Эгэл түүх: Архинд донтсон хоёр хүний 2 өөр төгсгөл
Нийтлэлч: Familycenter.mn

Архинд донтсон хоёр хүний ижил ертөнцийн хоёр өөр төгсгөлийн түүхийг хүргэж байна.

Архинд донтсон хоёр хүний ижил ертөнцийн хоёр өөр төгсгөлийн түүхийг хүргэж байна.

 

Нулимстай гав

Хоёр жилийн өмнө эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн хүн амины хэргийн шүүх хуралд суусан юм. Гурван жилийн турш эхнэрээ айдас, хүчирхийлэлд байлгаж, эцэст нь амийг нь хөнөөсөн эрд 18 жилийн ял оноосон. “Ээжийн минь амийг хөнөөсөн энэ хүнд үгээр хэлэхийн аргагүй гомдож байна гэж” хэлээд мэгштэл уйлах охин, гарт нь зүүсэн гав руу цоо ширтэн суух 50 орчим насны эрэгтэй, хэргийн газраас хурааж авсан цустай хувцастой тор, танхимын араар суусан хохирогчийн өндөр настай аав ээж нь гээд л энэ бүх дүр зураг сэтгэл сэрдхийлгэм. Мөн нэг нь шоронд орж, нөгөө нь шороонд булагдсан энэ хэргийн золиосонд гурван хүүхэд “тэжээгчээ алдсаны тэтгэмжээс өөр юу ч үгүй үлдсэн. Нөхөр нь эхнэрийгээ, эхнэр нь амьдралаа, үр хүүхэд нь аав, ээжийгээ, эцэг эх нь охиноо алдана гэдэг “аймшигтай”.

Хэргийг тодруулбал, нөхөр нь эхнэрийнхээ амийг хөнөөсөн энэ хэрэг хоёрдугаар сард гарчээ. Харин шүүгдэгч эхнэрийнхээ аминд хүрэхээс таван сарын өмнө өөр нэгнийг мэсээр гэмтээсэн нь шүүх хурал дээр сөхөгдөв. Шүүгдэгч эхнэрээ зодох гэж зууралдаж байхад салгахаар дундуур нь орсон эрэгтэйг гурван удаа хутгалж гэмтээсэн байв. Гэвч эхнэр нь цалингийн зээл авч, хохирогчийг гомдолгүй болгож, зөрчлийн хэргээр бүртгүүлсэн аж.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариатай ярилцаж байхад “Хайр, итгэл, сэтгэлээр холбогдсон хүнийхээ золиос болж хохирдог учир гэр бүлийн хүчирхийлэл бусад хэргээс илүү их гомдол, цөхрөл дагуулдаг. Хайртай хүнээ өөрчлөгдөх байх гэсэн горьдлого тээсээр, хүчирхийлэл дээд тал нь таван жил үргэлжилсний эцэст гурван төгсгөлийн нэгд тулж очдог. Эхний тохиолдолд хэн нэг нь гэмтэж, бэртэнэ. Дараагийнх нь гэр бүл сална. Эцсийн бүлэгт эхнэр, эсвэл нөхрийн аль нэг нь амиа алддаг” гэсэн юм.

Монгол Улсын хэмжээнд 10 эмэгтэй тутмын зургаа нь энэ мэт бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн ч хайртай хүнээ өөрчлөгдөнө гэсэн горьдлого тээсээр. Харин зарим нь энэ явцдаа өөрийгөө болон үр хүүхдээ хамгаалж гэр бүл хүчирхийлэгчийн аминд хүрснээр шоронгийн хаалга татаж, харин зарим нь амь насаа алдаж байна. Өнөөдрийн байдлаар гэхэд хорих … дугаар ангид 300 орчим эмэгтэй ял эдэлж байгаагийн тал нь аргагүй хамгаалалтаас болж хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироожээ.

