НҮБ-ын Хүн амын сангийн Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаагаар (2017) дэлхий даяар гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралдаа нэг болон түүнээс дээш удаа хүчирхийлэлд өртсөн байна гэсэн тайланг гаргасан. Харин Монголд эмэгтэйчүүдийн 31 хувь нь бие махбодын болон/эсвэл бэлгийн хүчирхийлэлд өртсөн байгаа нь олон улсын дундаж түвшин болох 30 хувьтай ойролцоо байна.
НҮБ-ээс гэр бүлийн хүчирхийллийг дөрвөн төрөл байна гэж үзсэн. Үүнд бие махбодийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, эдийн засгийн хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийлэл зэрэг багтаж байгаа бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлд үндэс угсаа, нас, хүйс, шашны итгэл үнэмшил, бэлгийн чиг хандлага үл хамааран нийгэм, эдийн засгийн янз бүрийн түвшний хүмүүс өртөж байгааг цохон тэмдэглэжээ.
Тиймээс www.Familycenter.mn энэ удаагийн цуврал зөвлөгөөгөөрөө www.marriage.com сайтын гэр бүл судлаач, сэтгэл зүйч нартай хамтран бэлтгэсэн Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх 15 арга нийтлэлийг орчуулан хүргэж байна.
1. Боловсрол
Хувь хүний сурч боловсрох үйл явц нь (сургуулийн өмнөх болон ерөнхий, их дээд сургуулийн боловсрол) бүхэлдээ хүчирхийллийг таслан зогсоох, хүний эрхийг хамгаалах, жендэрийн мэдрэмжтэй байх, гэр бүл төлөвлөлтөд нухацтай хандах зэрэгт хүчтэй нөлөө үзүүлдэг. Боловсролын түвшин нэмэгдэх тусам хүчирхийлэлд хандах хандлага тодорхой хэмжээнд өөрчлөгддөг. Мөн боловсролын түвшин нь орлогын түвшинтэй харилцан хамааралтай байгаа бөгөөд эдийн засгийн хувьд тогтворгүй, амьжиргааны наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй байх нь гэр бүлийн харилцаанд сөрөг үр дагаврууд авчирдаг байна. Түүнчлэн дэлхий даяар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд хамгийн том сөрөг нөлөө үзүүлж буй хүчин зүйл нь хүн амын бичиг үсэг тайлагдаагүй байдал гэж НҮБ онцолжээ. Тиймээс чанартай боловсрол, хүний эрхийн мэдрэмжтэй байдал нь хүчирхийллийн бүх төрлийг таслан зогсооход хамгийн үр дүнтэй аргын нэг юм.
2. Хууль
Хоёр болон түүнээс дээш хүний харилцаанд “эрх мэдэл” тодорхой хэмжээнд яригддаг. Гэхдээ хосын болон гэрлэлтийн ямар ч харилцаанд эрэгтэй нь ч бай, эмэгтэй нь ч бай хэн нэгэн нь илүү манлайлагч, “давамгайлагч” байдлаар оролцдог байлаа гээд энэ нь “хүчирхийлэл үйлдэх эрхтэй” гэсэн үг хэзээ ч биш. Мөн хосууд нэг нэгнийхээ хувьд үнэ цэнэтэй, дотно харилцаатай гэдэг нь “хүчирхийллийн нөхцөл үүссэн үед өөрсдөө шийдэх ёстой”, “хүчирхийлэл үйлдсэнийх нь төлөө хайртай хүнээ уучлах” ёстой гэсэн үүрэг биш юм. Хосуудын харилцаа нь бусад харилцааны төрлийг бодоход харьцангуй төвөгтэй, нарийн асуудал. Дэлхий даяар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд хууль, эрх зүйн зохицуулалтыг хэрэглэдэг гэдгийг хүн бүр ойлгох нь зүйтэй. Ихэнх хүн хүчирхийллийн эхний шинж тэмдгийг тоолгүй, чимээгүй үлдээж асуудал хүндэрсэн үед эцсийн шатанд хууль хүчний байгууллагад мэдэгдэх нь түгээмэл байна. Тиймээс иргэн бүр хууль эрх зүйн мэдлэгтэй байхаас гадна түүнийг амьдралдаа хэрэгжүүлэх дадал, туршлагатай байх хэрэгтэй юм.
