Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУХЭЗБ) нь Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй хэрэгжиж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийн хүрээнд Архангай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран гэр бүлийн харилцааны сэтгэл зүйн болон эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл олгох явуулын үйлчилгээг үзүүлж эхэллээ.
Тус үйл ажиллагаа нь Архангай аймгийн 20 сумын иргэд, гэр бүлүүдүүдийг сэтгэл зүй болон эрх зүй, хүүхдийн эрх болон эерэг хүмүүжлийн талаарх зөвлөгөө, мэдээллээр хангаж, эрсдэлт нөхцөлд байгаа хохирогчийг илрүүлэх, хамгаалах үйлчилгээнд холбон зуучлах зэрэг үйлчилгээг явуулын хэлбэрээр газар дээр нь очиж, түргэн шуурхай үзүүлэхийг зорьж байна.
Төслийн хүрээнд бэлтгэгдсэн Цагаан Сувд-Ар ТББ-ын чадварлаг мэргэжилтнүүдийн баг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 20-ны хооронд хүргэх юм.
Мөн түүнчлэн олон нийтэд жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эмэгтэйчүүдэд зориулсан “Өөрийгөө хайрлахуй”, өсвөр насны охидод зориулсан “Миний аюулгүй байдал” болон хүүхэд хамгааллын сэдвээр үнэ төлбөргүй сургалт орох бөгөөд гэр бүлд зөвлөгөө, мэдээлэл, тусламж үзүүлэх Familycenter.mn вебсайтыг танилцуулна.
Тус платформ нь гэр бүлийн эрүүл, эерэг харилцааны соёлыг түгээх, гэр бүлийн зөрчил маргааныг эерэгээр шийдвэрлэх, гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, эрх зүйн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх, жендэрийн хэвшмэл үзэл, ойлголтыг халахад чиглэсэн чиглэсэн контентоор дамжуулж олон нийтийг соён гэргээрүүлэх ач холбогдолтой.
2017 оны НҮБ-ын Хүн амын сан болон Үндэсний Статистикийн судалгаагаар гэрлэсэн эсвэл хамтран амьдрагчтай эмэгтэйчүүдийн 57.9 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байна. Мөн түүнчлэн эдгээр эмэгтэйчүүдийн 35 хувь нь сүүлийн нэг жилд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байжээ.
Тус үйл ажиллагааг Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын (ОУХЭЗБ) хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” (2019-2022) төслийн хүрээнд зохион байгуулж байна. Энэхүү төсөл нь жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчдын эрхээ эдлэхэд нь тулгарч буй бэрхшээлийг тодорхойлж, хууль зүйн туслалцааны хүртээмжийг сайжруулах бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын эрхийн талаар тэдний болон олон нийтийн мэдлэг, ойлголтыг сайжруулах зорилготой юм.
ОУЭЗХБ нь хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх замаар охид эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлж, жендэрийн тэгш эрхийг хангах чиглэлээр ажилладаг. Одоогоор ОУХЭЗБ нь олон оронд ялгаварлан гадуурхах шинжтэй хууль, тогтоомжтой тэмцэх, жендэрт суурилсан эрх зүйн орчин, институцыг хөгжүүлэх, тогтвортой хөгжил болон эдийн засгийн боломжуудаар дамжуулан эмэгтэйчүүдэд үзүүлэх хууль зүйн туслалцааны хүртээмжийг нэмэгдүүлж, тэднийг эрх мэдэлжүүлэх чиглэлээр ажиллаж байна.
ОУЭЗХБ-ын Монгол Улс дахь үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж танилцана уу.
Вебсайт: www.idlo.int/where-we-work/asia/mongolia
Төслийн Фэйсбүүк хуудас: @IDLOmongol
Тус арга хэмжээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл эсвэл ярилцлага авах бол доорх хаягаар холбогдоно уу.
Имэйл: asumber@idlo.int
Утас: 11-320904, 99818775.