Статистикийн үндэсний хороо Монгол Улсад хүн ам, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт ажиллагсдын 70 орчим хувь нь эмэгтэй, 30 гаруй хувь нь эрэгтэйчүүд байна хэмээн судалгаагаар тогтоожээ. Тэр дундаа хүний эрхийг хамгаалах, жендэрийн тэгш байдлыг хангах, хүчирхийллийн эсрэг, түүнийг таслан зогсоох салбарт эрэгтэй мэргэжилтнүүдийн тоо эмэгтэйчүүдээс хэд дахин цөөн байна. Тиймээс ч энэ салбарт арав гаруй жил тууштай ажиллаж буй цөөхөн эрэгтэй мэргэжилтний нэг болох Д.Батхишигээс хувийн байр суурь, өөрийн туршлагыг нь тодруулахыг илүү чухалчлан, чөлөөт яриа өрнүүлж, ярилцлагын гол санааг уншигч танд ойлгомжтой байлгах үүднээс тоймлон хүргэж байна.
Хэл шинжлэлийн мэргэжилтэй тэрбээр сургуулиа төгсөж ажил хөдөлмөр эрхэлж байгаад, нийгмийн ажилтан мэргэжлээр суралцаж ШШГЕГ болон Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт нийгмийн ажилтнаар ажиллаж эхэлжээ. Сүхбаатар дүүрэгт хорооны нийгмийн ажилтнаар ажиллах хугацаандаа Хүчирхийллийн эсрэг үндэстний төв болон бусад иргэний нийгмийн байгууллагуудаас зохион байгуулсан сургалтуудад тогтмол хамрагдаж, энэ чиглэлээр мэргэшихээр шийдсэн байна. Энэ чиглэлийг сонирхон судалж, мэргэшин ажиллахад хамгийн их нөлөөлсөн, мэдлэг чадвараа ахиулахад тусалсан хүн бол тухайн үеийн Хүчирхийллийн эсрэг үндэстний төвийн захирал Д.Энхжаргал бөгөөд “Энэ салбарт эрэгтэй хүн цөөхөн учир чи илүү нарийн мэргэшиж, тууштай ажиллаарай” гэж хэлж байсныг тэрбээр дурсан ярьж, талархаж явдагаа илэрхийлсэн юм.
Нэг: Жендэрийн мэдрэмжтэй байдал “жижигхэн” үйлдлээс эхэлнэ
Жендэрийн үндэсний хороо сүүлийн жилүүдэд олон бүтээлч ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Жендэрийн асуудал бол аль нэг хүйсийг онцлох асуудал биш юм. Бид өнгөрсөн хугацаанд барьж байсан бодлогодоо хэтэрхий нэг талыг барьж нөгөө хүйсийг орхигдуулж байсан юм болов уу гэж боддог. Бидний одоогийн барьж байгаа бодлого бол аль ч хүйсийн асуудлыг орхигдуулахгүй байх бодлого барьж ажиллаж байна. Эрэгтэй, эмэгтэй аль аль хүйсд нийгмийн баялгийг тэгш хүртээх, аль алиныг нь ялгаварлан гадуурхахгүй байх бодлого барин ажиллаж байна.
