Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгааг харж, мэдэрч буй хүүхэд бүр хохирогч байдгийг хүн бүр мэдэх хэрэгтэй.
Зургийн эх сурвалж: Unicef.org
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгааг харж, мэдэрч буй хүүхэд бүр хохирогч байдгийг хүн бүр мэдэх хэрэгтэй.
Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч дунд хүүхдийн эсрэг хүчирхийлэлд багагүй хувийг эзлэх болсон энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, танин мэдүүлэх шаардлага нэн чухал байгааг харуулж байна. Мөн манай хуульчаас асууя буланд ч гэсэн энэ төрлийн асуулт олноор ирж буйтул энэ удаагийн нийтлэлдээ хүүхдийн хүчирхийлэл гэж юу болох түүнээс хэрхэн сэргийлэх талаарх зөвлөгөөг хүргэж байна
Хуульд зааснаар 18 хүртэлх настай хүнийг хүүхэд гэж нэрлэдэг. Хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийг эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгэмд амьдралд оролцох, хүмүүжил төлөвшилд нь хуулийн дагуу үүрэг байдаг.
Хүүхдийн эрхийн тухай конвенцод монгол улс 1990 онд нэгдсэн орсон бөгөөд уг конвенцийн 6 дугаар зүйлд хүүхдийн амьд явах жам ёсны эрхийг хүлээн зөвшөөрнө, хүүхдийг амьдрах эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана гэж заасан байдаг.
Мөн конвенцийн хамгийн чухал заалтуудыг нэгэн нь 9 дүгээр зүйлд “оролцогч улсууд хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад шаардлагатай хэмээн эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэрийн дагуу, хэрэглэгдэх хууль, журмыг үндэслэн шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хүүхдийг хүсэл зоригийнх нь эсрэг эцэг эхээс нь салгахгүй байх үүрэг хүлээнэ. Ийм шийдвэрийг эцэг эх хүүхэддээ хэрцгийгээр харьцах, анхаарал, халамжгүй орхих, эсхүл эцэг эх нь тусдаа амьдардаг тохиолдолд хүүхдийн оршин суух газрын талаар зохих шийдвэрийг гаргана” гэж дэлхий нийтэд тунхаглан зарласан байдаг.
Дээрх заалтыг манай улс ч гэсэн Хүүхдийн эрхийн тухай хуулиар зохицуулж, хүүхдийн бүх талын эрхийг хамгаалахаар заасан байдаг. Тухайлбал: Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Хүүхдийн эсэн мэнд амьдрах эрхэд хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчин амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх” гэж заасан байдаг.
Зургийн эх сурвалж: Unicef.org
Үүнээс улбаалан хүчирхийлэлд ямар үйлдлийг тооцох нь тухайн ард түмний соёлоос хамааран янз бүр байдаг ч олон улсын хэмжээнд ямар үйлдлийг хүчирхийлэл гэж тооцох вэ гэдгийг тодорхойлох гэсэн оролдлогууд олонтаа хийгдэж байна. Үүний нэг нь Хүүхдийн эрхийн конвенц бөгөөд түүний 19-р зүйлд зааснаар “гэмтэл бэртэл учруулах, зүй бусаар харьцах, анхаарч халамжлахгүй байх, үл хайхрах, бэлгийн хүчирхийлэл үйлдэх, мөлжих зэрэг бие махбод, сэтгэл санааны хүчирхийллийн бүх хэлбэр” гэж тодорхойлсон аж. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл нийгэм, сэтгэл хөдлөл, сэтгэл зүйн хохирол амсах, хүчирхийллийг хүлээн зөвшөөрөх, эрт бэлгийн харилцаанд орох, сэтгэл зүйн дарамтад орох, ой тогтоолт нь буурах, эмх цэгцээ алдах, хий юм үзэх, түрэмгий зан авиртай болох, уушиг, зүрх, элэгний өвчлөл, бэлгийн замаар дамждаг өвчнүүд, үр зулбах гэх мэт сөрөг үр дагавруудтай. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл нь ямагт санаатай үйлдэгддэг бөгөөд дараах хэлбэртэй байна.
Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй байдаг.
Эдгээрийн дундаас сүүлийн үед хамгийн их чимээгүйгээр олонтаа тохиолдох болсон хүүхдийг үл хайрах хүчирхийллийн хэлбэрийг дэлгэрэнгүй авч үзье.
Хүүхдийг үл хайрах хүчирхийлэлд
Бие махбодын хувьд үл хайхрах: Хүүхдийн наад захын хэрэгцээ болох хоол хүнс, хувцас хунар, орон байраар дутаах, хүүхдэд согтууруулах ундаа, хор, мансууруулах бодис, муудсан хоол, зохисгүй зүйл санаатайгаар, хүчээр идүүлэх.
Эрүүл мэндийн хувьд үл хайхрах: Хүүхдийг зайлшгүй хамрагдах эмнэлгийн үйлчилгээнд хамруулахгүй , өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй, нас сэтгэхүйн хөгжлийн хоцрогдолд санаа тавихгүй байх, биеийн зовуур шаналгааг тоохгүй, эмчлүүлэхгүй, урьдчилан сэргийлэхгүй байх.
Сэтгэл санааны хувьд үл хайхрах: Хүүхэдтэй хол хөндий харилцах, эсхүл харилцахгүй байх, хайр халамжаар дутаах, хүн гэж тоохгүй байх, хүсэл сонирхлыг нь няцаах
Боловсролын хувьд үл хайхрах: Хүүхдийн сурч хөгжих боломжийг хаах, хязгаарлах, хичээлийн хэрэгслээр хангахгүй байх, хичээл таслуулах, сургууль завсардуулах, хөдөлмөр эрхлүүлэх
Хүүхдийг эрсдэлд оруулах нөхцөл бүрдүүлэх: Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, аюултай нөхцөл байдлыг мэдсээр байж, хүүхдийг хамгаалахаас зайлсхийх.
Хайр халамжаар дутагдаж байгаа хүүхдийг таньж мэдэх шинж тэмдэг:
• Байнга өлсгөлөн байх, хог түүх
• Хувийн ариун цэвэр тааруу, бохир хувцаслах нь байнгын шинжтэй байх
• Ядруу бусдыг царайчилсан, хайр хүссэн байдалтай байх
• Цаг агаарт тохиромжгүй хувцаслах
• Бусдыг үзэн ядах гэх мэт байдаг болно.
Үндэсний статистикийн хорооны Гэр бүлийн хүчирхийллийн статистик 2021 оны судалгаагаар Хүүхдийн эсрэг хүчирхийлэл 2016, 2017 онд бүртгэгдээгүй, 2018 онд 7, 2019 онд 2, 2020 онд 4 бүртгэгдсэн байна. Харин 2020 он нийт 58 дуудлага ирсний 42 нь 108 утсанд хандсан бөгөөд эдгээрийн 19 үл хайрах, сэтгэл санааны 8, бие махбодын 17, бэлгийн 14 удаагийн хүчирхийлэл байгаа юм. Эдгээрийн дийлэнх шалтгаан нь ахуйн хүрээний архидалттай холбоотой байна.
Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид ахуйн хүрээнд архидахгүй, хүүхдийнхээ дэргэд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, хүүхдэдээ анхаарал хандуулж, тэднийг сонсох, цаг гаргах, сэтгэл зүйн хэрэгцээг орхигдуулахгүй байх нь хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох хамгийн чухал нөлээтэй.