Гэр бүлийн хүчирхийллийн дараа АМЬДРАЛАА СЭРГЭЭН БОСГОХ 10 АЛХАМ
Нийтлэлч: Familycenter.mn

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, үүнийг таслан зогсоосныхоо дараа хохирогч нар хачирхалтай сэтгэл зүйн төлөв байдлыг мэдэрдэг. Зарим нь үүнийг эцэс төгсгөлгүй хар бараанаар хучигдсан орон зай, тодорхойлохын аргагүй хязгаарлагдмал орчин хэмээн хэлдэг бол зарим нь “эрэгтэй хүнгүй” эсхүл “эмэгтэй хүнгүй” ертөнцийг бүтээх гэж үздэг. Хүчирхийллийг таслан зогсоосноор л хүчирхийллийг даван туулчихаж байгаа хэрэг биш. Хүчирхийллийн ул мөр насан туршид үргэлжилдэг бөгөөд хүчирхийллийн нөхцөл байдлыг таслан зогсоосны дараа ч хохирогч нар сэтгэл зүрх, бие мах бодиороо  төөрөгдөл, эргэлзээ, тодорхойгүй байдлыг   даван туулах хэрэгтэй болдог.

Хүчирхийллийн нөхцөл байдлыг таслан зогсоосны дараа хохирогч нар энгийн харилцаанд орохдоо ч өөрсдийгөө “хэвийн хүн” биш гэдгээр мэдрэх нь цөөнгүй. Цаашилбал тэд хаана баймаар байгаа, юу хиймээр байгаагаа ч сайн тодорхойлж чадахгүй байх нь хэвийн үзэгдэл. Олон хүмүүс өөрийн байнгын дадал, амьдралын хэв маяг нь алдагдаж бүх зүйлээ алдсаныхаа дараа хэсэг хугацаанд яах ёстойгоо мэддэггүй. Энэ нь бие махбодын хувьд ноцтой өвдөлт, зовуурь, дарангуйлалд байж байгаад чөлөөлөгдөх үед ч ялгаагүй байдаг гэвэл та гайхаж магадгүй.

Тэгэхээр хүчирхийллийг таслан зогсоосныхоо дараа хохирогч нар өөрийн хэвийн амьдралаа дахин сэргээн босгож чадах уу гэдэг асуудал үүсдэг. Хариулт бол тийм ээ, чадна. Та тууштай байж, өөрийгөө хайрлаж, зөв тусламж авч чадсанаар хүчирхийлэл, хүчирхийллийн дараах нөхцөл байдлыг даван туулж хэвийн байдалдаа шилжин орж чадна. 

  1. Гэр бүлийн хүчирхийллийн динамикийг олж мэдээрэй Хэрвээ та хүчирхийллийг таслан зогсоосон. Өөрийгөө эдгээж эрүүл амьдралын хэв маягт шилжиж, эргэлзээ тодорхойгүй байдлаа арилгахыг хүсч байгаа бол дараах 12 зөвлөгөөнөөс өөрт  тохирохыг хэрэгжүүлээрэй. Эдгээр нь хүчирхийллийн дараа өөрийн амьдралаа эргүүлэн босгосон хүмүүсийн хийсэн алхам, бодит туршлагууд болно. Тиймээс та заавал бүгдийг нь биш зөвхөн өөрт тохирно гэж бодсон сэтгэлд нийцсэн үйлдлээ сонгоорой.

Гэр бүлийн хүчирхийлэл яагаад болдог, ямар үр дүн дагавар, шалтгаан, үйл явц, үр дүнгийн талаар өргөн мэдлэгтэй болоорой. Дараа нь өөрийн амьдралыг эргэн харж, эргэцүүлээрэй. Танд юу тохиолдсоныг ойлгохыг хичээж, өөрийн өнцгөөс дүгнээрэй. Энэ алхам нь яагаад чухал вэ гэвэл бид аливаа зүйлийг ойлгож, түүнийг юу болохыг нь таньж мэдэж хүлээн зөвшөөрснөөс төөрөгдөлд автахаас сэргийлдэг. Түүнчлэн үүнтэй холбоотой асуудалд гацах мэдрэмжийг авахыг багасгадаг. Энгийнээр хэлбэл та хүчирхийллийн талаар өргөн мэдлэгтэй болсноор харанхуй өрөөнд гэрэл асаахтай ижил юм. Хүн сайн мэддэг зүйлдээ төөрөлддөггүй. Гэрэл хэдий бүдэг байж болох ч харанхуйг арилгаж чадна.