Энэ шүүх хурлын хамгийн анхаарал татсан хэсэг нь гэмт хэрэгтний ээжийнх нь хүүгийнхээ тухай бичсэн тодорхойлолтыг өмгөөлөгч нь уншиж өгсөн мөч байв. Энэ захидал бидний алуурчин гэж цоллоод, харахаас жигшиж буй тэр хүний хийсэн хэргийг арилгаж, үүрэх ялыг бууруулахгүй ч “ээждээ тусалдаг байсан жаахан хүү яагаад ийм зүйл хийсэн юм бол” гэсэн асуултыг дагуулна. Алуурчин болохыг хүсдэг хүүхэд, хүн гэж байхгүй шүү дээ. Бүх зүйл шалтгаан нөхцөлийн сүлжээс юм бол шалтгаан нь юу байв.

Хүчирхийлэл үнэхээр хүчирхийлэгчээс салж байж, хүчирхийлэгчээс зугтааж байж, гэмт хэрэгтэнг яллаж, түүнийг тусгаарлаж байж арилах зүйл юм гэж үү гэсэн асуултыг дагуулсан. Энэ гурван төгсгөлөөс өөр дөрөв дэх төгсгөл байж болох уу?

 

Бид хүчирхийлэлтэй тэмцэж байна гэдэг ч “яг юутай” тэмцээд байдаг юм бол. Магадгүй хүчирхийллийн шалтгаантай биш зөвхөн хүчирхийлэл үйлдэж байгаа хүнтэй нь л тэмцдэг мэт. Дан ялангуяа хүчирхийллийн дийлэнх олонх хувийг эрэгтэйчүүд үйлдэж байгаа учир, эрэгтэй хүнтэй тэмцэл зарладаг гэж хэлж болно. Гэтэл эрчүүдийн хүчирхийлэл үйлдэгч болоход нөлөөлж буй олон хүчин зүйлийг орхигдуулсаар. Энэ асуудлыг бид экзистенциалист эрх зүйн философийн үүднээс авч үзэхийг хүсч байна. Хэдий би хуульч биш ч энэ шүүх хурал дээр “гэмт хэрэгтэн”-ий оршихуйг орхигдуулсан нь, ерөөсөө л манай өнөөгийн дүр төрх бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр “хохирогч”-ийг мэдээлсэн нь их байдаг ч гэмт хэргээс урьдчилан сэргийлж, хүчирхийлэгч “төрүүлэхгүй байх” талаас нь төдийлөн анхаардаггүй. 

Точвхондоо бол экзистенциалист эрх зүйн философийг үндэслэгч А.Кауфман, М.Мюллер нарынхаар хүний ахуй нь оршихуйг нөхцөлдүүлдэг юм бол хувь хүний ашиг сонирхолыг бүрэн хангах тусам нийгмийн асуудлыг шийдвэрлэх явдал амжилттай байна. Гэтэл бид гэмт хэрэгтний оршихуйг үгүйсгэснээр амжилт олно гэж үү. Дээрх хэрэг дээр бүгд л гэмт хэрэгтнийг үзэн ядаж, гурван жилийн турш хохирогчийн хамгаалахын тулд авсан арга хэмжээгээ “сал гэж хэлсэн, анхнаасаа бид дэмжээгүй, салах л ёстой байсан” гэж тулгаж, “энэ хүн бол алуурчин” гэж цоллож байгаа нь хүчирхийлэлд цэг тавих арга огт биш мэт. Харин бид хүчирхийллийн шалтгаан нөхцөлтэй тэмцэх ёстой бололтой.

