Ахмад настны эсрэг хүчирхийллийн эсрэг нэгдээрэй
Нийтлэлч: Familycenter.mn

60 ба түүнээс дээш насны хүн амын тоо 2015 онд 900 сая байсан бол 2050 онд хоёр тэрбум болж хоёр дахин өснө гэсэн статистикийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргажээ. Дэлхийн хүн амын дундаж наслалт жил ирэх бүр нэмэгдэж, олон улсад хүн амын дунд эзлэх өндөр настны тоо өсөж байгаатай холбоотойгоор ахмад настны эсрэг хүчирхийлэл өсөн нэмэгдэх төлөвтэй байна.

Монгол Улсад Ахмад настны тухай хууль 2017 онд батлагдаж, тус оноос хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Хуулийн 4.1.6.-д "ахмад настны эсрэг хүчирхийлэл" гэж аливаа этгээд ахмад настны эрх, эрх чөлөөг зөрчиж, түүний амь нас, эрүүл мэнд, бие махбод, сэтгэл санаанд гэм хор учруулсан, эсхүл учруулахаар заналхийлсэн үйлдэл, эс үйлдэхүйг” хэлнэ хэмээн ахмад настны эсрэг хүчирхийллийг тодорхойлсон байдаг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанаас авч үзвэл 60 ба түүнээс дээш насны 6 хүн тутмын 1 нь олон нийтийн газар дунджаар жилдээ нэг болон түүнээс дээш удаа хүчирхийлэлд өртсөн байдаг. Мөн COVID-19 цар тахлын үеэр дэлхийн олон оронд ахмад настны эсрэг хүчирхийлэл тэр дундаа бие махбодын ноцтой гэмтэл авах, сэтгэл зүйн удаан хугацааны дарамтад өртсөн байдал нэмэгдсэн нь ноцтой үзүүлэлт юм.

Монгол Улсын хувьд ахмад настны эсрэг хүчирхийллийн талаар нарийвчилсан судалгаа цөөн хийгдсэн байдаг бөгөөд ахмад настан тэтгэврийн зээлээ өөрсдөдөө зарцуулж байгаа тохиолдол тун ховор байгаа төдийгүй ихэнх нь ар гэрийнхний ятгалгаар зээл авдаг болон эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү их байгаагаас ахимаг насны эмэгтэйчүүд эрт бэлэвсэрч үлддэг зэрэг асуудал түгээмэл байна.

Ахмад настны хүчирхийллийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээ: Мэдэгд

Нэг: Хэрвээ та хүчирхийлэлд өртөж, үл тоомсорлол мэдэрч байгаа бол ойр тойрныхоо хүмүүст төрж байгаа мэдрэмжээ үнэнээр нь хэлээрэй. Өрхийн эмч, хорооны цагдаа, сайн дурын байгууллагын ажилтан болон гэр бүлийн гишүүддээ мэдэгдээрэй. Эсхүл гэр бүлийн хүчирхийллийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх 107 дугаарт залгах, familycenter.mn сэтгэл зүйчийн тусламжийн цэс руу орж  холбогдох боломжтой.

Хоёр: Хэрэв ахмад настны эсрэг хүчирхийллийн гэрч болбол заавал арга хэмжээ аваарай. Ахмад настнууд нь нийгмийн амьдралаас тодорхой хэмжээнд тусгаарлагдаж, идэвхтэй ажил хөдөлмөр эрхлэхээ больсон байдаг төдийгүй хүчирхийлэлд өртсөн ч мэдэгдэх, арга хэмжээ авах магадлал бага байдаг нь хүчирхийлэл удаан хугацаанд үргэлжлэх боломжийг бүрдүүлдэг. Тиймээс хүчирхийллийн талаар заавал мэдэгдэж, чадах арга хэмжээгээ аваарай. Ихэнх тохиолдолд ахмад настан үр хүүхэд, ойр дотынхоо хүмүүсийн хүчирхийлэлд өртдөг бөгөөд энэ нөхцөлд “Хэрэв би тэднийг бага байхад нь илүү сайн эцэг эх байсан бол ийм зүйл болохгүй байсан” гэж өөрийгөө буруутгах “хайртай хүүхдүүдээ хуулийн хариуцлага хүлээлгэхийг хүсэхгүй байна” гэсэн шалтгаанаар өөрөө хуулийн байгууллагад мэдэгдэж чаддаггүй. Тиймээс ахмад настны хүчирхийллийн гэрч болсон нөхцөлд хууль, хяналтын байгууллагад мэдэгдэж, өөрийн мэдэх бүхнийг хэлж гэрчлэх нь таны авч чадах хамгийн сайн арга хэмжээ юм.

Гурав: Ахмад настныг хүчирхийлж буй асран хамгаалагчтай шууд нүүр тулж эсэргүүцэхээс зайлсхийгээрэй. Ахмад настныг өөр асран хамгаалагчид шилжүүлэх, асран хамгаалагчийг солих нь тодорхой хугацаа шаарддаг бөгөөд нэн даруй тусгаарлаж чадахгүй нөхцөлд шууд эсэргүүцэл нь илүү өндөр эрсдэлд оруулж болзошгүй. 

Дөрөв: Ахмад настны хүчирхийллийг таслан зогсоохыг оролдсон ч хүчирхийлэгч, хүчирхийлэлд өртөгч нь аль аль нь эсэргүүцэж таны тусламжаас татгалзахыг хүссэн ч ахмад настантай уулзаж, сэтгэлийн дэмжлэг өгөхийг хичээгээрэй. Тэдэнд бусад хүн санаа зовж, халамжлахыг хүсэж байгааг мэдрэх нь илүү их итгэлийг өгөх болно. Хүчирхийлэлд ахмад настны үе тэнгийнхэн эсвэл мэргэшсэн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид  хүчирхийллийг даван туулахад нь нөлөөлж чадах магадлал илүү өндөр байдаг.

Тав: Ахмад настанд өөрийн хөдөлмөрийн чадвар, боломжид тохирсон ажил санал болгоорой. Бэлэг савлах, товч хадах эсвэл гэрийн жижиг засвар, хоолны хүргэлт зэрэг байж болно. Амьдралд гарах эерэг өөрчлөлт нь тэдэнд илүү олон боломж, өөртөө итгэх итгэлийг нээж өгнө.

Зургаа: Ахмад настан шаардлагатай эмнэлгийн тусламж авч чадаж байгаа эсэхийг заавал нягталж байгаарай. Хүчирхийлэлд өртөж буй ахмад настнууд өөрийн аюулгүй байдалдаа анхаарах магадлал нь буурсан байдаг бөгөөд өөрийгөө үл тоомсорлох хандлагатай болсон байдаг. Бүх ахмад настанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ шаардлагатай байдаг тул боломжтой бол ахмадын эмчтэй холбож өгөөрэй.

 

Эх сурвалж: www.helpguide.org  , https://www.who.int/