Familycenter.mn “Мэргэжилтний зөвлөгөө” цуврал ярилцлагын энэ удаагийн зочноор Монголын хуульчдын холбооны гишүүн, Олон улсын Хүний эрхийн Их Сургуулийн магистрант хуульч С.Асланбек-ийг урьж ярилцлаа.
-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Сүүлийн жилүүдэд залуучуудын дунд гэр бүл батлуулах бус “хамтран амьдрах” хэв маяг давамгайлж байна. Тэгвэл гэрлэлтээ хууль ёсны дагуу албан ёсоор батлуулж, бүртгүүлэх нь ямар ач холбогдолтой вэ?
-Гэр бүлийн тухай хуульд зааснаар “гэрлэлт” гэдгийг хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг ойлгоно гэдэг. Албан ёсоор бүртгүүлсэн байхыг шаарддаг. Харин Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасан “…хамтын амьдралтай байгаа хүмүүс…” гэдэгт иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч нэг ам бүлд хамт амьдарч байгаа, өрхийн аж ахуйг хамтран эрхэлдэг, эр эмийн харьцаатай этгээдүүд хамаарна гэж УДШ хуулийг тайлбарласан байдгаас үзвэл хамтран амьдрахыг гэр бүлтэй адилтгаж үздэг.
Олон улсад “cohabitation” гэж нэрлэгддэг энэ ойлголт Европ болон Скандинав-ийн орнуудад их байдаг. Жишээлбэл, Монгол Улсад амьдардаг гадаад иргэн, хуулийн дагуу хамтран амьдрагчаа монголд авчрах гэтэл, Монгол Улсын хуулиар хамтран амьдрагчийг “зөвшөөрдөггүй” тул виз олгодоггүй.
Олон улсад “Хамтран амьдрах” болон “Гэр бүл” хоёр ялгаатай ойлголт. Монгол Улсад хуульчлаагүйгээс практикт бас л олон асуудал үүсдэг. Ялгаа нь гэрлэлтэд бэлтгэх зорилготой хамтран амьдрах сонголт болоод түүнийг баталгаажуулсанд байгаа юм. Манайд “Хамтран амьдрах”-ыг хуульчлаагүйгээс болж гэр бүл салалт их байдаг гэж боддог. Учир нь олон улсад хосуудад гэр бүл болох бэлтгэлээ хийх үүднээс хамт амьдрах боломж олгож хуулиар үүнийг нь зохицуулж өгсөн байдаг, харин Монголд үгүй.
-Хуульч хүний хувьд Монголд олон нийтийн дунд гэр бүл, гэрлэлтийн талаарх хууль эрх зүйн мэдлэг, ойлголтыг ямар төвшинд байна гэж хардаг вэ?
-Яг энэ асуудлаар тухайлан хийсэн судалгаа байхгүй. Гэсэн хэдий ч 2017 оны судалгаагаар Монголд өдөрт 10 гэр бүл салж байна гэсэн статистик бий. Салалтын дараа ихэвчлэн гэрлэгчид гэрээ байгуулаагүйгээс болж хүүхэд болоод бие биендээ ноцтой хохирол учруулдаг. Анхнаасаа гэрлэгчид гэрээтэй байснаар эд хөрөнгийн болон тэтгэмж, тэтгэлэгтэй холбоотой маргаанаа хугацаа алдахгүй, шуурхай, аль альдаа ашигтай нөхцөлөөр шийдвэрлэх боломжтой. Гэрээтэй холбоотой асуудлыг гэрлэгчид мэдсэнээр, байгуулснаар олон асуудлаас сэргийлж болдог.
Монгол Улсад үйлчилж байгаа хуулиар 3 төрлийн гэрээг гэр бүлийн эрх зүйд хүрээнд хуульчилсан. Гэрлэгчдийн хөрөнгийн эрхтэй холбогдсон гэрээ, тэжээн тэтгэх гэрээ, хүүхэд асран хүмүүжүүлэх гэрээ.
Гэрээ тус бүрийн онцлогийг товч дурдвал, Одоо мөрдөгдөж буй хуулиар гэрлэснээс хойш хамтран амьдрсан хугацаанд бий болсон гэрлэгчдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарна.
Гэхдээ гэрлэснээс хойш гэрлэгчидийн хэн нь хэр их орлого олох уу, анханаасаа орлого, эх үүсвэр эрс ялгаатай гэрлэгчтэй холбоотой маргаан үүсэхэд хэний нэр дээр, хэзээ яаж олсноос үл хамааран тэнцүү хуваагддаг жишээтэй.
Энэ нь шударга ёсонд хэр нийцтэй билээ? Ийм учир гэрлэгчдийн “хөрөнгийн эрхтэй холбоотой асуудлыг зохицуулах гэрлэлтийн гэрээ” байх нь буюу байгуулах нь зүйд нийцнэ. Манайд одоо үйлчилж байгаа хуулиар бол энэ гэрээгээр өрхийн төсөв, зардлыг хариуцах журам, гэрлэлтийг цуцалсан тохиолдолд ногдох хөрөнгийн тодорхойлох, хөрөнгийн эрхтэй холбоотой бусад нөхцөл зэргийг тодорхойлох боломжтой.
