Гэрлэлтийн анхны жилүүдэд дүр зургийг хэрхэн зураглах, бүтээхээс хосуудын цаашдын харилцаа шалтгаалдаг гэж үздэг. Энэ хугацаанд амьдралын олон баяртай, гунигтай үйл явдлуудаар түүх баяждаг. Хосууд хамт байх үедээ бие биенийхээ үнэ цэнийг бүрэн гүйцэд мэдэрдэггүй ба салах мөчид, магадгүй салалтын маргаашаас тухайн хүнээ ямар чухал, үнэ цэнэтэй болохыг ойлгож эхэлдэг. Салалтыг зөвхөн ганц нэгхэн хүчин зүйлийн хүрээнд ойлгож болохгүй.
Салалтыг ерөнхийд нь хууль ёсны салалт, нийгмийн салалт, сэтгэл зүйн салалт гэсэн гурван ангилж үздэг.
Хууль ёсны салалт нь шүүгчид, өмгөөлөгчид, хуульчдын оролцоотойгоор шийдвэрлэгддэг. Гэр бүлийн гишүүд шүүх танхимд өргөдлийн дагуу асуудлыг шүүн хэлэлцэж, бүхий л асуудлыг ярилцаж, тохиролцож цаашид ямар санхүүгийн дэмжлэг, туслалцаа хэн нь хэнээсээ авах, өгөх зэрэг бүхий л асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлдэг. Энэ үйл явц бусад хоёр хэлбэрээсээ ялгаатай нь бусдын оролцоотой хийгддэг, давтамжийг хувьд нэг удаагийн эсвэл зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд дараагийн шүүх хурлаар шийдвэрлэгддэг.
Нийгмийн салалт нь салалтын дараах үеийн нийгмийн харилцаанд гарах өөрчлөлтүүд буюу гэр бүл, найз нөхөд, хүүхдэд гарах асуудлуудыг багтаан авч үздэг. Нийгмийн байр суурийн хувьд хамт байсан бүхий л зүйл салангид болж, ганц бие эсвэл салсан хүмүүсийн байр сууринд очдог. Нийгмийн салалтын үед сэтгэл зүйн таагүй байдлыг даван туулах, тухайн нөхцөл байдалд дасан зохицох, мартахад тэдний гэр бүл, найз нөхөд тусалдаг. Гэвч энэ салалт нь нэг удаагийнх мэт боловч тэр даруйдаа мартагдаж, өнгөрдөг зүйл биш дахин сэргээгддэгээрээ хууль зүйн салалтаас ялгаатай. Таныг салсан талаар мэдээгүй болон мэдсэн ч илүү тодруулж мэдэхийг хүссэн найз нөхөд, танилууд, уулзаагүй удсан хүмүүс тантай уулзахдаа эсвэл тааралдахдаа дахин таны амьдралын талаар асуухад энэ бүхэн эргэн санагдаж дурсагддаг.
Сэтгэл зүйн салалт нь дээрх хоёр салалтуудаас хамгийн хэцүү. Учир нь амьдарсан хугацаанаас үл хамааран гэр бүлийн хүмүүс гэдэг нь маш олон материаллаг /ор, хоол, ширээ, машин гэх мэт/ болон сэтгэл санааны / сэтгэл, баяр-гуниг, мэдрэмж, сонирхол/ зүйлсийг хуваалцсан байдаг.
Эдгээр нь хүний оюун ухаанд хадгалагдаж, хүчтэй ул мөрүүдийг үлдээсэн байдаг. Өдөр тутмын амьдралд ул мөрүүд нь өөрийн болон бусдын оролцоотой, гадны хүчин зүйлийн нөлөөтэйгөөр дахин сэргээн санагдаж байдаг. Хууль ёсны салалт нэг өдрийн хугацаанд үргэлжилдэг бол сэтгэл зүйн салалт нь насан туршдаа үргэлжлэх нь ч байдаг учир хамгийн хэцүү. Сэтгэл зүйн салалтыг гэрлэсэн үеийн буюу амьдарч байх хугацааны сэтгэл зүйгээс салгаж авч үзэх хэрэгтэй. Учир нь амьдралын явцад хосуудын аль аль нь аливаа асуудалд ижил үүрэгтэй оролцож, бүх зүйлээ хуваалцаж чаддаг. Судалгааны дүнгээс үзэхэд сэтгэл зүйн салалт нь хайртай хэн нэг нь энэ хорвоог орхин одох үеийн мэдрэмжтэй яг адил шаналал, зовиурыг үүсгэдэг хэмээн үзжээ. Энэ нь хосуудад аль алинд нь эсвэл илүү хэн нэгэнд нь сэтгэл зүйн гэмтлийг үүсгэх нь бий. Тэдний оюун ухаанд өнгөрсөн дурсамжууд эргэн санагдах үед сэтгэл зүйд хамгийн таагүй, сөрөг мэдрэмжүүд үүсэж зөрчилдөөнтэй, үзэн ядсан байдалтай болдог.
Салах шийдвэр гаргасны дараа өөрийгөө буруутгасан, эсэргүүцсэн, шийдвэртээ итгэлгүй байх, хувь хүний айдас нэмэгдсэн, нэг талаас сэтгэл санаа уужирсан байдалтай байх нь ч бий. Харин нөгөө талд хууртагдсан, өөрийн үнэлэмж багассан, өөрийн хяналтаа алдсан, ууртай, гомдсон, бусдыг болон өөрийгөө буруутгасан мэдрэмж, бодлуудаар дүүрэн байдаг. Энэ үйл явц нь гэнэтийн болон тодорхой аль ч нөхцөлдөө цочирдолд оруулдаг учир ухамсаргүй, буруу үйлдлүүд хийх гол шалтгаан хүртэл болдог.
Сэтгэл зүйн салалт дараах үе шаттай. Үүнд:
1. Үл итгэх /хүлээн зөвшөөрөхгүй/ ба цочирдсон мэдрэмж үүснэ.
2. Шүүн тунгаах ба дасах.
3. Салалтыг даван туулах болон ганц бие амьдралаа зохион байгуулах.
4. Амьдралаа дахин бүтээх болон шинэ амьдралын хэв маягаа бий болгож шинээр амьдрах гэсэн үеүдтэй.
Эдгээр салалтын үе шатуудын хамгийн хурдан хугацаанд болж өнгөрдөг үе бол нэгдүгээр шат байдаг хэдий ч салалтыг даван туулах нь хувь хүний онцлог, чадвараас шууд хамаардаг. Салалт нь хүнд бодож байгаа шиг, бусдаас сонссон шиг, кинон дээр гарч байгаагаас ойлгосон шиг, харагдаж байгаа амархан эсвэл таны хүссэн шиг үр дүнг үзүүлэх нь ховор.