11 дүгээр сарын 25-ны өдрөөс “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян” эхэлсэн билээ. 1991 оноос хойш дэлхий нийтээр уламжлал болгон жил бүр байгуулагдаж буй тус аян энэ жил “Жендэрт суурилсан хүчирхийлэл хүн бүхэнд хамаатай” уриан дор зохион байгуулагдаж байна.
Тус аяны хүрээнд бид жендэрт суурилсан хүчирхийлэл гэж юу вэ, яагаад энэ асуудал хүн бүхэнд хамаатай вэ, хохирогч, даван туулагчийг яагаад буруутгаж болохгүй вэ зэрэг сэдвээр Унгар улсын Өтвөш Лорандын нэрэмжит шинжлэх ухааны их сургуулийн докторант, “Хөөрхөн зүрх” ТББ-ын тэргүүн, сэтгэл зүйч А.Хонгорзулыг урьж ярилцлаа.
Тэрбээр АНУ-ын Вэстерих сургуулийг сэтгэл судлаач мэргэжлээр төгссөнөөсөө хойш, 2005 оноос хойш энэ салбарт тасралтгүй 17 жил ажиллаж, Австрали, Англи зэрэг улсуудад мэргэжлээ дээшлүүлэн тууштай ажиллаж буй мэргэжилтэн юм. Харин “Хөөрхөн зүрх” ТББ нь 2012 оноос хойш Жендэрт суурилсан хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэл ялангуяа хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө олон нийтийг уриалж, ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж, залуусыг нэгтгэж гар бие оролцуулахад нэн чухал үүрэг гүйцэтгэж буй байгууллага билээ. Тухайлбал, “Гинжийг тасал” аян залуучуудыг өргөнөөр татан оролцуулсан нийгэмдээ нөлөө бүхий үйл ажиллагаа болж чадсан юм. Мөн та энэ талаарх мэдээ мэдээлэл, мэргэжилтний зөвлөгөөг “Хөөрхөн Зүрхнүүд” цуврал подкаст, телевизийн ток шоу, стэнд-ап комеди болон зурагт ном, онлайн хэлэлцүүлэг зэргээс авах боломжтой гэдгийг онцлон тэмдэглэе.
- Сайн байна уу. Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Олон нийтийн дунд жендэрт суурилсан хүчирхийлэл гэхээр эмэгтэйчүүдийн хүчирхийлэл гэж ойлгох хандлага байна. Бидэнд жендэрт суурилсан хүчирхийлэл гэж юу болохыг тайлбарлаж өгнө үү. Бид үүнийг хэрхэн ойлгох хэрэгтэй вэ?
Жендэрт суурилсан хүчирхийлэл нь хүйс, бэлгийн баримжаанаас хамааран оногдуулсан нийгмийн хүлээлт, үнэлэмжид үндэслэн үйлдэгдэж, бие махбодь, оюун санаа, сэтгэл зүйн хувьд хохирол учруулж зовиур, шаналал бүхий тайван бус, аюул учруулдаг санаатай ухамсарт үйлдэл юм. Судалгаанаас харахад хохирогчдын 98 хувь дэлхий даяар охид, эмэгтэйчүүд өртөж байгаа учраас энэ төрлийн хүчирхийллийг “эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл” гэж үздэг.
НҮБ-ын “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах тухай” тунхаглалд “эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл”-ийг тодорхойлохдоо “нийгмийн болон хувийн амьдралын хүрээнд эмэгтэйчүүдийг бие махбодын, бэлгийн болон сэтгэл зүйн зовиур шаналал амсахад хүргэж байгаа болон хүргэж болзошгүй жендэрт суурилсан хүчирхийллийн аливаа үйлдлийг, түүний дотор үйлдэхээр заналхийлэх, эрх чөлөөг нь хасах буюу хасахаар заналхийлж буй явдлыг хэлнэ” хэмээн заасан.