 

Амжилтын гацуур

Харин энэ бол хүчирхийллийн тухай ижил түүхийн өөр төгсгөл. “Ахаа… Би таны түүхийг бусадтай хуваалцаж болох уу” гэж аминчлан асуухад “Хүмүүс шоолох байх аа” гэсэн үгээр амыг минь тэр тагласан. Архинд орж, гудамжаар нүцгэн гүйж, эхнэртээ гар хүрч, хүүхдүүдийнхээ нулимсыг барж явсан үеэ тэр хар дарсан зүүд байсан гэж хэлсэн. Намайг хүүхэд байхад ээж маань энэ хүний гэр лүү “дүү нарынхаа хувцсыг угаагаад ядаж хоол хийгээд өгөөрэй” гэж хэлээд долоо хоногт нэг удаа явуулдаг байв. Хүүхэд байхад нүдний өмнө болж өрнөх бүхнийг “ийм л байх ёстой юм байна” гэсэн сэтгэлээр хүлээн авч тавилга бүр нь хэмхэрсэн ундуй сундуй гэрийг тоосыг нь арччихвал “амьдрал сайхан” болчихлоо гэж сэтгэдэг байлаа.

Мөн тэдний амьдрал яг л олон хүний мэддэг мэлхийг шанагатай усанд хийгээд ус халаадаг түүх шиг. Усны температур ѳсѳх тусам мэлхийн бие зохицох үйл ажиллагаа явуулж дасан зохицож эхэлдэг. Мэлхийн бие ус халах тусам зохицсоор байна. Харин шанагатай ус ид буцалж эхлэх үед мэлхий өөрийн биеийн хэмээ алдаж зохицож чадахаа больдог. Яг тэр мөчид мэлхий шанагатай уснаас үсэрч гарахаар шийддэг боловч хамаг хүч тэнхээгээ зохицох гэж хичээсний улмаас алдчихсан байдаг. Тэгээд мэлхий үхдэг. Олон хүн мэлхийг ус буцлахаас өмнө уснаас үсэрч гарах ёстой байсан гэж дүгнэдэг. Нэг ёсондоо ус бол гэмт хэрэгтэн, мэлхий бол хохирогч гэж боддог. Харин энэ амьдралын түүх надад мэлхий уснаас үсэрч гарах ёстой юу эсвэл усыг хэн нэгэн хэвийн тепратурт аваачих ёстой юу гэсэн сонирхолтой санааг төрүүлсэн.

Одоогоос яг арван жилийн өмнө, өвлийн ийм нэгэн хүйтэн орой ээж ув улаан цус болсон гараараа нэгэн эмэгтэйг түшсээр орж ирэхэд араас нь юу болоод байгааг ч бүрэн ойлгоогүй гурван хүүхэд бүлтэлзсээр орж ирсэн. Ихэнхдээ ийм ноцтой хүчирхийлэл, гэмт хэргийн үед хүүхдүүд нь уйлалдаж, сандралдсан дүр кинонд дүрслэгддэг бол амьдрал дээр байнга ийм үйлдэл давтагдсаар хүүхдүүд ч цочирдохоо больдог юм шиг санагддаг. Болсон хэрэг гэвэл энэ хэргийн гол дүр эхнэрээ алчих дөхөн зодож байхад ээж зогсоох гэж хичээгээд чадахгүй болохоороо сандарсандаа толгой руу нь гарт таарсан шилээрээ нөхрийг нь цохиод, эхнэрийг нь аваад зугтаачихсан аж. Мэдээж аав гэмтсэн этгээдийг эмнэлэг рүү авч явсан. Хэрэв байдал буруугаар эргэсэн бол ээж минь гэмт хэрэгтэн болох байв. Азаар гайгүй өнгөрсөн.

Хоёр эмэгтэй гал тогооны өрөөнд шөнөжин ярилцсаны эцэст ээж тэр бүсгүйг Зүүнхараа руу явуулж, тэнд нь амьдруулахаар боллоо. Нөхөр нь манай гэрийн гадаа ирж эхнэрээсээ уучлал гуйхад эхнэр хүүхдийг нь нууж, хөөж явуулав. Харин дараа нь нөгөө ах улам архинд орж, гудамжинд нүцгэн гүйж байгаа дуулдсан. Зодоон хийж, гэртээ архидан согтуурч байна гэж яригдсан. Тэр үед эхнэр нь нөхрийнхөө улам дордож байгаа царайг нь хараад тэсэлгүй гэр лүүгээ явахаар шийдэж, ээжээс буцаад гэртээ харимаар байна гэж гуйсан юм. Өөрийг нь зодсон хүн рүү, өөрийг нь хөнөөх дөхсөн хүн рүү яагаад тэмүүлнэ вэ гэж хүн бүр гайхаж байв.

