“Мэргэжилтний зөвлөгөө” ярилцлагын энэ удаагийн зочноор МУИС-ийн Социологи Нийгмийн ажлын тэнхимийн багш А.Тэнүүнжаргалыг урьж ярилцлаа. Тэрээр Франц Улсад Дээд боловсрол болон Социологийн магистрын зэргээ “Ази эмэгтэйчүүдийн өөрийн “би”-г тодорхойлж байгаа байдал нийгмийн үүрэгтэй холбоотой асуудал” сэдвээр хамгаалсан юм.
- Сайн байна уу. Таны судалгааны сэдэв их сонирхолтой санагдаж байна. Та өөрийнхөө судалгааны талаар танилцуулж болох уу?
- Миний судалгааны ажил Франц улсад дээд боловсрол эзэмшиж байгаа ази залуу эмэгтэйчүүдийн өөрийн “би”-г тодорхойлж байгаа байдал түүний нийгмийн үүрэгтэй холбоотой асуудлыг судалсан. Энэ хүрээндээ Япон, Солонгос, Хятад гэсэн гурван улсын эмэгтэйг хамруулан тэдэнтэй чанарын судалгааны ярилцлагын аргыг ашиглаж судалгааныхаа мэдээллийг цуглуулсан.
Анх судалгааг хийх сэдэл нь миний өөрийн хувийн туршлагатай холбоотой. Гадаад улсад суралцах үед хамгийн эхний сорил нь нэг нийгмээс өөр нийгэмд шилжих үйл явц байдаг. Өөрөөр хэлбэл нэг соёлын орчноос нөгөө соёлын орчинд нийгмийн нэг хэсэг болон нэгдэх явдал байсан. Энд байхдаа хэдий франц хэлийг сурч эхлэхэд тухайн улсын соёл түүхтэй танилцаж эхэлсэн ч яг очоод амьдрахад бүх зүйл нь өөр санагдаж байсан. Харин тэнд очиход надад хамгийн эхлээд мэдрэгдсэн зүйл нь уулзсан хүмүүс маань намайг Тэнүүн гэдэг хувь хүн талаас гэхээс илүү монгол хүн, ази хүн, ямар нийгэм, соёлтой орчноос ирсэн гэдэг ерөнхий хүрээнд харж тухайн нийгэмд тогтсон ази эмэгтэйн үүднээс сонирхдог байсан. Нөгөө талаасаа гадаад оюутан учраас бусад улсаас ирсэн оюутнуудтай нийтлэг хүндрэл бэрхшээл, нийтлэг зорилго зэргээрээ маш амархан дотно нөхөрлөх боломжтой байдаг байв. Ялангуяа тэнд надад Ази оюутнуудтай найзлахад хамгийн эхний уулзалтаар бид өөрсдийгөө ижилcүүлэн “identity” дотносож байсан нь сонирхолтой байсан. Ингээд уулзах бүртээ олон сэдвийн хүрээнд санал бодлоо солилцох явцдаа бидний ижилсэл ондоошил “энд” болон “тэнд” байхаас хамаараад хэрхэн бүрэлдэж байгааг сонирхож энэ судалгаа маань ер нь бол эхэлсэн.
Миний олж мэдэхийг хүссэн зүйл нь өөрийн төрж өссөн орчноос өөр нийгэм соёлын орчинд тодорхой хугацаанд амьдарсны дараа хэрхэн эдгээр ази эмэгтэйчүүд өөрсдийн “би”-г тодорхойлон харж (percieve) байна вэ? Үүнд, эмэгтэй хүний талаарх тухайн нийгмийн хүлээлт, шаардлага хэрхэн нөлөөлдөг болохыг судлахыг зорьсон. Ингэхдээ тэдний амьдралын түүхийг боловсролын замнал, гэр бүлийн харилцаа, тэдний амьдралд тохиолдсон үйл явдлууд, түүнтэй холбогдох шийдвэрийн хүрээнд авч үзсэн.
Судалгааны өөрийн онцлог нь орон зай, цаг хугацааны хувьд тухайн эмэгтэйчүүд “тэнд” буюу Шанхайд, Сөүлд эсвэл Токиод байх үеийн “би”-г шилжих хөдөлгөөний дараа Францад 2-с дээш жил амьдарсны дараа буюу “энд” бий болж байгаа “би” гэх хүн-эмэгтэй хүн болох тэрхүү нийгмийн дүрийг тодорхойлох ойлголт бүрэлдэх үйл явц, өөрчлөлтийг тайлбарласан явдал байсан.
- Судалгаанаас ямар үр дүн гарсан бэ?