Саяхан би нэг найзындаа зочилсон юм. Эхнэрийнх нь ажил тараагүй байгаа учраас оройн хоолоо идээгүй гээд эхнэрээ хүлээгээд өлсөөд сууж байв. Өөрөө хийгээд идчихгүй юм уу гэхэд “эхнэрийн л хийх ажил шүү дээ” гэсэн. Угтаа жендэрийн мэдрэмжтэй байх нь тийм ч хэцүү зүйл биш юм, маш жижигхэн үйлдлээс эхэлнэ. Гэвч жендэрийн мэдрэмжтэй байх нь амьдралд маш чухал эерэг нөлөөтэй. Эрэгтэй хүн жендэрийн мэдрэмжтэй байх нь гэрээ цэвэрлэж, хоолоо хийнэ гэдэг зөвхөн эмэгтэй хүний ажил биш гэсэн бодлоос эхэлнэ. Эхнэр тань ажлаасаа ядраад орж ирэхэд халуун хоол, цэвэрлэсэн гэр угтвал ямар аз жаргалтай болох бол гээд бодоод үзээрэй. Хэн нэг нь илүү үүрэг хариуцлага үүрээд, хэн нэг нь хариуцлагаас чөлөөлөгдөөд байвал тэгш бус байдал үүсч амьдрал тэнцвэргүй болно. Ийм учраас хамтдаа амьдралынхаа төлөө адилхан тэгш оролцоотой байвал, амьдрал нь бүр илүү аз жаргалтай болно. Монголчуудын хэлдэг үг, жендэрийн хэвшмэл буруу ойлголтууд, хүүхдийн хүмүүжилд хүчтэй нөлөөлдөг. Би ч тийм орчинд лөссөн. Харин аав ээж хоёр маань жендэрийн мэдрэмжтэй хүмүүс байсан юм шиг санагддаг, жишээлбэл, хэн түрүүлж гэртээ ирсэн нь хоолоо хийгээд гэрээ цэвэрлэчихдэг байсан юм. Гэхдээ л ээж маань эрэгтэй хүн хог асгаж болдоггүй юм гэдэг жендэрийн хэвшмэл ойлголтыг нэлээн хэвшүүлсэн хүн байв. Болж өгвөл аав, ах, бид нараар хог асгуулахгүй байхыг хичээдэг байв. Хог асгавал эр хүний хийморь сүлд доройтчихдог гэдэг ч юм уу, энэ сонин хандлага, төлөвшөөд уламжлагдчихсан байсныг дагаж байсан хэрэг.
Мөн нийгэмд тогтсон хэвшмэл буруу ойлголтууд жендэрт суурилсан хүчирхийлэл үүсэх бас нэг шалтгаан болдог. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд гүйж байгаад бүдэрч унаад уйлахад томчуудын гаргадаг хандлага ихэвчлэн буруу байдаг. Эрэгтэй юм байж дуугай бай, эрэгтэй юм байж битгий уйл гэх мэтээр эрэгтэй хүүхдийг мэдрэмжээ илэрхийлэхийг нь хориглож, хатуу ханддаг мөртлөө охидуудыг аргадаж, уйлахыг нь зөвшөөрдөг. Мэдрэмжээ илэрхийлэх “эрхгүй”, багаасаа л эрэгтэй хүүхэд хатуу чанга, бие даасан, уйлах ёсгүй, ачааны хүндийг үүрч, асуудлын хатууг туулах ёстой гэсэн төсөөллийг авч, төлөвшсөн хүүхдүүд том болоод ч энэ хандлагаараа амьдралд ханддаг. Энэ нь эрэгтэйчүүдэд өөрт нь дарамт болдог.
Гэр бүлээ санасан шигээ авч явж чадахгүй бол, бүдэрч унаад уйлмаар санагдсан ч илэрхийлж чадахгүй байх үед, өөрийгөө сул дорой байгаагаар мэдрэх үедээ эрэгтэй хүн харамсдаг, шаналдаг, бухимддаг, өөрийгөө буруутгадаг, зүрх сэтгэл нь өвддөг. Би арчаагүй болохоороо эхнэртээ булган шуба авч өгч чадсангүй. Би чадваргүй болохоор машин авч өгч чадсангүй гэх мэт.
Ерөөсөө л энэ хэвшмэл хортой ойлголтоос бид нийгмээрээ салмаар байна. Энэ ойлголт эрэгтэй хүмүүсийн аз жаргалтай амьдралд маш хортойгоор нөлөөлж байна. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдээс 10 жилээр богино наслахад ч энэ бүхэн тодорхой хэмжээнд нөлөөлж байна. Ер нь эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй яг адилхан баярлана, гомдоно, гуниглана. Ийм учраас уйлж болно гэдгийг ойлгох хэрэгтэй, хүлээн зөвшөөрөх ёстой. Харин хэн ч хүчирхийлэл үйлдэж болохгүй.
