Манай улсад сүүлийн жилүүдэд гэр бүл салалтын тоо хурдацтай нэмэгдэж байгааг судалгаагаар тогтоожээ. Мөн гэр бүлээ цуцлуулж буй иргэдийн дийлэнхийг залуучууд эзэлдэг гэсэн дүгнэлт гарсан байна. Тиймээс гэр бүл салалтын шалтгаан болон үр дагавар, зөв гэр бүл төлөвлөлтийн талаар Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн сэтгэл зүйчээр ажиллаж байсан, МУБИС-ийн Сэтгэл судлал арга зүйн тэнхимийн багш Ш.Батболд-тай ярилцлаа.
-Монголчуудын дийлэнх нь хуримаа сайн, муу өдөр харж байж хийдэг. Өдрөө хүртэл сонгодог гэхээр чухал ач холбогдол өгдөг мэт. Гэтэл гэр бүл салалтын тоо сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдэж байна. Мэргэжлийн хүний зүгээс гэр бүл салалтын тоо нэмэгдэж байгааг ямар шалтгаантай байна гэж тодорхойлж байгаа вэ?
-Сайн муу өдөр харж хуримаа хийдэг нь монгол хүний бэлгэдэл, зурхайтай холбоотой ойлголт. Ихэнх хүмүүс үүнийг буддын шашны зан үйлийн нэг гэж үздэг. Гэхдээ миний ойлгосноор буддын шашинд өдөр судар харж аливаа үйл хийх тухай сургааль байдаггүй. Тиймээс залуучууд гэр бүл зохиохдоо өдөр судар харахаас урьтаж бие, хэл, сэтгэл гурваа ариун байлгах ёстой гэсэн буддын шашны хамгийн энгийн сургаалийг мөрдлөгө болгомоор юм шиг санагддаг. Бие дааж амьдрах, хэл яриа, сэтгэл хөдлөлөө удирдах чадвартай болсон хойноо гэр бүл зохиох хэрэгтэй.
Тухайн жилийн гэрлэлтийн тоог, гэрлэлт цуцлуулсан тоотой харьцуулж гаргадаг аргачлалаар бол АНУ-д 53 хувь, ОХУ 51 хувь, харин манай улсад 19,2 хувь байна. Өөрөөр хэлбэл манай улсад зуун гэр бүлийн хорин хувь нь салдаг гэсэн үг.
Энэ хувь АНУ, ОХУ болон бусад улс орнуудтай харьцуулахад бага байгаа мэт боловч хамгийн их анхаарал татаж байгаа зүйл нь гэр бүл салалтийн өсөлтийн хурд маш эрчимтэй явагдаж байна.
2017 онд 3945 гэр бүл гэрлэлтээ цуцлуулснаас, 58,5 хувь нь арав болон түүнээс дээш жил амьдарсан хосууд. Салалтад нийгэм-эдийн засгийн, хот хөдөөгийн, боловсролын гээд олон хүчин зүйл нөлөөлж байгаа ч энд сэтгэл зүйн талын дараах дөрвөн нийтлэг шалтгаанууд багтаж байна.
Үүнд:
- Салалтаас болж ямар хохирол, үр дагавар гардаг вэ?
-Хамгийн эхэнд хүүхэд хохирдог. Манай шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс хийсэн судалгаагаар гэрлэлтээ цуцлуулсан нэг гэр бүлийн цаана дунджаар 2 хүүхэд амьдын хагацал үзэж байна. Хамгийн эмгэнэлтэй нь багад нь эцэг эх нь салсан хүмүүсийн 70 гаруй хувь нь гэмт хэрэгт холбогддог. Мөн гэрлэлтээ цуцлуулсан ихэнх хүмүүсийн сэтгэл санаа, бие мах бодь, эдийн засгийн байдал өмнөхөөсөө дорддог. Харин байнгын гэр бүлийн хүчирхийлэлтэй, хосуудын хэн нэг нь эрсдэл бүхий зан үйлтэй бол бие биенийхээ амь нас, эрүүл мэндэд аюул учруулах, хүүхдийн төлөвшил, хүмүүжилд сөргөөр нөлөөлөхөөс өмнө сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэн, сэтгэл зүйчээс туслалцаа авах шаардлагатай.
