Өчигдөр буюу 04 сарын 13 нд цахим орчинд нярай хүүхдийг гудамжинд орхисон талаарх мэдээлэл цахим орчинд нийтлэгдэж, олон нийтийн анхаарлыг татаад байсан. Энэ асуудлаар Цагдаагийн хэлтсээс хяналт шалгалтын ажиллагаа шуурхай явуулж, гудамжинд орхигдсон дөрвөн сартай хүүхдийг түр хамгаалах байранд авч, эрүүл мэндийг үзлэг шинжилгээг хийж, архи согтууруулах ундаа хэрэглэсэн эцэг, эхийг нь эрүүлжүүлсэн талаар мэдээлэл өгсөн билээ. Харин өнөөдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас энэ асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.
Хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн ГБХЗХГ-ын хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Н.Хөхөө, “Нярай хүүхдийг орхисон тухайн газар дээр очиход хүүхдийг аваад явсан байсан. Тиймээс гэрийн хаягийг тогтоож, очиж уулзаж, хүүхдийг хамгаалах байранд хүлээлгэж өгсөн. Хүүхэд хөхүүл байсан учраас Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд анхан шатны тусламж үзүүлсэн. Хүүхдийн асран хамгаалагчид хүүхдээ авч явах чадамжгүй байсан. Тиймээс эсрдэлийн үнэлгээ, хүүхдийн хүчирхийллийн үнэлгээг газар дээр нь хийж ажилласан. Эрсдэлийн үнэлгээ өндөр гэж гарсан учраас хүүхдийг түр хамгаалах байранд байлгаж байгаа. Эцэг, эхээс нь байцаалт авсаны дараа шийдвэрийг гаргана. Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж, мэдүүлэг авах процесс дээр явж байна. Хүүхэд хамгааллын журмаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу тухайн гэр бүлийн нөхцөл байдлыг хорооны хамтарсан баг үнэлгээ хийж, одоо хуралдаж байгаа. Хорооны хамтарсан баг шийдвэр гаргаж, холбогдох үйлчилгээг үзүүлнэ. Мөн эцэг эхэд хуулийн дагуу хариуцлага тооцож, 300 нэгжээр торгох заалттай. Одоо нярай хүүхдийг цаашид хэрхэх вэ гэдэг асуудал үүсч байна. Хөхүүл хүүхэд учраас ээжээс нь аль болох салгахгүй байх бодлого баримтлана. Эрсдэл өндөр гэж үзвэл хүүхдийг эцэг, эхэд нь өгөхгүй байх зохицуулалт хийнэ. Эрсдэл өндөр байна гэж эцсийн байдлаар дүгнэвэл эцэг, эх байх эрхээс түдгэлзүүлэх хүсэлтийг цагдаагийн байгууллагаас шүүхэд өгнө. Гэр бүлийн тухай хуульд тусгаснаар эцэг, эхийн үүргийг тодорхой заасан байдаг. Хүүхэд хамгааллын 108 дугаарт ирснээр хүүхдийн эсрэг ихэнх хүчирхийлэл архинаас хамааралтай байна" хэмээн мэдээллээ.
Та бүхэнд Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн эцэг, эх, хүүхдийн хоорондын харилцааны онцлох заалтуудыг түүвэрлэн хүргэж байна.
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ
ТАВДУГААР БҮЛЭГ
ЭЦЭГ, ЭХ, ХҮҮХДИЙН ХООРОНДЫН ХАРИЛЦАА
21 дүгээр зүйл. Эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх
21.1.Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ.
21.2.Хүүхдийг үрчлэн авснаар эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ.
21.3.Дагавар хүүхэд хойт эцэг, хойт эхийн хооронд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг үүснэ.
21.4.Хүүхдийн эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлсэн бол гэрлэлтийн гэрчилгээг, гэрлэлтээ бүртгүүлээгүй бол хуульд заасны дагуу захиргааны буюу шүүхийн журмаар эцэг, эхийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн тогтоогдоно.
21.5.Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
26 дугаар зүйл. Хүүхдээ хүмүүжүүлэх эрх, үүрэг
26.1.Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ.
26.2.Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ:
26.2.1.хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх;
26.2.2.хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх;
26.2.3.хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох;
26.2.4.хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах.
26.3.Эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно.
26.4.Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ.
26.5.Энэ хуулийн 26.4-т заасан тохиолдолд эцэг, эх үүргээ хэрэгжүүлэх журмыг тусгайлан тохиролцоогүй бол түүнийг шүүх тогтооно.
26.6.Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.
26.7.Хүүхдийн эцэг, эх нь эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан нь энэ хуулийн 26.2-т заасан үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
26.8.Эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, эсхүл хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа нөхцөлд энэ хуулийн 26.2-т заасан үүргээ хэрэгжүүлж байгаад нь харьяалах сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага хяналт тавина.
26.9.Хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хохироосон эцэг, эх хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээж, энэ хуулийн 30.1.-д заасан үйлдлийг хийж, хүүхдээ бага наснаас нь өсгөн хүмүүжүүлээгүй нь тогтоогдсон бол тухайн хүүхдийн эцэг, эхийн хувьд эдлэх эрхээ алдана.
27 дугаар зүйл. Эцэг, эх байх эрхийг хязгаарлах
27.1.Хүүхдийг орон сууц, хувцас, хоол ундаар байнга санаатай гачигдуулсан, хөдөлмөрийг нь зүй бусаар ашигласан, гуйлгачлуулсан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан хүний эцэг, эх байх эрхийг зургаан сар хүртэл хугацаагаар шүүх хязгаарлаж болно.
27.2.Эцэг, эх байх эрхийг хязгаарлах тухай нэхэмжлэлийг эцэг буюу эх нь, эсхүл төрөл, садангийн хүн, бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага шүүхэд гаргах эрхтэй.