Аливаа асуудлыг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэж сурах ёстой. Ямар байх хэрэгтэй вэ гэвэл эрэгтэй эмэгтэй хоёр хүн харилцан нэг нэгнээ хүндэтгэж, хоёулаа шийдвэр гаргаж нэг нэгэндээ хайртай гээд хамтран амьдралаа эхлүүлж байгаа бол адилхан хариуцлага хүлээж, адилхан тэгш эрх эдэлж, адилхан хичээл зүтгэл гаргаж, амьдралаа хамтдаа босгох нь зөв болов уу. Тэрнээс эрэгтэй нь бүх ачааллыг үүрэх ёстой эсхүл эмэгтэй болж төрсөн учраас гэрийн ажил хийх үүрэгт шууд хуваарилагдаад, эрэгтэй нь хоолоо хүлээгээд зүгээр сууж байх ёстой ч гэсэн үг биш юм шүү.
Жендэрийн мэдрэмжтэй байдал “жижигхэн” үйлдлээс эхэлнэ.
Хоёр: Эрэгтэйчүүдийг “хүчирхийлэл” үйлдэхээс урьдчилан сэргийлж, хамгаалъя
Олон Улсын Хүүхдийг ивээх сангаас 2020 оны Монгол Улсын Хүүхдийн Эрхийн нөхцөл байдлын үнэлгээг хийж гүйцэтгэж танилцуулсан бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл тэр дундаа хүүхдэд бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэл үзүүлсэн байдал өмнөх онуудтай харьцуулахад огцом нэмэгдсэн харамсалтай үр дүн гарсан. Тодруулбал,2020 оны эхний улирлын цаг үеийн байдалтай холбогдон ЦЕГ-ын мэдээллээр ахуйн хүрээний архидалт өмнөх мөн үетэй харьцуулахад 30-40 хувиар нэмэгдэж, зөрчил 3131 бүртгэгдэн 61,6 хувиар, гэр бүлийн хүчирхийллийн зөрчлөөр баривчлагдсан этгээдийн тоо 2194 болж, 98 .7 хувиар тус тус өссөн. Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирж байгаа гэр бүлийн харилцааны зөрчлийн талаар зөвлөгөө авахыг хүссэн дуудлага өмнөх оны мөн үетэй харьцуулахад 108,8 хувь өсч, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны ачаалал 115 хувиар нэмэгджээ.
2020 оны 3-р сард хүүхдийн эсрэг бие махбодын хүчирхийлэл өмнөх сарынхаас 32 .9%, 2019 оны 2-р сартай харьцуулахад 46.8% -иар өссөн дүнгээр бүртгэгдсэн байна . Хүүхдийн эсрэг сэтгэл санааны хүчирхийлэл 2020 оны 2-р сард 2019 оны 2-р сартай харьцуулахад 57.6% -иар нэмэгдэж бүртгэгдсэн. Хүүхдийн эсрэг үл хайхрах хүчирхийллийн дуудлага 2020 оны 2-р сард 2019 оны 2-р сартай харьцуулахад 22.5% -иар өссөн бүртгэл байна.
Бүх төрлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил 2015 онтой харьцуулахад нэмэгдсэн байгааг миний зүгээс дараах шалтгаантай гэж бодож байна. Нэгдүгээрт, өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл гэж мэддэггүй байсан үйлдлийг хүчирхийллийн нэг хэлбэр юм байна гэдгийг хүмүүс таньж, мэддэг болсноор гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл нэмэгдсэн. Мөн илрүүлэлт нэмэгдсэн. Хоёрдугаарт, хохирогчийг хамгаалах, хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага тооцох тогтолцоо, механизм сайжирсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар, хүчирхийлэл үйлдэгдэж байгааг мэдсэн хөрш заавал цагдаагийн байгууллагад мэдэгдэх, дуудлага өгөх үүрэгтэй болсон. Гуравдугаарт, эрэгтэйчүүдээ орхигдуулснаар эрчүүдийн хүчирхийлэл үйлдэх зан үйл, хандлага өөрчлөгдөхгүй хэвээрээ байснаар хүчирхийлэл төдийлөн буурахгүй байгаа болов уу гэж бодож байна.
