Хөдөөгийн алсхан нэгэн сумын жавар хургасан ядруухан айлд хоёр охин зулай зулайгаа гишгэн мэндэлсэн юм. Миний хувьд тэр айлын ууган охин болсон ч хүний орчлонд хувь дутаж би сонсголгүй төрсөн байлаа. Надад бэлэг болон ханьсах гэж ирсэн ганц дүү минь ч надтай адил сонсголгүй төрсөн.
Аав минь харааны бэрхшээлтэй байснаас гадна биднийг сургуульд орохын өмнөхөн ээж минь өвчний улмаас хорвоог орхилоо. Ингээд амьдрахын эрхээр хот руу нүүж ирж бор хоногийг зутруухан өнгөрүүлсэн амьдрал минь эхэлсэн. Биднийг амь шигээ хайрлаж байсан ээжийг үгүй болоход аав минь группийн мөнгөөрөө амьдарч дийлэхгүйд хүрч аргагүйн эрхэнд дүү бид хоёрыг 29-р тусгай сургуульд бүртгүүлж, дотуур байранд оруулсан. Тухайн үед аав минь бид хоёрыг байрны тогооч эгчид харж хандаж байхыг захиж үлдээсэн юм.
Бид сургуульдаа явж хичээл, номондоо шамдан цаг хугацаа ч харвасан сум шиг өнгөрсөн. Тогооч эгч бидний ээж шиг л дотно байсан. Ангийн багш маань надад их л сайн хандаж, үе үе гэрийн ажил болон өөртөө туслуулдаг болсоор нилээдгүй хугацаа өнгөрлөө. Энэ хүний сайхан сэтгэлд үргэлж талархдаг байлаа. Би яг л тэдний гэр бүлийн гишүүний нэг болж асуудал бэрхшээл бүрийг нь мэддэг болсон юм. Багшийн маань нэг хүү нь оюуны хомсдолтой, сонсголын бэрхшээлтэй надаас олон насаар ах хүн байлаа. Тун удалгүй багш хүүтэйгээ суулгахаар намайг ятгаж, уурлаж нэг үзнэ бас аргадаж нэг үзнэ. Гэвч миний хувьд сургуулиа төгсөх нь чухал байсан болохоор хүнтэй суух тухай огтхон ч бодож байгаагүй юм. Хүндэлж талархаж байсан багш минь нэг л өдөр санасандаа хүрч бичиг баримтыг минь авч хүүтэйгээ гэрлэлт бүртгүүлэн тухайн үед улсаас өгч байсан залуу гэр бүлийг дэмжих 500.000 төгрөгийг авсан байлаа.
Сургуулиа төгсөхтэй зэрэгцээд дотуур байрнаас гарах ч боллоо. Бид хоёр ааваасаа сураг тасарч хаана амь зуун амьдарч байгааг мэдэхээ болив. Багш энэ сиймхийг ашиглан гэртээ амьдрахыг санал болгосноор өөр очих газаргүй тул гэрт нь очлоо. Төд удалгүй хүү бид хоёрынх нь харилцаан дундаас хөөрхөн охин минь төрсөн юм.
Багш ачтай болсондоо баярлаж байгаа ч ааш зан нь бага багаар өөрчлөгдөж, уурлаж бухимдахаараа хүүхдээ орхиод яв гэж хөөж туух нь ихэссэн. Хүү нь ч гэсэн үе үе гар хүрдэг ч надад хэлэх хүн байхгүй учир тэвчихээс өөр аргагүй байлаа. Ингэсээр охиныг минь авч үлдээд намайг орох оронгүй гэдгээр гудамжинд, өвлийн хүйтэнд хөөж гаргасан. Бүх зүйл хэрээс хэтэрсэн тул нөгөө тогооч эгчдээ хэлээд дүүгийнхээ хамт Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандан зөвлөгөө авахаар зориг гарган очсон юм. Тэнд очихдоо дүү бид 2 биднийг ойлгох болов уу? надтай харилцаж чадах болов уу? гэсэн итгэл муутайхан хаалгаар нь орсон ч биднийг уриалагхан тосч авсан эмэгтэй маань дохионы хэлээр маш чадварлаг харилцаж байсанд чухам л бүх асуудлаа шийдвэрлүүлчихсэн мэт сэтгэлд минь итгэлийн оч үсэрсэн юм.