Хүчирхийлэл олон төрөл бөгөөд үүнд, гэр бүлийн хүчирхийлэл, ураг төрлийн хүчин, болзооны хүчин, гудамж, олон нийтийн газар үйлдэгдэх хүчин, бэлгийн мөлжлөг буюу хүчээр биеийг нь үнэлүүлэх, бэлгийн халдлага болон бэлгийн дарамт, хүн худалдаалах гэмт хэрэг зэрэг жендэрт суурилсан хүчирхийллийн төрлүүд түгээмэл үйлдэгддэг. Жендэрт суурилсан хүчирхийлэлд хэн ч өртөж болох ч ихэвчлэн охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж, гэр бүл, хамт олон, нийгэмд далд, нуугдмал байдлаар оршиж буй нь нийтлэг. Хүчирхийлэл үйлдэгч нь аль ч хүйсийн хүн байж болох хэдий ч энэ төрлийн хэргийн тоо баримтаас харахад ихэнх тохиолдолд эрчүүд байна.
Судалгааны тоо баримтаас дурдвал, Монголд 2017 онд үндэсний хэмжээнд явуулсан жендэрт суурилсан хүчирхийллийн тархалтын судалгаа хийгдсэн бөгөөд судалгааны үр дүнд хоёр эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа аль нэг үед жендэрт суурилсан хүчирхийлэлд дор хаяж нэг удаа өртсөн, гурван эмэгтэй тутмын нэг нь судалгаа авахын өмнөх жилд хүчирхийлэлд өртсөн хэмээн гарсан. Энэ нь гэхдээ эрэгтэйчүүд жендэрт суурилсан хүчирхийлэлд өртдөггүй юм гэсэн үг биш. Нийгмийн соёл хандлага, төлөвшил зэргээс хамаарч эрэгтэйчүүд хүчирхийлэлд өртсөн бол түүнийгээ мэдэгдэх илэрхийлэх хандлага дутмаг байгааг бид бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хэрвээ илэрхийлэх юм бол нийгмээсээ “эр юм байж шалчигнасан”, “хүүхэн шиг гоншигносон” гэх мэт үг хэллэгийг сонсдог, шүүмжлүүлдэг эрүүл бус алдаатай буруу хандлага бий. Мөн 2017 онд Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын хийсэн судалгаагаар эмэгтэйчүүд, залуучууд ажлын байранд хүчирхийлэл, дарамтад өртөх явдал цөөнгүй байгаа нь тогтоогдсон.
Жендэрт суурилсан хүчирхийлэл нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд тэгш бус байдлыг бий болгоод зогсохгүй хохирогч, даван туулагчийн эрүүл мэнд, хараат бус, бие даасан байдал, аюулгүй байдалд хохирол учруулдаг. Дээр дурдсан бүхий л төрлийн хүчирхийлэл нь сэтгэцийн эрүүл мэндэд ноцтойгоор нөлөөлдөг бөгөөд сэтгэл зүйн гүн цочролд оруулах магадлал өндөр. Охид эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн болон бэлгийн эрүүл мэнд, биеийн эрүүл мэндэд нь ноцтойгоор нөлөөлөхөөс гадна зарим тохиолдолд үхэлд ч хүргэх эрсдэлтэй.
Эцгийн эрх давамгайлсан энэ нийгмийн соёл бүх хүмүүст ихээхэн халтай хэвээрээ байна. Жендэрт суурилсан хүчирхийлэл юунаас болж гардаг талаар олон нийтийн дунд буруу ташаа ойлголт ч бас байдаг. Эрэгтэй хүн учраас биеэ захирч чадахгүй, эрэгтэй хүн болохоор түрэмгий байх ёстой зэрэг нь маш буруу ойлголт. Мөн ажилгүйдэл, ядуурал, мансууруулах бодис гэх мэт шалтгааныг хүчирхийллийн суурь шалтгаан мэтээр тайлбарлах тохиолдол байдаг ч энэ нь зөвхөн нөлөөлөх хүчин зүйл болохоос гол суурь шалтгаан нь биш юм. Ажилгүй, боловсролгүй, архи мансууруулах бодис хэрэглэсэн хүн бүр хүчирхийлэл үйлддэггүй. Энэ нь үндсэн шалтгаан болохгүй л гэсэн үг.