  1. Өөрийгөө болон өөрийн түүхээ судал. Сул талаа олж мэд

Өөрөөсөө хэцүү асуултуудыг асуу. Жишээлбэл, “би яагаад ийм занганд орчихсон юм бол”, “би яагаад энэ зүйлийг илүү эрт таслан зогсоогоогүй вэ” гэх мэт. Гэхдээ хүчирхийлэлд өөрийгөө буруутгаж болохгүй. Асуултыг зөвхөн та өөрийгөө яагаад ийм байдалд орсон тухайгаа л ойлгохыг хичээгээрэй. Би гэнэн юм болов уу? Эсхүл хэн нэгэнтэй хамт байх гэж улайран тэмүүлсэн нь аюулын дохиог анзаарахгүй өнгөрүүлэхэд хүргэсэн юм болов уу? Эсхүл хүчирхийлэгчээс гадна гуравдагч этгээдийн дарамт шахалт, нөлөө байсан юм болов уу? Өөртэйгөө ярилцаж, таагүй дурсамжаа сэргээн санах нь хэцүү байж болно. Тиймээс мэргэжлийн сэтгэл зүйчил хандах нь илүү ач тустай гэдгийг санаарай.

  1. Өөрийн хязгаарлагдмал итгэл үнэмшил, оюун санааны хаалтаа олж, тэдгээрийг “нураа”

Та өөрийнхөө болон нөхцөл байдлын талаар юунд итгэдэг вэ?  Жишээлбэл, Хэрэв та “Би шинэ ур чадвар сурахад хэтэрхий хөгшин” гэх мэт зүйл боддог бол энэ нь хязгаарлагдмал итгэл үнэмшил юм. Ийм бодол таныг өөрийгөө сайжруулахын тулд хэрэгтэй эсхүл хийхийг хүсэж буй зүйлээ хийхэд саад болно. Хэрвээ та өөртэйгөө ижилхэн саад бэрхшээлийг урам зоригтой даван туулсан хүмүүсийн түүхийг судалж урам зориг авахыг хүссэн ч тийм түүх байхгүй бол яах вэ. Сэтгэлээр унах уу. Үгүй ээ. Ямар ч үед өөрийн дотоод хүчинд итгэвэл боломж үргэлж байдаг. Магадгүй та өөрийн саад бэрхшээлийг даван туулж чадвал өөр хэн нэгэнд урам зориг өгөх түүх болон хувирч болно шүү дээ. Тиймээс өөрийн хязгаарлагдмал итгэл үнэмшлээ хязгааргүйгээр сольж, оюун санааг чинь халхалж буй хаалтуудыг нураагаарай.

  1. Өөрийнхөө үнэ цэнийг тодорхойл

Өнөөдөр таны хувьд юу чухал вэ. Энэ сар таныг юу гайхшируулж байна вэ. Магадгүй та хүчирхийллийн харилцааны дараа өөрийн үнэт зүйлсээ алдсан байж магадгүй. Гэхдээ энэ бол өөр хэнд ч биш, харин зөвхөн танд л юу чухал болохыг өөрөө олж мэдэх боломжит үе юм. Одоо түр зогсоод, гүнзгий амьсгал аваад энэ талаар эргэцүүлэн бодож яагаад болохгүй гэж. Өөрөөсөө “Энэ мөчид миний хувьд юу чухал вэ” хэмээн асуу. Та хэсэг хугацаанд энэ асуултыг дэвтэр дээрээ эсвэл утсан дээрээ тэмдэглээд үе, үе өөрөөсөө асуу. Үр дүн гарах болно. Итгээрэй.

  1. Өөртөө анхаарал халамж тавих хэрэгцээгээ тодорхойлж, тэдгээрийг эрэмбэл

Танд юу хэрэгтэй вэ. Энэ талаар тунгаан бодсон уу. Тоглоом тогломоор байна уу. Бүтээлч чанартайгаа холбогдож хөдөлмөр эрхэлмээр байна уу. Хөгжилдмөөр байна уу. Санхүүгийн бие даасан байдлыг олж авмаар байна уу. Танд юу хэрэгтэй вэ. Гүнзгий амьсгал аваад, өдөржин амарч хэвтмээр байна уу. Танд юу хэрэгтэй вэ. Та өөрийгөө өөрийнхөө хэрэгтэй зүйлээр дэмжих үү. Та өөрийнхөө хэрэгцээг өөртөө зөвшөөрөх үү. Өөрөөсөө надад юу хэрэгтэй вэ гэдгээ асууж, өөртөө анхаарал халамж тавиарай. Хэрэгцээгээ тодорхойлоод, тэднийг эрэмбэлээрэй.

  1. Хувийн орон зайгаа тодорхойл

Хүчирхийллийн харилцаанд таны хил хязгаар, хувийн орон зай ноцтойгоор зөрчигдөж байсан. Харин одоо та ийм харилцааг таслан зогсоосон тул өөрийн хил хязгаарыг дахин тодорхойлж, өөрт тохирсон байдлаар хадгалах боломжтой болсон. Тиймээс өөрийнхөө хил хязгаар, хувийн орон зайг дахин сэргээх нь таны сэтгэл зүй, оюун бодол нөхөн сэргээгдэж эмчлэгдэхэд тусална.