- Нийтлэг гурван улсын хувьд ижилхэн гарсан үр дүнгийн хувьд хамгийн сонирхолтой байсан зүйл нь өндөр боловсрол эзэмших үйл явц нь ази залуу эмэгтэйчүүдийн хувьд “эрх чөлөө” болон “бие даасан байдал”-ыг мэдрэх боломжийг олгож байгаа явдал байсан. Гэхдээ энэ нь “энд” эсвэл “тэнд” байхад ялгаатайгаар тэдний нийгмийн үүрэгт буюу ази залуу эмэгтэйчүүдийн нийгмийн нэг гишүүн гэх мэдрэмж, нийгмийн хүлээлт, хэм хэмжээнд нийцүүлэн үзүүлэх хариу үйлдэлд нөлөөлдөг гэсэн үг. Өөрөөр хэлбэл Японы хамгийн нэр хүндтэй сургуулийг төгсөөд мэргэжлийн карьераа олон улсын дипломат ажилтнаар эхлүүлэхэд эмэгтэй хүн болохынхоо хувьд тухайн хүн хүч, эрх чөлөө бие даасан байдлыг мэдрэхээсээ илүү уг нийгэмд нэгэнт бүрэлдэн тогтсон идеал эмэгтэйн шинж чанартай нийцэх нь бага болж улмаар нийгмээс жендэржсэн дарамт, шахалтыг мэдрэх нь илүү байх жишээтэй. Энэ тохиолдолд гадагшаа боловсрол дээшлүүлэх шийдвэр нь өөрийн улсдаа иргэж очоод мэргэжлийн карьерээ дээшлүүлнэ гэхээс илүү очсон газартаа өөрийн байр суурийг бий болгох сонирхол сэдлээр нөхцөлдсөн байх жишээтэй.
Гэтэл нөгөө талдаа тэдгээр ази эмэгтэйчүүд нэг нийгэмд тогтсон эмэгтэй хүн ийм тийм байх ёстой гэсэн хүлээлт шаардлагаас нөгөө улсад бүрэлдэн тогтсон өөр нэг жендэрийн тогтсон ойлголт, хандлагатай нүүр тулах явдал. Наад захын нэг европ хүнээс ази эмэгтэйчүүдийг юу гэж боддог болохыг асуухад хамгийн нийтлэг тэдний хариулт нь тэд дуулгавартай, зөөлөн, хүлцэнгүй, эелдэг, инээмтгий, халамжтай зэрэг үгнүүдийг ашиглаж хариулах талдаа. Энэ тохиолдолд эдгээр эмэгтэйчүүд өөрсдийн гадаад үзэмжийг “энд” эсвэл “тэнд” тодорхойлохдоо нөгөө л нэг гоё сайхан байх нийгэмд тогтсон стандарт хэм хэмжээний хүрээнд илэрхийлж байсан юм. Нийгэмшилтийн үйл явцтай энэхүү гадаад бие үзэмжтэй холбоотой итгэл үнэмшил нь шууд холбоотойгоор тайлбарлагдах бөгөөд тэдний эмэгтэйлэг шинж чанар буюу эмэгтэй хүн гоё сайхан, өөгүй байхын тулд биеэ ингэж авч явах ёстой гэсэн ойлголтод өөрсдийнх идеал дүр болох ээж нарын оролцоо голлох үүрэгтэй байсан.
- Ази залуу эмэгтэйчүүдийн хувьд онцлох ялгаатай зүйл нь юу вэ?
-Дараагийн нэг нийтлэг зүйл нь охид болон аав нарын хоорондын харилцааны хөндийрөл нь тэдэнд өөрсдийн улсад байхдаа эсрэг хүйсийн хүмүүстэй харилцахдаа өөрсдийгөө сул дорой гэж мэдрэхэд нөлөөлж байсан явдал. Ихэнх оролцогчдын хувьд ээж нартайгаа маш дотно харилцаатай учир нь ээж нар нь тэднийг их сургуульд ортол гэрийн эзэгтэйн (housewife) үүргийн хувьд ажил хөдөлмөр эрхлээгүй хэдий дээд боловсролтой байсан ч гэсэн. Аавтайгаа тогтоосон харилцаа нь тэднийг эрэгтэй хүнтэй ажил хэрэг болон хувийн харилцааг үүсгэхэд өөрсдийгөө “бие даан” илэрхийлэхэд нь “энд” ч “тэнд” ч ялгаагүй саад болж байсан явдал.