Харин гэрлэлтийн эд хөрөнгийн гэрээнд, гэр бүл салсан тохиолдолд хүүхдийг хэний асрамжид авах үгүй эсэхийг зохицуулж болохгүй. Учир нь хүүхэд эд хөрөнгө биш бөгөөд эд хөрөнгийн гэрээнд хүүхдийн асуудлыг зохицуулсан тохиолдолд хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ болно.
Харин “Тэжээн тэтгэх гэрээ” гэдэг нь гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдийг, гэр бүлийн гишүүд бие биеэ тэжээн тэтгэх хугацаа, тэтгэлгийн хэмжээ зэргийг тогтооно. Хэлбэрийн хувьд мөнгөн эсхүл эд хөрөнгийн байж болно. Бас аль нэг талын хөрөнгийн чадварын харгалзан тогтоож болдог ч хуульд заасан хэмжээнээс бага байж болохгүй.
Мөн “Хүүхэд асран хүмүүжүүлэх гэрээ” гэж бий. Нэг талаас захиргааны байгууллага нөгөө талаас хүүхдийг асрамжид авахыг хүсэж буй иргэн байгуулдаг. Хуульд зааснаар асрамжид авах хүүхдийг асрах, хүмүүжүүлэх, боловсрол олгох нөхцөл, талуудын эрх, үүргийг зохицуулахаар оруулсан байдаг.
-Монгол Улсад гэр бүл, гэрлэлттэй холбоотой ямар, ямар хуулиуд хэрэгжиж байгаа вэ. Үүнээс олон нийтийн заавал мэдэх хэрэгтэй заалтуудыг онцолбол?
-Үндсэн хууль болон Гэр бүлийн тухай хууль хэрэгжиж байна. Харамсалтай нь аль 1999 онд батлагдсан уг хууль нь шинэчлэгдэх зайлшгүй шаардлагатай болсон. Практик дээр маш асуудал дагуулдаг хууль байгаа. Мөн иргэний хуулийн зохицуулалтууд хэрэглэгдэнэ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын 1989 оны Конвенц, Сайн дурын үндсэн дээр гэрлэх, гэрлэх насны доод хязгаар болон гэрлэлтийг бүртгэх тухай НҮБ-ын 1964 оны Конвенц, Хүний эрхийн түгээмэл тунхаглал НҮБ Ерөнхий ассамблей 1948 онд баталсан зэрэг хууль тогтоомж гэр бүлийн маргаанд хэрэгждэг мөн хэрэглэдэг.
Харин практикт түгээмэл байдаг гэр бүлийн маргааны нэг хэлбэр нь гэр бүлийн маргаанд салалтаас хойш ээж нь хүүхдээ аавтай нь уулзуулдаггүй үйлдэл юм. Энэ нь хуулийг ноцтой зөрчиж буй үйлдэл. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг. Үүний хүрээнд мөн хуулийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг үүргийг хүлээдэг.
Дээрх үүрэг нь мөн хуулийн 26.4 дахь хэсэгт заасны дагуу эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд ч хэвээр үлдэхээр хуульчилсан. Ийм учир мөн хуулийн 26.6 дахь хэсэгт заасны дагуу гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосон байдаг.
Өөрөөр хэлбэл, гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулснаар эхнэр, нөхөр байхаа болих боловч эцэг, эх хэвээр үлддэг учир эцэг, эх байх эрхийг нь хуульд зааснаар хасаагүй тохиолдолд тэдгээрийн эрх, үүрэг хязгаарлагдахгүй.
-Олон нийтийн дунд дээрх хуулиудыг мэдэхгүйгээс болж ямар сөрөг үр дагавар гардаг вэ, үүнээс хэрхэн сэргийлж болох вэ?
-Гэр бүлийн эрх зүйн ойлголт муу байдгаас үүдэнд гэр бүлийн маргаанд эцэг, эх адилхан эрх, үүрэгтэй мөртлөө нэгнийхээ эрхийг хууль бусаар хязгаарлах, аль нэг тал эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхэд саад болох, хүүхдийн эрх ашиг хөндсөн асуудалд субъектив байдлаар хандах зэрэг асуудлууд их байдаг. Эцсийн эцэст хүүхэд л маш том хохирогч болдог. Цаашлаад аль нэг талдаа анхнаасаа гэрээгүй, тохиролцоогүйгээс болж эд хөрөнгө болоод сэтгэл санааны ноцтой хохирол учруулдаг.
Гэр бүлийн эрх зүйн ойлголтыг таниулах, аливаа маргаанаас урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх. Гэрлэгчид гэрээтэй байх анхнаасаа, үүнийг магадгүй гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө заавал байгуулахыг даалгаж болно. Жишээ нь, Японд гэр бүлийн хуулиар гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө заавал гэрлэлтийн гэрээ хийхийг шаарддаг. Манайд энэ төрлийн гэрээ нээх байгуулаад байдаггүй. Хуульчийнхаа зүгээс “Гэр бүлийн тухай хууль”- ийг л бид нэн тэргүүнд өөрчлөх, шинэчлэх, сайжруулах шаардлагатай гэж хардаг даа.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!