Ингээд гэр бүл, найз нөхөд, хамаатан садан нь цуглаж ямар арга хэмжээ авах аа манайд ярилцсан юм. Эцэст нь зүгээр л гэмт хэрэгтэн буюу “гэр бүлийн хүчирхийлэгч”-тэй ярилцаж байж шийдэхээр болсон бөгөөд эрэгтэйчүүд нь нэг ярилцаж, эмэгтэйчүүд нь нэг учирлаж байж хэд хэдэн арга хэмжээг авахаар болсон нь тод санагддаг. “За чи эхлээд өөрийгөө цэгцэл. Дараа нь амьдралаа цэгцэл. Ядаж унах унаатай болоод эхнэр, хүүхдээ ирж ав даа ” гэж тохиролцов.

Ойр тойрныхон дундаа хандив цуглуулж өөрийг нь дагуулаад лам, бөө, пастер, үзмэр төлөгч дээр бүгдэд нь очсон байдаг. АА буюу "Архичид аминчлахуй" бүлэгт явуулж, Наркологийн эмнэлэгт хэвтүүлж, сэтгэл зүйчид хандлаа. Гэрийг нь долоон хоногт нэг удаа цэвэрлэдэг байсан бол бөөнөөрөө нийлж хашаа хороог нь хүртэл цэгцэлж, хүүхдүүдийг нь өөрсдийнхөө гэрт байлгав. Найзууд нь хамт АА-д явж, ойрын хүрээллийн эрчүүд нь “хамт архидахгүй” гэсэн амлалт өгч байв.

Эмчилгээний дараа тэр ажил хийсэн гэж дуулдсан. Хар багадаа аавыгаа алдаж, олон өнчин дүү нараа өсгөхийн тулд ачигч, жолооч, туслах гээд олдсон бүхнийг хийдэг байсан гэх тэрээр сургуульд сууж мэргэжил боловсрол эзэмшиж чадаагүй гэдгийг нь сонсоход өрөвдмөөр ч дараа жилийнх нь хавар нь өөрт олдсон хар бор ажлыг хийсээр олсон мөнгөө цуглуулж номин ногоон өнгийн эксел машин аваад уначихсан “эхнэр хүүхдээ авах гэсэн юм” хэмээн ирж байсныг нь санахаар бахархмаар.

Ирэхдээ зааны дүрстэй шаазан эдлэл ээжид бэлэглэсэн бөгөөд “Миний төлөө хичээсэн та нарт баярлалаа” гэж хэлээд уйлж байсан. Эхнэр нь их дээд сургууль төгссөн мэргэжилтэй, боловсролтой эмэгтэй учир хаяад явчих вий гэж айдаг байснаа, багаасаа дүү нарынхаа төлөө хичээж зүтгэж хар бор ажилд нухлагдаж явсан ч өөрийг нь ойлгохгүй байгаад гомддог байснаа, өөрийн байгаа байдалдаа гутарч архи уугаад, дараа нь архи уугаад хийсэн үйлдэлдээ гэмшиж улам сэтгэлээр унадаг байснаа ярьж суусан. Түүний хэлсэн хамгийн чухал үг нь “Надад итгэсэнд баярлалаа” байсан юм.

Тэр жилдээ тэд таван ханатай гэрээ таван өрөө байшин болгосон. Шинэ жилээр өөрт итгэсэн хүмүүсийг өөрийн барьсан байшиндаа урихдаа гацуур модоо “медаль”-аар чимсэн байв. Үнийгээ тэр “амжилтын гацуур” гэж нэрлэсэн.

