Зөвлөгөө: Хүүхдээ хүмүүжүүлэх аргыг үр дүнтэй болгох 4 алхам

Жил бүрийн 4-р сарын 30-ны өдрийг “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр” болгон дэлхий нийтээр 1998 оноос тэмдэглэж иржээ. Монгол Улс Хүүхдийг Ивээх Сангийн санаачилгаар 2006 оноос жил бүр уламжлал болгон энэ өдрийг тэмдэглэж байна. Энэ өдөр олон улсад эцэг эхчүүд, асран хамгаалагчид, сурган хүмүүжүүлэгчид хүүхэдтэй хэрхэн харилцаж, хүмүүжүүлж байгаагаа эргэцүүлэн, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлдэг. Тэмдэглэлт өдрийн хүрээнд familycenter -ийн зүгээс эцэг эх, асран хамгаалагч нарт зориулан KidsHealth Medical Experts -ийн боловсруулсан хүүхдийг зодож шийтгэлгүйгээр, эерэг аргаар хүмүүжүүлэхэд туслах үр дүнтэй 4 алхамыг орчуулан, монгол сэтгэл зүйчдийн жишээ, зөвлөмжөөр баяжуулан хүргэж байна. 

Нэг: Хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлээрэй

Хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж, төрсөн цагаас нь эхлэн хөгждөг. Тэр дундаа эцэг эхийн харилцаа хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжид хамгийн хүчтэй нөлөөлдөг. Үүнд, анх тэднийг харсан харц, харилцсан дуу хоолойны өнгө, биеийн хэлэмж гээд илэрхийлэл бүр нь чухал нөлөө үзүүлдэг. Хэрвээ та хүүхдээ олон нийтийн газар загнаж, зандардаг, найзуудынх нь дэргэд буруутгадаг, сайн үйл хийхэд нь талархаж, магтдаггүй бол хүүхэд өөрийгөө “үнэ цэнэгүй”, “хайр мэдрэх эрхгүй”  мэтээр хүлээн авдаг. Мөн хүүхдээ бусадтай харьцуулах нь хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг хамгийн ихээр бууруулдаг сөрөг үйлдэл юм. Харин эсрэгээрээ хүүхдээ үнэ цэнтэй гэдгийг мэдрүүлэх, талархах, тэврэх, магтах зэрэг нь өөрийгөө үнэлэх үнэлэмжид нь эергээр нөлөөлдөг байна.

Сет Поллах нарын судлаачид хүүхдийг өдөрт 10 минутын турш тэврэх нь сурлагын чанарыг сайжруулах, ирээдүйд амьдрах түвшинг нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээний нөлөөлдөг болохыг асрамжийн газарт амьдардаг болон тогтвортой гэр бүлд амьдардаг хүүхдүүдийн дунд явуулсан урт хугацааны судалгааны үр дүнд тогтоосон байдаг. Тэврэлт нь хүүхдэд өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлээд зогсохгүй өөдрөг үзэлтэй байхад тусалдаг байна. Мөн хүүхдээ зөв магтсанаар өөрийгөө сэдэлжүүлэх чадвартай, өөрөөрөө бахархах мэдрэмжтэй хувь хүн болж  төлөвшүүлэхэд тустай. Гэхдээ “зөв магтах” хэмээн онцолсон нь учиртай. 

Хүүхдийг хэрхэн зөв магтах талаар сэтгэл зүйч Г.Хулан зөвлөхдөө, “Хүмүүс ихэвчлэн хүүхдээ магтахдаа “сайн байна, ухаантай хүүхэд, онц хүүхэд, мундаг хүүхэд” гэх мэт үгсийг түгээмэл ашигладаг. Ер нь бол тогтмол ашигладаг гэж хэлсэн ч болно. Магтаал үр дүнгээ өгөхийн тулд хүүхэд амар хялбар зүйлийг хийсний дараа биш хичээж хийсэн зүйлийг нь магтвал жинхэнэ магтаал болно. Хичээл зүтгэл гаргаагүй, жаахан  юм хийсний төлөө магтаад байвал таны магтаал үнэ цэнэгүй болж, хүүхдэд нөлөө үзүүлэхээ болино. Магтахдаа хамгийн чухал баримтлах зүйл бол гаргасан үр дүнд хүрэхэд нөлөөлсөн хичээл зүтгэлийг магтах хэрэгтэй. Жишээлбэл, хүүхэд муу дүн авлаа гэж бодъё. Тэгвэл ухаантай гэж магтуулаад байдаг хүүхэд өөрийгөө тэнэг гэж бодно. Эсрэгээрээ хичээл зүтгэлээ магтуулдаг байсан хүүхэд би дутуу хичээсэн юм байна гэж бодно. Өөрөөр хэлбэл, би дахиад илүү хичээх юм бол хүссэн зүйлдээ хүрч чадна гэдэг итгэлтэй болдог. Ингэж зөв магтсанаар таны хүүхэд нэг хувийн авьяас, 99 хувийн хөдөлмөр гэдэг үгийн үнэ цэнийг ойлгож хичээх л юм бол бүх л хүссэн зүйлдээ хүрч чадах итгэл үнэмшилтэй болно” хэмээн зөвлөж байна. 