-Олон нийтийн дунд хүчирхийллийн хохирогчийг буруутгах хандлага түгээмэл байна. Энэ нь нийгэмд ямар үр дагавар, нөлөөтэй вэ?
-Харамсалтай нь олон нийтийн дунд “Эмэгтэйчүүд өөрсдөөсөө болж хүчирхийлэлд өртөж байна”, “хүчирхийллийг таслан зогсоогоогүй өөгшүүлсэн нь тэдний буруу”, “ээж нар өөрсдөө хүчирхийллийг таслах зогсоох ёстой”, “ээж нар хүчирхийлэгчийг төрүүлж байна” гэх мэт хандлага олон нийтийн дунд нийтлэг байна. Энэ бол хохирогч, даван туулагчийг буруутгасан хандлага. Хэрвээ бид хохирогчийг буруутгаад л эхэлбэл хүчирхийлэгч ялна, хүчирхийлэл даамжирна. Бид хүчирхийллийг бий болгож буй нийгмийн асуудал, хүчирхийлэл үйлчдэгч руу анхаарахгүй мөртлөө яагаад эмэгтэйчүүд, эхчүүдийг буруутгадаг юм бэ? Бид дор бүрнээ бодож өөрийгөө тухайн нөхцөл байдалд тавьж үзээсэй гэж хүсэж байна. Саяхан нэг мэргэжилтэн даван туулагчдыг буруутгасан пост нийгмийн сүлжээнд тавьсан нь мэргэжлийн ёс зүй болон адакемик талаасаа маш хариуцлагагүй, нийгэмдээ “сөрөг нөлөө” үзүүлж болохуйц үйлдэл гэж дүгнэж болохоор байна. Яагаад гэвэл, аль ч орны судалгаа, шинжилгээнд эмэгтэйчүүдээс болж хүчирхийлэл гаарч байна, хүчирхийлэл үйлдэгчийг бий болгож байна гэсэн дүгнэлт, академик болон суалгааны байгууллагуудын мэргэжлийн өгүүлэл, тайлангуудаас олдохгүй, харин ч эсрэгээрээ энэ эцгийн эрхт ёс давамгайлж буй нийгмийн асуудал, хүчирхийлэл үйлдэгчид хэн байна вэ гэдгийг гаргасан байдаг.
Олны анхааралд байдаг хүмүүс хариуцлагатай, шинжлэх ухаанч байх ёстой. Ер нь олны анхааралд ч гэлтгүй хүний оюун бодол, зүрх сэтгэлтэй харилцдаг “үйлчилдэг” хүн бүр үүнд маш нарийн, эмзэг, мэдрэг, хүндэтгэлтэй, мэргэжлийн, ёс зүйтэйхариуцлагатай хандаасай хэмээн хүсдэг. Учир нь тэдгээр хүмүүсийн мэдээлэл, үг үйлдлээс болж олон эмэгтэй улам хэцүү байдалд орж, хүчирхийлэгчийг биш өөрийгөө буруутгах магадлалтай.
Хүчирхийлэл үйлдэгч гэхээр заавал нөхөр байдаггүй. Гэр бүлд олон гишүүн байдаг. Хүүхэд нь аав ээжийгээ, бэр, хүргэн нь хадмаа, ач зээ нь эмээ, өвөөгөө, аав нь хүүхдээ гэх мэт хүчирхийлэх нь бий. Хүчирхийлэл дунд амьдарч буй бүх хүн айдас, түгшүүртэй байдаг, яагаад айдастай байдаг гэхээр хохирогчид маш их заналхийлэл дунд амьдардаг. Амьсгалах бүрээ заалгах ч тохиолдол бий. Тэр хүний үйлдэл бүр эргээд өөрийг нь буруутгах үндэслэл болж байгаа нөхцөл байдалд байна гээд та өөрийгөө оронд нь тавиад үзээрэй. Цай уугаад аягаа ширээн дээр тавилаа гэхэд яагаад энд тавьж байгаа юм гэж шүүмжилнэ. Магадгүй хаана ч тавьсан шүүмжилнэ. Хоол хийлээ гэхэд давс ихэдсэн гэх мэтээр. Маш жижиг үйлдлүүдээр илэрдэг. Бидний амьдрал угаасаа олон жижиг зүйлсийн нийлмэл. Угтаа хүний хаана суух, ямар хоол идмээр байгаа нь тухайн хүний л орон зай, сонголт шүү дээ. Тэгэхээр хүчирхийлэгч үйлдэл бүрийг нь зааж, хянаад эхлэхээр маш их айдас түгшүүрийг мэдэрнэ.