Анхдагч нийгэмшилтийн явц дахь ээж нарын хэт давамгайлсан оролцоо нь тэдний “би”-г ухамсарлах байдалд цаашлаад мэргэжил сонголт, мэргэжлийн карьер сонголтод аав нараас илүү нөлөөлсөн байсан юм.
Соёлын талаарх ойлголт нь бүрэлдэхүүний хувьд өөрөө маш өргөн хүрээнд нарийн төвөгтэйгөөр илэрхийлэгддэг учир судалгаа маань эдгээр гурван азийн улсын соёлын ялгаатай ижил төсөөтэй байдлыг харьцуулах гэхээсээ илүү яг ямар нөхцөлд эдгээр эмэгтэйчүүд өөрийгөө хэрхэн яаж тодорхойлоход нийгэм соёлын ямар хүчин зүйлүүд нөлөөлж байгааг судалсан. Ингэхдээ тэдний хувийн амьдралын туршлага болох амьдралд нь тохиолдсон үйл явдлуудыг өөрийн улсынх нь нийгэм соёлын онцлог нөхцөл байдалтай холбож тайлбарлахад чиглэсэн болохыг хэлэх хэрэгтэй байх.
- Ази залуу эмэгтэйчүүдийн өөрийн “би”-г тодорхойлж байгаа байдал хувьсал өөрчлөлт, цаашдын чиг хандлагыг хувь хүний зүгээс хэрхэн харж байна вэ. Мөн монгол залуу эмэгтэйчүүдийн хувьд нийгмээс ирж байгаа шахалт, шаардлага, үнэлэмж нь тэднийг өөрсдийгөө тодорхойлоход ямар байдлаар нөлөөлж, эргээд ямар үр дүнд хүргэж байгаа вэ?
- Энэ цаг үед Япон, Солонгос, Хятад гээд өндөр хөгжилтэй азийн улс орнууд болон бусад азийн бүс нутгуудад эмэгтэйчүүдийн байгалийн бас нийгмийн амьдралын жам ёсны үүрэг нь үр хүүхэд төрүүлэх, өсгөх хэмээн тодорхойлогдож байсан нийгмийн үүргийн талаарх ойлголт өөрчлөгдөж эхэлж байна. Энэ ойлголтын өөрчлөлт хамгийн эхэнд тухайн субъектийн “Би”-гээ ойлгох үйл явц дээр илрэх юм. Үүнийг бодитой болгож байгаа үндсэн хүчин зүйлүүдийн нэг нь боловсрол эзэмшилт түүн дээр суурилсан ажил хөдөлмөр эрхлэх боломж бололцоо цаашлаад эмэгтэйчүүдийн нийгмийн байр суурь нэмэгдэж байгаа явдал.
Эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо нэмэгдэнэ гэдэг нь эмэгтэй хүмүүс гэртээ хоол хийхээ, хүүхдээ харахаа эсвэл эрэгтэй хүмүүс хангалттай мөнгө олж чадахаа больчих тухай асуудал огт биш юм. Харин энэхүү орчин үеийн нийгмүүдэд бүрэлдэж байгаа жендэрийн үүргийн өөрчлөлтийн чиг хандлага нь хэрхэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамтдаа хувийн хамтын амьдралын зохион байгуулалтаас эхлээд улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд бүтээмжтэй, эерэг үр өгөөжтэйгээр оролцох боломжтойн илэрхийлэл байх юм.
Яг монгол залуу эмэгтэйчүүдийн тухайд нийгмийн харилцаа болон оролцооны явцад нийгмийн зүгээс ирж байгаа нөлөөллийг би нарийн судлаагүй учраас ийм тийм гэж хувийн өнцгөөрөө дүгнэн хэлэхэд тохиромжгүй байх. Гэхдээ миний анзаарснаар өнөөдөр бид харьцангуй жендэрийн эрх тэгш байдлын асуудлыг улс төр, боловсрол, эдийн засаг, эрүүл мэнд гээд тогтолцооны түвшинд судалж түүний ач холбогдлыг идэвхтэй олон нийтэд таниулах ажлуудыг эхлүүлсэн байгаа гэж санагдсан. Мэдээж энэ бол нийгмийн гишүүн болохын хувьд эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх боломж бий болгоход эерэг ач холбогдолтой сайн зүйл гэж итгэж байна.
