Монгол улсад гэр бүлийн харилцааны хоёр төрлийн суурь байгаа бөгөөд эхнийх нь албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлэн гэр бүл болсон хоёрдох нь албан ёсоор бүртгүүлээгүй ч гэр бүл болон хамтран амьдарч байгаа хосууд гэсэн төрөл байдаг.
2020 оны статистикаар улсын хэмжээнд 14,252 гэр бүлийн гэрлэлтийг бүртгэсэн бол 3,316 гэр бүл цуцалсныг мөн адил бүртгэжээ. Өөрөөр хэлбэл 23 орчим хувь эргээд гэр бүлээ цуцлуулсан байна. Эдгээр асуудлын цаана хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байдаг тул шүүхээс хүүхдийг хэнийх нь (эцэг, эх) асрамжид үлдээх асуудлыг шийдэхийн хамт, хүүхдэд насанд хүртэл олгох тэтгэлгийг асуудлыг шийдвэрлэдэг.
Энэ нь албан ёсоор бүртгүүлсэн гэр бүл эсэхээс нь үл хамааран хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эн тэргүүнд тавьдаг.
Гэр бүл салах үед болон хамтран амьдрагч хамтын амьдарлаа дуусгавар болгосны дараа хүүхдийнхээ тэтгэлэг тогтмол хугацаанд төлдөг эцэх, эх байхад тэтгэлгийг мөнгийг хугацаанд өгдөггүй, тэтгэлэг өгөхөөс зайлсхийдэг, алга болдог эсхүл огт төлөх чадваргүй зэрэг маш олон тохиолдолд амьдрал гарч байна. Мөн зарим тохиолдолд тэтгэлэг хүлээн авагч нь мөнгийг хүүхдэд биш өөр зүйлд буюу архи, согтууруулах ундаанд зарцуулах явдал гарсаар байна.
Улсын хэмжээнд 2020 оны статистик мэдээгээр 0-11 насны тэтгэлэг авагч 11,637 хүүхэд байгаа бол 11-ээс дээш насны 1,791 хүүхэд тэтгэлэг авч, нийтдээ 13,428 хүүхэд авч байна.
Гэр бүлийн хуульд эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан бөгөөд гэр бүл нь салсан ч насан туршдаа эцэг, эх гэх нэрээр дуудуулж явдаг.
Ингээд шүүхийн шийдвэрээр тэтгэлэг өгөхөөр болсон эцэг, эхийн аль нэгэн хүүхдүүдээ тэтгэлгийг шүүхийн тогтоосон хэмжээгээр төлөх үүрэг хүлээдэг.
Тэтгэлэг төлөгч нь шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх үүрэгтэй бөгөөд алдангын нийт хэмжээ нь төлөгдөөгүй тэтгэлгийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар хуульд заасан байна.
Шүүхийн шийдвэрээр тэтгэлэг төлүүлэх шийдвэрийг тэтгэлэг төлөгч сайн дураараа биелүүлэхгүй бол тэтгэлэг авагч оршин суугаа газрынхаа шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх газарт шүүхийн шийдвэр, албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудас зэргийн хамт өгч тэтгэлгийг албадан гаргуулж болдог.
Хүүхдийн тэтгэлгийг зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зарцуулах ба тэтгэлгийг тухайн хүүхдийн өөрийнх нь хэрэгцээнд зарцуулаагүй болох нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч /эцэг, эх/ тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.
Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлэх боломжтой.
Харин шүүхийн шийдвэрээр суутгах, эсхүл тэжээн тэтгэх гэрээний дагуу төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн цалин хөлсний 50 хувиас хэтэрсэн буюу шүүхээр өөр тэтгүүлэгчид тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн бол тэтгэлэг төлөгч тэтгэлгийн хэмжээг өөрчлөн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.
Эцэст нь хэлхэд тэтгэлэг төлөх гэрээ байгуулсан эсхүл шүүхийн шийдвэрээр тэтгэлэг төлөх үүрэг үүссэн үеэс эхлэн тэтгэлгийг хугацаанд өгөөгүй тохиолдолд нөхөн гаргуулахаар нэхэмжлэл гаргана.