Мөн хохирогчийн найдлага, горьдлого нь хүчирхийлэгчийг өөрчлөгдөнө гэсэн хүлээлт, итгэл юм. “Манай хүн архи л уухаараа муухай зан гаргачихдаг. Архинаас л хол явбал зүгээр, их сайн хүн” гэж хэлэх нь бий. Архинаас л болж хүчирхийлэл үйлдэж байна гэж боддог, үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч архинаас болоод гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байна гэж ярьдаг. Гэтэл архи бол хүчирхийллийн хүчин зүйл биш, нөлөөлөх хүчин зүйл. Архины хэрэглээг багасгавал хүчирхийлэл буурч болно. Нөгөө талаас хүчирхийллийг хүн эрүүлдээ ч үйлддэг. Энэ бол сонголт хийсэн үйлдэл байдаг.
Хүүхэд өнчирнө нь гэж олон эмэгтэйчүүд бодож хүчирхийллийг тэвчдэг. "Би түүнээс салах юм бол хүүхдээ хойд эх, эцгийн нүүр харуулна" эсхүл “Хүүхдээ өнчрүүлээд нөхрөө хаясан” хэмээн хүмүүс намайг “гоочилж бодно” гэхээс айдаг.
Мөн санхүүгийн асуудал. Ихэнх тохиолдолд гол санхүүжүүлэгч, гэр бүлийг тэжээж байгаа хүн нь хүчирхийлэгч байж таардаг. "Салчихвал би яана, хүүхдүүдээ хэрхэн тэжээх вэ" гэсэн бодлоос үүдэн хүчирхийллийг таслан зогсоож чаддаггүй. Хохирогч хүчирхийллийг танин мэдлээ, хүлээн зөвшөөрлөө ч гэсэн таслан зогсоож чадахгүй байх маш олон үндэслэл, шалтгаан байгаа учраас хохирогчийг буруутгах нь байж боломжгүй үйлдэл. Тиймээс хүчирхийллийг хохирогч даван туулах ёстой гэж тулгах нь өрөөсгөл. Энэ нь зөвхөнхохирогчийн л асуудал биш энэ бол нийгмийн, хүн бүрд хамаатай асуудал юм.
-Хохирогчийг буруутгах хандлага гэж юу вэ?
- Хүчирхийллийн хохирогчид хүчирхийллийг тухайн цаг мөчүүдэд бие махбод, сэтгэл санаагаараа даван туулаад зогсохгүй энэ нь тэдний амьдралын нэг хэсэг байж, нүүр тулж даван туулж байдаг насан туршийн үйл явц байдаг. Тиймээс тэднийг хохирогч бус даван туулагчид гэдэг. Хүчирхийлэгч үйлдлээ зөвтгөхийн тулд хохирогчийг буруутгадаг. Хүчирхийллийг даван туулагчид “чи чадахгүй”, “чи чадваргүй” гэх мэт сөрөг үгсийг байнга, давтамжтайгаар сонсох нь элбэг.
Учир нь хүчирхийлэгч нь танихгүй хүн биш ихэнх тохиолдолд хохирогчийн сайн таньдаг хүн, хамаатан садан, найз залуу, нөхөр, гэр бүлийн гишүүн нь байдаг. Ийм үгийг хамаарал бүхий хүнээсээ байнга сонсож байгаа хүмүүс өөртөө итгэлгүй болох, өөрийгөө буруутгах хандлагатай болно. “Чи мөнгө олдоггүй байж, чи аятайхан хоол хийж чаддаггүй байж” гээд л байнга сонсоод байвал ихэнх хүн “энэ үнэн юм байна” гэж хүлээж авах магадлалтай. Түүнчлэн олон нийтийн зүгээс, нийгмээс даван туулагчдыг буруутгадаг. Жишээлбэл, эмэгтэйчүүд өөрсдөө хүчирхийллийг өдөөдөг. “Эхнэр нь юм байж тэгэхгүй яасан юм, ингэхгүй яасан бэ, өглөө эрт босох хэрэгтэй” гэх мэт олон зүйлсийг хэлдэг... Эдгээр нийгмийн хүлээлт, шахалтын дагуу үйлдэл хийхгүй бол буруутгагдана.