-Хосууд харилцаагаа хамгаалан авч үлдэхийн тулд юун дээр анхаарах ёстой вэ?
-Гэр бүлд хамгийн чухал зүйл бол харилцаа. Ялангуяа эхнэр-нөхөр хоёрын харилцаа ямар байна вэ гэдгээс хүүхдийн аз жаргал, зөв хүмүүжил, төлөвшил шалтгаална. Зөв төлөвшиж хүмүүжсэн хүний амьдралд асуудал гарсан ч зөв шийдээд явна. Ийм учраас төрж өссөн гэр бүлийн харилцаа, төлөвшил, хүмүүжлээс маш их зүйл шалтгаалдаг. Хосуудын гаргадаг түгээмэл алдаа нь гэр бүлийн хүнээ дахин төлөвшүүлж, хүмүүжүүлэх гэж үздэг. 5-10 жил өөрийнхөөрөө хүссэнээр өөрчлөх гэж үзээд эцэст нь чадахгүй юм байна, бид хоёр таарахгүй нь гээд салахаар шийддэг. Гэтэл хүний төлөвшил, темперамент, сэтгэн бодох чадварыг хэн ч, юу ч өөрчилж чадахгүй. Харин бусдыг ойлгох, дэмжих, сонсох чадварыг өөрчилж, хөгжүүлж болно. Эдгээр чадвар бол гэр бүлийн харилцаанд төлөвшил, хүмүүжлээс ч илүү чухал шаардлагатай. Ийм чадварт суралцсанаар хосууд харилцаагаа эерэг болгож сэтгэл санаа тайван, аз жаргалтай гэр бүлийг бий болгох боломжтой. Нээлттэй, нөхөр/эхнэрийнхээ оронд өөрийгөө тавьж түүнийг ойлгодог, бие биеэ дэмждэг, сонсдог харилцааг бий болгоход анхаарах хэрэгтэй, энэ бол гэр бүл аз жаргалтай байх гол үндэс. Харилцааны эдгээр элементүүд байхгүй болоход үл ойлголцол, маргаан гардаг. Энэ үл ойлголцол даамжирч явсаар ярилцахаа больж, дэмжиж сонсох нь багасаж маргаан гарах нь ихсэж өөрийгөө хамгаалах, бие биеэ буруутгах байдлаар хосуудын харилцаа өрнөдөг. Энэ тойрог олон жил давтагдсанаар эцэстээ салахад хүрдэг.
-Гэр бүл болох гэж буй хүмүүс зөв сонголт хийж байгаа эсэхээ хэрхэн мэдэж болох вэ. Гэрлэлтийн чанарыг хэрхэн тодорхойлдог юм бол?
-Бие биеэ хэр сайн мэдэх вэ гэдэг асуултаас эхэлнэ. Гэрлэх гэж байгаа хүнийхээ гэр бүлийн хүмүүжил, хоолны зуршлаас эхлээд үнэт зүйл, хүсэл эрмэлзэл, сонирхол нь юу вэ гэдгийг сайн таньж, тэр хүнд алдаа дутагдал байгаа бол түүнийг өөрчилж болох зүйл үү эсвэл хүлээн зөвшөөрч эвлэрч амьдрахаас өөр аргагүй зүйл үү гэдгийг танин мэдэж, ойролцоо боловсрол, нас, гэр бүлийн өссөн орчин төстэй хүнийг сонгох хэрэгтэй. Бие биеэ сайн таньж мэдсэн, нэгнийхээ хүсэл эрмэлзэл, сонирхлыг нь хүлээн зөвшөөрч хүндэтгэдэг, харилцан халамжилдаг, хоёр биенийхээ өмнө болоод хүүхдүүдийнхээ өмнө хүлээх хариуцлагаа харилцан ухамсарладаг байх нь гэрлэлтийн чанар, гэр бүлийн аз жаргалыг тодорхойлох гол үзүүлэлт. Хийж байгаа ажил, амьдарч байгаа нөхцөл, унах унаа, хөрөнгө мөнгөтэй эсэх зэрэг үзүүлэлтээс гэр бүлийн аз жаргал тун бага хамаарна.Учир нь хүн бол нийгмийн, сэтгэл санааны амьтан учраас түүний аз жаргал материаллаг нөхцөл биш хүн хоорондын харилцаанаас шалтгаалдаг.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.