Гэр бүлийн хүчирхийллийг мэдэгдсэнээр хуулийн хүрээнд гэр бүлийг нөхөн сэргээх хөтөлбөрт хамруулах, сургалт мэдээлэл өгөх, торгууль тавих, олон нийтийн ажилд дайчлах, хүчирхийлэгчийн эсрэг зарим хориг арга хэмжээг авах зэрэг олон үйлчилгээг та авах боломжтой болно. Хүчирхийллийг танин мэдэж, түүнийг таслан зогсоох арга хэмжээ авдаг байх нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, гэрлэлтээ эрүүл авч үлдэхэд чухал ач холбогдолтой. Хуулийг “зөв”-өөр ойлгож, амьдралдаа хэрэгжүүлж эхэлцгээе.
3. Хүлээцтэй байдал
Төгс хүн гэж байдаггүй. Харилцаагаа үргэлжлүүлэхийн тулд хоёр тал нэг нэгнийхээ ялгаатай байдлыг ойлгож, төгс бус хэвээр нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тиймээс хүлээцтэй байдал нь гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал стратегийн арга гэж хэлэхэд буруудахгүй. Асуудал үргэлж үл ойлголцол, ялгаатай үзэл бодол, байр сууриас эхэлдэг бөгөөд ямар ч асуудал үүссэн сэтгэл хөдлөлөөр шууд хариу үйлдэл үзүүлэхээс өмнө хүлээцтэй байхыг эрхэмлэж сурвал олон сөрөг үр дагавраас сэргийлж чадна. Хүлээцтэй байдал нь хосуудаас гадна хүүхэд, гэрийн үйлчлэгч гээд гэр бүлийн харилцаанд оролцож буй хүн бүрт хамааралтай, суралцах ёстой чадвар нь юм.
4. Зөвшөөрөл авах
Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд бэлгийн харилцаанд орох, хүүхдээ сургалтад бүртгүүлэх зэрэг тодорхой үйлдэл хийхээс өмнө хамтрагчдаа ойлгуулж, саналыг нь хүндэтгэж үзэх нь чухал юм. Хэдийгээр бэлгийн харилцаанд хосууд бие биедээ нээлттэй байдаг гэж ойлгодог ч зарим тохиолдолд тийм биш байх магадлалтай. Мөн эмэгтэйчүүд ихэвчлэн бэлгийн хүчирхийллийн золиос болдог гэж үздэг ч эрчүүд ч хүчирхийлэлд өртдөг гэдгийг мартаж болохгүй. Тиймээс тодорхой шийдвэр гаргах, үйлдэл хийхээс өмнө нэг нэгнийхээ зөвшөөрлийг авч байх нь дараа нь үүсэх сөрөг үр дагавар, үл ойлголцлоос сэргийлж чадна. Хүн бүр бусдын хувийн орон зайг хүндэтгэх ёстой бөгөөд гэрлэсэн гэдэг нь нэг нэгнийхээ хувийн орон зайд халдаж болно гэсэн үг биш.
5. Шашны сургаалыг хүндэтгэх
Та ямар ч шашин шүтдэг байсан дэлхийн томоохон бүх шашин хайр, амар амгалан, эелдэг байдал, үнэнч байдал болон бусад сайн чанаруудыг магтан дуулдаг. Хэрвээ та шашин шүтдэг бол тухайн шашнаас гэр бүлийн сургаалыг онцлон мэдэж аваарай. Эдгээр шашны сургаалыг дагаж мөрдөх нь таны гэр бүлийн харилцаанд хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд туслах болно. Тухайлбал Христийн шашинд “та хүүхдээ саваадаж шийтгэвэл хүүхдийг сүйтгэж байгаагаас ялгаагүй” гэж сургадаг. Энэ нь хүүхдийг “зодож бүү шийтгэ” гэж сургаж буй явдал юм.