Хоёр: Таны хайр болзолгүй гэдгийг ойлгуулаарай

Эцэг эхийн хувьд та хүүхдүүдээ засаж залруулах, чиглүүлэх үүрэгтэй. Гэхдээ та засаж залруулах зааварчилгаагаа хэрхэн илэрхийлж байгаа нь хүүхэд үүнийг хэрхэн хүлээж авахыг өөрчилдөг. Хүүхдээ магтах үедээ зарим эцэг эхчүүд санаатай болон санамсаргүй байдлаар “чи хамгийн шилдэг хүүхэд” гэж хэлэх нь түгээмэл байдаг. “Хамгийн мундаг хүүхэд” энэ үгийг ашиглавал би бусдаас үргэлж илүү байх ёстой гэдэг ойлголтыг бий болгох ба бүх зүйл дээр бусдаас илүү байж л хүүхэд өөрөөрөө бахархдаг болдог. Гэхдээ хүүхэд хэзээ ч бүх зүйл дээр хамгийн шилдэг хамгийн мундаг нь байх боломжгүй. Хүн бүрд илүү сайн болон муу хийдэг зүйл гэж байдаг. Дээрх үгнүүдийн оронд “ээж нь чамайг чадна гэдэгт итгэж байсан,  ээж нь чамайг ямар их хичээснийг харсан, ээж нь чамайг ямар ч дүн авсан ямар ч байдалд байсан хайрлана, хөөх миний хүү онц дүн авсан юм байна ш дээ ээж нь чамаар маш их бахархаж байна ” гэдэг үгээр орлуулаарай. Мөн хүүхдээ зэмлэх үедээ “чи тэнэг” эсвэл түүнийг шүүмжилсэн, буруутгасан байдлаар харьцахын оронд хамтдаа асуудлыг шийдвэрлэе, ярилцъя эсвэл “би чамаар бахархдаг ч яг энэ үйлдэлд чинь урам хугарч байна” гэдэг үгсийг ашиглаарай.

Гурав: Шүүмжлэхээс илүү магтаарай

Та хүүхдэдээ өдөрт эсвэл долоо хоногт хэдэн удаа сөрөг үг хэлж, хэдэн удаа эерэг үг хэлдгээ эргэцүүлж үзээрэй. Ихэнх эцэг эхчүүд хүүхдээ магтахаасаа илүү олон удаа шүүмжилдэг. Хэрвээ санаатай ч байсан, санаандгүй ч байсан хүүхдэдээ эерэг үгсээс илүү сөрөг үг хэлэх нь ямар үр дүнтэй байх талаар болон таны хүүхдэд ямар мэдрэгдэж байгаа талаар тунгаагаад үзээрэй. Угтаа хүүхэд хүмүүжлийн эерэг арга бол тэдний хийсэн, чадсан зүйлийг нь өөрт нь ойлгуулж урам зориг төрүүлэх. “Чи ороо зассангүй” гэж загнахын оронд ороо зассан үеийг нь дайруулаад “Чи асуудалгүй ор дэрээ засчихдаг үнэхээр сайн хүү шүү”, “Хоолоо идсэнгүй” гэж хэлэхийн оронд хоолоо идсэн үеийг нь алдалгүй “Чи хоолоо маш сайн иддэг шүү”, “Чи дүүтэйгээ тоглож байхдаа хэтэрхий ширүүн тоглох юм” гэж хэлэхийн оронд “Чи дүүтэйгээ тоглож байгаа сайн ах юм. Харин дүү чинь чамаас бага учир илүү зөөлөн тоглоорой. Чи чадна.” гэх зэрэг нь илүү үр дүнтэй. Хүүхдэд өөрийгөө “сайн хүүхэд” байх боломжийг олгоорой.