Эцсийн дүндээ хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн тоо нэмэгдэж байгаа, буурахгүй байгаа учраас бид хүчирхийлэлтэй тэмцэх өмнөх арга барилаа өөрчлөх шаардлагатай болж байна гэсэн үг юм. Маш урт хугацааны туршид Монгол Улс гэлтгүй, дэлхийн бусад улс орнууд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхдээ хохирогчийг төв болгож, тэдэнрүү чиглэсэн тусламж үйлчилгээг чухалчилж байсан. Хохирогчид үзүүлэх үйлчилгээ боловсронгуй болж хөгжсөн. Гэтэл хүчирхийлэгч рүү чиглэсэн үйлчилгээ хомс. Хүчирхийлэл үйлдэгч нарыг 7-30 хоног баривчлаад, баривчлах төв дээр байх хугацаанд нь зан үйлд нь нөлөөлөх албадан сургалтад хамруулж байгаа. Гэхдээ хүчирхийлэл үйлдээд баривчлагдсаны дараа биш, хүчирхийлэл үйлдэхээс нь өмнө эрчүүдтэй ажиллаж, хамгаалах нь чухал юм.
Эр хүн болгон хүчирхийлэгч биш. Хүн хэзээ ч хүчирхийлэгч болж төрдөггүй. Хүчирхийлэл үйлдэгч эрчүүд орчноос, нийгмээс хүмүүсийн харилцаанаас сурч байдаг. Зарим эрчүүд маань гэр бүлтэйгээ маш сайхан харилцаатай, хэвийн амьдралтай хэдий ч нэг удаагийн санаандгүй, болчимгүй алдаанаас болж биеэ барьж дийлээгүйгээс болоод алддаг, энэ үед баривчлах төвд аваачаад хорьчихдог. "Хүчирхийлэгч гээд цоллочихдог".
Албан байгууллага ажил олгогч нар нь баривчлагдсаныг мэдээд ажлаас халах, цаашлаад нэрэнд нь сэв сууж, эрчүүдийн цаашдын карьерт нэр төрд хортойгоор нөлөөлж байдаг. Гэтэл энэ бидний хүсч байгаа зүйл биш. “Хүчирхийлэгч болсон” хүн өөрийг нь баривчлуулсан гэр бүлдээ гомдох, өсөрхөх, эргээд гэр бүлийн амьдралд таатай уур амьсгал өмнөх шигээ дахин бүрдэхгүй “ангал” үүсэх аюултай. Эцсийн дүндээ бид хөвгүүдээ, эрчүүддээ “хүчирхийллийн бус аргаар асуудлыг шийдвэрлэх чадвар”-т суралцуулж, ийм нөхцөл байдалд орохоос нь өмнө мэргэжлийн хүмүүст хандаж зөвлөгөө авч,амьдралаа урт удаан аз жаргалтай авч явах аргыг зааж өгөхийг зорьж байна.
Тиймээс эрэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх, нөхөн сэргээх загвар төв байгуулах хэрэгцээ, шаардлагыг ЖҮХ-ноос 2021 онд судалсан бөгөөд судалгаанд оролцсон эрчүүдийн дийлэнх хувь нь ийм төв хэрэгтэй гэсэн санал өгсөн тул энэ төвийг цаашид ямар байгууллагын дэргэд байгуулах талаар ажиллаж байна.
Мөн “ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХӨВГҮҮД, ЭРЧҮҮДИЙГ ТАТАН ОРОЛЦУУЛАХ НЬ” сургагч багшийн гарын авлагыг Монголд анх удаа боловсруулж, туршаад байна. Одоогоор хараахан бэлэн болоогүй байгаа бөгөөд эцсийн байдлаар бэлэн болохоор төрийн болон төрийн бус байгууллагуудад сургалт хийж, сургагч багш бэлтгэн үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх төлөвлөгөөтэй байна. Эрэгтэй хүн бүр хууль мэдэхгүй. Эрэгтэй хүн бүр хүчирхийллийн бус аргаар асуудалд хандах арга аргачлалыг мэдэхгүй. Тиймээс эрэгтэйчүүдийг гэр бүлийн хүчирхийлэгч болохоос нь өмнө тэдний хандлага, ойлголтыг өөрчилж, гэр бүлийн “хүчирхийлэгч болохоос” урьдчилан сэргийлэх, нөгөө талдаа хүчирхийллийг бууруулах зорилготой юм.