Гэр бүлийн хүчирхийлэл дэх хүүхдийн эрхийн зөрчлийг багасгахад ЮУГ анхаарах вэ?

АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Академиас “Гэр бүлийн хүчирхийлэл нь гэр бүлийн хүрээний хүүхэд ба насанд хүрэгчдийг хамааруулан үзнэ. 

Бие махбодын болон сэтгэл санааны хувьд хүүхдэд хөнөөлтэй үйлдэл эсвэл бие махбодын хүчирхийлэл үйлдэх, зодож шийтгэхийг хэлнэ. Түүнчлэн хүүхдийн эсрэг хүчирхийлэл нь хүүхдийн хэвийн өсөлт, хөгжилд бие болон сэтгэлзүйн хувьд дэмжлэг үзүүлэхгүй, үл хайхрах, бэлгийн мөлжлөг зэргийг багтаадаг[1]” хэмээн тодорхойлсон байх бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлд ихэвчлэн эмэгтэйчүүд, хүүхдүүд өртдөгийг 2022 оны “Монгол Улс дахь хүний эрх эрх чөлөөний байдлын талаарх 21 дүгээр илтгэл[2]”-д дурджээ.

Тэгвэл энэхүү нийтлэлээр гэр бүлийн хүчирхийллийн хүрээн дэх хүүхдийн эрхийн зөрчлийн талаар авч үзье. НҮБ-аас 1924 онд батлан гаргасан “Хүүхдийн эрхийн тухай”  Женевийн Тунхаглалд “Хүн төрөлхтөн хүүхдэд хамгийн сайн сайхныг өгөх үүрэгтэй” хэмээн тунхагласан байдаг[3] бөгөөд НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-ын 16.1-т “Хүчирхийллийн бүх хэлбэр болон хүчирхийллийн шалтгаантай нас баралтыг бууруулах”, 16.2-т “Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, мөлжлөг, хүний наймаа, тамлан зовоох зэрэг хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг таслан зогсоох” тухай тус тус заасан байна[4].

Манай улсын хувьд энэ хүрээнд 2016 онд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”ийг батлан[6], 2017 оноос эхлэн мөрдөж байна. Түүнчлэн хүчирхийлэлд өртсөн иргэдэд тусламж, зөвлөгөө өгөх, хамгаалах байраар хангах зэрэг үйлчилгээ үзүүлж буй. Тухайлбал, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр байгуулсан хохирогчдод үйлчилгээ үзүүлэх 15 нэг цэгийн үйлчилгээний төвөөс гадна дэмжлэг үзүүлэн хамгаалах 2 байр тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч 2020 оны байдлаар улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн 100 хохирогч тутмын 11 нь 18 хүртэлх насны хүүхэд байна[7].

Улсын Ерөнхий прокурорын газраас 2021 онд Зөрчлийн тухай хуульд судалгаа хийсэн бөгөөд хүүхдийн эрхийн зөрчил 2019 онд 1411 бүртгэгдэж байсан бол 2020 онд 3215, 2021 онд 4651 болж 2-3 дахин өссөн нь нэлээд анхаарал татаж байгаа юм[8].

Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд заасан зөрчлүүдээс “Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн” зөрчил нийт зөрчлийн дийлэнх хувийг эзэлж байгаа нь дээрх судалгаагаар тогтоогджээ. Тухайлбал, 2020 онд бүртгэгдсэн 3,215 зөрчлийн 80.7 хувь нь, 2021 оны нэгдүгээр улиралд бүртгэгдсэн 1,162 зөрчлийн 96.7 хувийг дээрх төрлийн зөрчлийн хэрэг эзэлж буй юм.

Зургийг Worldvision.mn-с авав.

Судалгааг зөвхөн бүртгэгдэж шалгагдсан хэргүүд дээр хийхэд ойролцоогоор 4,700 хүүхдийн эрх зөрчигдсөн байжээ. Гэтэл илрэх боломжтой боловч илрээгүй олон зөрчил байж болзошгүй нь мөн судалгааны дүнгээс харагдсан гэж Улсын Ерөнхий прокурорын газраас тайлбарласан.

Мөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын Хүний эрх, эрх чөлөөний талаарх тайлан илтгэл 2021-д “....Гэр  бүлийн  хүчирхийллийн  шинжтэй  дуудлага  мэдээллийн  дагуу  яваад очиход архины хамааралтай гэр бүлийн гишүүд байсан. Тухайн айлд хоол хүнс гэх зүйл бараг байхгүй, хүүхдүүд нь өлссөн, өмсөх хувцасгүй шахам байсан. Өрөвдөөд өөрт байсан мөнгөөрөө хүүхдүүдэд нь хоол хүнс, оймс зэргийг авч өгсөн ...” гэж дурьдсанаас үзэхэд Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүүхдийн эрх маш ноцтойгоор зөрчигдөж байна.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрт хүүхдийн эрхийн асуудлыг тусгасан боловч хүмүүсийн хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл дутмаг, хамтын ажиллагаа хангалтгүй байгаа зэрэг нь гэр бүлийн хүчирхийлэллийн улмаас хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх үндсэн шалтгаан болж байна.

Мөн гэр бүлийн хүчирхийллийн түвшин өндөр байгаа нь энэ хүрээн дэх хүүхдийн эрхийн зөрчил их байгааг илтгэж байх бөгөөд хүүхдийн эрхийн зөрчил ихэвчлэн нуугдмал хэлбэрээр явагдаж байна. Иймд уг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хүүхдийг хүчирхийллээс хамгаалах эрх зүйн орчныг цогцоор нь бүрдүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд болон иргэдийн хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх шаардлагатай байна. Түүнчлэн Гэр бүлийн хүчирхийлэл дэх хүүхдийн эрхийн зөрчлийг багасгахад гэр бүлийн гишүүд болон хүүхдүүдийн оролцоо нэн чухал юм.


[1] Хүний эрх сэтгүүл., УБ., 2014 он., 90 дэх тал.

[2] Хүний эрхийн үндэсний комисс., Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи 21 дэх илтгэл., УБ., 2022 он.

[3] Хүний эрх сэтгүүл., Азийн хүүхдийн эрхийн гуравдугаар чуулга уулзалтаас гарсан тунхаглал., УБ., 2014 он. 91 дэх тал.

[4] НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилт-2030, 16 дугаар зүйлийн 16.2.

[5] НҮБ-ын Хүүхдийн эрхийн Конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын 5-р тайлан илтгэлтэй холбогдуулан НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос өгсөн зөвлөмж.

[6] https://legalinfo.mn/mn Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль.

[7] Үндэсний статистикийн хороо., Судалгааны тайлан., 2021 он.

[8] https://zasagtur.mn/p/11311 Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаатай хийсэн ярилцлагын хэсгээс.