Эгэл түүхүүд цуврал: Б.Мөнхчимэг

Сургуульд орох жил манайх хотод нүүж ирсэн юм. Аав ээж хоёр хотын нэг захаас нөгөө рүү ажилдаа ирж очно.

Тэд эгч, ах бид дөрвийг өглөө унтаж байхад яваад орой автобус унаа, түгжрэл гэсээр унтсан хойно л ирнэ. Нэг гэрт байгаа хэрнээ л царайгаа харалцахгүй 3,4 хонох үе ч байна. Нэг хэсэг бүр хоолны саванд дээр хэрэгтэй юмаа бичээд наагаад унтахад өглөө тэр бичгийн оронд мөнгө үлдээдэг болчихсон байж билээ. Ажил нь тогтсон амралтын өдөргүй сар, хоёр сардаа нэг амарвал их юм. Гэхдээ арай гэж олдсон тэр амралтын өдрөөрөө ээж цай чанаж, аав хоол хийнэ. Бүр уламжлал болчихсон. Бүгд тойрч суугаад хоолоо иднэ. Шинэ, хуучин баахан түүх ярьж гэр дүүрэн инээлдсээр өдрийг барна. Дулаахан өдөр байвал ядахдаа талбай дээр очиж салхилна. Нэг өдрийг огт мартдаггүй юм. Найман сарын сүүлч, өдөржин аав ээжийг хүлээгээд 20 цагийн үед аавыг ирэхээр нь шалсаар байгаад Зайсан гарахаар болов. Хажуу айлын хүүхэд үзсэнээ гайхуулж ярьсныг нь харах атаархалдаа л тэр. Ингээд бид ээжийн замын тосож уулзаад зургуулаа цувралдсаар автобусанд суулаа. Зайсан толгойгооргарахдаа шатыг нь тоолоод л… Амьхандаа нөгөө хажуу айлын хүү дээр очиж худал, үнэн тоолсныг нь маргах гэсэн санаатай. Ингэж явсаар харих гэтэл автобус зогсчихсон. Бид хоёр гурваараа сугадалцаад зам дагаад л алхчихсан.

Би ч яах вэ хэд алхаж байгаад хөл өвдсөнөөр шалтаглаж аавдаа үүрүүлчихсэн. Бусад маань гэж бөөн ядарч, намайг яах гэж гаръя гэж хэлсэн юм гэсэн аятай гутлаа чирсээр алхаж билээ. Азаар нэг машин зогсож биднийг микро явдаг буувал хүртэл хүргэж өгч байсан юм. Хааяа нэг дарчихсан харих үедээ би энэ өдрийг дурсаж их гэмшдэг юм. Аав ээж хоёр маань тэр өдөр өдөржин ажиллаад хэчнээн ядарсан байсан болдоо гээд л. Гэхдээ л ээж аавуудыг яаж ч ядарсан хүүхдэдээ цаг гаргаж байгаасай гэж хүсдэг юм. Гэрийнхэн нь завгүй, завгүй гээд тоохгүй байхаар бага хүүхэд бол надад хайргүй юм байна гэж бодно, арай том нь намайг ямар тоох биш дээ миний асуудал танд ямар хамаатайн гэж хөндийрнө.

Тэгэхээр ажил ихтэй завгүй, ядарч байна гэж шалтаглахын оронд сардаа нэг өдрийг ч болтугай хүүхэдтэйгээ хамт өнгөрүүлээсэй, 10 минут ч болтугай зэрэгцэж суугаад ярилцаарай гэж хэлье. Хамтдаа өнгөрүүлсэн тэр богинохон хугацаа хүүхдэд ээж, аав маань надад хайртай, би тэдэндээ хэрэгтэй хүн, дараа дахиж ингэж тоглоно, тэгж гадуур явна даа гэсэн итгэл хүслийг өгнө. Бас таныг завгүй гээд явсан өдрүүдэд чинь зав гаргаж хамт байсан өдрүүдээ дурсаж хайрыг мэдэрдэг юм шүү.

Peak.mn сэтгүүлч Б.Мөнхчимэг