  1. Алсын хараагаа бий болго

Таны таагүй дурсамж, өнгөрсөн амьдралын туршлага нь таныг цаашид сэтгэл хангалуун амьдарч чадахгүй гэсэн үг ерөөсөө биш. Тиймээс өөрийн цаашдын зорилго, хүсэл, тэмүүлэлтэйгээ холбогдоорой. Өөртөө сайхан ирээдүйг төсөөлөн бодох цагийг гарга.  Энэ алсын хараа таны дотор тодрохын хэрээр шаардлагатай алхмуудыг хийх хүсэл ч танд бий болж эхэлнэ. Үүний дараа та эдгээр алхмуудыг хийх төлөвлөгөө гаргаж, урам зоригтой байхын тулд гэр бүл, найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

  1. Өөрийн давуу тал, ур чадвараа эргэн хар

Та гэр бүлийн хүчирхийллийг тэвчиж, мэдэрч энэ бүхний эцэст даван туулж чадсан гэдэг нь өөрийн төсөөлснөөсөө ч хүчтэй гэдгийг чинь илтгэж байна. Таны өөрийн өөдрөг зан, эерэг чанар, эрч хүчийг хүчирхийлэгч доромжилж, нугачин дарж байсан байж магадгүй. Тэгвэл хүчирхийлэгчид худлаа хэлж байсан гэдгийг хүлээн зөвшөөр. Өөрийгөө хүчирхийлэгчийн нүдээр битгий хараарай. Өөрийгөө өөрийн нүдээр болон найз нөхөд, танд итгэдэг хүмүүсийн нүдээр хар. Хэн ч танд итгэхгүй байсан ч өөрийн дотоод хүчиндээ итгэж өөрийн нөөцийг олж харж өөрийгөө шинээр тодорхойлоорой.

  1. Өөрийгөө өрөвд

Энэ алхам маш чухал. Учир нь та өөртөө маш хатуу хандаж сурсан байж магадгүй. Өөрийгөө хүчтэй байх ёстой, тэмцэх ёстой гэж дадлагажуулж түүндээ дассан байх магадлалтай. Аливаа бүтэлгүйтэлд өөрийгөө буруутгаж, тэдгээрийг засахын тулд өөрийгөө дайчилж байсан байх. Тэгвэл одоо өөртөө сул дорой байх боломжийг олго. Өөрийгөө өрөвд. Өөрийгөө өрөвдөх үед сэтгэлийн зовнил, сэтгэлийн хямрал буурч, сэтгэл хангалуун тайван байхад тусалдаг.

  1. Амьдралд олон сонголт байгаа гэдгийг хүлээн зөвшөөр

Энэ дэлхий дээр таны хүн болж төрөх нь өөрийн чинь сонголт байгаагүй ч хаана амьдрах, хэнтэй амьдрах, юу хийх, яаж амьдрах, хэрхэн зугаацах гээд яаж үхэх хүртэл таны сонголт гэдгийг битгий мартаарай. Та өөрийнхөө чадах чиглэлээр юу сонгох вэ. Ямар шийдвэр гаргах вэ. Сонголт үргэлж таны гарт гэдэгт итгээрэй.

Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоосны дараа хэвийн амьдралдаа шилжин орж, эдгэрэхэд танд маш олон асуулт урган гарч, та олон хариултуудыг олох хэрэгтэй болно. Зарим хүмүүст эргэцүүлэн бодоход нь тэмдэглэл хөтлөх ашиг тустай. Зарим хүмүүст итгэдэг хүндээ ярих нь илүү үр дүнтэй. Хэрвээ та хүсвэл утасныхаа аудио дээр хуулаад яриагаа чагнаад дүгнэлт хийсэн ч болно. Өөрийгөө илэрхийлэх, өөртэйгөө ярилцах, бодлоо цэгцлэх олон аргуудаас өөрт тохирохыг сонгоорой. Ямар ч баталсан эсвэл заавал мөрдөн дагах ёстой дүрэм гэж байхгүй. Зөвхөн та өөрт тохирох, таалагдахыг нь туршиж үзэх нь илүү үр дүнтэй.

Эцэст нь гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоосныхоо дараа та өөртөө итгэлтэй, сэтгэл хангалуун, баян тансаг, эрх чөлөөтэй өөрийнхөө хүссэнээрээ амьдрах бүрэн боломжтой. Гэр бүлийн хүчирхийллийг олон хүн таслан зогсоосон. Олон хүн хэцүү байдлаас амьд үлдсэн. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн туршлагаасаа суралцах, эрүүл харилцаа ямар байдаг вэ гэдгийг мэдэж, шаардлагатай бол мэргэжлийн хүнээс туслалцаа авах, хамгийн чухал нь өөрийнхөө аль хэдийн даван туулсан зүйлийнхээ төлөө өөрийгөө үнэлэх нь эдгэрэх, нөхөн сэргээх, хэвийн байдалдаа шилжих үйл явцад тусална.

Та аль алхмаас эхлэх гэж байна вэ? Асуултыг танд үлдээе. Харин заавал алхам хийгээрэй.

Эх сурвалж: www.lifecoach-directory.org.uk