Гэхдээ жендэрийн асуудлыг хэт нэг талыг буюу нэг хүйсийг барьж авч үзэх нь эргээд нийгмийн гишүүдийн дунд аль нэг хүйсийн эсрэг үзэл санааг бүрэлдүүлэх боломжтой. Энэ тохиолдолд хүмүүсийн дунд хүйсээс хамаарсан жендэрийн ойлголтын үл ойлголцол үүсэх юм. Ийм болохоор энэ талаас нь ч юм уу илүү микро түвшинд магадгүй бид жендэрийн асуудлыг судалж хүмүүсийн харилцаа, өдөр тутмын харилцан үйлчлэлийн түвшинд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн “Би”-гээ тодорхойлох байдалд нийгмийн соёлын ямар хүчин зүйлүүд нөлөөлж улмаар ямар үр дүн гарч байгааг тодорхой ярих боломж бүрдэх байх.
-Та Монгол дахь залуу эмэгтэйчүүдийн "би" гээ тодорхойлж, өөрсдийгөө үнэлж байгаа байдалд ямар байр суурьтай байдаг вэ. Эерэг, сөрөг зүйлсийг кэйсээр тодруулж хариулж болох уу?
-Миний бодлоор монгол эмэгтэйчүүд олон нийтийн газар өөрийн “Би” -гээ гадаад дүр төрх, хувцаслалт, санаа бодлоо илэрхийлэх түвшинд нийтлэгээрээ харьцангуй бие даасан, нээлттэйгээр илэрхийлдэг юм шиг ажиглагддаг.
Харин яг гэр бүл, дотно хүмүүсийн харилцаа, хамт олны харилцаа, ажил хэргийн харилцаан дээр тэд субьектив байдлаар өөрсдийн “Би” -гээ тодорхойлж чаддаг уу эсхүл тэд нийгмийн хэм хэмжээнд зохицох байдлаар өөрсдийн эмэгтэйлэг чанарыг илэрхийлэх замаар тохиргоо хийдэг үү гэдгийг бид судалж байж тухайн бие хүний өөрийн “Би”-г ухамсарлан тодорхойлж буй байдлын нийгмийн харилцаан дахь эерэг, сөрөг талыг ярьж болох байх аа.
- Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн боловсролын ялгаа, анхаарах зүйлс.
-Боловсрол нь нийгэмд аль нэг хүйст эсвэл анги давхаргад давуу эрхийг бий болгох хэрэглэгдэхүүн байж болохгүй. Эрэгтэй, эмэгтэй хүйсээс үл хамааран тухайн хүн хэрвээ өөрөө хүсэж байгаа бол боловсролыг эзэмших, өөрийгөө хөгжүүлэх тэр нөхцөл боломжоор нийгэмд хангагдсан байх хэрэгтэй гэж боддог.
Боловсролын салбар дахь жендэрийн тухайд АНУ улсад нийт их дээд сургуульд элсэгчдийн ойролцоогоор 59,5 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бол Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагад (OECD) бүртгэлтэй орнуудад дунджаар нийт их дээд сургууль төгсөгчдийн 51 орчим хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна гэсэн статистик байгаа.
Манай улсын хувьд эмэгтэйчүүдийн боловсролын түвшин өндөр хөгжилтэй эдгээр орнуудын дунджаас илүү буюу дээд боловсрол эзэмшигчдийн 60 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа юм.
Тоон үзүүлэлтийг харахад нэг талаасаа бид эрэгтэйчүүдийн боловсрол эзэмших үйл явцыг дэмжих хэрэгцээ шаардлагыг харж байна. Мал аж ахуйтай холбоотойгоор л монгол эрэгтэй хүүхдүүд хөдөөдөө үлдээд охид нь хот газарт ирж дээд боловсрол эзэмшээд байгаа зүйл одоо шилжилтийн үетэй харьцуулахад нийгмийн хандлага, нөхцөлийг даган өөрчлөгдсөн гэж бодож байна. Магадгүй бид үүний хариултыг боловсролын бүх шатанд эмэгтэй, эрэгтэй хүүхдүүдийн суралцах арга барил, ур чадвар, үйл явц, орчин гэх мэт бусад нөлөөлөгч хүчин зүйлүүдийн хүрээнд авч үзвэл тохиромжтой байх.
Нөгөө талаас эмэгтэйчүүд маань өөрсдийн эзэмшсэн боловсролыг хууль ёсны болгож хүлээн зөвшөөрүүлэх буюу нийгмийн оролцоогоо салбар бүрд тогтворжуулах хэрэгтэй юм. Яагаад гэхээр эмэгтэйчүүдийн дээд боловсрол эзэмшилтийн түвшин нэмэгдэж байгаа ч гэсэн ядуурал, ажилгүйдэл гээд нийгмийн суурь асуудлуудад хамгийн өртөмтгий нийгмийн эмзэг бүлгүүдийн нэгт эмэгтэйчүүд байсаар байна.