Бэлгийн хүчирхийллийн тухайд энгэр задгай цамц, богино даашинз өмсөж, орой үдшээр ганцаар явснаас л болж байгаа юм хэмээн буруутгадаг. Гэтэл богино банзал өмсөх нь хүчиндэж болно гэсэн үг үйлдэл биш.
Эмэгтэйчүүд өөртөө таалагдсан, өөрийнхөө сонгосон, хувцасаа өмсөх эрхтэй. Бид эмэгтэйчүүдийг буруутгахдаа бүхий л талаас нь буруутгаж чадна. Сэтгэл зүйн хувьд ихэнхдээ өөрийнхөө дотоод эмзэг, комплекс байдлаасаа зугатах, нуугдсан байдаг учир бусдыг буруутгана. Түүнчлэн энэ надад тохиолдохгүй, надаас холуур байг гэх бодлоо “үнэн” гэж бодоод бусдыг буруутгана. Угтаа бол энэ нийгэмд хүчирхийллийн хохирогч, даван туулагч болоогүй хүн барагбайхгүй. Энэ асуудал бол бид бүгдэд хамаатай асуудал баймаар.
- Тэгвэл хүчирхийллийг таслан зогсоох, даван гарах, хүчирхийллээс ангижрахын тулд хийх эхний алхам юу вэ?
-Хэрэв өөрийгөө хүчирхийлэлд өртөж байна гэж бодвол мэргэжлийн хүний зөвлөгөөг авах хэрэгтэй. Үүнд сэтгэл зүйч, хуульчид хандахнь зүйтэй. Үйлчлүүлэгч сэтгэл зүйчээ сонгохдоо энэ талаар мэргэшсэн хүн мөн үү, шинжлэх ухаанч уу, ямар онол баримталдаг вэ, ажлын туршлагатай юу гэдгийг нь асуух боломжтой, мөн эрхтэй. Угтаа бол тухайн үйлчилгээг үзүүлж буй мэргэжилтэн мэргэшсэн, ёс зүйтэй чанартай үйлчилгээг үзүүлэх ёстой. Үйлчлүүлэгч бүр мэргэжлийн ёс зүйг мэдэх боломжгүй, тиймээс мэргэжилтэн хариуцлагатай байх хэрэгтэй. Мөн гэр бүлийн хүчирхийллийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх 107 утас , 1800-1202 - Хууль зүйн луужин (Хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл), 9649-0505 Хүчирхийллийн эсрэг үндэсний төв (Сэтгэл зүйн зөвлөгөө, хууль зүйн мэдээлэл), 102 Цагдаагийн дуудлага, 108 Хүүхдийн тусламжийн утас руу тус тус холбогдож болно.
Хүчирхийллийг даван туулах үйл явц нэг өдрийн дотор эсвэл долоон хоногийн дотор болдог зүйл биш. Хохирогчийг маргааш гэхэд өөртөө итгэлтэй бол эсвэл нөгөөдөр гэхэд энэ бүхнийг зогсоо гэж хэлэх ч боломжгүй. Энэхүү хүчирхийллийн тойрог дунд эмэгтэйчүүд, хүүхдүүд байнгын түгшүүртэй, айсан, гайхсан, итгэх, эс итгэхийн хооронд өдөр хоногийг өнгөрүүлж байдаг. Олон ч өдөр, сараар энэ тойргийн давтамж өнгөрөх магадлалтай. Тиймээс бусдын дэмжлэгийг авах нь чухал.