6. Жендэрийн тэгш байдлыг хангах
“Жендэрийн тэгш бус байдал нь эмэгтэйчүүдийн эсрэг эрэгтэйчүүдийн хүчирхийллийг нэмэгдүүлэх, хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд хамгаалалт хайх, авах чадварыг бууруулдаг” гэж тэмдэглэсэн байна. Эрэгтэйчүүд хүчирхийлэлд өртдөг хэдий ч дэлхий даяар гэр бүлийн хүчирхийллийн хохирогч эмэгтэйчүүд болж, эрэгтэйчүүд хүчирхийлэл ихэвчлэн үйлдэж байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой. АНУ-д төвтэй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний эвсэл (NCADV)-ийн судалгаагаар 4 эрэгтэй тутмын 1 нь дотны хамтрагч эмэгтэйдээ ямар нэгэн хэлбэрийн бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзжээ. Мөн NCADV-ийн мэдээлснээр ЛГБТ гишүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх магадлал гетеросексуал хүмүүстэй тэнцүү эсхүл бүр өндөр байдаг. Гэсэн хэдий ч гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдлэг олгох хөдөлгөөний ихэнх нь гетеросексуал харилцаанд төвлөрдөг. Тиймээс гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд нийгэм, ялангуяа гэрлэлт болон бусад харилцаанд гишүүдийг үл хүндэтгэхээс хамгаалах илүү олон арга замыг хөгжүүлэх ёстой болж байна.
7. Ярилцах
Харилцаанд үл тэвчих нөхцөл байдал үүсэх, уур уцаар төрөх, муухай ааш хөдлөх үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх магадлал нэмэгддэг. Ийм үед асуудалд сэтгэл хөдлөлөөр хандах, түргэн хариу үйлдэл үзүүлэх нь хүний “амьтанлаг” шинж, чанар давамгайлсан асуудлыг шийдэх “болхи” арга мөн. Тиймээс соёл нийгмийн иргэн хүн гэдгээ санаж хүлээцтэй байх, харилцан ярилцаж чаддаг байх зэрэг нь гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх хамгийн боломжит шийдэл.
8. Мэргэжилтэнд хандах
Нийгэм хөгжихийн хэрээр хүмүүсийн асуудлыг шийдэх чадвар улам нарийн, боловсронгуй болж байна. Хэрвээ та гэр бүлийн харилцаандаа сэтгэл хангалуун бус, ямар нэгэн асуудал байгааг мэдэрч байгаа ч тодорхойлж чадахгүй, шийдэж чадахгүй байгаа бол хуульч, эмч, сэтгэл зүйч, жендэрийн мэргэжилтнүүдэд хандаарай.
9. Хөдөлмөр эрхлэх
Хөдөлгөөнгүй сэтгэл бол чөтгөрийн урлан гэдэг. Хэрэв та тодорхой хөдөлмөр эрхэлдэггүй бол өөртөө итгэх итгэл багасаж, сэтгэл зүйн хувьд тогтворгүй болох магадлалтай. Зарим хүмүүсийн хувьд ийм бухимдал, таагүй байдал нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхэд хүргэдэг. Хөдөлмөр гэдэг нь өргөн хүрээтэй бөгөөд хүн ямар нэгэн бүтээмжтэй үйл ажиллагаанд оролцох нь сэтгэл зүйн хувьд эрүүл байхад чухал нөлөөтэй байдаг. Тогтмол ажил хийх, орлоготой болох, сонирхсон төсөл дээрээ ажиллах, гэр цэвэрлэх, сайн дурын ажил хийх, нийгмийн харилцаанд оролцох, өөрийн хоббитой байх нь анхаарлаа төвлөрүүлэх, уур бухимдлаа арилгахад чухал ач холбогдолтой.
10. Муу хүрээллээс зайлсхийх
Үе тэнгийнхний хэв маяг, зөвлөгөө, шахалт нь насанд хүрэгчдэд хүчтэй нөлөөлдөг гэдгийг социологчид хэлдэг. Хэрэв таны эргэн тойронд гэр бүлийн хүчирхийлэл, жендэрийн мэдрэмжгүй байдлаараа сайрхдаг, үүнийгээ хэвийн зүйл гэж боддог хэн нэгэн байвал тэд танд аажим аажмаар сөргөөр нөлөөлж, ийм зуршилтай болох магадлалыг тань нэмэгдүүлж байгаа гэдгийг ойлгоорой. Хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхөөс татгалзаж, өөрийн байр суурийг тодорхой болгож бусдын сөрөг хэв маягт автахгүйгээр харин бусдад эерэгээр нөлөөлөгч болоорой.
