АНУ- Вашингтон хот төвтэй Хүүхдийн сайн сайхны нийгэмлэгээс бэлтгэн хүргэсэн хүчирхийллээс сэргийлэх 7 арга ба үл хайхрах хүчирхийллийн талаарх мэдээллийг уншигчдадаа орчуулан хүргэж байна. Үл хайхрах хүчирхийлэл гэдэг нь хүүхдийн бие махбод, сэтгэл санаа, эрүүл мэнд, хөгжил боловсрол, хайр халамж эдлэх, аюулгүй байдлыг нь хангах зэрэг суурь хэрэгцээг нь гачигдуулсны улмаас хүүхдэд гэм хор учруулсан болон учруулахаар завдсан, эсхүл мэдсээр байж хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүйг хэлдэг.
Үл хайхрах хүчирхийллийг ерөнхийд нь 4 төрөлд хувааж авч үздэг. Үүнд:
Нэг: Бие махбодын хайхрамжгүй байдал: Хүүхдийн зохих ёсны аюулгүй байдлыг хангахгүй, хараа хяналтгүй байх. Хүүхдийн хоол хүнс, хувцас, орон байр зэрэг үндсэн хэрэгцээг хангахгүй байснаар та хүүхдээ бие махбодын үл хайхрах хүчирхийлэлд өртүүлж байна гэж үзнэ. Эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулсны улмаас компьютер тоглоомд донтох, түлэгдэх, цонхоор унах, авто осолд өртөх ноцтой хэлбэрт шилждэг. 6 настай эгчээр нь 2 настай дүүг нь харуулдаг гэтэл дүүгээ харах чадамж тэр хүүхдэд байхгүй учир алдаа гаргах эрсдэл маш өндөр гэтэл үүнийг эцэг эхчүүд бид ингэж л хүн болсон гэж үзэх нь байдаг хандлага. Гэтэл хүүхдийн осолд өртсөн, өндрөөс унасан, хоол тэжээлийн дутагдалд орсон зэрэг нь эцэг, эх, асран хамгаалагчийн буруутай үйлдлээс болдог.
Хоёр: Боловсрол олгоход анхаарахгүй, хайхрамжгүй ханддаг байдал: Эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдийн боловсрол эзэмших боломж, нөхцөлийг хангаж өгөхгүй байх нь хүүхдийг боловсролын үл хайхрах хүчирхийлэлд өртүүлдэг.
Гурав: Сэтгэл хөдлөлийн хайхрамжгүй байдал: Хүүхдийнхээ сэтгэл зүй, нийгмийн харилцаанд хяналттай байж анхаарал хандуулахгүй байснаар олон төрлийн эрсдэл, сөрөг үр нөлөө гардаг. Сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд ихэвчлэн үл тоомсорлож, гологдсон, заналхийлсэн, тусгаарлагдсан мэт санагддаг. Тэдний эцэг эх эсвэл асран хамгаалагч нь айдастай орчинг бүрдүүлж, хүүхдийг хөгжүүлэхэд шаардлагатай анхаарал, нийгмийн харилцаа, сэтгэл санааны дэмжлэгийг үгүйсгэдэг. Харамсалтай нь энэ нь нотлоход үл тоомсорлодог нь хамгийн хэцүү хэлбэр бөгөөд ийм төрлийн хүчирхийллийн хэргүүд ихэвчлэн нуугдмал байдаг. Улмаар яриаг нь сонсохгүй байх, харилцан ярихгүй байх, нууцыг нь задруулах, доромжлох, үнсэхгүй байх гэх мэтээр сэтгэл санааны хүчирхийллийг үйлддэг.
Дөрөв: Эрүүл мэндийн хайхрамжгүй байдал: Хүүхэд шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө хэрэгтэй. Эдгээр тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчид нь хүүхдэдээ зохих хэмжээний эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж чадахгүй байх үед эрүүл мэндийн үл хайхрах хүчирхийлэл үйлдэгддэг.
Харамсалтай нь Монгол Улсад эцэг эхчүүд үүнийг ухамсарлан ойлгодоггүйгээс “Би хүүхдээ яахыгаа өөрөө мэднэ” хэмээх өнцгөөс хандах нь түгээмэл. Хүүхдийг багаас нь шим тэжээлгүй хоол идүүлж, тэжээлийн дутагдалд оруулах, улиралд нь таараагүй хувцас өмсүүлэх, бэлэн бүтээгдэхүүнээр хооллох, гар утас, телевизээр аргацаах, цагт нь унтуулахгүй байх нь түүний эрүүл мэнд, амьдралын хэмнэлд насан туршид нь хор хохирол учруулж байгаа нь үл хайхрах хүчирхийллийн түгээмэл хэлбэр юм.
Үл хайхрах хүчирхийлэл нь эцэг, эхийн хариуцлагатай шууд холбоотой. Хүүхэд бол таны өмч биш. Та хүүхдээ төрүүлсэн л бол түүнд тодорхой эрх үүсч, та хуулийн дагуу хариуцлага хүлээдэг гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой.
Тухайлбал, эцэг эх хүүхдээ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөнд оролцуулахдаа суудлын бүсийг бүслүүлэх, зориулалтын хүүхдийн машины суудал ашиглах, зам хөндлөн гарахдаа ногоон гэрэл цагаан шугамаар хүүхдийн гарнаас нь хөтөлж гарах гэх мэт үүрэг хүлээдэг. Харин сүүлийн гурван жилд Монгол Улсын хэмжээнд зам тээврийн 1273 осол бүртгэгдсэний 1981 хүүхэд хохирсон буюу 170 хүүхэд амиа алдаж, 1103 хүүхэд гэмтсэн байна. Энэ нэг талаараа эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдалтай холбогдох тоон үзүүлэлт юм.
Хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх 7 арга
Нэг: Сайн дурын ажилд цаг гарга: Хүүхдийн хүчирхийллийн эсрэг сайн дурын ажил болон арга хэмжээнд оролцох нь танд хэрэгцээтэй мэдээллийг өгөөд зогсохгүй, нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулах, өөр бусад эцэг эхчүүдтэй холбоо харилцаа тогтоох боломжийг олгоно. Энэ нь танд практик дээр юу зөв, юу буруу болохыг хүчтэй ойлгуулж, өөрийн өдөр тутмын амьдралдаа сөрөг үйлдлээс татгалзах чадварыг эцэг эх болсон танд өөрт суулгахад тустай.
Хоёр: Хүүхдээ хүмүүжүүлэх зарчмаа тодорхойл: Хүүхэд бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Хүүхдээ хүмүүжүүлэх арга барилаа сайн бодож, эргэцүүлээрэй. Та өөрөө бухимдаж, уурласан үедээ хүүхдээ хүмүүжүүлэх гэж бүү оролдоорой. Хүүхэд тань буруу зүйл хийсэн ч асуудалд тайван хандаж, ямар арга хэмжээ авах нь илүү үр дүнтэй талаар бодож эргэцүүлснийхээ дараа үйлдэл хийж байх хэрэгтэй. Хэрвээ хүүхэд тань огцом зантай бол асуудал үүссэн үед завсарлага авч хүүхдэдээ зарим эрх чөлөөг олгож, өөрийн зан төлөв, нөхцөл байдалд өөрөө дүгнэлт хийж асуудлыг ойлгох боломж өгч, урамшууллын аргаар чиглүүлээд үзээрэй.
Гурав: Өөрийгөө ээж, аав болгож “хүмүүжүүл”: Хүүхэд бол “тусдаа” бие даасан ертөнц. Тэднийг өсгөхөд олон ур чадвар шаардагдана. Хүүхэд хүмүүжүүлэх, хүүхдийн хоол тэжээлийн, хүүхдийг эрсдэлээс хамгаалах эцэг эхчүүдэд зориулсан олон төрлийн хөтөлбөр, сургалтууд байдаг бөгөөд өөрт тохирсонд хамрагдаарай.
Дөрөв: Хүүхдэд эрхийг нь зааж өг: Хүүхэд өөрөө өөрийгөө гэмт хэрэгт өртөх ёсгүй гэдгээ мэддэг байх нь хүчирхийлэлд өртсөн үед өөрийгөө буруутгах бус нөхцөл байдлыг зөвөөр дүгнэж гэмт хэргийг таслан зогсооход хүчтэй нөлөөлдөг. Хүүхдэд эсэн мэнд амьдрах эрхтэй, хөгжих эрхтэй, хамгаалуулах эрхтэй, нийгмийн амьдралд оролцож хайрлуулах эрхтэй гэдгийг нь заавал ойлгуулаарай.
Тав: Хүүхдэдээ хөрөнгө оруулалт хий: Хууль тогтоогчдоос хүүхдийн эрхийг хамгаалж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлсэн эрх зүйн орчин бүрдүүлэхийг шаард. Улс төрч, олон нийтийн албан тушаалтнуудаас хүүхдэд таатай орчин бүрдүүлэхийг хүс. Ажил олгогчдоос гэр бүлд ээлтэй ажлын нөхцөл бүрдүүлэхийг хүс. Хүүхдийнхээ амьдрах орчин, харилцах хүмүүсийн сайн сайхны төлөө дуу хоолойгоо нэгтгэж, гар бие оролц.
Зургаа: Хүүхдээ хамгаал: Хэрэв таны хүүхдийг хэн нэгэн хүчирхийлж байгааг мэдвэл чимээгүй өнгөрөхийг бүү зөвшөөр. Хүүхдийнхээ зөв, хүчирхийлэл үйлдэж буй хүний буруу гэдгийг заавал ойлгуулаарай. Хүчирхийллийн нөхцөл байдал үүсэх үед хүүхэд хангалттай сайн ойлголт байхгүй бол өөрийгөө буруутгах, өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах олон сөрөг нөлөө үзүүлдэг. Олон эцэг эх сэтгэл зүйн болон үл хайхрах хүчирхийллийг анзаарахгүй, үүссэн ч “үл тоож” өнгөрөөх тохиолдол байдаг. Хэдий хүчирхийллийн үр дүн ноцтой биш байсан ч хүүхдэдээ “болохгүй” үйлдэл байсан гэдгийг батлахын тулд хууль, шүүхэд хандахаас бүү татгалзаарай. Тэд танаас суралцаж, өөрсдийгөө хамгаалах ёстойг ойлгоно.
Долоо: Хүчирхийллийн шинж тэмдгийг анзаар: Хүчирхийллийн үр дүнг зөвхөн биеийн гэмтлээр тодорхойлохгүй. Хүүхдэд сэтгэлийн хямрал үүсэх, насанд хүрсэн хүнээс айдаг болох, бусдад итгэх найз нөхөдтэйгөө харилцах харилцаанд хүндрэл үүсэх, хоолны дуршил буурах, унтах хэв маяг нойрны зуршил өөрчлөгдөх, нууцлаг байдлыг хүсэх, дайсагнах зэрэг нь ихэвчлэн хүчирхийллийн үйлдлээс үлдсэн шинж тэмдгүүд байх магадлалтай. Тиймээс хүүхдээ анзаарч, шинж тэмдгүүдийг анхаарч, жижиг гэлтгүй шаардлагатай арга хэмжээг даруй аваарай.