“Хүчирхийлэгчид итгэнэ” гэдэг нь юу гэсэн үг вэ гэж хэн нэгэн үгүйсгэж болох юм. Энэ бол хүнд итгэж, хүний оршихуйг хүндэтгэнэ гэсэн үг. Харин хүчирхийлэл гэж юу. Энэ бол үйлдэл. Хүчирхийлэлд цэг тавина гэдэг нь хүний харилцаанд цэг тавих бус “хүний үйлдэлд цэг тавих” гэдэг утга байж ч магадгүй.

Тэгвэл яагаад хүчирхийллийн тухай 10 мэдээ тутмын 8 нь хохирогч руу чиглэсэн байдаг вэ. “Хүчирхийлэлтэй тэмцэж байна” гэхээр л нүүр нь хөхөрсөн эмэгтэй, гараа зангидсан эрэгтэйг дүрсэлж, жигшиж, үгүйсгэдэг нь үнэхээр үр дүн авчирна гэж үү. Энэ нь хүчирхийлэл буюу “хүний үйлдэлд цэг тавихад нөлөөлж чадна гэж үү. Энэ жишээгээр бол үгүй. Магадгүй асуудал бидний хүчирхийлэлтэй биш хүчирхийлэгчтэй тэмцдэгт ч байж магадгүй юм. Хэн нэгнийг цохиулахаас сэргийлэхийн тулд зугатах аргыг заах биш биш хэн нэгнийг цохих гар байхгүйн тулд ажиллах нь хүчирхийлэлтэй тэмцэх шинэ арга байж болохыг би энэ хоёр бодит түүхийг харьцуулж илэрхийлэхийг хүслээ. Энэ бол гэр бүл хүчирхийллийн дөрөв дэх төгсгөл байж болно. Хүчирхийлэгчийн үйлдлийг таслан зогсоох. Түүнийг хүн гэдгийг санаж асуудлыг шийдвэрлэхэд нь туслах. Энэ хэтэрхий гэгээлэг төсөөлөл байж магадгүй ч хүчирхийлэгчийг гарт нь гав зүүгээд шорон руу явуулсан ч хүчирхийлэл оршсоор л байх болно. Харин хүчирхийлэгчид амжилтын гацуур засах боломжийг олгосноор хүчирхийлэлд хүчирхийлэгч өөрөө цэг тавина. Энэ нь хүнтэй тэмцэх бус үйлдэлтэй тэмцэх, хохирочгийн хамгаалахаас гадна гэмт хэрэгтэнг төрүүлэхгүй байх нөхцөлд анхаарах гэсэн утгыг агуулж байгаа юм.

“Амжилтын гацуур” анх сүндэрлэснээс хойш яг арван жил өнгөрчээ. Өнөөдөр “амжилтын гацуур”-т олон улсын хэмжээний тамирчин болсон гурван хүүхдийнх нь одон медаль багтаж ядан гялалзана. Өглөө бүр би хүүхдүүдээ “олимпын аваргуудаа сэрээрэй” гэж босгодог. Нэг өдөр бидний мөрөөдөл биелэж “амжилтын гацуурт маань олимпын медаль гялалзана” гэж итгэдэг гэж тэр хэлсэн.