- Мэргэжлийн онцлог гэж хүмүүс ярьдаг. Хүмүүс сурч мэдэх явцдаа өөрчлөгддөг, төлөвшдөг, ойлгодог зүйлс олон байдаг байх. Таны хувьд социологиор суралцаж, ажиллаж байх явцдаа хувь хүнд гарсан өөрчлөлт ч юм уу, эсвэл шинээр хэрэгжүүлж эхэлсэн дадал, хандлага бий юу?
- Миний хамгийн ихээр мэдэрсэн зүйл бол эрэгтэй, эмэгтэй гэхээсээ илүү ямар ч хүн өөрийн гэсэн бие даасан үзэл бодолтой байх их чухал санагдсан. Гэхдээ би ийм үзэл бодолтой гэдэг нь миний үзэл бодолтой нийцгүй байгаа бүхнийг би үгүйсгэнэ, шүүнэ гэсэн үг огт биш юм. Харин ч энэ зүйл бидэнд нийгэм дотор байдаг ялгаатай болгоныг илүү бодитоор ойлгоход тус болох боломжтой санагдсан. Энэ миний социологи мэргэжлээр суралцаад явж байгаа хүний хувьд ойлгосон анзаарсан зүйлүүдийн маань нэг.
- Таны хувьд мэргэжилтнийхээ зүгээс манай нийгэмд зайлшгүй өөрчлөгдөөсэй, эсвэл хөгжиж дэвшээсэй гэж боддог хандлага, ойлголт, үйлдэл байдаг уу. Үүнийг өөрчлөх нь бидэнд ямар ач холбогдолтой вэ?
- Социологич хүний хувьд гэвэл би судалгааны ажлын үр дүн зөвхөн тоогоор хэмжигддэг дүрслэгддэг биш байгаасай гэж боддог. Энэ бол судалгааны нэг чухал хэсэг мөн ч гэсэн тооны цаана илэрхийлэгдэх утга нь өөрөө судалгааны үр дүнгийн ач холбогдол үнэ цэнийг илэрхийлдэг гэж итгэдэг болохоор нийгмийн судалгааны салбарын хөгжил энэ тал руугаа чиглээсээ гэж хүсдэг.
Нөгөө талаасаа олон нийтийн/ хүмүүсийн судалгаа, эрдэм шинжилгээний ажилд итгэх итгэл, хандлагад өөрчлөлт хэрэгтэй байгаа санагддаг. Судалгаа гэдгийг сонгуулийн судалгааны санал асуулгаар төсөөлөх байдал түгээмэл харагддаг. Судалгаанаас залхах, ач холбогдлыг дутуу үнэлэх байдлууд бий болох нь судалгааны анхдагч мэдээллийн чанарт сөргөөр нөлөөж эцсийн дүндээ судалгааны үр дүн бодитой биш байхад нөлөөлөх боломжтой. Гэхдээ энэ нь зөвхөн судалгаанд оролцогчдын боловсрол, соёлтой холбоотой асуудал биш байх. Үүнийг өөрчлөхөд мэргэжлийн судлаачдын үүрэг оролцоо ёс зүйн асуудал чухал үүрэгтэй байх аа.
-Таны амьдарч, суралцаж байсан улсад мэргэжилтнийхээ хувьд олж харсан хандлага, туршлага, сайн жишиг байсан уу?
-Мэргэжлийн чиглэлүүдээр салбар бүрд нарийн мэргэжилтнүүд бэлтгэж байгаа байдал. Жишээ нь нийгмийн ухааны салбараас өөрийн мэргэжлийг авч үзвэл социологичоор суралцаад төгсөнө гэдэг нь нийгмийн бүх зүйлийг, бүх салбарыг судалдаг судлаач гэхээсээ илүү яг өөрийн гэсэн нэгээс хоёр судалгааны чиглэлийн хүрээнд мэргэших байдлаар бэлтгэгдэх явдал байсан. Мэдээж яг энэ цаг үед хүн олон талын мэдлэг чадвартай байх хэрэгцээ шаардлагын зэрэгцээ боломж нь бүрдсэн ч гэсэн яг сонирхож байгаа тэр чиглэлээрээ сайн мэргэжилтэн болж бэлтгэгдэж төгсөөд түүнийгээ өөрийн ажил үүргийн хүрээнд маш сайн хариуцлагатай ёс зүйтэй хийдэг байдлыг тэнд байх хугацаандаа суралцмаар санагдаж байсан.
Сэтгүүлч Б.Бадамцэцэг