Ингээд хамгаалах байранд байрлан үйлчилгээ авч, эмэгтэйчүүдийг чадавхжуулах дэмжих бүлэгт нь тогтмол хамрагдаж, өөртөө итгэлтэй болж тэдний эсрэг шүүхэд зориглон хандсан. Охиноо өөрийн асрамжинд авч, 24 цагийн цэцэрлэгт өгч, өөрөө ажил хийн группийнн мөнгө, ажлын хөлс зэргээрээ байшин түрээсэлж тайван амьдрах болсон юм.
Шүүхээр гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамжийн асуудлаа шийдүүлсэн ч нөхрийн талынхан хүүхдийг минь авах гэж намайг их зовоосон. Энэ бүхнийг даван туулж амьдралаа өөрчилж чадсандаа баяртай байна. Хэдийгээр миний асуудал шийдэгдсэн ч чимээгүй байдал дотор үнэн нь илчлэгдээгүй хүчирхийллүүд байсаар байна.
Манай сургуулийн орчинд сурагч охидуудад ийм асуудал их тохиолддог ч бэрхшээлээсээ болоод хаана, хэнд, яаж хандахаа мэддэггүй. Бидний төрөлх хэл нь дохионы хэл. Үйлчилгээ авах болон өдөр тутмын амьдралд дохионы хэлмэрч шаардлагатай болдог. Хууль шүүхийн байгууллагаар асуудлаа шийдүүлэхэд хэлмэрч хэрэгтэй байдаг ч цагийн хөлс нь өндөр тул авах боломжгүй байдаг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бие биенээ маш сайн мэддэг тул нууц амархан задардаг. Хичнээн нууцлал хадгалах талаар сануулсан ч хэлмэрчид итгэхэд бэрх санагдана.
Тэргэнцэртэй болон харааны бэрхшээлтэй хүн улсын түвшинд өөрөө бие даан үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал байдаг тул хүчирхийлэл үйлддэг асран хамгаалагч, харзалзан дэмжигчийнхээ хамт үйлчилгээ авах болно. Ийм тохиолдолд асуудлыг ил гаргана гэж үү? Эдгээр нь бидний хувьд хана хаалт болсоор байна. Хүчирхийлэлд өртсөн олон хүүхэд эмэгтэйчүүдийг ухрахад хүргэдэг, зоригийг нь мохоодог эдгээр шалтгаанууд хүчирхийлэлтэй орчин руу нь буцаад түлхэн оруулж, бүхнийг тэвчин өнгөрүүлэхээс өөр аргагүйд хүргэдэг.
Иймд хөгжлийн бэрхшээлийнх нь онцлогт тохирсон байдлаар гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллээс өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах боломжтой талаарх мэдээллийг олон нийтэд сурталчлан мэдээлэх, хууль зүйн тусламж үйлчилгээ авахад эрх тэгш боломжоор хангах нь чухал байна.
Хэдийгээр би сонсголын бэрхшээлтэй, гэр бүлийн минь амьдрал хүнд байсан ч хүчирхийлэлд бууж өгөөгүй, зориглон амьдралаа өөрчлөхөөр шийдсэн. Одоо бодоход бэрхшээл маань намайг улам хатуужуулж, бусдын эрхшээлд хүч чадалгүй сул дорой амьдрах утгагүй болохыг ойлгуулсан. Тиймээс би зорилготой амьдарч, бууж өгөхгүй байхаар шийдэж хичээнгүй зүтгэсний үр дүнд одоо орох оронтой, охинтойгоо, дүүгийнхээ хамт амар тайван амьдарч байна.
Эх сурвалж: Хүчирхийллийн эсрэг үндэсний төв