түгээх нь чухал."

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийг зан үйлд нөлөөлөх сургалтаар дамжуулан хүний эрхийн тухай, үл өмчлөх, хүнийг хүнээр нь хүлээн авах хандлагыг төлөвшүүлснээр тухайн хүн хамтрагчдаа өмчирхсөн сэтгэлээр ханддагаа ойлгож, засарч болдог. Тухайлбал, манай “Эрчүүд-Эрүүл гэр бүл төв” зан үйл өөрчлөх сургалт авч буй эрчүүдэд эсрэг дүрд тоглуулах аргыг хэрэгжүүлдэг. Ингэснээр тухайн хүн хамтрагчийнхаа оронд өөрийгөө тавьж, өөрийн гаргаж зан араншингаа мэдэрч, нөгөө хүндээ ямар их дарамт учруулж, хэцүү нөхцөл оруулдагаа ойлгоход нь тусладаг.

-Тэгвэл жендэрийн хэвшмэл ойлголтыг бүхэлд нь халж байж энэ төрлийн хүчирхийллийг бууруулах боломжтой байх нь ээ?

-Хэвшмэл ойлголтыг үгүй хийхэд тулд гэр бүлийн орчноос эхэлж, мөн хүмүүст мэдлэг мэдээллийг тасралтгүй хүргэж,  мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хүмүүс би л хүчирхийлэл үйлдэхгүй эсвэл өртөхгүй байхад хангалттай боддог. Гэтэл зөв хүний чимээгүй үйлдэл нь хүртэл хүчирхийллийг өөгшүүлдэг. Дараагийн нэг ташаа ойлголт нь хууль бол тухайн иргэнийг хамгаалах хэрэгсэл байтал баривчилдаг, торгодог шийтгэх хэрэгсэл гэж ойлгодог. 

Хуулиас айх хэрэггүй. Хууль бол боломж. Хуулийн талаар зөв ойлголттой байя. Ингэж байж зөв сонголт хийж, эрхээ хамгаалуулж, эрх чөлөөтэй амьдрах боломжийг хүртэнэ. Тиймээс жендэрийн хэвшмэл, буруу ойлголтыг зөвөөр солье, хүүхдээ зодож шийтгэдэгээ зогсооё. Харин тэдэнтэй ярилцаж, мэдрэмжийг нь хөгжүүлье.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.