11. Хүчирхийллийн эсрэг байгууллага, бүлгэмд нэгдэх
Хэрвээ та гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ямар нэгэн арга хэмжээ авч, таслан зогсоохыг хүсч байгаа бол ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага, бүлгэмд нэгдээрэй. Ийм бүлгэмд нэгдсэнээр та гэр бүлийн хүчирхийллийн эсрэг зөвлөгөө мэдээллийг аваад зогсохгүй, үүнийгээ бусадтай хуваалцах чадвар, дадалт суралцана.
12. Дасгал хийх
Хачирхалтай сонсогдож байгаа ч энэ бол өөрийн дадал зуршлаа өөрчлөхийг хүсч байгаа хүмүүст зориулагдсан зөвлөгөө юм. Хэрвээ та хэн нэгнийг зэмлэх, өдөөн хатгах хандлагатай, өөрийн дадал зуршлаа өөрчлөхийг хүсч байгаа бол биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх цагаа нэмэгдүүлээрэй. Дасгал хийснээр аз жаргалтай мэт санагдуулдаг "эндорфин" хэмээх даавар ялгарснаар тайвшрахаас гадна тархинд "допамин" хэмээх даавар ялгарснаар хоол, секс, архи, донтуулагч бодис, уур уцаар зэргээс таашаал авах байсныг дасгал хөдөлгөөний үед ялгардаг өөр бодисоор орлуулдаг байна.
13. Асуудлыг шийдвэрлэгч бай
Асуудал шийдвэрлэх чадвартай байх нь гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Энэ талаар хийсэн судалгаанаас харахад хүний нөөцийн менежментийн чиглэлээр ажилладаг, энэ талын чадвартай хүмүүс гэрлэлтийн харилцаанд үүссэн асуудлыг шийдвэрлэхдээ илүү туршлагатай, хүчирхийллийн аргаас татгалзах чадвартай байж чаджээ. Асуудлаа цаасан дээр бичиж солилцох, дараа нь нэг нэгэндээ ойлгосноо тайлбарлах, маргааны дундуур завсарлага авч чаддаг байх, ярилцах хэв маяг, орчноо тодорхойлох гэх мэт энгийн мэт боловч чухал аргууд асуудал шийдвэрлэхэд чухал нөлөөлдөг байна.
14. Хайр, энхрийллээ мэдрүүл
Хайртай дотны хүнээ халуун дотноор тэврэх, энхрийлэх нь бидний эрүүл мэнд, сэтгэл санаа, амьдралын хэв маягт маш том өөрчлөлтийг авчирч, үгээр хэлэхийн аргагүй мэдрэмжийг төрүүлдэг байна. Хайр халамж, тэврэлтээр дутсан хүн ганцаардмал, өөртөө итгэлгүй нэгэн байдаг бол халамж хайраар өссөн хүн өөдрөг, амьдралын эрч хүчтэй байдаг аж. Хосууд бие биеэ чин сэтгэлээсээ хайрлаж, ойлгохыг хичээж, нэгэндээ хүндэтгэлтэй хандсанаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлж чадна.
15. Ээж аав, найз нөхөд, хамаатан садан- Итгэлтэй хүмүүстэйгээ ярилц
Хосууд нэг нэгэндээ хүндэтгэлтэй байж хувийн харилцаагаа хамгаалах нь зөв хэдий ч гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд зарим нөхцөлд нууцаа хэлэх итгэлтэй хүмүүстэй байх хэрэгтэй. Мэргэжилтнүүд гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход гэр бүл, найз нөхөд, ойр дотны хүмүүс нь үр дүнтэй тусалж чаддаг гэдэгтэйсанал нэгддэг. Хэрэв хэн нэгэн хүчирхийлэлд өртсөн эмэгтэй эсвэл эрэгтэй хүнд хэрхэн туслах талаар сурахыг хүсч байвал мэргэжилтнүүдэд хандахаас гадна өөрийн итгэлтэй хүмүүстэйгээ нээлттэй ярилцаарай гэж зөвлөөрэй.
Эцэст нь хэлэхэд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх олон аргыг хэрэгжүүлж, хэрэв гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал үүсч үүнийг шийдвэрлэх гэж бүх хүчээрээ хичээсэн ч тодорхой үр дүнд хүрч чадахгүй, нөхцөл байдал улам хурцдаж байвал гэрлэлт цуцлах нь хэвийн зүйл гэдгийг хүлээн зөвшөөрөөрэй. Энэ нь та хоёрт асуудлыг шинээр харах, амьдралаа өөрөөр төлөвлөх боломж олгоно.