Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хэрхэн шүүхэд хандаж, гэр бүлээ цуцлуулах вэ?
Нийтлэлч: Familycenter.mn

Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу болох талаар мэдлэг, мэдээлэлтэй байснаар урьдчилан сэргийлж, хүчирхийлэл үйлдэгдсэн нөхцөлд таслан зогсоох хариу арга хэмжээ арга хэмжээ авч чадах юм.

 
Хамгийн энгийнээр тайлбарлавал гэр бүлийн гишүүн эвсэл дотно харилцаатай хамтрагчаа  хяналтдаа оруулах, сэтгэл санааны дарамт үзүүлэх, хүсэл зоригийг хязгаарлах, хүсээгүй үед бэлгийн албадах, дарамт шахалт үзүүлэх, эдийн засгийн эрх чөлөөг боомилох, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй1 г хэлдэг.
Гэр бүлийн хүчирхийлэл нь:
 
  • Эдийн засгийн хүчирхийлэл
  •  
  • Бие махбодын хүчирхийлэл
  •  
  • Сэтгэл санааны хүчирхийлэл
  •  
  • Бэлгийн хүчирхийлэл  гэсэн төрлүүдтэй байна.
 
Гэр бүлийн гишүүн эсвэл хамтран амьдрагчийн хэн нэгэн нь сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн, бие махбодын байнгын гүн дарамтанд байдаг, гэр бүлийн орчинд халуун дулаан уур амьсгал айдас, хүчирхийлэл болж хувирсан, цаашид хамтран амьдрах боломжгүй гэж үзвэл хамтын амьдралаа дуусгавар болгож гэрлэлтээ цуцлуулж болдог. Гэрлэлтээ цуцлуулах шийдвэрт хүрсэн эсхүл хэн нэгэн нь цуцлуулах хүсэлтэй  бол өөрсдийн амьдарч буй харьяа дүүргийн, сумын иргэний хэргийн шүүхэд ханддаг.
 
Шүүхэд нэхэмжлэл гаргаж гэрлэлт цуцлахаас өмнө ч  гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авдаг бөгөөд гэрлэлтээ цуцлах болсон шалтгаануудыг тогтоож байж асуудлыг шийдвэрлэнэ.
 
Харин Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүгч хуульд заасан эвлэрүүлэх арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцалж2  болдог.
 
Хүчирхийллийн хохирогч эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч байнгын хүчирхийлэл дарамтад өртөж байсантай холбоотой  дараах нотлох баримтыг шүүхэд гарган өгч болдог.
 
  • Цагдаагийн байгууллагад хандаж байсан дуудлага, мэдээллийн лавлагаа
  •  
  • Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлт
  •  
  • Хүчирхийлэл үйлдэгчид зөрчлийн шийтгэл хүлээлгэсэн шүүхийн шийдвэр
  •  
  •  Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн тогтоол
  •  
  •  Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөний улмаас эмчилгээ хийлгэсэн өрхийн эмчийн бүртгэл, тэмдэглэл, өвчтний онош, гэмтлийн рентген зураг
  • Хамгаалах байрны тодорхойлолт болон холбогдох бусад гэх мэт.
 
Шүүхэд хандахад та эхлээд яагаад салах болсон шалтгаанаа дэлгэрэнгүй дурьдан нэхэмжлэл бичих бөгөөд иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээ, насан хүрээгүй хүүхэдтэй бол хүүхүүдийн төрсний гэрчилгээ, цэцэрлэг сургуулийн тодорхойлолт, өрхийн эмнэлэгийн тодорхойлолт зэрэг баримтуудыг хавсарган цуг өгнө. Мөн гэрлэлт цуцлах нэхэмжлэлтэй хамт дундын эд хөрөнгөө салгах, хүүхдийг хэний асрамжинд үлдээх зэргийг асуудлыг хамтад нь шийдвэрүүлж болдог.
 
1 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1.1 дахь заалт
2 Гэр бүлийн тухай хуулийн 14.1 дэх заалт
 
Шүүх шаардлагатай гэж үзвэл гэр бүлийн холбогдолтой хэргийг хянан шийдвэрлэхдээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болон үйлдэж болзошгүй этгээдийг дахин хүчирхийлэл үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамт нэг гэрт амьдрахгүй байхыг даалгах арга хэмжээг урьдчилан авахаар шийдвэрлэж болдог.  
 
Гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн болон шүүхэд гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасныг хүчирхийлэл үйлдэгч мэдсэн, үүний дараа хүчирхийлэл үйлдэгчийн зүгээс хохирогчийн эсрэг гаргах дарамт, аюул заналхийлэл ихэссэн тохиолдолд хохирогч цагдаагийн байгууллагад гомдол гаргаж түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвд байрлаж болно. Мөн гэрч хохирогчийн хүсэлт, зөвшөөрөл, бодит аюул заналхийллийн талаарх үнэлгээ баримтыг үндэслэн аюулгүй байдлыг хамгаалалтын арга хэмжээ авдаг юм.  Үүнд:
 
  • Урьдчилан сануулах буюу хүчирхийлэгч этгээдэд хүлээлгэх ял шийтгэлийн талаар бичгээр урьдчилан  сануулж гарын үсэг зуруулах,
  •  
  • Тодорхой үйлдлийг хязгаарлах буюу  хохирогчтой уулзах, дагаж мөрдөх, ямар нэг хэлбэрээр харилцаа тогтоох, тогтоохыг оролдохыг хориглох
  •  
  • Биечилсэн хамгаалалт буюу/гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор биечлэн хамгаалах/
Аюулгүй газар түр байрлуулах, нүүлгэн шилжүүлэх буюу хохирогчийн өөрийнх нь зөвшөөрлөөр аюулгүй байдал хангагдсан газарт бодит аюул заналхийлэл арилах хүртэл байрлуулах, мэдээллийн нууцлалыг хангах, нэг бүрийн тусгай хэрэгсэл болон тусгай техник хэрэгсэл, харилцаа холбооны хэрэгслээр хангах, баримт бичгийг солих, гадаад төрхийг өөрчлөх зэрэг хамгаалалтын арга хэмжээ авах, мөн хуульд заасан 7 төрлийн үйлчилгээг хохирогчид үзүүлнэ.
 
Хэрэв гэр бүлийн гишүүн хэн нэгний амь нас эрүүл мэндэд хохирол учрах бодит үндэслэлтэй бол хохирогчийг шүүх хуралдааны танхимд байлцуулахгүйгээр хэлэлцүүлэгт оролцуулах, шүүгдэгчийг гаргах, шүүх хуралдааныг хаалттай зохион байгуулах талаарх хүсэлтийг шүүхэд гаргаж аюулгүй байдлаа хамгаалуулж болдог болно.