Бусдаас дэмжлэг хүсэхдээ битгий санаа зовоорой. Таныг ойлгох 1-2 хүнийг сонгоод байнга холбоотой байгаарай. Өөрийгөө бусдаас холдуулж болохгүй. Мэдээж надад ингэж хэлэх нь амархан, яг хүчирхийлэл дунд байгаа хүн тусламж хүсэх хэцүү. Хэрэв таны эргэн тойронд хүчирхийлэлд өртөж буй найз, гэр бүлийн гишүүн байвал туслаж дэмжихэд байнга бэлэн гэдгээ илэрхийлээрэй. Туслаж дэмжинэ гэдэгт “хүүхдээ бодоод элэг бүтэн бай” гэх мэт хэлэх нь зохимжгүй шүү.
Харин сайн сонсож түүнээс ямар тусламж хэрэгтэй байгааг нь асуугарай. Хүчирхийлэлд өртөж байна, өртсөн гэж үзвэл, эсвэл урьдчилсан сэргийлэх зорилгоор мэргэжлийн хүнтэй холбогдох нь хамгийн зөв сонголт юм шүү.
-Таны хувьд энэ салбарт хөл тавьсан шалтгаан юу вэ, ажлынхаа онцлогийг хэрхэн хардаг вэ?
-Миний ээж Монголын анхны феминистүүдийн нэг, хүний эрхийн эксперт, энэ салбарт олон жил ажилласан маш хөдөлмөрч, ухаалаг, асуудлыг олон талаас нь харж чаддаг эмэгтэй байдаг. Эмээ нар маань эмч бөгөөд хэдийгээр социализмын үед, нийгэм нь эмэгтэйчүүдийн эрх, феминизм ярихыг хязгаарладаг байсан ч өөрийн дуу хоолойгоо хүрээлэл дундаа илэрхийлж, ажлын байран дээрээ хүний эрхийг хамгаалах, тэр дундаа эмэгтэйчүүдийн төлөө олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн байдаг. Тэгэхээр би өөрийгөө хүний эрхийн мэдрэмжтэй, гайхалтай эмэгтэйчүүд дунд өсөж, хүмүүжиж, төлөвшсөн гэж бодож гэр бүлээрээ бахархаж явдаг. Мэдээж бакалавртаа суралцаж эрдэмтэн багш нараасаа лекц сонсож, олон төрлийн ном, судалгаатай уншиж танилцаж, практик дээр ажилласан нь сэтгэл зүйн салбарт хүчтэй татагдах, эмэгтэйчүүдийн эрх, хүчирхийллийн эсрэг ажиллахад нөлөөлсөн.
Би өөрийгөө мэргэжлээрээ 9-18 цагийн хооронд ажилладаг биш бүх цаг мөч тутамд үүгээрээ амьдардаг гэж боддог. 2004 оноос Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд (ХЭҮТ) дадлагажиж, 2005 онд төгсөж ирэнгүүтээ сэтгэл зүйч С.Баасанбатын удирдлага дор ажиллаж эхэлсэн. Мөн “Хүний Эрх Хөгжил Төв”-д (ХЭХТ) ажиллаж эдгээр байгууллагуудад ажиллаж байхдаа өөрийн үнэт зүйл, итгэл үнэмшилээ улам баталгаажуулж авсан. ХЭҮТ, ХЭХТ зэрэг байгууллагуудтай байнгын холбоотой, санал бодлоо солилцдог, зөвлөлдөг. 2012 онд Хөөрхөн Зүрх ТББ-ыг салбарынхаа мэргэжил нэгт найзуудтайгаа хамтран байгуулсан бөгөөд, ингэхдээ салбар бүрээс мэргэжилтнүүд татан оролцуулж хүрээгээ тэлж нэгтгэсэн. Манайд инженер, багш, эрх зүйч зурагчин гэх мэт салбар бүрийн төлөөлөл байдаг. Гишүүд, сайн дурын ажилтнууд гээд салбар, салбарын залуучууд хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, бодит амьдралаас урган гарсан контентуудыг бэлтгэн хүргэдэг. Тиймээс ч энэ бол олон нийтийн оролцоот байгууллага.
Жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл нь хэзээ ч нэг хүний эсвэл нэг гэр бүлийн асуудал байдаггүй. Энэ бол нийгмийн, нийтийн асуудал юм. Энэ бол миний, таны бидний амьдрал. Бид энд амьдарч байгаа учраас бид хамтдаа эрүүл аюулгүй хүнлэгнийгмийг бүтээж чадна.
- Жендэрт суурилсан хүчирхийлэл яагаад хүн бүхэнд хамаатай асуудал вэ? Бид яагаад жендерт суурилсан хүчирхийлэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй вэ?
-Хүчирхийлэл нь хохирогч, даван туулагчийн бие махбодын болон сэтгэцийн эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн бие даасан байдалд сөргөөр нөлөөлж амь насаа алдахад ч хүргэх аюултай. 2017 онд нийт 1120 иргэн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хохирсон тухай мэдээлэл цагдаагийн газарт бүртгэгдэж, тэдний 92.8 хувь эмэгтэй байсан. Эрэгтэй хохирогч, даван туулагчид нийгмийн хэвшмэл ойлголт болох “эр хүн зоригтой”, “эр хүн шалчганаж болохгүй” гэх зэргээс улбаалан цагдаагийн газар бүртгүүлэх нь хомс, үүнд бэлгийн цөөнх иргэд ч бас орно. Мөн онд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн улмаас 9 хүн нас барж, 936 хүн гэмтэж, иргэдэд 640.6 сая төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан гэсэн статистик байна. Мөн гэр бүлийн хүчирхийлэл нь хохирогчоос гадна тухайн хүчирхийлэлтэй гэр бүлд өсөж байгаа хүүхэд, залуучуудын бие махбод, эрүүл мэнд, хөгжил, нийгэмших үйл явцад сөргөөр нөлөөлдөг болохыг судлаачид тогтоосон байдаг.
Тухайлбал 2017 оны Жендэрт суурилсан хүчирхийлэл судалгаагаар 6-12 настай хүүхэдтэй эмэгтэй хамтрагчийн хүчирхийлэлд өртөж байсан болон өртөж байгаагүй эмэгтэйчүүдийн хүүхдүүдийн зан байдлыг харьцуулж үзэхэд хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн хүүхдүүд илүү аймхай, зожиг, эсхүл түрэмгий ааштай, хар дарж зүүдэлдэг гэж мэдээллэсэн. Хамгийн харамсалтай нь хүчирхийлэлтэй харилцаа давтагдан даамжрах тусам хүүхдэд үзүүлэх сөрөг нөлөө ихсэж, гэр бүлийн хүчирхийллийн сөрөг нөлөө нэмэгддэг.
Гэр бүлийн хүчирхийлэл нь хэдийгээр хаалттай хаалганы цаана болдог ч үүний сөрөг нөлөө, үр дагавар нь надад, танд, бидэнд, салбар бүрд, нийгмийн шатлал бүрд нөлөөлдөг, мэдрэгддэг. Тухайлбал, ажлын бүтээмж, амьдралын сэтгэл ханамжинд нөлөөлнө. Хүчирхийллийг даван туулагчийг хүрээлж буй гэр бүл, найз нөхөд, хамаатан садан, ажлын байранд нөлөөлөхөөс гадна улс орны хөгжилд ч нөлөөлдөг. Тиймээс л энэ бол хүн бүрийн оролцох асуудал мөн.
Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ажилтнуудын 5-27% нь ажлаа алддаг (ONTARIO FEDERATION OF LABOUR, West Ontario, Canada, 2016) бусдад ч тодорхой хэмжээгээр ажлын байрны бүтээмж буурах зэрэг хөдөлмөр эрхлэх байдалд сөрөг нөлөө гардаг. Жендэрт суурилсан хүчирхийлэлд анхаарлаа хандуулж, хүчирхийллийн эсрэг байх нь бусдын сайн сайхны төдийгүй, өөрийнхөө төлөө, амьдарч буй нийгмийнхээ сайн сайхны төлөөх үйл хэрэг юм шүү.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.