1. Онцын шалтгаангүйгээр цухалдах эсвэл сэтгэл хөдлөлгүй хоосон хүн болж, зүгээр суухад хүртэл нулимс гарч, уйлж чиг мэдэх: Найруулагч Ларс фон Триерийн гутралын гурвал хэмээгддэг оргил бүтээлүүдийнх нь нэг болох “Меланхолиа”-ийн Жастин шиг л цонхны дэргэд суун уйлаад л, бүхнээс зугтаж, бусдад уурлаж, аз жаргалаа хоосон гэж мэдэрнэ. Чухам юунаас болоод уурлаад байгаагаа, хэзээ эхэлснээ хүртэл мартаж орхидог. Эмэгтэйчүүд үүнийг сарын тэмдгийн үеийн сэтгэлзүйн өөрчлөлттэй холбож ойлгодог ч энэ бол огт өөр зүйл юм шүү. Харин эрчүүдийн хувьд тамхи татан санаа алдах нь ихсэж, гөлрөх нь олширно.
2. Ямар ч сонирхол, амьдралын идэвхгүй болох: Ойр ойрхон гар хумхин сууж, өнгөрсөн, ирээдүйн тухай бодож, үе үе хүчтэй санаа алдах болсон уу. Энэ үед өөрийнхөө алдаагаар дүүрэн лабирантаар аялж байгаа мэт санагдана. Харамсалтай нь энэ үед одоо цаг байхгүй болсон байдаг. Нэг давхар байшинтай дүйцэхүйц асуудлууд Бурж Халифаг хэд дахин нийлүүлсэн шиг хэмжээний асуудлууд болчихсон, өөрөө доор нь суугаад л телевизийн суваг солин, фэйсбүүк, инстаграм зэргээс ямар нэг зүйлийг эрнэ.
3. Хоолны дуршил муудаж, нэг бол хэт их идэж аль эсвэл хоолноос гарна: Мэдээж өлсөж үхнэ гэсэн үг биш. Хооллож байхдаа юу идэж буйгаа төдийлөн анхаарахгүй. Миний хувьд заримдаа идэхээ бүр мартчихсан мэт гэнэт л унтахын өмнө идэж гардаг байв. Саяхан идсэн хэрнээ өлсгөлөн араатан шиг л дайрна. Гэхдээ дараа нь юунд ингэв дээ гэж заавал харамсахыг яана.
4. Нойрны хэмнэл өөрчлөгдөх:Өглөө сэрээд л өнөөх унтаа горимдоо орно. Зарим хүн хар үүрээр сэрчихдэг, өглөөний хором мөч бүрийг үр ашигтай өнгөрөөх гэж хичээдэг бол миний хувьд өглөө сэрнэ гэдэг хамгийн хэцүү даваа. Яг энэ байдлаараа улаан нүдэлсэн амьтан ажил дээрээ очоод “Амьд үхдэл” киноны дүр шалгаруулалтад орж байгаа мэт төрхтэй сууна.
5. Үйлдэл бүхэн өөрчлөгдөх: Бүр нэг хөдлөхөөс дургүй хүрч, өмнө ам уралдан ярьдаг байсан сонирхолтой сэдвийн талаар хэн нэгэн утгагүй юм ярьж байхад хүртэл зөв бурууг дэнслэх хүсэл төрөхгүй байхыг хэлнэ.
6. Ядаргаанд орох, эрч хүчээ алдах: Ядартлаа их ажиллаагүй атал эвшээлгэж, доод зовхи, шөрмөс татна. Гэвч та сайхан амрах тухай бодох бус мөнөөх л өнгөрсөн, ирээдүй цагийнхаа шаналгаанд автсаар байх болно.
7. Үнэ цэнэгүй, гэм буруутайгаар өөрийгөө мэдрэх: Гутрал “эго” буюу “би”-ийн алдагдлаас үүдэлтэй үзэгдэл юм. Хүн цаг үргэлж бусдаас өөрийгөө хайж байдаг. Харин тэр үнэ цэнэтэй мэдрэмж буюу өөрийг тань тодорхойлох бусдын үг, үйлдэл, мэдрэмж, харилцааны илэрхийлэл тоогүй байх тусам улам бүр үл тоосон, үзэн ядсан шинжтэй мэт санагдаж эхэлнэ.
8. Анхаарал: Анхаарал байнга л өөр хаа нэгтээ байна. Толинд хараад зогсож байхдаа, ер нь хаа ч явсан өнөөх асуудлаа бодно. Бодолдоо автаад хийж байгаа зүйлээ, яах гэж хийж буйгаа ч мартах нь түгээмэл.
9. Үхлийн тухай бодол: Миний бие энэ талаар их бодоогүй ч үхэх зориг төрж байсан уу гэвэл тийм. Аз болоход төлөвлөх үе дээрээ очоод тайвширчихдаг байв. Хүн хэзээ ч одоо үхье гээд үхчихдэггүй. Хүрээлэл нь тухайн хүнд таагүй мэдрэмжийг хэдэн зуу, магадгүй хэдэн мянган удаа өгнө. Олон бодол дундаас нэг нь үйлдэл болж хэрэгждэг. Тэр нь амиа егүүтгэл билээ.
Гутрал олон янз байдаг. Хоолой өвддөг, хий ханиалгадаг, хамар битүүрч халуурдаг гээд олон төрлийн ханиад байдагтай адил. Ханиад хүрсэн хүн эдгэснийхээ дараа дахиж ханиад хүрвээс ямар арга хэрэглэхээ таньж мэддэгтэй адилаар гутралд ороод гарсан хүн өөрийгөө тайвшруулж, чөлөөлөх аргаа олдог.
Гутрал бол бие болоод сэтгэлзүйн гаралтай өвчин. Гэхдээ өвчин гэж нэрлэлээ гээд онц хүндээр тусгаж авах хэрэггүй. Бараг бүх өвчнийг эдгээх арга байдаг шүү дээ. Гутралд орох үед тархины үйл ажиллагааны хэвийн байдал алдагдаж, бие махбодод сөрөг шинж тэмдэг илрэх нь бий. Сэтгэл судлаач нөхрийн маань хэлсэнчлэн “Хавдраар өвчилсөн хүнийг гарч яваад эдгээд ир” гэж хэлдэггүй.
"Хэрэв таны эргэн тойрны хэн нэгэн таныг утгагүй зүйлээр шаналж байна хэмээн үл тоож, ам мэдэн зэмлэхээсээ өмнө тэврээд “Бүх зүйл сайхан болно. Би дэргэд чинь байгаа шүү” гэж хэлээд үзээрэй. Хийхэд хэцүү биш энэ үйлдэл хэн нэгний амь насыг аварч мэдэх юм. Гутралаас гарах хүчийг зөвхөн хүн л хайрладаг гэдгийг сануулъя."