Сэтгэл зүйн хувьд аз жаргалтай, тогтвортой хэвийн хүн хүчирхийлэл үйлддэггүй. Судалгаагаар хүчирхийлэл үйлдэгч нь ихэвчлэн согтууруулах ундаа хэрэглэсэн болон сэтгэл зүйн хувьд гутралд орсон хүмүүс байдаг аж. Тоо баримт дурдвал, Монголд жилд дунджаар 400 гаруй эрэгтэй, 100 орчим эмэгтэй сэтгэл гутралаас болж амиа хорлодог. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү сэтгэл гутралд ордог байна. Энэ нь дэлхий дахинд ижил. Харин серотонин буюу аз жаргалын гормон гэж нэрлэгдэх нейротрансмиттер дутагдах үед сэтгэл гутрал үүсдэг. Удаан хугацаанд аз жаргалгүй байх нь серотонины дутагдалд ороход нөлөөлж улмаар сэтгэл гутрал болдог тохиолдол олон.Тиймээс сэтгэл гутралыг тархин дахь химийн бодисын өөрчлөлт гэж ойлгож болно. Сэтгэл гутрал нь гүн ангалын ёроолд унасан мэт мэдрэмжийг төрүүлдэг. Гүн ангалын ёроолд унасан хүн гадны тусламжгүйгээр ангалаас гарахад хэцүү. Хэрэв ангал гүн биш бол өөрөө хичээгээд гарч болно. Сэтгэл гутрал гэдэг ангалтай л ижил. Энэ мэт хүчирхийллийн цаана маш өргөн хүрээний асуудал бий.

Магадгүй бид өнөөдрийг хүртэл хүчирхийлэлтэй биш хүчирхийлэгчтэй тэмцсээр ирсэн. Үйлдэлтэй нь биш хүнтэй нь тэмцсэн. Угтаа хохирогч байна гэдэг хүчирхийлэл байна л гэсэн үг. Гэтэл хүчирхийллийг үйлдэгч хүн рүү нь чиглэсэн үйл ажиллагаа явуулдаггүй. Жишээлбэл, Нүүр нь хөхөрсөн бүсгүйд тусалж, гараа атгасан залууг жигшсэн мянга, мянган дүрслэлүүд юунд тустай гэж. Гэтэл яагаад хэн нэгэн рүү атгасан гараа нүүрийг нь гэмтээхээс өмнө буулгаж сурахыг уриалдаггүй юм бэ. 102, 107, 108- руу залгаарай гэх мэдээлэл дүүрэн байдаг мөртлөө сэтгэл санаа тогтворгүй, үйлдлээ хянах боломжгүй үед хэн, хэрхэн туслах нь тодорхойгүй байдаг юм бэ.

Яагаад хүчирхийллээс зугатах аргыг санал болгодог олон, олон нэвтрүүлгүүд хийдэг шиг ээ хүчирхийлэгчид хандан “та хэн нэгнийг гэмтээхгүй байж чадна” гэсэн суртал ухуулгыг хийж болохгүй гэж.

Яагаад хүчирхийллийг даван туулсан түүхийг бардам мэдээлдэг шиг ээ хэн нэгний өөрийгөө өөрчилж чадсан түүхийг мэдээлж, ангалд унасан нэгэнд өөрчлөгдөж чадна гэсэн итгэлийг өгч болохгүй гэж.

Хүчирхийлэгч байхгүй бол хохирогч байхгүй. Магадгүй бид хүчирхийлэлтэй биш хүчирхийлэгчтэй тэмцсээр өнөөдрийг хүрсэн. Үнэхээр хохирогчийг хамгаалаад хүчирхийлэлд цэг тавих боломжгүй юм бол “хүчирхийлэл” гэсэн үйлдлийг зогсооход хүчирхийлэгчид яагаад тусалж болохгүй гэж.

Хүн бурхан биш болохоор алдаа гаргах үе бий. Харин хүн нийгмийн амьтан болохоор нийгмийн харилцаан дунд л хүний зан суртахуун бүрэлдэн тогтдог гэсэн Аристотелийн үгээр илтгэлээ өндөрлье. Хүчирхийлэгч ч бас хүн гэдгийг, түүнд нөлөөлөх хүчин зүйл нь хүний үндсэн хэрэгцээ болох нийгмийн харилцаа гэдгийг бид мартаж болохгүй. Хүчирхийлэгчид “итгэж” өөрийгөө өөрчлөхөд нь туслах аргуудыг ашиглацгаая. Хүн бүрийн оршихуйг хүндэлцгээе!