Дөрөв: Эцэг эхээс өвлөгдсөн хүмүүжлийн хэв маягийг өөрчлөхөд бэлэн, уян хатан байгаарай

Хэрвээ хүүхэдтэйгээ харилцах харилцаанаас таагүй мэдрэмж авах, “сэтгэлээр унах” зэрэг мэдрэмж авдаг бол та бодит бус хүлээлттэй байх магадлалтай юм. Тухайлбал та хүүхдээ “чөлөөтэй ярьж чаддаг болсон байх ёстой”, эсвэл “санхүүгээ бүрэн төлөвлөдөг болсон байх ёстой” зэрэг “ёстой” шаардлагад хүлэгдэж, энэ нь бодит нөхцөлтэй нийцэхгүй байвал хүүхэдтэйгээ зөрчилдөхөөс урьтаж хүүхэд хөгжлийн мэргэжилтэн, сэтгэл зүйч нартай холбогдох нь илүү үр дүнтэй. Мөн хүүхдийн орчин нь зан төлөвт нөлөөлдөг тул зарим нөхцөлд орчныг өөрчилснөөр асуудлыг шийдвэрлэх боломжтой. Тухайлбал 2 настай хүүхэд байнга бүдэрч унадаг, орчиндоо гэмтдэг бол өрөөний тохижилтыг анхаарах хэрэгтэй. Мөн өсвөр насны хүүхэд этгээд араншин гаргаж, таны зөвлөгөөг сонсохгүй байвал найзуудынх нь хүрээллийг ажиглах хэрэгтэй. Зарим эцэг эхчүүд миний ээж аав намайг хүмүүжүүлсэн, би “ингэж хүмүүжээд муудаагүй юм шүү” гэсэн үгийг хэрэглэдэг. Гэтэл нийгэм хурдацтай хөгжиж, хүмүүсийн хүрээлэн буй орчин өөрчлөгдөж байдаг тул та уламжлалт хэв маягт хүлэгдэхийн оронд илүү уян хатан байгаарай. Хүүхдийнхээ өсөж торниж буй орчин, нийгмийг ажигласнаар та өөрийн хүмүүжлийн аргаа илүү боловсронгуй болгох боломжтой. Мөн хүүхэдтэйгээ ойлголцоход тусална. Эцэг эхийн хүмүүжлийн ялгаатай байдлын талаар сэтгэл судлаач Э.Хонгорзул, “Орчин үед хүүхдүүдийн хэрэгцээ их өөр болсон. Жишээлбэл, 1990 онд өсвөр насныханд энгийн л зүйлс хэрэгтэй байсан. Өвөл өмсөх гутал, малгай ороолт гэх мэт. Өмнөх үеийнхэн аав ээждээ туслаад, гэртээ дүүгээ хараад, үеийнхэнтэйгээ тоглоод эв зүйгээ ололцоход л сэтгэл зүйн хувьд ачаалал багатай байх нөхцөл боломжтой. Энэ үед үнэтэй гар утас, компьютер хэрэгтэй байгаагүй, үнэтэй брэндийн гоёл чимэглэл хэрэгтэй байгаагүй. Тухайн үед ийм зүйлс байдаг гэдгийг ч мэддэггүй байсан болохоор сэтгэл зүй нь үүнд татагддаггүй байсан. Харин өнөөдрийн өсвөр үеийнхэнд утсаараа тоглох хэрэгцээ, найзуудтайгаа уулзаж гадуур зугаалах, нийгмийн сүлжээнд өөрийгөө илэрхийлэх зэрэг олон хэрэгцээ үүссэн. Энэ бүх хэрэгцээг хянах нь хэцүү. Тиймээс энэ бүхнийг бага наснаас нь эхэлж ухамсартайгаар ойлгуулж, хэвшүүлэх хэрэгтэй” хэмээсэн юм.

 

Б.Бадамцэцэг