Эгэл түүхүүд цувралын энэ удаагийн дугаарт залуу ээж, сэтгүүлч Г.Тэгшсүрэн оролцож, өөрийн дурсамж, бодлоо хуваалцлаа.
“...Манайх ам бүл гурвуулаа. Охин маань одоо дөрвөн настай. "Айлын ганц гээд эрхлүүлчихсэн", "Одоо дүүтэй болгооч", "Бүр нэг дураараа" гэх мэт үсгийг бишгүй сонсоно оо. Хүүхдээ хүмүүжүүлэх гээд л дүүг нь төрүүлнэ гэж юу байх вэ. Хүүхдийн тоо ганц байна уу, хоёр байна уу хамаагүй, хүмүүжүүлэх арга л чухал гэж боддог. Хааяа манай охин "Гомдлоо, за" гээд буруу хараад суучихдаг юм. Нөхөр аргадах гэнэ. Харин би "Өөрөө шалтгаангүй уурласан бол өөрөө тайвширч сурах хэрэгтэй" гээд тоохгүйг хичээнэ. Гэхдээ чадахгүй л дээ. "Миний охин яагаад уурласан юм, хоёулаа ярилцъя. Алив наашаа харчих" гээд анхааралтай сонсоно. Хүүхэд ер нь өөрийг нь сонсоход их баярладаг. Манай охин нэг их тодорхой, тод ярьж чадахгүй л дээ. Тэгсэн ч юм асуухаар нь "Харин чи энэ талаар юу гэж бодож байна вэ" гээд эргүүлээд нэг их том хүнтэй ярьж байгаа юм шиг асуух дуртай. Хариултыг нь сонссоны дараа "Тийм үү, миний хувьд ингэж бодож байна" гэх зэргээр ярилцдаг. Бас "Хүүхэд юм чинь яадаг юм" гэх хандлагаас татгалздаг. "Би энэ цамцыг өмсмөөр байна" гэвэл сонголтыг нь хүндлээд зөвшөөрнө. Дэлгүүрээс хувцас авахад ч "Би үүнийг авмаар байна" гэвэл зөвшөөрдөг. Хувцас бол нэг жил, хоёр жил өмсөөд л багадна. Харин сонголтоо өөрөө хийж чаддаг, эргэлздэггүй, өөртөө итгэлтэй байдал насан туршид үлдэнэ. Өөрийнхөө зөв гэж бодсон зүйл дээр "Харин би ингэж боддог" гээд үзэл бодлоо илэрхийлэх чадвар чухал санагддаг. Манай гэрт гитар бий. Сүртэй чадварлаг биш ч би орой болгон тэрийгээ тоглоно. "Morning star-Chihiro" гээд дууг тоглож сурах гээд хэсэг орой болгон тоглодог байлаа. Нэг орой нөгөө дуугаа тоглоод эхэлтэл охин тэндээс гэнэтхэн "Сонсооч, сүүлийн удаа..." гээд дуулдаг юм байна. Эндээс хөгжмийн сонсголтой юмуу даа гэж бодсон. Дараа нь "Тавтай нойрсоорой"-г тоглож сурлаа. Охинтойгоо орой унтахынхаа өмнө "Нөгөө дуугаа нэг явчих уу" гээд л дуулна даа. Ер нь охиноо хөгжимд хайртай хүн болоосой гэж хүсдэг. Хөгжим хүнийг зөв, зөөлөн болгож хүмүүжүүлдэг гэж би боддог. Ядаж л ганцаардахад, гунихад хань болох хоббитой байна гэдэг сайхан шүү дээ. Ер нь юунд яаж хандах нь уу, юуг илүү сонирхож байна вэ гэдгийг анзаарч харж, түүнд тулгуурлаж хүмүүжүүлэхийг зорьдог. Би хүмүүжүүлнэ гэхээс илүүтэй, юугаар яаж хүмүүжил олгож болох вэ гэдгийг л бодож явдаг даа. Аливаад амархан шантардаггүй, амьдарч байгаа орчиндоо ач холбогдол өгч, харьцуулан бодож, байхгүйдээ урвайдаггүй нэг тийм сэтгэл дүүрэн хөнгөхөн, хэвлүүхэн хүн болж өсөөсэй л гэж хүсдэг. Тийм учраас шалтгаангүй байнга тэвэрдэг. Зүгээр л цэцэрлэгээ тарахад нь, орой унтахад нь гээд чангаас чанга тэврэх дуртай. Гэтэл нэг л өдөр оохин маань өөрөө санаачлагаараа "Ээж тэвэрье" гэж хэлсэн. Тэр маань ингээд л хэн нэгэнд шалтгаангүй тэврэлт бэлэглэдэг хүн болно гэхээс баярламаар. Тэврэлт сэтгэл дүүрэн, тайван хүн болоход эергээр нөлөөлнө гэж итгэдэг дээ.”