1991 оноос хойш олон улс даяар тогтмол зохион байгуулагдаж буй тус аян энэ жил “Жендэрт суурилсан хүчирхийлэл хүн бүхэнд хамаатай” уриан дор зохион байгуулагдаж байна. Хэрвээ та хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж гар бие оролцохыг хүсч байгаа бол энэ чиглэлээр сайн дурын ажил хийх нь бас нэгэн төрлийн арга юм. Сайн дурын ажил гэж өөрийн эргэн тойронд хэрэгтэй, бусад хүмүүст тустай зүйлийг хариу нэхэлгүй хийх явдал хэмээн ойлгож болно. Мэдээж хүн бүр өөр өөр учраас янз янзын л шалтгаанаар сайн дурын ажил хийдэг. Зарим нь зүгээр л буян үйлдэх гэж, зарим нь хүмүүстэй танилцах гэж, зарим нь шинэ чадварт суралцах гэж өөрийн нөөцийг бусдад зориулдаг. Харин өнөөгийн нийгэмд сайн дурын ажил хийх нь хувь хүнийг тодорхойлох чухал хүчин зүйлсийн нэг болсон. Сайн дурын ажил хийснээр нийгмийн идэвх оролцоогоо нэмэгдүүлэх, нийгэмдээ эерэгээр нөлөөлөх, хамт олонтой болох, өөрийгөө хөгжүүлэх, багаар ажиллах, шинэ зүйлс сурч мэдлэгээ тэлэх зэрэг олон давуу талтай. Ингээд хүчирхийлэл, хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг дараах байгууллагуудыг танд санал болгож байна.
Нэг: Хөөрхөн зүрх
“Хөөрхөн Зүрх” ТББ нь Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө 2012 оноос эхлэн тасралтгүй, туушдаа ажиллаж буй төрийн бус, шашин болон нам, ашгийн бус байгууллага юм. “Хөөрхөн Зүрх” ТББ-ын алсын хараа эрүүл аюулгүй нийгмийн төлөө бодлогод нөлөөлөх, олон нийтийг хүний эрх, жендэрийн тэгш эрх, жендэрт суурилсан хүчирхийллийн талаар иргэд, олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж, хандлагад нөлөө үзүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ухуулан сурталчлах ажиллагааг эерэг аргаар нийгмийн хандлагыг өөрчлөх зорилго дор нэгдсэн салбар бүрийн залуусын нэгдэл юм. Та бидэнтэй нэгдэн өөрийн үнэтэй цаг заваа зарцуулж, жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг өөрийн хувь нэмрээ оруулаарай. Сайн дурын ажилтан болсноор та хүүхэд, өсвөр үе, залуу эмэгтэйчүүдэд бэлгийн хүчирхийлэл, халдлага, дарамтаас урьдчилан сэргийлэх сургалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн олон талт үйл ажиллагааг зохион байгуулахад сайн дураар оролцох боломжтой. Тус байгууллага нь сайн дурын гишүүний сонгон шалгаруулалтыг өөрийн Facebook хуудсаараа зарладаг
Хоёр: Эмнести Интернэшнл
Эмнести Интернэшнл нь шударга ёс , эрх чөлөө, үнэн, болон нэр төр нь үгүйсгэгдсэн хүн бүрийн хүний эрхийг хамгаалахаар нэгдсэн хүний эрхийг хамгаалагчдын даян дэлхийн хөдөлгөөн юм. Хүний эрхийн зөрчил, хүчирхийлэл, шударга бус явдлыг илчилж, хөдөлгөөнийг дэмжиж ажилладаг дэлхийн 150 гаруй орны 7 тэрбум дэмжигчидийнхээ тусламжтайгаар эрх нь зөрчигдөөд байгаа хүмүүст эрхийг нь эдлүүлэхийн төлөө үйл ажиллагаа өрнүүлэн ажилладаг.
Эмнести Интернэшнл нь хүний эрх хаана зөрчигдсөнөөс үл хамааран хүний эрхийн зөрчлийн шинжээч, ажиглагчдаа илгээж олон улсын хэвлэл мэдээллүүдтэй хамтран ажиллаж гэмтнүүдэд хариуцлага тооцохыг шаарддаг.
Мөн хүний эрх хамгаалагчдыг дэмжиж чадавхжуулж ажилладаг. Байгууллага нь засгийн газар, бүлэг, хувь хүмүүсийг хүний эрхэд ээлтэй, хүний эрхийг хамгаалсан хууль боловсруулах, хуулиа өөрчилж шинэчлэхэд нь шахалт үзүүлж ажилладаг. Та хүний эрхийн мэдрэмжтэй, мэдлэгтэй болохыг хүсвэл тус байгууллагын 100 цагийн сертификаттай сайн дурын ажлын хөтөлбөрт хамрагдах боломжтой бөгөөд дараах холбоосоор нэвтэрч бүртгүүлэх боломжтой. Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар та Монголын Эмнести Интернэшнлийн хамт олонтой хамтран ажиллаж хүний эрхийн төлөөх кампанит ажлуудад хувь нэмрээ оруулах боломжтой. Хөтөлбөрт оролцогчид өдөр тутмын оффис ажилд туслахын зэрэгцээ, хүний эрхийн төлөөх үйл ажиллагаа зохион байгуулахад хувь нэмрээ оруулж ажилладаг.
Гурав: Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд
Залуу эмэгтэй манлайлагчдыг нийгэмд таниулах, эмэгтэйчүүд нэг нэгнээ хүлээн зөвшөөрч, бахархаж, дэмжих мессежийг түгээж эв санааны нэгдлийг бэхжүүлэх зорилготой. Хүний эрх, жендэрийн шударга ёсны төлөөх нийгмийн өөрчлөлтөд эмэгтэйчүүд, залуучуудын дуу хоолой болох “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” төрийн бус байгууллага нь 2010 онд байгуулагдсан бөгөөд нийгэмд эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр олон кампанит ажлыг өрнүүлдэг билээ. Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд нь жил бүрийн 9 сард “Гишүүн элсүүлэх нээлттэй өдөрлөг” зохион байгуулдаг бөгөөд тус үйл ажиллагаанд оролцсоноор гишүүн болох боломжтой.
Дөрөв: Хамгаалагдсан гэр бүл
Хамгаалагдсан гэр бүл пэйж нь гэр бүлийн асуудлаар хууль зүйн туслалцаа хэрэгтэй хүмүүст зөвлөгөө, мэдээлэл өгөх, тэдэнд анхан шатны бичиг баримт болон шаардлагатай гэрээний төслийг боловсруулан өгөх, олон нийтийн гэр бүлийн хуулийн талаарх мэдлэг, мэдээллийг сайжруулах зорилгоор 2021 оны 4 дүгээр сард нээгдсэн байна. Одоогоор 50 орчим хүнд онлайнаар болон бусад хэлбэрээр үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө, мэдээлэл өгсөн ба фэйсбүүк пэйжээрээ дамжуулан гэр бүлийн талаарх мэдээ, мэдээллийг англи, орос, хятад хэл дээр бэлтгэн хүргэж байна. Тиймээс зорилгын хүрээнд сошиал маркетинг болон контентийн ажлуудад хамтран ажиллах хүсэлтэй, аудио болон видео эвлүүлэг хийдэг, өөрийгөө сорих, шинэ зүйл сурч мэдэх, нийгэмд эерэг нөлөөллийг түгээх, тууштай сайн дурын ажилтан авах боломжтой.